ХБЦГ-ын захирал Ц.Дашпүрэв: Тахь эх нутагтаа илүү өсдөг

Twitter Print
2015 оны 12-р сар 02-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч бямба гараг /11.21/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны зүгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан буюу өдөр тутмын сонин, телевиз, цахим мэдээллийн сэтгүүлч нарт зориулсан Ногоон хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлалыг таниулах сургалтыг Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулсан билээ.

Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт явагдсан сургалтад 30 гаруй сэтгүүлч хамрагдсан юм. Бүтэн өдөр үргэлжилсэн сургалт Хустайн байгалийн цогцолборт газар 1992 оноос нутагшуулж эхэлсэн тахийн сүрэгтэй танилцах аяллаар эхэлсэн.

Сургалтанд Хустайн байгалийн цогцолборт газрын захирал, сургалт судалгааны менежер Ц.Дашпүрэв, БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого зохицуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн зохицуулагч Н.Амгалан нар оролцож “Хустайн байгалийн цогцолборт газрын ан амьтан, байгалийн тогтоц, хамгаалалт”, “Ногоон хөгжил”, “Ойн хамгаалалт ашиглалт нь эдийн засгийн үндэс болох нь” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр ХБЦГ төвийн ажилчид болон удирдах албаны хүмүүстэй хийсэн ярилцлагыг толилууж байна.

Хустайн байгалийн цогцолборт газрын захирал, сургалт судалгааны менежер Ц.Дашпүрэв

-ХБЦГ төв болон энд нутагшуулсан тахийн талаар товчхон тайлбарлаж өгөөч?

-1878 онд Монголын говь хээрээс олдож, шинжлэх ухаанд анх танигдсан тахь 80 жилийн дараа устсан билээ. Европын амьтны хүрээлэнд цөөн тоогоор үлдсэн тахийг 1990-ээд оны эхнээс эх нутагт нь буюу Монгол орны Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд нутагшуулан үржүүлж байгаа юм.

Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумдын нутагт, 50 га талбайг хамарч буй Хустайн байгалийн цогцолборт газар өдгөө 340 тахь, 1200 гаруй буга, 20-30 мянган толгой тарвага, 40 мянга орчим цагаан зээр, 40 гаруй аргаль тэргүүтэй Монгол Улсын улаан номд бүртгэгдсэн ховор, нэн ховор амьтан нутаглаж байна. 

Хустайн байгалийн цогцолборт газрын (ХБЦГ) нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгдсэн байдаг.

Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, “Epidamaeus khustaiensis” хэмээн нэрлэгдсэн билээ.

Хустай төв 2003 онд байгуулагдан 2007 онд  Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-д гишүүнээр элссэн. Хустай төв нийт 60 гаруй ажилтантай бөгөөд ажиллагаануудаа хэрэгжүүлэгч 5 албатай. Үүнд Захиргаа аж ахуйн алба, Хамгаалалтын алба, Сургалт судалгааны алба, Аялал жуулчлалын алба, Орчны бүсийн албууд тус тус багтдаг.

Бид он гараад өөрсдийн төвтэй холбоотой бүхий л үйлчилгээг явуулж, мэдээллийг өгдөг 19001818 дугаарын үйлчилгээг нээх юм. Мөн дашрамд дурдахад ХБЦГ төвд хамт олонд зориулсан шинэ жилийн баярын хүлээн авалтыг хийхэд маш тохиромжтой, үзэсгэлэнт газар юм.

Харуул хамгаалалтын менежер Ш.Тогтохсүрэн

-Уг ажлыг гардан хийдэг хүний хувьд үзэж харсан сонин, содон зүйлээсээ хуваалцаач?

-Манайх 340 тахьтай, 500 гаруй цагаан зээр байхаас гадна чоно, шилүүс зэрэг олон амьтадтай. 1992 оноос эхэлж тахь нутагшуулж эхэлсэн. Тахь нутагшуулсан үеэс эхлээд зэрлэг амьтны тоо бага багаар өссөн. Жишээлбэл буга харьцангуй цөөхөн байсан бол сүүлийн үед 1250-д хүрсэн. Энэ тоо нь хэдий бидний харж, үзсэн өөрсдөө тоолсон тоо баримт ч цаана нь дахиад тоологдоогүй амьтад байгааг үгүйсгэхгүй. 

Хамгаалалтын ажлын хувьд орчин маань маш тайван. Тайван байдлыг дагаад зэрлэг амьтад өөрсдөө ирж урьд урьдахаас илүү тогтонгуй амьдарч эхэлж байгаа юм. Нийтдээ манайх 12 байгаль хамгаалагчтай. Сард хоёр удаа хариуцсан газруудаараа явж шалгалт, тооллого хийдэг. Уул уулынхаа аманд байрлаж, бүгдээрээ станц холбоо, гар утсаар холбогддог. Асуудал үүссэн тохиолдолд бие биендээ дуулган хэргийг шалгаж үздэг. Шалгалтыг маш нарийн явуулдаг. Зарим нэг газруудаа бид камержуулсан байгаа. Ийм учраас энд гарах хэрэг зөрчлийн тоо багассан.

Гэхдээ “Тарваганы үе” болох 7 дугаар сарын нэгнээс эхлэн 11 дүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд тарвага агнах гэсэн хүмүүс үүгээр нилээд үзэгддэг. Улаанбаатарт ойрхон учир хүмүүс ч их ирдэг болж байна.

Амьтан судлаач, тахь судлаач, сургалт судалгааны албаны менежер Д.Өсөхжаргал

-Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн тахь нутагшуулах үйл ажиллагааны явцыг хэрхэн үнэлэх вэ?

-Энд оршин тогтнож буй олон амьтдын дотор монголын билэг тэмдэг болсон амьтан бол тахь. Бид ямар ч байсан тахийг нутагшуулж чадсан. Энэ бол үнэхээр ховор туршлага юм. 300 орчим килограмм жинтэй энэ амьтан жилд нэг л удаа төрдөг. Энэ маань өсөлтийн эрчим удаантай гэсэн үг, оготно зурам шиг зундаа хоёр, гурав төрөөд, нэг төрөхдөө найм арвыг төрүүлээд байдаггүй. Ганц удаа төрөхдөө ганц л унага төрүүлдэг учир унага онд орно гэдэг бас зарим үед асуудал үүсгэдэг. Ийм удаан үржилтэй амьтныг хамгаалсан гэдгээрээ Монгол улс олон улсын гэрээ конвенцид нэгдсэн заавар журмуудаа сайн биелүүлсэн гэж үзэж байгаа.

-Жилдээ ер нь хэдий хэмжээний мөнгө олдог вэ?

-Манай жилийн эргэлт бол тэрбум орчим төгрөг. Таваас есөн сарын хооронд 13-14 мянган жуулчин хүлээж авдаг. Хөрөнгөө цуглуулаад бусад бүх саруудад нь хуваарилж зарцуулдаг гэсэн үг. Тэгэхлээр есөн сар хүртэл жуулчин хүлээн авч хөрөнгө төвлөрүүлээд, дараа оны таван сард анхны жуулчид ирэх үед дахин санхүүждэг гэсэн үг.

-Монголд тахь нутагшуулахад тулгардаг хүндрэл бэрхшээл ховор гэж ойлгож болох уу?

-Монголчуудын аж ахуй, шүтээн гэдэг утгаараа ер нь бага гэж хэлж болно. Нэгдүгээрт тахь бол адуу, хоёрдугаарт бидний нүүдлийн соёлын аж ахуйтай шууд холбоотой. Адууны ойрын өвөг эцэг учраас тахиндаа битгий ойрт гэсэн л санаатай. Тийм учраас одоогоор тахийг хулгайгаар агнасан явдал хараахан гараагүй байна. Гэхдээ мэдээж бэрхшээлгүй зүйл гэж юу байхав.

Манайх 50 мянган га газартай, Улаанбаатар хоттой ойрхон, 100 километр, мөн манайхыг тойроод Алтанбулаг, Аргалант, Баянхангай гэсэн гурван сумын 100-аад айлын 70-аад мянган мал бэлчдэг. Айлууд нь хэдийгээр хуулийн цогцолборт газрын зурвасаас гадна байгаа ч мал нь уг бүс рүү бэлчих магадлалтай байдаг. Ингэснээр бэлчээр нутгаа шахна гэсэн үг. Бэлчээр нутгаа шахах нь 1900-аад оны дунд үеэр тахь устах болсон гол шалтгаануудын нэг. Мал хамгийн аятайхан бэлчээр, бусад цэгүүдийг эзэлчихдэг учраас зэрлэг амьтдаа шахаад байдаг гэсэн логик байдаг. Гэхдээ бид гурван сумдуудынхаа захиргаадуудтай хамтран, ойр ажилладаг. Хэрвээ гадны хүн тус бүс нутагт явж байвал нутгийн иргэд биднийг мэдээллээр хангадаг.

-Цаашид төр засгийн зүгээс үүнтэй холбоотой ямар асуудалд анхаарвал зохих вэ?

-Бидэнд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгаа. Хамгийн наад захын хүсэх зүйл бол хууль эрхзүйн орчноо сайжруулаасай гэж боддог. Тусгай хамгаалалттай газрын хуулинд Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрынцөм бүсэд мал бэлчээрлүүлэхийг хориглоно” гэсэн ганцхан заалттай болохоос биш бусад бүх зүйл нь тодорхойгүй байдаг. Мал орохыг хориглосон мөртлөө, ороод ирсэн тохиолдолд ямар арга хэмжээг авахыг тодорхой заагаагүй байдаг. Торгох уу, хаших уу, малын хөлийн татвар ногдуулах уу, эсвэл удаа дараалан санаатайгаар оруулаад байвал албадан нүүлгэх юм уу гэдгээс авахуулан бүх юм тодорхойгүй. Заримдаа мянгат малчдын хувийн малчин шиг л болчихдог. Бид хөөж л байдаг малчид малаа хүлээж авдаг. Гэтэл бид чинь үнэн хэрэгтээ байгаль хамгаалагчид шүү дээ.

Малчдад хандан “Танай мал ороод ирлээ, хууль зөрчлөө. 60 үхэр манайд орж ирсэн учраас нэг үхрийг улсын орлого болгоно, эсвэл малын хөлийн татварын тэдэн хувиар торгоно” гэсэн байдлаар хууль гаргаж өгөх хэрэгтэй гэж үздэг.

-Тус хамгаалалттай бүс рүү санаатайгаар малаа оруулж байгаа айл байна уу?

Санаатай эсэхийг харамсалтай нь хэлж мэдэхгүй. Ихэвчлэн урт хөлийн мал буюу үхэр, адуу орж ирэх магадлал өндөртэй. Манайд 33 хамгаалалтын захиргаа байдаг. Манай төрийн зүгээс бодлоготой байх ёстой. Хууль эрхзүйн орчин бүрдээгүй тул бид малыг хөөхөөс өөр зүйл хийж чаддаггүй.

Өөр нэг зүйл бол, өвөлжилт хүндэрлээ гэхэд энэ бүс рүү мал оруулж өвөлжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл энэн нь байж боломгүй заалт мэт санагддаг. гэхдээ мал, малчин хоёроо гадуурхаж байгаа явдал байгаа биш. Аль аль талыг л бодолцож шийдэх хэрэгтэй. Мал орж ирлээ гэхэд малчинтайгаа орж ирнэ. Мал малчин хоёр орж ирнэ гэдэг нь амьдрах орчин сүйтгэнэ гэсэн үг.

1992 онд хамгаалалтанд аваад 20-иод жилийн дараа 500 зээр, 1200 бугатай боллоо. Мал, малчин хоёр орж ирснээр тэдгээр буга, зээрүүд устана. Тахь бол гайгүй. Дахиж өдий тооны буга, зээртэй болохын тулд олон жил шаардагдах болно. Байгаль орчноо хамгаалахад хүмүүс их мөнгө зарцуулж байна гэдэг. Гэхдээ устгахаас нь өмнө нөхөн сэргээх нь илүү зардал багатай ч гэлээ хамгаалах нь илүү чухал байна. 

-Зэрлэг амьтад өөрсдөө байгалийн зөнгөөрөө ирж байна уу?

-Тийм. Тахийг Голланд болон европын орнуудаас тээвэрлэж авчирсан. Бусад зэрлэг амьтад өөрсдөө ирсэн. Манай 50 мянган га дотор 4-5 ширхэг булагтай. Тэдгээр нь хэдий жижиг ч тасралтгүй урсгалтай учир зуны улиралд амьтдад хүрэлцээтэй байдаг гэж үздэг.

-Байгальдаа гараад хуучин шигээ зэрлэгшиж чадсан уу? Ирэхийнхээ өмнө бэлэн тэжээлийн өвс л иддэг байсан байх…

-Зэрлэг гэдгийн гол утга бол ерөөсөө байгалийнхаа жамаар энергийнхээ зөв зохицуулалтыг хийгээд алив хүндрэлийг чадаж байгаа тэр зүйлийг хэлээд байгаа юм. Жишээлбэл Монголд ирсэн тахь төв Азийн өндөрлөг, эрс тэс уур амьсгалтай зохицох шаардлага гардаг. Ийм газар энергиэ зөв зохицуулаад, аливаа ган болон зудыг даваад өөрийгөө авч үлдэж чадаж байгаа шинжийг л зэрлэг гэж байгаа юм. Манай тахиуд байгалийн хатуу ширүүн нөхцлийг даван туулсаар 340-д хүрсэн. Чухам үүнийг л бид, судлаачдын зүгээс зэрлэгшиж байна гэж үздэг.

-Говийн Их дархан цаазат газар ирэх жилээс танайхаас 4 тахь, мөн Европоос 4 тахь авч нутагшуулна гэж сонссон. Харин танайд сэргээн нутагшуулах тахь ирэх үү?

-Одоохондоо тэр талаар яригдаагүй байгаа. Манайд 1992 онд анх 15 тахь буусан. Гэхдээ үндсэн төсөл нь 1970-аад оноос эхэлсэн байдаг. Томоохон судлаач нар гадагш гарч дэлхийн бүх амьтны хүрээлэн дэх тахийг судлаад, хамгийн шилдэг цусны азарга, шилдэг цусны гүүний байршлыг олж мэдэн Дэлхий байгаль хамгаалах холбоо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтраад шилдэг азарга гүүнүүдийг цуглуулсан байдаг юм. Манайд таван удаагийн тээвэрлэлтээр 84 тахь ирсэн. Тэдгээрээс 24 азарга, 60 нь гүү бөгөөд дэлхийн хамгийн сор шилдгүүд ирсэн гэж ойлгож болно. Тийм учраас одоохондоо бол гайгүй байгаа. Дэлхийн сүүлийн цорын ганц зүйл зэрлэг адууг авч үлдэх зорилготой ажиллаж байгаа байгууллагын хувьд бид аль ч газрын сэргээн нутагшуулалтыг дэмжих ёстой. Говийн Их дархан цаазат газарт өмнө нь гурван азарга шилжүүлсэн боловч харамсалтай нь 2010 оны зуднаар хиарсан. Одоо бид дөрвөн гүү явуулах гэж байна.

Сургалт явагдсан барилга, нарны эрчим хүчээр ажилладаг эко байшин.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • увдис

      (103.10.21.19) 2015-11-28 11:01
      • 0
      • 2

      Гоё юмаа Тэр хөрсний шавьжаа монгол нэрээр нэрлэж болоогүй юм уу Монголоор юу гэсэн үг юм бол доо

      Хариулах

    • puubee

      (202.72.247.249) 2015-11-27 19:36
      • 0
      • 2

      saihan bn bur olon boloh boltugui

      Хариулах

    • puubee

      (202.72.247.249) 2015-11-27 19:36
      • 0
      • 2

      saihan bn bur olon boloh boltugui

      Хариулах