Бусдын удирдлага дор ажилладаг бол хэлж болохгүй 11 үгс

Twitter Print
2018 оны 10-р сар 29-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Та ямар их авьяастай, ямар олон ажил амжилттай гүйцэтгэж байсан нь хамаагүй. Доорх 11 үг өгүүлбэрийг хэлсэн тохиолдолд таны талаарх бусдын бодол секундын дотор сөрөг болж хувирна. Сүүлийн үед ажлынхаа газарт энэ үгсээс хэдийг нь сонссон бэ? Ийм юм ярьж байгаа хүмүүс хэр амжилттай ажилладаг хүмүүс байна вэ? Та ажиглаарай.

Шударга биш

Амьдрал шударга биш гэдгийг бүгд мэддэг. Шударга биш байна гэж үглэх тусам хүмүүс таныг насанд хүрээгүй, жаахан хүүхэд шиг гэж бодох болно. Шударга биш байна гэж хэлэхийн оронд даргаасаа ингэж асуу. “Та Баярааг миний очино гэж бодож байсан албанд тушаалд/ажилд томиллоо. Ямар учраас ийм шийдвэр гаргаснаа та хэлж болох уу? Би ямартай ч энэ ажилд тэнцээгүйгээ мэдэж байгаа болохоор өөрийгөө юун дээр засч сайжруулахаа мэдмээр байна.”

Угаасаа ингэж хийдэг

Технологийн хурдтай хөгжлийн цаг үед зургаан сарын өмнө сайн гэж үнэлэгдэж байсан ажлын арга техник өнөөдөр хуучирах нь ч бий. Угаасаа ингэж л хийдэг гэж хэлвэл та залхуу, өөрчлөгдөх дургүй болж харагдана.

Асуудалгүй

Хэн нэгэн танаас тусламж гуйлаа, эсвэл хийж өгсөнд талархлаа гэж бодъё. Хариуд нь та “асуудалгүй” гэж хэлж болохгүй. Та харилцагч хүндээ гуйсан зүйл нь, хийхийг хүссэн ажил нь асуудал төвөг бэрхшээл гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Үүний оронд “Дуртайяа хийгээд өгье”, “Туслахдаа баяртай байна” гэх зэрээр өөрийгөө илэрхийлээрэй.

Миний бодлоор... Энэ тэнэг санаа л даа ... Би жоохон сонин юм асууна...

Өгүүлбэрээ ингэж эхлээд араас нь үнэхээр гайхалтай санаа хэлсэн ч та бусдад өөртөө итгэлгүй харагдана. Хамгийн аюултай нь хүмүүс таныг үнэлж итгэхээ болино. Та санамсаргүйгээр өөрийгөө хамгийн муухайгаар шүүмжлээд авчихлаа. Өөрийнхөө ярьж хэлж байгаа зүйлдээ итгэхгүй бол өөр хэн танд итгэх юм бэ? Харин хэлэх зүйлээ үнэхээр мэдэхгүй байгаа бол “Надад яг одоо энэ талаар мэдээлэл байхгүй байна. Би олж мэдчихээд танд эргээд хэлье” гэсэн сонгодог хариулт бий.

Хэдхэн минутанд хийчихнэ

Ямар нэг ажлыг хэдхэн минутанд  хийнэ гэдэг өөрт чинь сайхан санагдаж байж болох юм. Харин бусдын нүдээр энэ маш муу. Таны эзэмшсэн ур чадварыг хүмүүс маш муу гэж ойлгох, аливаа ажлыг хийхдээ “халтуурдаад” өнгөрдөг сэтгэгдэл төрөх гол үндэс энэ шүү. Үнэхээр хурдан гүйцэтгэж чадах ажил бол нэг их удахгүй ээ гэж хэлнэ.

Хичээе

Би бодохдоо, миний бодлоор гэдэг шиг хичээе, оролдоё гэдэг үг тухайн ажлыг гүйцэтгэхдээ та итгэл муутай байгааг харуулна. Ямар нэг ажлыг хийхээр хүлээн авах гэж байгаа бол хичээх гэхийн оронд гүйцэтгэх, чадах гэсэн үгсийг сонгоорой.

Цаадах чинь залхуу, үр дүн гардаггүй хүн шүү дээ

Хамт ажилладаг хүнийхээ тухай хэзээ ч бүү ингэж ярь. Хүн бүр тэрнийг залхуу, юу ч хийж чаддаггүйг мэддэг бол та заавал цохож хэлээд хэрэг байна уу? Харин тэрний залхуу, ажил хийж чаддаггүйг зөвхөн та л мэддэг бусад хүн мэддэггүй бол нөгөө “хөгийн” амьтан та өөрөө болж хувирна. Бүх л албан газарт бүдүүлэг, залхуу хүмүүс байдаг. Та тэднийг өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах эсвэл халж солих эрхтэй хүн биш л бол амаа хамхисан чинь дээр.

Миний ажлын байрны тодорхойлолтод ийм юм байгаагүй

Цалингаа бүтэн авахад шаардлагатай хамгийн бага ажил гүйцэтгэх сонирхолтой хүн л ингэж хэлдэг. Дарга чинь таны  ажилд тохирохгүй ямар нэг зүйлийг гүйцэтгэх даалгавар өгсөн бол үг дуугүй хий. Хийснийхээ дараа даргатайгаа тусгайлан уулзаж компанидаа яг ямар үүрэгтэй хүн болох талаараа, ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар ярилцаарай. Ингэснээр та шалдар булдар зүйлээр хөөцөлдөгч шиг харагдахгүй. Мөн та болон дарга тань та ямар ажил хийх, ямрыг нь хийгүй талаар маш тодорхой ойлголттой болдог.

Миний буруу биш

Бусдад буруу чихэх хэзээ зөв байлаа. Хариуцлагатай бай. Ямар нэг зүйл буруугаар эргэсэнд таны оролцоо өчүүхэн төдий л байсан бол буруугаа хүлээ. Ингэмээргүй байвал дундыг барьсан, тайван байдлаар болж өнгөрсөн үйл явдлыг тайлбарла. Баримтуудыг гаргаж ирээд даргадаа болон хамтран ажиллагчиддаа дүгнэлт хийх боломж олго. Хэн нэгнийг буруутгаж эхэлсэн үеэс л таныг хариуцлага хүлээх чадваргүй нэгэн гэсэн ойлголт тархаж эхэлнэ. Зарим нь тантай хамт ажиллахаас зайлсхийнэ. Харин бусад нь ямар нэг юм болвол хамгийн түрүүнд таныг буруутгадаг болно.

Би чадахгүй

Би чадахгүй гэдэг бол миний буруу биш гэсэнтэй яг адил. Би чадахгүй гэдэг үгийг би хийхгүй гэж ойлгох нь их байдаг учраас тухайн ажлыг хийж гүйцэтгэх хүчин чармайлтыг гаргахгүй гэсэн утгаар бусдын тархинд буудаг. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд таны мэдлэг чадвар үнэхээр дутах бол чадахгүй гэхийн оронд өөр хувилбар буюу чадах хувилбараа санал болго. Би орой сууж ажиллаж чадахгүй, харин маргааш өглөө эрт ирье гэх мэтээр.

Би ажлаа үзэн ядаж байна

Бүх хүн ажилдаа дургүй, ажлаа үзэн ядаж байна гэж гомдоллосон хүний яриаг сонсох дуртай байдаг. Та ингэж ярьдаг бол сөрөг энергитэй, багийн сэтгэл зүйг унагадаг нэгэн гэж ойлгогдоно. Ингэж ярьсан хүнийг хэнээр солихоо дарга нар аль хэдийн бодчихсон байдаг гэнэ шүү. 

www.hiub.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.