Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-2/

2017 оны 10-р сар 07-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явцдаа малынхаа унах ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Тиймдээ ч Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгслэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулж байжээ. Тухайлбал, алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. 

Манай сайт уншигчидаа соён гэгээрүүлэх, тэдний оюуны боловсролд дусал ч болов хувь нэмрээ оруулах үүднээс танин мэдэхүйн чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цувралаар хүргэдэг.

Энэ удаад судлаач, цуглуулагч Цэндийн Батсайхан, Чойжилжавын Баатарсүрэн нарын өөрсдийн цуглуулгаараа суурь болгон "Морин соёлын тоног хэрэгсэл" хэмээх сонирхолтой номноос түүвэрлэн хүргэж байна. Морь унааг гаршуулан эдэлсэн хэдэн мянган жилийн тэртээх монголчуудын соёлын салшгүй өв - морин соёлын талаар цуврал нийтлэл танд түүхийг ухааран танихад алс хэтийн ач холбогдолтой. 

Түрэгийн үеийн морины хэрэглэл. VI - VIII ЗУУН

Түрэг улс нь манай улсын нутагт төвлөрөн төр улсаа байгуулж 200 шахам жил оршин тогтнож байжээ. Бичмэл түүхийн материал болон археоло-гийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан үзвэл, Түрэг улсын төв нутаг нь Орхон, Туул голын сав нутагт байсан бөгөөд Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорумын хавьд улс төр, эдийн засгийн төв нь байсан бололтой. 

Онгийн гол, Орхон голын дагуу Түргийн нэрд гарсан хаад: Кутулуг, Можоо, Билгээ, цэргийн жанжин хунтайж Культегин нарын гэрэлт хөшөө бүхий булш, Туул голын савд Түрэг улсын гурван хааны зөвлөх сайд байсан мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө байдаг.

Зураг. Хаан хүний алтан титэм. 

Өндөр нь 9.8см, өргөн нь 25.7см. Архангай аймаг. Хөшөө цайдам. НТ 8-р зуун. Монголын үндэсний музей.

Зураг. Түрэгийн цэргийн жанжин, хунтайж Культегиний гэрэлт хөшөөний толгойн хэсэг. 

Архангай, Хөшөө цайдам.

Зураг. Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө. 

Төв, Эрдэнэ сум. 

Төв аймгийн Заамар сумын нутаг Шороон бумбагар, Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмкйн Шороон бумбагар зэрэг эртний Түрэгийн язгууртаны бунхант булшнаас олон тооны морьтой хүний енгө ялган будсан шавар баримал гарсанаас гадна Баяннуурын бунхнаас Түрэгийн үеийн алтан дөрөө, амгай, зуузай гарсан нь бодит хэмжээнээс жижиг боловч тэр үеийн дөрөө амгай, зуузайны хэлбэрийг тод харуулсан байдаг.

Зураг. Эмээл, хазаар, худрага, хөмөлдрөг бүхий өнгө ялган будсан морьтой хүний шавар баримал.

Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар. НТ 8-р зуун. Хархорины музей.

Зураг. Хос алтадсан хүрэл дөрөө.

Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бумбагар. НТ 8-р зуун. Хар хорины музей.

Зураг. Алтадсан дэгрээ маягийн зуузайтай хүрэл амгай. 

Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бумбагар. НТ 8-р зуун. Хар хорины музей.

Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын хадны оршуулгаас гарсан эмээлийн мод, дөрөөг археологич, докторант Т.Батбаяр, Д.Батсүх нар Түрэгийн үеийн дурс-галд хамааруулжээ.

Эмээлийн мод. Урд бүүрэг: 

Өндөр нь 17см, өргөн 31см, зузаан 4.8см. Хавтас урт 40см, өргөн 14.2см, зузаан дунджаар 7.8см. Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы хадны оршуулга. НТ 8-р зуун. 

Монголтой зэргэлдээ орших ОХУ-ын Алтай улсын нутагт байгаа эртний Түргийн оршуулгуудыг судалсан Оросын эрдэмтэдийн судалгаанаас үзхэд Эртний Түргийн оршуулгаас олон тоогоор олддог зүйлд хазаарын амгай, зуузай, дөрөө байдаг байна.

Жишээ нь, Эртний Түрэгийн 21 оршуулгаас 31 амгай гарсан байна. Эдгээрээс нэг цагаригтай дэгрээ маягийн зуу-зайтай амгай олон гарсан бөгөөд эвэр зуузайтай амгай 7 ширхэг гарчээ. Эдгээр амгайг Оросын эрдэмтэн Гаврилова, Савинов нар 7-9-р зуунд холбогдоно гэж үзжээ.

Мөн зуузайн цагариг нь давхар гогцоотой амгай нилээд гарчээ. Энэ амгайн дотор талын гогцоо нь зуузайных, гадна талынх нь хөтлөх цагариг болдог гэж үзжээ. Ийм амгай, зуузайг эрдэмтэн Гаврилова 7-8-р зуунд хамааруулжээ.

Зураг. Дэгрээ хэлбэрийн зуузайтай, зуузай нь дөрвөлжин гогцоотой, амгай нь биедээ хоёр гогцоотой, гадна гогцооноос дахин нэг цагаригтай төмөр амгай.

НТ 7-8-р зуун.

ОХУ-ын Алтай улсын нутагт малтсан Эртний Түрэгийн 22 булшнаас 44 дөрөө гарсан байна. Эдгээрээс цувимал төмрийг нугалж дөрөөний сурны гогцоог гаргасан, улны хэсгийг нумруулан хавтгайлж хийсэн дөрөө 13 гарсны дундаж өндөр 11-15см, өргөн нь 11-12см, гогцооны өндөр Зсм, улны өргөн Зсм. Уланд хатууруулах хавирга \гүвгэр\ гаргасан байжээ.

Мөн хавтгай сэнжтэй, сэнжний дээд тал нь урт, тэгш өнцөгт хэлбэртэй дөрөө 12ш гарсан байна. Ийм дөрөөг оросын эрдэмтэд 8-9-р зуунд хамааруулсан байна.

Зураг. Хос төмөр дөрөө.

Өндөр 15см, өргөн 12.4см, зузаан 6.1см. Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы хадны оршуулга. НТ 8-р зуун.

Зураг. Хос төмөр дөрөө.

Өндөр 20.5см, өргөн 12.5см, тавагны өргөн 5.5см. НТ 8-9-р зуун. 

Хятан улсын үеийн морины хэрэглэл.  Х-ХII зуун

Хятанчууд нь монголчуудтай нэгэн угсаа гарвалтай монгол хэлтэн аймаг бөгөөд 10-12-р зууны үед Хятан гүрнийг байгуулж Төв Азид ноёрхож байв. Тэд Онон, Хэрлэн, Туул голын хөндий, Хан хэнтийн уулсаар нутагладаг байв. Тэд олон хот суурин байгуулж, их бага хоёр бичиг зохион хэрэглэж ном орчуулж байжээ. 

Хятан нарын үхэгсдийгээ оршуулах ёс жаяг өвөрмөц байсан байна. Тэд үхэгсдийнхээ хүүрийг занданшуулж нүүрэнд нь алт, мөнгө, зэс баг углаж биенд нь алт, мөнгө, зэс утсаар торон хувцас хийж оршуулдаг байжээ.

 

Зураг. Хятаны оршуулгын мөнгөн маск. Өндөр нь 24см.

Хэнтий аймаг. НТ-ын 10-12-р зуун. Цонжин болдог дахь Монголын эзэнт гүрний музей.

Хятан улсын Хэрлэн барс хотын туурийн суварга. Дорнод аймаг

Хятан нар хаадыгаа гэр хэлбэртэй бунханд оршуулдаг байжээ

Хятаны морьтон эрийн зураг бүхий бунханы чимэг.

Өвөрмонгол.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Арцат дэлийн агуйн оршуулгаас гарсан эмээл, төмөр дөрөө, хазаарын амгай зуузайг доктор У.Эрдэнэбат Хятаны үеийн \11-р зуун\ дурсгал гэж үзсэн байна.

Зураг. Бүургийг ширээр бүрсэн эмээлийн мод.

Урт 47.7см, ендөр 26.7см, өргөн 32.8см. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Арцат дэл. НТ 10-р зуун. Монголын үндэсний музей.

Зураг. Хос төмөр дөрөө.

Өндөр 17.8см, өргөн 16.4см. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Арцат дэл. НТ 10-р зуун. Монголын үндэсний музей.

Зураг. Дэгрээ мягийн зуузайтай, амгай нь биедээ хоёр гогцоотой гадна гогцооноос дахин нэг цагариг залгасан төмөр амгай.

Урт 21.4см. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум Арцат дэл. НТ 10-р зуун. Монголын үндэсний музей.

Ер нь Манай орны Түрэг, Уйгарын үеэс Их монгол улсын үеийн хоорондох үед археологийн ямар дурсгалууд холбогдох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.

Тайвань улсын бүх цаг үеийн эмээл цуглуулагч Вангийн цуглуулганд Ляо буюу Хятан улсын хаан эзний эдлэж байсан өвөрмөц чулуун болон алтан чимэгтэй эмээл байдаг.

Зураг. Хос төмөр дөрөө. Өндөр

17.5см, өргөн 12.4см. Тавгийн урт 9.5см, өргөн 2.5см. НТ-ын 10-12-р зуун. Цонжин болдог дахь Монголын эзэнт гүрний музей

Зураг. Бүүргийг алтаар бүрсэн, эмээлийн арын хаваснаас дөрвөн тууз унжуулж түүнийг олон тооны хэвтэж буй морины дүрс сийлбэрлэсэн хаш чулуугаар чимэглэсэн, эмээлийн арын хавтаснаас худрага зүүж мөн олон тооны хаш морины сийлбэрээр чимэглэсэн мод. 

Эмээлийн модны урт 47см, Өндөр 25см, өргөн 27см. НТ 10 зуун. Тайваний цуглуулагч Вангийн цуглуулга. Тайвэй хот.  

Өвөр Монголын өөртөө засах орны музей-нүүдэд Хятаны хаад, язгууртаны эмээлийн бүүрэг, хавтасны алт, мөнгөн чимэгүүд байдаг.

Зураг. Эмээлийн урд хойт бүүрэг, урд хойт хавтасны алтан бүрээс чимэг. 

НТ-ын 10-р зуун. Өвөрмонгол Хянган аймгийн музей. 

Зураг. Эмээлийн бүүрэг, хавтасны алтадсан мөнгөн бүрээс чимэг. 

НТ-ын 907-1125 он. Өвөрмонголын Улаанхад хот. 

Дараагийн цувралаар. Монголын эзэнт гүрний үеийн эмээлийн хэрэглэл. XIII-XIV зуун 

Жич: "Морин соёлын тоног хэрэгсэл" номын хэсгээс зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна. Сайтад байршсан мэдээллийг хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авахыг хатуу хориглоно. 

Холбоотой мэдээлэл: 

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /Цуврал 1/ - http://mongolcom.mn/read/30205

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-3/ - http://mongolcom.mn/read/30997

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.