Хүүхэдтэйгээ хэдий чинээ их ярина, төдий чинээ ухаантай болдог

Twitter Print
2017 оны 07-р сар 13-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Хүүхэдтэйгээ ярилцах тусам бяцхан үрийн тань үгсийн сан баяжиж, хожим юм ойлгох сурахдаа амархан, ухаантай хүүхэд болдгийг судалгаагаар баталжээ. Эцэг эхтэйгээ байнга харилцан ярьдаг, анхаарал халамжинд нь байдаг хүүхдийн хэл ярианы хөгжил болоод ухамсар, сэтгэн бодох чадвар бусдаасаа өөр байгаа нь бүр хоёр наснаас эхлэн харагддаг аж.

Тухайлбал, эцэг эх нь сайн ярьдаг айлын хүүхэд хоёр настайдаа дунджаар 433 үгээр өөрийгөө илэрхийлж чаддаг бол чимээгүй ноёлсон айлд хүүхэд нь ердөө 169 үг л сурсан байдаг аж.

Хүүхдийн хөгжил хар багаас эхэлдэг гэдгийг эцэг эхчүүд мэддэг ч чухам яаж нялх балчираас нь оюун ухааныг нь тэтгэн хөгжүүлэхээ тэр бүр мэддэггүй. Үнэндээ оюун ухаан хөгжүүлэх тоглоом авч өгөх, цэцэрлэг сургууль, элдэв дугуйлан секцэд явуулах төдийгөөр хүүхдээ хөгжүүлэх бидний оролдлого дуусдаг нь нууц биш. Гэвч хүүхэд хөгжүүлэх жинхэнэ нууц түлхүүр нь бидний гарт байдаг ажээ. Тэр бол эцэг эх-хүүхдийн амьд харилцан яриа. Бид хүүхэдтэйгээ ярилцах тусам ухааныг нь тэлж байдаг аж.

Хүүхэд эхээс мэндлэх үед тархинд нь 100 тэрбум орчим мэдрэлийн эс байдаг бөгөөд эхний нэг жилд маш хурдацтайгаар хоорондоо холбогддог байна. Хүүхэд гурван нас хүрэх үед эдгээр тархины эсийн хооронд 1000 триллион холболт үүсдэг бөгөөд хүүхэд ямар орчинд өсч байгаагаас тархины эсүүд хоорондоо холбогдон, хөгжих эсэх нь хамаардаг байна.

Арвин баялаг үгсийн сан сонсч, гадаад орчныг таньж мэдэж буй хүүхдийн тархины мэдрэлийн эсүүд илүү хурдан холбогдож хөгждөг аж. Тэгэхээр хүүхдийн эхний нэг жил буюу цаашдын оюун ухааны хөгжилд маш чухал байх нь. Энэ үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөвхөн өөрт нь тааруулсан мэт ганц хоёр үгээр ярих биш, бүрэн бүтэн өгүүлбэрээр, аль болох баялаг үгсийн сан оролцуулан, тайлбарлаж таниулсан яриа хийж, хүүхдийнхээ ганганаж гунганахыг дэмжин сонсч байх ёстой аж.

Стэнфордын их сургуулийн судлаач Анне Фернальдын хийсэн судалгаагаар хүүхдийн хэл ярианы чадвар ой зургаан сартайгаас хөгждөг бөгөөд энэ үед эцэг эх нь хүүхэдтэйгээ бүрэн бүтэн өгүүлбэрээр харилцан ярьж, орчин тойрны юмс үзэгдэл, хийж буй үйлдлээ тайлбарлан таниулж, үлгэр унших өгөх зэргээр анхаарал халамж тавих нь хүүхдээ хөгжүүлэх хамгийн гол алхам болдог гэдгийг баталжээ.

Анне Фернальд судалгаандаа харилцан адилгүй амьдралтай гэр бүлүүдийг хамруулан, нийгмийн байдал, санхүү хөрөнгө, амжиргаа нь эцэг эхийнх нь хүүхэдтэйгээ харилцах харилцаа, ярианы сэдэв зэрэгт хүртэл нөлөөлдгийг харуулжээ. Тухайлбал, боловсрол мэдлэгтэй, чинээлэг гэр бүлд төрж өссөн хүүхдүүд эхний хоёр жилдээ эцэг эхийнхээ ярианаас хүрээлэн буй орчны тухай өргөн хүрээтэй ойлголт авч, тэр хэрээр үгсийн сан нь баяжиж, оюун ухаан нь хөгжиж буйг судалгаагаар харуулсан бол амжиргаа тааруухан айлын хүүхдүүд тайлбарласан, танин мэдүүлсэн ярианаас илүүтэй “ингэж болохгүй, тэгэж болохгүй, боль” гэсэн загнасан зандарсан, хориглосон, сэдвийн хувьд хязгаарлагдмал үгс л сонсдог учраас тэр хэрээр хэл ярианы хөгжил дорой болдог нь анзаарагдсан байна.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийн энэ ялгаа бүр хоёр настайгаас эхлэн анзаарагддаг бөгөөд эцэг эх нь хүүхэдтэйгээ ярьдаггүй айлын хүүхдүүд үеийнхнээсээ даруй зургаан сараар оюуны хөгжил дорой байгаа нь судалгаанаас харагджээ. Оюуны хөгжлийн энэ ялгаа зөрүү цааш яван явсаар хүүхэд сургуульд орох, боловсрол мэдлэг эзэмших үед бүр гүнзгийрдэг байна.

Мэдээж, үр хүүхэдтэйгээ харилцдаггүй ярьдаггүй эцэг эх гэж байхгүй. Хүн бүр хүүхдээ эрхлүүлж, өхөөрдөж, харилцан ярилцдаг. Гэхдээ чухам юуны талаар, яаж ярилцаж байна вэ гэдэгт хамгийн гол учир оршдог ажээ. Дээрх судалгааг гэр бүлийн нийгэм-эдийн засгийн байдалтай нь холбон хийсэн нь ч санамсаргүй хэрэг биш. Аж амжиргаа тааруухан айлын эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ихэвчлэн зан байдлыг нь засч залруулах тухай яриа үүсгэдэгээс биш хийж болохгүй гэсэн зүйл нь яагаад аюултай осолтой талаар тайлбарлах юм уу эсвэл орчин тойронд болж буй үйл явцын талаар учир шалтгаантай нь тайлбарлаж ярьж өгдөггүй байна. Жишээлбэл, хүүхэддээ “Гадаа гарч болохгүй” гэж хэлэхийн оронд “Өвөл болж байгаа учраас гадаа цас ороод, хүйтэн болсон байна. Одоо гарвал даарна” гэх мэтээр бүрэн бүтэн өгүүлбэрээр учир шалтгааныг тайлбарлаж байх хэрэгтэй.

Гэтэл өндөр боловсрол мэдлэгтэй юм уу чинээлэг айлын эцэг эхчүүдийн ярианы сэдэв хүртэл өргөн байдаг бөгөөд хүүхдийнхээ алхам бүрийг хянаж, зааж зааварлахаас илүүтэй хандлагынх нь талаар, аливаа зүйлтэй хэрхэн харилцах талаар тайлбарлан, зааж зөвлөх өнгө аястай байдаг учир хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг байна. Ярианы хандлага, өнгө аясаас үгсийн сан хүртэл хамаардаг бөгөөд бөгөөд амьжиргаа сайтай айлын хүүхэд бусдаасаа 30 сая илүү үг сонсдог гэсэн тоо ч байна.

Түүнчлэн хүүхдээ урамшуулан магтах, хориглон загнах үгс ч айл гэрийн ахуй амжиргаатай холбоотой байгаа нь харагджээ. Ахуй амьдрал сайтай айлуудад эцэг эх-хүүхдийн харилцан яриаг нэг цаг ажиглахад л хүүхдээ магтаж сайшаасан, зөвтгөсөн хэллэгтэй үг 22 удаа, хориглосон үг хэллэг таван удаа давтагдаж байхад амьдрал тааруухан айлд зөвтгөсөн нь тав, хориглосон нь 11 гэх мэтээр харилцан адилгүй байгаа нь өөр нэг судалгаанаас харагдсан байна.

Ийнхүү бид алхам тутамдаа ашигладаг үг хэллэгээсээ эхлээд хүүхдүүдээ “хүмүүжүүлчихдэг” ажээ. Хүүхдэд хүний яриа сонсгох л чухал юм бол хүүхэлдэйн кино, зурагт үзүүлэх гэх мэт орчин үеийн аргаар хүмүүжүүлчихье гэж бодвол бас л эндүүрэл гэнэ. Хүүхдийн хэл ярианы хөгжилд телевиз, радиогийн хөндлөнгийн яриа огтхон ч сайнаар нөлөөлдөггүй бөгөөд хүүхдэд шууд хандсан, сэтгэл хөдлөлтэй амьд харилцан яриа л тархийг нь хөгжүүлдэг аж.

Б.Сэвжидмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.