П.Лувсанцэрэн - Ус шиг цэнхэр /Өгүүллэг/

Twitter Print
2017 оны 04-р сар 25-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн Монголын хүүрнэл зохиол, түүний дотор өгүүллэгийн төрлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан авьяаслаг зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Түүний сор болсон бүтээлүүдийн нэг "Ус шиг цэнхэр" хэмээх гайхамшигт өгүүллэгийг цахим мэдээллийн хэрэгслээр анх удаа та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Та бүхэн таалан болгооно уу.

Намрын адаг сарын жаварт өглөө зузаан дээл шууж бүсэлсэн өвгөн Жанцан жижиг бор гэрийн эсгий үүдийг түнхэс хийтэл түлхэж хоол цайны илчинд залуу хүн шиг улаа бутран уур манан савсуулсаар түгдэгнэн гарч ирэхэд уяан дээр тохоштой хэвтэж байсан хүрэн ат, эзэн маань босгон дороо ойчих гэж явна уу, гэсэн маяттай нүдээ дүрлийлгэн эргэж харав.

Жанцангийн хойноос үс нь их ургасан, жац томтой залуу эр хар булигаар богц барьсаар толгой нүцгэн гарч ирээд наран сөрөг анивчин найтаалгаснаа:

-Ааваа, та дуран авч явах уу? гэж асуув.

-Үгүй ээ, үгүй гэж Жанцан малгайгаа бүчлэх зуур уцаарлан хэлээд тохоштой тэмээ рүү явлаа.

Хүү нь ааваасаа түрүүлэн очиж тэмээний бурантгийг гартаа аваад хүлээн зогсоход Жанцан хажууд нь ирээд:

-За чи Чулуун минь, цаад муу эх чинь ганцаардана шүү, битгий буу үүрч тэнэж явчихаад байгаарай! Хүн шиг байж үзээрэй! Өнөөдөр наад хормойгоо нөхүүл гэхэд,

-За, эртхэн явж үзээч, гэж хүү нь түүнийг мордуулах санаатай зүүн талаас нь сугадаж хэвтээ тэмээ рүү ойртуулан түлхэв.

-Гүй чи зүгээр байгаач. Би өөрөө мордчихож чадна, гайгүй. Намайг дандаа нэг хүүхэд шиг санах юм. Нохой долоо гэж үнгэсээр Жанцан богцоо хойшлуулан засаж мордтол хүрэн ат ч ухасхийн бослоо.

Жанцан улцан нүднийхээ нулимсыг арчин, тэртээ зүүн хойно хэдмэгтэн хөхрөх уулсын бараагаар чиг барин товолзтол алхууллаа. Намрын сарын жаварт хамгийн түрүүн хамрын үзүүр хөрж, ус гоожно. Жанцан жавраас нүүр буруулан хазгайхан сууж жижиг аараг толгодыг хэдрэн алхуулсаар бага үдийн жирд Босоогийн тал руу орж ирлээ.

Зуны дэлгэр сайхан цагт адуу тэмээ зэрэглээн дундуур багшран бэлчиж, цэцэг ногоо сугсран халиурч байдаг энэ их тал зэлүүд эл хуль оргиод гандаж хатсан хялгана шивээ явган салхинд нахилзан нахилзан найгаж, талын дунд ганц том хадан цохио зуны дэлгэр цагийг харуулдан хүлээх мэт сүүхийн зогсоно.

Эзэн хүнээр залуулалтгүй элсэрхэг зөрөг дагаж сурамгай алхлах хашир атны нуруун дээр амгалан суугаад салхины уруу сөрвөлзөн хийсэх тэмээнийхээ шил зогдрыг нүдний үзүүрээр ажиглан хээрийн цэвэр агаарыг цээж дүүрэн татаж бодолд автан мэлмэрч явах бас ч сайхан байдгаа.

Намар яг өдийд холын замд гарах гэж хөл газар хүрэхгүй хөөрч явдаг байсан өнө эртийн цаг сэргэн бодогдоно. Тарга хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод, жинчид хом татлага бурантаг гадас, хонх майхнаа төхөөрч байхад амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж, ах дүүс танил дотно хүмүүс нь бэлэг захиа өгч, өвөл ойртохын амьсгаанаар зуны тавлаг уужмыг орхин яарч үймсэн мал хүн ийш тийш хөлхөлдөн, ботго тором буйлалдаж, байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай шөнийн цагаар тунгалагхан шүүдэр, хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны үймээнд тамирдаж цонхийсон шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уяраан нэгэн үе хийморь бадраан сэвэлзэж байдаг тэр цаг тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нь угт хоногшдог ажээ.

Жанцан анх жинч эцгээ дагаж хорин настайдаа аяны замд гарчээ. Тэр үед Шүхэртийн бага охин, баруун говийн хулан гэж залуучуудад магтагддаг байсан гэдгэрхэн нуруутай яагаан хацарт охинд Жанцан сэтгэлтэй болоод байсан тул зуны адаг сар гарч жинд явах болсноо сонсмогц адуунаасаа шөнийн нэг морь хулгайлан унаж багтарч унатал нь давхисаар Голын адгаас Өвөр салаа орж тэр амрагтаа очоод үүрийн шаргал гуяагаар Баянцагааны бэлийн хад чулууг тачигнуулсаар буцаж ирдэг болжээ. Ирээд гэртээ оролгүй, саахалтынхаа Намбаа гэдэг ганц бие чавганцыг номгочилж тэднийд ороод тэрлэгээ өрөөлдөн нөмөрч үд хүртэл унтана.

Гэтэл нэг өглөө эцэг нь "Манай нэг муу бэлтрэг хаа явна?" гэж амьтнаас асуусаар явж сургий нь сонсоод Намбаа чавганцынд гартаа ногт барин орж иржээ. Тэгээд хоймор нь амгалан хурхирч хэвтээ хүүгээ хармагц "Мөөн" гэж амандаа шивэгнэн хэлснээ ухасхийж, нөмөрч хэвтсэн тэрлэгий нь хуу татаад барьж явсан ногтоороо хүрэн даалимбан өмдтэй бөгс рүү нь пад хийтэл дуу ихтэй ороолгоод өөд нь дахин далайхын зуур Намбаа чавганцын унийг бас ороолгож, хуурай тос тортгийг манартал бутраана.

-Хүүе, Ламжав гуай та яаж байна? Болиоч хүүгээ, хөөрхийг яанаа? гэж сандарч тэвдсэн Намбаа чавганц түүний араас бүснээс нь татаж саатуулах гэснээ дийлэхээ болихоор баруун гартаа байсан шанагыг ор руугаа ууртай шидээд "Ээ, шүтээн минээ, яасан ч догшин уур вэ та минь" гээд дорой дуугарсаар гадагш гүйн гарав.

Зодоон болж байгаа сургаар хэрэгт дуртай хэдэн залуучууд хүүхэд гаднаас орж ирэхэд Жанцан гутлаа өмсчихсөн хааш ч хөдлөх чадалгүй, эцгийнхээ өмнө хэрэгтэн шиг зогсож байжээ. Эцэг нь Намбаа чавганцын орон дээр сандайлж суугаад ханцуйгаа шамлан хүү рүүгээ давшлан загнана. Хүүгээ загнан амьсгаадахын хажуугаар хамрынхаа хоёр нүх рүү нунтаг шар тамхи ээлжлэн чихэж хэсэг хэсгээр энгэр рүүгээ савируулан унагаана. "Миний толгой дээр гарах чинь дутаад байна уу? Шөнөжин давхиж давхичихаад бас хулгайч шиг айлд нуугдаад унтаж хэвтэнэ гэнээ? Хаанаас чи ийм зан сураав? Наад царай зүсээ хар чи! Цусаа соруулчихсан амьтан шиг. Ийм байж жин тээх. Замын тээр болох уу муу новш. Бүсээ бүсэл" гэснээ Ламжав үүд рүү харж "Явцгаа, та нар! Миний явдал та нарт пад байхгүй" гэж ширүүн хашгирав.

Гаднаас ирсэн улсыг хөөж гаргасан хойноо "Чамайг яасан ч толгой дээрээ гаргахгүй дээ. Ясы чинь хуга цохиод учраа олно. Тэгээд чи дураараа дургиж яваарай" гэж хэлээд сүртэй эгдүүтэй харцаар хүүгээ харж хэсэгхэн чимээгүй суув.

Жанцан зав гарсан дээр нь гэсэн шиг шалавхан бүсээ бүсэлж авав. Гэтэл эцэг нь "Яв?" гэж чанга хашгираад ногтоо барьж боссон хойно "Өнөөдөр цаад араг толгойтдоо очиж дахиж ирэхгүй гэж хэлээд ир! Нөгөөдөр чи үдээс өмнө заавал ирээрэй. Ирэхгүй бол мөчий чинь санжуулах вий" гэсээр үүд рүү явав. Жанцан гаанс тамхиа үзүүлчихээгүй гарсандаа баярлан уужирч аавынхаа хойноос хараад хариугүй инээх гэж байтал аав нь үүдэнд очоод эргэж харав. "Чи орон гэрээрээ орж эмээл хазаараа аваад хүн төрхтэй яваад ирээрэй. Битгий гуйлгачин царайлж нэр бузарлаад яваарай!" гэж хэлээд тэр дурамжхан маягтай гарав.

Жанцанг ингэж үүр шенөөр сандран босож давхихын зовлонгүй хоёр хоногийн чөлөө олоод ирсэнд Дагиймаа нэрт өнөөх булцгар охин, сая эрийн шинж цогцолж яваа Жанцангийн өвчүү цээж рүү шонтгор хатуу хамар зузаан хүрэн уруулыг шимтэн нааж, халуун элгэнд нь тэврүүлсээр, янаг сэтгэлийн жолоо алдран анхны хайрын эмнэг гэнэн сэтгэлдээ эцэсгүй сайхныг эрэмцэн хүсэмжилж, зуурдын жаргалыг насны мэт болгоож, ид нойрын бор шөнөөс өрхний оосор татахаа хүртэл хайртай хүнийхээ чихэн дор халуун амьсгалаар шивнэн хойчийг ярьж өнөөг бахархан янаг бүсгүйн жаргалыг хоёр хоног эдлээд нүдэнд нь сэтгэл ханасны цог бадран, хацар нүүр нь судалтаж туяарсаар хоцорчээ.

Эцгийн хишиг болсон ганц өдрийн жаргалыг тэр хоёр бэлчээр дээр эдэлж өнгөрөөв. Гэгээн цагаан өдөр танхил томоогүй бүсгүйг өхөөрдөн наадан сууж зүрхээ шаналтал цэнгэнэ гэдгийг Жанцан тэр өдөр анх удааг үзжээ. Дагиймааг эв муутайхан тэврэн сууж жавар үнэртсэн бор хацры нь удаахан нэг үнсээд эргэж хартал духан дээрээ ганц эвэртэй юм шиг урт босоо согсоотой цагаан ямаа цээжээ дүхийлгэн толгойгоо өндөр өргөж зогсоод "Та хоёр яаж байна?" гэсэн маягтай мэлцгэр шар нүдээр ширтэж байв. Дагиймаа "Хэрэгт дуртай годрон бэ" гээд чулуу авч шидсэнээ царай нь час улайв.

Жанцан залуу явахдаа энэ тухай бодох бүр өөрийн эрхгүй инээд хүрэхийн хажуугаар нүдэнд нь нулимс бүрхэж ирдэг байв. Гэвч эцэг нь хүүгийнхээ сэтгэлийг мэдэх тул тэнгэрийн заадас туяаран цайрч, тоо томшгүй одод мөнх анивчсан өвлийн шөнийн жаварт ямаан дах өмсөж, хүүгээ нөмөр талдаа дагуулаад сэтгэлий нь засан хонхон дууны эгшиг дор сургамж захиа өгч явдаг байв.

Элэнц хуланц өвөг дээдсээсээ эхлээд амьдрах гэж улаан голоо тасартал зүтгэж ирсэн амьтан юм шүү дээ, хүн гэдэг. Хүний дээд нь жинчид байдаг юм. Жинчин хүн жавар салхийг даана. Өлсөх даарахыг даана. Тэг тэгсээр яваад яс шиг хатуужиж хүний дээд, эрийн дээж болдог ёстой. Жинчин хүн гэдэг жавар чангарах дутам илч нь нэмэгдэж тэмээнийхээ алхаан дор биеийнх нь чилээ гарч, хонхныхоо дуугаар сэтгэл нь сэргэж явдаг учиртай. Хүүхэн чавганцын хэнээтэй эр жинчин байж чаддаггүй. Жавар салхинаас хүчээ авч чаддаггүй нарийн хоолоор тордуулж байж тэнхэрдэг хүн бас жинчин байж чаддагүй. Архаг хуучингүй эрүүл сайн бие, нугарахгүй гүдэс цэх зориг, тусч сайн сэтгэл, үнэг шиг хурц нүд, чоно шиг соргог хамар, нарийн анирч чих ганцхан жинчин хүнд байдаг. Жинчин хүн адаглаад аян замд өвдлөө гэхэд хаа явсан газрынхаа шорооноос долоогоод сэхдэг юм. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг. Олон жил жин тээж, хээрийн салхинд дасаад ирэхээр сэтгэл хүртэл гэрийн мухарт тогтохоо больдог юм. Зориг султай унж дорой хүн жинчин болж хэзээ ч чадахгүй гэж эцэг нь хүүдээ сургана.

Гэвч сэтгэлийн зовлон гэгчийг хүн яахин тийм амар мартаж чадах билээ? Жанцан аавынхаа яриаг чагнан тэмээний алхааны аясаар нугастай юм шиг хойш урагш ганхан найгаж явахдаа Дагиймаагаа цаггүй ээнэгшин бодож зүрх нь шимширч явдаг байв.

-Надад чи ус шиг цэнхэр торго, маатан чихэр хоёр авчирч өгөөрэй дээ, гэж өндөр бор духан дороос найланхай харцаар ширтсээр гэнэн инээмсэглээд хоцорч байсан Дагиймаагийн хурц алаг нүдийг сэтгэлдээ үргэлж санаж гол мөрөн, хөх тэнгэр юухан ч харсан ус шиг цэнхэр торго гэж захиад хоцорч байсан тэр бүсгүйн хонгор дуу чихэнд нь дуулдах шиг болж явдаг байжээ.

Гэвч нэг гэрийн тоонон дор толгой холбон ханийн жаргал эдлэх хувь тэр хоёрт байсангүй. Ус шиг өнгө гэж чухам энэнийг хэлэх болов уу гэмээр цэнхэр торго авч биенээсээ ч салгалгүй баадагнан бүсэлж хоног тоолон жаргал мөрөөдсөөр Жанцанг буцаад ирэхэд Дагиймааг өөр айлын бэр болгож Хушуу гулсуулаад явуулчихсан байв. Цагийн юм цагтаа хууль байдаг. Нэгэнт тэднийг заяа нийлэх хувьгүй улс гэж мэргэн ном айлдсан хойно яах билээ? Зүрхээрээ төрөлсөж дотноссон хань ижлээс амьдаар салахын зовлонг хэн хэн нь үзэж шархалсан залуу зүрхээ арчаагүй нулимсаар угаагаад цагийн шуурганд туугдан тэд салжээ.

Дагиймаагаас хойш Жанцан эцгийнхээ мөрөөр олон жил жин тээж, шинэ гэр төхөөрч, үүрийн гэгээнээр эхнэр босгож, үйлстэй үйлсгүй хоёр хүү, богино настай нэг охин төрүүлж эр хүний зорьдог бүхнийг хийж амжаад эцэст нь номхон морины нуруун дээр хүзүү хүгдийн сууж хонь хариулж явдаг үрчгэр бор өвгөн болж өтлөв. Гэвч санаа сэтгэл нь соргог хурц хэвээрээ үлдсэн тул ус шиг цэнхэр торго гэж дотроо бодож газрын уртыг элээж явахдаа ижил дасал болсон аяны харгуй зам, хээрийн сэргэлэн салхи, хүний нутгийн нуур ус, од мяралзсан өндөр тэнгэр, жаварт харшиж чийрэгжсэн хүдэр галт эрчүүд, чихэнд хоногшсон хонхон дуу, хээрийн хар цай, дах майхан юм бүхнийг өтлөх тусам санах болж, бодох бүр санаашран гуних болжээ. Намрын сэрүүн унаж жин хөдлөх үед бүр ч тэсэх аргагүй бодогдоно. Богинохон бор өвгөн хонох тутам чадал доройтон гэрийн мухарт ингэж бухимдаж суугааг мэдэх хүн нэг ч үгүй.

Аргаа барахад Жанцан чадлаа барагдахаас өмнө аймгийн жин хөдлөхийг ч болтугай үзэж сэтгэлээ нэг сэргээе гэж шийдээд явж яваа нь энэ ажээ.

Эдэлгээнд дассан түшигтэй хашин ат бодолд автсан хатинг бор өвгөнийг нуруун дээрээ бүүвэйлэн тайван алхалж үе үе замын хажуу руу хүзүү сунган өвс бут шүүрч явсаар үдшийн цагаан гэгээ тасарч байхад сумын төв орж ирлээ. Жанцан амаар нь гал улалзсан жинчдийн майхны гадаа 

шууд ирж буув. Майхан дотор хүмүүсийн инээлдэн ярилдах чимээ дуулдана. Жанцав хормойныхоо шуултыг тайлж, нүдээ арчиж цэвэрлээд хоолойгоо зассаар майханд оров. Задгай галд нүүр нь халж хүрэнтсэн дөрвөн хүн хоолоо гаргаж сууна.

Жанцан бүгдтэй өндөр дуугаар мэндлэн, майхны хоймор гарч завилан суугаад ойр зуурын хэдэн үг солилцох зуур дулаацаж тэнхрэв.

-Та ганцаараа ирэв үү? гэж жинчдийн нэг асуухад

-Хоёулаа гэж Жанцан хариулав

-Хэнтэй ирээв?

-Муу хүрэн атгайгаа

-Жааяа ч өнөөх л хошин шог яриатай хэвээрээ шив дээ.

-Өтөлснеөс биш үхсэн биш дээ хө гэж хариулаад Жанцан хэлсэн үгэндээ их л сэтгэл хангалуун инээмсэглэв.

Тэд хоол идэцгээлээ. Энд тэд уур савсан, тарган махны сайхан үнэр ханхалж, урт богино хугганы ир мөр гялалзан харагдана. Майхны үүдэнд зүрх цагаан хар нохой оцойж суугаад үе үе амаа ангайж, шүлсээ долоон харуулдана. Хоол идэх зуур жинчид ам чөлөөчлөн ярилцсаар суулаа.

-Та хэзээ буцах вэ? гэж Жанцан өвгөний сайн танил бүдүүн Лхагва асуутал

-Энэ зүүн багийнхны жин явчихсан уу? гэж Жанцан өөдөөс нь асуув.

-Дуусаагүй байхаа.

-Жин яваад дуусахаар л буцна даа.

-Яах нь вэ?

-Хойтонгийн жин хөдлөхийг үзэж чадаа ч билүү үгүй ч билүү. Сэтгэлээ сэргээнэ хө. Гэрт сэтгэл тогтохгүй юм.

-Олон жил жин тээсэн болохоор арга ч үгүй биз дээ. Багаасаа олон жил алс замд жин тээсэн та байтугай энүүхэн Заг хүрээд буцаж ирэх хооронд бидний сэтгэл хөдлөөд байдаг юм чинь.

-Жин тээнэ гэдэг ч одоо бодоход ёстой эр хүний ажил байж дээ гээд Жанцан ярьж эхлэв.

-Хатуу гэсэн ч сайхан ажил байжээ. Би анх жинд явахдаа хорьтой байлаа. Мөн ч үйлээ үзэж явсансан. Юм үзээгүй болохоор хашир жинчид ядаж дооглоод байх. Нэг шөнө л намайг "За, Жанцаан энэнийг зуугаарай" л гэнэ. Би гайхаад юу вэ? гэсэн чинь "Май энэнийг зуу!" гээд аманд урт цагаан дэрс зуулгачихаваа. Баяр гуай өөрөө нэг урт дэрс зуучихсан харагдана. Одоо өнөөх догшин даваа өөд чинь өгсөж яваа шүү. Хүн болгон амандаа хөндлөн дэрс зууж Цагаан Дарь эх уншиж давдаг юм гэж байна. Тэгдэг л юм байлгүй гэж бодоод би зуучихлаа өнөөх дэрсий нь. Тэгсэн чинь муусайн гамингууд намайг л даапаалж явсан юмсанж. Би тэрний нь мэдэлгүй өнөөх дэрсийг зуусаар яваад уруулаа хөлдөөчихсөн юм шүү. Баяр гуай мөн ч зовлонтой наргианч хүн байсан юм даа.

Жинчид Жанцангийн яриаг чагнан гал өрдөж цаг нөхцөөж суулаа. Жанцан заримдаа санаанаасаа зохиож байгаа байх гэмээр юм ярина. Гэтлээ үнэмшихээс аргагүй сайхан яриад суухаар нь тэд инээлдэж хөхрөлдөн чагнасаар суув.

-Энэ муу жур Найдан чинь одоо харахад даанч цоройтож гүйцэж, залуудаа ёстой сайн жинчин байсан юм даа. Гавшгай шалмаг хийморьтой ядаж л даарахыг мэддэггүй боохой байсан юм. Гурван есийн жавар ид тачигааж байхад чинь малгайгаа эрүүвчлэхгүй шүү. Сахал нь цантчихаад л гэр бүргэд шиг монхор хамраар чинь хүнгэнэгэл гиншээд явах нь тэр дээ. Дуулж байгаа нь тэр юм гэнэ билээ. Дуунд дуртай. Тэгээд ганц ч дуу мэдэхгүй. Үг ч үгүй, ая ч үгүй л гиншээд явах нь тэр. Тэгээд тэр гиншсэн дуундаа өөрөө их уярдаг гэж ярьдаг юм. Би нэг жил энэ Найдан, давсны манаач байгаад ноднин өөд болдог хулгар Нацаг манай нагац Тойв гуравтай хамт явсан юм. Эш, хулгар Нацагийн үйлсгүйг яана, бурхан минь. Ядаж хээрийн замд нэг өөдтэйхэн хоол ч төхөөрөөд гарахгүй шүү. Гурил хуурч уутанд хийчихээд гарна. Шөнө буугаад өнөө ууттай гурил руугаа хамраа дүрчихээд нургитал хурхирч суух, Найдан яахав, ууртай амьтан "Өмдий нь шувтлаад халуун цайгаар зумал" гэж загнана даа, хөөрхий. Бид нэг шөнө унтаагаар нь өмдий нь нээрэн шувталчихсан юмаа. Зайлуул сэрэлгүй шувтлуулчихсан юм. Тэгснээ хүн шанагатай халуун цай бариад зогсож байхыг сэрэнгүүт харчихаад гарч ухасхийсэн чинь аягаа аваад өнөөх дээрээ хөмөрчихвөө. Бидний инээлдсэн гэдэг жигтэйхэн. Заавал аягаа авдаг нь ч юу билээ. Гараараа л дарчих биз. Тэгээд хурдан ухасхийсний нь яана. Баахан инээлдэж аваад бид тоглоомоор, одоо аягаа долоо гэж шахсан чинь: 

-Өөрийн юм яадаг юм гээд гөлчийтөл долоочихоод унтаад өгсөн юм. Тэгээд тэр чинь амин дээрээ тулахаар бас сүрхий нохой зальтай. Нэг өдөр бид хоёр хойно хойноосоо цувраад алхуулж явлаа. Дулаахан аятайхан ч өдөр байсан юмдаг. Нацаг миний түрүүнд явсан юм. Тэгсэн өнөөх чинь үүргэлж яваад тэмээнээсээ ойчвоо. Би өөрөө бас үүргэлж яваад дор нь учры нь олсонгүй. Хартал тэр тэмээнээсээ үсэрч буугаад нэг юм дараад авах шиг боллоо.

-Юу вэ, наадах чинь гэсэн дуугарсангүй. Нүд нь жигтэйхэн том болчихоод босоод ирлээ. Би ч үүргэлж яваад ойчиж, мань хашир гэдгий нь мэдлээ дээ. Юу гэх бол гээд харж байсан чинь миний царай руу нэг харчихаад "Аа муу золиг буух ч гэж ойчих болчихлоо" гээд хэнэг ч үгүй шороогоо гүвээд зогсож байсан юм. Тийм самбаатай хуухай байгаа юм, аминдаа тулахаар. Шөнө унтахдаа заавал хүний хоорондуур орж унтах гэнэ. Сайндаа биш, тэр чинь шөнө даарвал хүний хучлага аваад хуччихдаг юм. Өглөө босоод гутал солиод өмсчихнө. Нацагийн аль үйлсгүй занг хэлж барахав. Гэсэн ч яахав дээ, хүнд гэм хоргүй болохоороо болоод л явдаг байсан юм. Жин тээнэ гэдэг уг нь хүний сэтгэлийн ажил юм шүү. Сэтгэл өөдрөг яваа хүн жинд алздаггүй ээ. Би та нар шиг залуу явахдаа гэж үргэлжлүүлэн Жанцан хоол идэж дуустал яриад хоолноос хойш галд ойртож суугаад унтах хүртэл ярив.

-Жинчид сүүлд нь "Жааяа, унтья. Өглөө эрт хөдөлнө" гэж хэлээд ор засаж бараг албаар хэвтүүлэв. Шөнө их хүйтэн хонох бололтой байв. Жанцан хучлагандаа шургаж ороод хий ханиалган жаал яраглаж байснаа төдхөн хурхирч эхлэв.

Атриад хэвтсэн нь бараг хүүхэд шиг жижиг харагдана. Тэнгэр бүрхэж нарийн ширхэгтэй хуурай цас будран байснаа шөнө дунд хирд хүйтэн шуурга тавьж үүр цайтал даавуу майхны бөөрийг дэврүүлэн хийсгэв. Гэвч өглөөгүүр шуурга намдлаа.

Жанцан нойр нь хүрсэнгүй бололтой үүр лавхан цайж ирмэгц босож, майханд гал түлэв. Жинчид галын илч аргалын угаапд аятай ид нойрссоор байв. Тэдний босохыг хүлээн Жанцан гал өрдөж баахан сууснаа цай чанаж тавиад гадагш гарлаа.

Өглөөний жавар дундуур тэр нуруугаа үүрэн алхалж жинчдийн тэмээг сүрхий шинжин ажиглав. Зарим тэмээний нүд рүү ойртон ажиглана. Зарим тэмээний салтаа доогуур тонгойн харна. Ингэсээр жинчдийг босоход Жанцан жишиж гавьсан ачаа дотор явж байв. Баглаатай ачаа бүрийг харсаар яваад нэг боодол ачаа өргөж үзлээ. Тэгснээ дэгдэлзтэл алхалсаар майхан руу хүрч ирэв. Нар нилээд дээр хөөрч жинчид өглөөнийхөө цайг ууж дуусаад ачаалах болоход Жанцан,

-За Дүгэрсүрэн чи шалавхан яваад падаан баримтаа аваад ир. Би Лхагватай ачаалж байя гэв.

-Та хүнд ачаа өргөж яах гэсэн юм бэ? гэж хориглосон боловч хүний үгэнд орсонгүй яаран алхалсаар хамгийн түрүүчийн тэмээг авчирч хэвтүүллээ.

Лхагва хэвтүүлсэн тэмээний нэг талд гарч ачаа өргөөд Жанцанг яах бол гэж эргэлзсэн янзтай ажиглаж байтал гэр ачааныхаа барьцыг олох гэж нэлээд удсанаа буйлаараа доод уруулаа зууж байгаад тэнгийн нэг талыг сэв хийтэл өргөж ирэв. Лхагва шалавхан тэгнэж аваад дараагийн ачаан дээр очлоо. Жанцан ер тамирдаж доройтсон шинжгүй гялалзаж яваад дахин нэг тэмээ ачааллаа. 

Гэтэл гуравдахь тэмээг ачихдаа тэр ачаагаа дутуу өргөж алдаад гутлынхаа ээтгэр хошууг ачаанд даруулчихав. Хөлөө татаад авах гэсэн дийлсэнгүй. Хэд хэд татаж үзээд дийлэхгүй болохоороо ичсэн хүүхэд шиг царай нь улайн амьсгаадсаар өнөөх ачааны өрөөсөн буланг арайхийн зайлуулж хөлөө сугалж авав. Тэгээд тэр ачааг дахин өргөх гэж ч оролдсонгүй, тэр чигээр нь тэмээ түшүүлж орхичихоод Лхагвын царай руу ч харалгүй малгайгаа зассаар, цааш холдон явав. Лхагва хойноос нь ажиглаж байтал тэр эргэж харалгүй гэлдэрсээр яваад майхны буурин дээр очиж урагш харан суув. Толгойгоо унжуулан газар ширтээд нэлээд удтал хөдлөлгүй суув. Энэ засвар жинчид хоорондоо ингэж ярилцлаа.

-Жанцан гуай ч аргагүй больжээ.

-Гэртээ л хэвтэж байх биз, хүүхэд шиг хирээ мэдэхгүй ингэж явдаг нь юу вэ?

-Бие нь зүгээр байгаа?

-За, за ачаалъя, яав л гэж.

Жинчид ачаагаа ачаад хариугүй дуусах гэж байтал Жанцан,

-Энэнийг аль тэмээн дээр ачих вэ? гэж майхан тэвэрсээр хүрч ирлээ. Жинчид түүнийг дооглон өхөөрдөж "Хэдүй ядарсан ч майхандаа зөв байнаа. Нааш нь аваад ир" гэж дуудлаа. Жанцан майхан авчирч өгөөд хүн надаас өрсөх вий гэсэн шиг сандран алхалсаар жинчдийн хучлага, дэвсгэр, гал тогооны хэрэгслийг зөөж авчрав. Хамгийн сүүлд богцтой юмаа тэмээн дээрээ тохож аваад түрүүлэн мордлоо. Ачаа хөтлөх гэж тун их хорхойтож байсан санж. Сумын төвөөс Шарын хөтөл хүртэл тэр ачаа хөтөлж жинхэнэ жинчид шиг товолзтол алхуулав.

Хөтөл дээр гарч ирээд тэмээнээсээ бууж богцтой юмаа задлалаа. Тэр богцон дотор Жанцангийн бурхны авдран дотроо хадгалж байдаг ганц том луйгар хонх явсан ажээ. Тэр хонхоо хамгийн сүүлчийн тэмээний хүзүүнээс урт цэнхэр хадагтай уяж өгөөд "За сайн явцаагаарай! Алтан шар зам чинь өлзийтэй болог!" гэж ерөөв. Ингээд жинчид цааш хөдлөхөд тэр ганцаар хөтөл дээр суусаар хоцорлоо. Жингийн цуваа алс замдаа тууширч цуурай дуутай том хонх тэмээний алхах хэмээр дүнгэр дангар цохилон одов.

Жинчид эргэж харсаар явлаа. Жанцан тэдний хойноос харуулдсаар хонхон дуу тасартал тэр хөтөл дээр суужээ. Жингийн цуваа холдох тусам жижгэрч хонхон дуу улам улам бүдгэрсээр дуулдахаа болиход эргэн тойрон огт анир чимээгүй айдас хүрмээр нам гүм боллоо.

Жанцан жинчдийн хойноос нойтон сормуустай том хар нүдээр дүрлийтэл ширтсээр хоцорч байгаа хүрэн атныхаа нүд рүү нэг харлаа. Өнө мөнхийг санагдуулан анир чимээгүй дүнсийх ус шиг цэнхэр тэнгэрийн хаяа руу нэг харлаа.

Цаглашгүй наст энэ хөх тэнгэрээс үг сонсох гэж хариу хүлээсэн мэт нүд хурдлан жаал харуулдсанаа уртаар санаа алдан босоод эргэж харахад өчигдөрхөн бараан байсан уул оройдоо цасан малгай өмсчихөөд дүнхийж байв.

1966 он. П.Лувсанцэрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Отгон

      (203.91.115.40) 2017-10-10 20:06
      • 0
      • 0

      Сайхан бүтээл.эрийг нас уулыг цас дарнаа.гэж.зайлж болдоггүй хорвоогийн жам юм даа.Гэхдээ энэ жамыг үзтэл насална гэдэг бол их хувь заяа юм шүү.

      Хариулах

    • Adonica

      (188.143.232.27) 2016-12-21 10:36
      • 0
      • 0

      Yeah, I’m super pissy about her saying that too. 1) I’m surprised she vacationed at Seaside Heights. It has been the crap hole of the Jersey shore for as long as I can remember and 2) STFU you have no family that lives in NJ/PA so quit your &#S2D0;OMGTHATS8OSA2” about a fucking roller coaster. My family has been without power for going on 3 days and probably won’t get it back on until end of the week at the earliest because getting power to the shore is a priority (they suffered the worst etc etc). SO a big FU to your fake empathetic tweet and blog post.

      Хариулах

    • .......

      (103.229.123.225) 2016-05-18 19:31
      • 1
      • 0

      хичээлд хэрэг болоод байна аа copy paste хийж болгож өгөөч

      Хариулах

    • lhagwa

      (112.72.11.113) 2016-03-13 23:54
      • 1
      • 2

      Mash goy ogvvlleg bna

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.192) 2016-03-12 10:38
      • 1
      • 2

      uneheer goe yum aa mongol.mn caitdaa bayrlalaa :)

      Хариулах

    • zochin

      (202.179.28.29) 2015-12-02 10:24
      • 1
      • 2

      yostoi saihan uguulleg bn jinhene mongol ahui

      Хариулах

    • мажигаа

      (87.66.184.253) 2015-12-01 22:16
      • 1
      • 3

      баярлалаа,дахин гоё өгүүллэг тавиарай

      Хариулах

    • Ганбат

      (202.179.7.34) 2015-11-23 20:26
      • 1
      • 8

      1989 онд санагдана, яруу найрагч Аюурзанатай Иваново хотод буу халж суугаад танай Баянхонгорын Лувсанцэрэн гэж мундаг зохиолч гээд яритал тэр хүнийг чи мэддэг юмуу би биширдэг гээд бид 2 энэ их хүний тухай мөн их ярьж билээ

      Хариулах

    • Түвшин

      (182.160.36.35) 2015-11-23 18:51
      • 1
      • 8

      П.Баярсайхан агсаны "Хөх туурийн тал" гээд бас л нэг сонгодог өгүүллэг бий дээ...

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-11-23 18:27
      • 1
      • 8

      mongolcom.mn сайтдаа маш их баярлалаа. Гайхамшигтай гоё өгүүллэг. Багадаа уншиж өссөн. Дахин уншихад үнэхээр сайхан байлаа.

      Хариулах