Монголын эдийн засгийн тулгуур "Эрдэнэт" үйлдвэр улам өргөжсөөр байна

Twitter Print
2015 оны 11-р сар 26-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатараас Эрдэнэтийг зорин 400 гаруй км суналзтал давхих томилолт билэгт сайн өдөр тохиож аян зам саадгүй явсаар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. Монгол улсын “Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт” гэгддэг Монгол - Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь түүхэн хөгжлийн замыг туулахдаа Монгол улсын эдийн засагт тасралтгүй жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Монгол Улсын төдийгүй дэлхийн томоохон үйлдвэрийн нэг болох Эрдэнэт үйлдвэр сүүлийн үед өргөтгөл шинэчлэлийн нилээд ажил хийгдэж байгаа нь үүднээсээ илт байв. Энэ үйлдвэрийн хамт олон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний  өртөг зардлыг бууруулах зорилтыг дэвшүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаагаа юуны өмнө сэтгүүлчдэд дуулгасан.

Манай сурвалжлах баг экспортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, жилд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах Ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны нээлтийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг шуурхайлан хүргэсэн. Үүний дараа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил найдвартай хангах Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн эргэлтийн ус хүлээн авах, дамжуулах худгийг ашиглалтанд оруулах түүхэн үйл явдлын гэрч болсон юм.

Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл

2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан байдаг. Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай тус өргөтгөл ашиглалтанд орсноос хойш энэ оны 11-р сарын нэгний байдлаар 1,1 сая тонн хүдэр боловсруулжээ. Уг боловсруулсан хүдрээс 21,1 мянган тонн зэсийн, 196,5 тонн молибдений баяжмал буюу нийт 36,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Мөн баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтаас дурдвал, 2012 онд 1100 орчим метрийн урттай М2 даланг 1400 мм-ийн голчтой хуваарилах шугамын хамт барьсан, 2013 онд цагт 15000 м3 булинга шахах хүчин чадалтай 6-р насосыг ашиглалтанд оруулсан, 2014 онд 3 орчим км урттай 14-р даланг 1200 мм-ийн голчтой хуваарилах шугамын хамт, BK-11, 12-р худгуудыг эргэлтийн ус хүлээн авах хоолойн (коллектор) хамт тус тус барьж байгуулсан.

Дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэснээр үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг 20-25 жил тасралтгүй хангах боломж бүрджээ. Түүнчлэн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн ус хуримтлуулах 2-р коллекторын зураг төслийг ОХУ-ын Санкт-Петербург хотын “Механобр Инжиниринг” институт хийсэн байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК, “ОТК” ХХК хамтран 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4.1 км шугам хоолой, ус хуримтлуулах 4 худаг, хязгаарлалтын 4 далан, ус дамжуулах 4 сувгийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл ба Засвар механикийн завод

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар механикийн завод нь үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжинд их, дунд, урсгал засвар хийх, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, өргөн тээвэрлэх машин механизмд оношилгоо засвар хийх, ган, ширэм, өнгөт металл хайлж эд анги цутгах үндсэн үүрэг гүйцэтгэдэг байна. Тус завод нь жилд 10 000 нэр төрлийн 50 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үүнээс 5500 гаруй тонн марганцат ган, сайжруулсан нүүрстөрөгчит ган, саарал ширэм, элэгдэлд тэсвэртэй хромт ширэм, 400 кг хүртэл жинтэй өнгөт металлын хайлшын цутгамал, 1000-аад тонн металл хийц, 100 тонн резин эдлэл, 2000 орчим тонн механик боловсруулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өргөн тээвэрлэх машин механизмын оношилгоо, засварын үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар 31 нэр төрлийн 349,2 тонн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.

Эрдэнэт үйлдвэр 46 ажилтандаа өргөө цагаан гэр, орон сууцны түлхүүр гардуулж, сэтгэлийн өргөл барив

Эдийн засгийн хүндрэл иргэдийн хөдөлмөр эрхлэлт амжиргаанд хэрхэн сөргөөр нөлөөлж улмаар ажилгүй хичнээн хүмүүс энэ нийгмээс хараат бус амьдарч байна вэ. Эрдэнэт үйлдвэр үеийн үед нийгмийн хариуцлагаа ухамсарласан, нийгмийн сайн сайхны төлөө бүтээлчээр ханддаг, үүргээ нэр төртэй биелүүлдэг аж ахуйн нэгж байсаар ирсэн. Эрдэнэт үйлдвэр хямралын үед хэмнэлттай ажиллаж байгаа ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хямралын үед хүндхэн байгаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн баярт мэдээг дуулгалаа. Тус үйлдвэр нь олон ам бүлтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд, гал усны гашуун зовлонд нэрвэгдэж орон гэргүй болсон зэрэг амьдралын боломж тааруу 46 ажилтандаа өргөө цагаан гэр, орон сууцны түлхүүр гардуулж өгсөн юм.  

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авах хүсэлтэй ажилтнууддаа 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” орон сууцны хорооллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үйлдвэрийн нөөцний орон сууцаар хангаж орон сууцны асуудлыг шийдвэрлэж байна.

Иргэн Ж.Оюунцэцэг “Эрдэнэт үйлдвэрт 11 жил ажиллаж байгаад өнгөрсөн онд тэтгэвэрт гарсан. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Энэ билэгт сайн өдөр олон өрх айл, орон сууц, гэртэй болж гал голомтоо асааж байгаад баяртай байна. Эгч нь Эрдэнэт үйлдвэрт Конвейр асистант буюу хянагч хийж байгаад тэтгэвэрт гарсан" гэв. 

Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Монгол улсын төрөөс баримталж буй “Бүс нугийн хөгжлийн бодлого”, “Орхон аймгийн 2009-2021 оны хөгжлийн цогц бодлого болон Орхон аймагтай байгуулсан 2013-2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлүүдээр Орхон аймагтай хамтран 2013-2015 онд 58,6 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж байгуулан, ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж 2008 оноос хойш нийт 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Орхон аймгийн дэд бүтцийн байгууламж, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах тусгай тээврийн хэрэгсэл, техник, дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, дунд сургуулийн спорт заал, цайны газар, дулаан, цэвэр усны шугам барих зураг төслийн ажлуудыг гүйцэтгэхэд 500 орчим сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс санхүүжүүлсэн байна.

Орхон аймгийн нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан.

Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтанд эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өссөн байна. Тухайлбал 2013 онд нийт худалдан авалтын 15 хувь буюу 27.6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17хувь буюу 45.7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19.4 хувь буюу 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсч, орон нутагт төвлөрөх татвар нэмэгдсэн байна. 

Ийнхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалт, ажил "буцалсан" талбар дээрээс сурвалжлахдаа тэдний ажил хөдөлмөр, амжилт ялалтаар өөрийн эрхгүй бахархаж суулаа. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (122.201.31.200) 2015-11-26 09:52
      • 0
      • 1

      erdenetin erunxii zaxiral xiij bga dawatseren zaxiral bol uls orono gsen chin setgeltei mash sain xvn bga yum da.darxani tumurlugin vildwerig jinxene utgar n dampuursan bxad n awad baingin togtmol ashigtai ajillulj bsan.odo ardchilsan naminxan kontsessin geree gegch yumr qss kompanid ugsun ter n ajillulj chadaxgvi ajilchid n ajilgvi dampuulin bdaltai bn.

      Хариулах

    • Зочин

      (122.254.126.2) 2015-11-26 08:58
      • 0
      • 1

      Эрдэнэтийн уурхай маань ямар ч хэцүү үед улс орноо нуруун дээрээ үүрч явах юм даа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-11-25 19:12
      • 0
      • 2

      Овоо доо. Нэг ч гэсэн болж бүтэж байгаа юм дуулах яасан сайхан юм.

      Хариулах