Газар газрын сэлэмчид чуулав

Twitter Print
2015 оны 11-р сар 25-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Гуанжоу хотноо Олон улсын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий конгресс өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Конгресст 120 улсын 260 шахам төлөөлөгч оролцжээ. “Рио де Жанейро 2016” олимпийн өмнө болж буйгаараа онцлогтой уг хурлаар Олон улсын туялзуур сэлэмний холбооны дүрмийн зарим өөрчлөлтүүд, ирэх онуудад болох тэмцээнүүдийг зохион байгуулах хотыг тодруулах зэрэг олон асуудал хэлэлцсэн байна.

2018 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Вуши, 2017 оны өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын Пловдив, 2017 оны ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Ливорно хотуудад зохиогдохоор болжээ. Мөн “Рио 2016” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид уг конгресст оролцож наадмын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Уг конгресст Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулга, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцсон юм. Тус конгрессоор Улаанбаатар хотноо өнгөрөгч 9 дүгээр сард болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассамблейн зохион байгуулалтанд онц үнэлгээ өгч, Олон улсын холбооноос Монгол улсад Токиогийн олимпийн эрх олгох дэлхийн цомын тэмцээнийг эрэгтэй хүнд сэлэмний төрлөөр зохион байгуулах санал тавилаа.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.