Ч.Дамдиншарав: Хэчнээн боломж, бололцоо нь байсан ч одоогийн тамирчдад сэтгэл дутаж байна

Twitter Print
2015 оны 11-р сар 23-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийнхаа “Өглөөний зочин” буландаа Монгол Улсын гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншаравыг урьж, цөөн хором ярилцлаа.

-Та хүн төрөлхтний хамгийн том спортын наадам болох олимпийн торгон дэвжээнээс анхны медалийг эх орондоо авч ирсэн манай алтан үеийн тамирчин. Түүнээс хойш их олон жил өнгөрсөн байна шүү? 

-Тийм ээ, их олон жил өнгөрч. Энэ жил 49 жилийн ой тохиож байх шиг байна. 

-Хагас зуун жилийн өмнөх тэр сайхан дурсамжийг тань асуулгүй өнгөрч болохгүй ч энэ удаад түр хойш нь тавья. Ингэхэд чөлөөт бөхийн спортод шинэчлэлийн салхи үнэртээд хэр удаж байна вэ?

-Манай чөлөөт бөхийн холбоо зургаан жилийн өмнө шинэчлэгдсэн. Нэг үеэ бодоход хамаагүй дээрдсэн. Өөрөөр хэлбэл, холбооны маань удирдлагад энэхүү спортод хайртай, элгэсэг олон хүн байна. Тэгээд ч сүүлийн үед чөлөөт бөхийн амжилт эрс сайжирч байгаа шүү дээ. 

-Нэг үеэ бодохын бол сайжирч байгаа нь үнэн л дээ. Тэгвэл чөлөөт бөхийн залгамж халаа болсон өнөөгийн залуусын ур чадвар ямар төвшинд байна вэ?

-Сүүлийн хоёр жилд эрс сайжирсан гэж хэлнэ. Ямар ч тэмцээнд залуу тамирчид маань эн тэнцүү өрсөлддөг болсон байна. Ур чадвар болон олон зүйлд ахиц, дэвшил гарсан. Бидний залгамж халаа бэлтгэгдэн гарахад ойрхон болж. Үнэхээр ажиглагдаж байгаа шүү. 

-Тийм ээ, тантай санал нэг байна. Бага сага ажиглагдаж л байна. Гэхдээ таны үеийн тамирчдын дайтай болох өдий биз дээ?

-Энэ талаар ярьвал их цаг орно л доо. 

-Ярь л даа?

-Манай улсад чөлөөт бөх ид хөгжиж байх үе бол 1970-1980 он. Тухайн үеийг өнөөдөртэй харьцуулахад өдөр, шөнө шиг ялгаатай болсон байна. 

-Тухайлбал?

-Наад зах нь, намайг чөлөөт бөхөөр ид хичээллэж байхад зургийн аппарат ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, өнөөгийнх шиг янз бүрийн бичлэг үзэж өрсөлдөгч болон гадны мундаг бөхчүүдийг судлах боломж байгаагүй. 

-Өрсөлдөгчөө судлалгүйгээр нүдээ аниад л барилддаг байсан гэж үү?

-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Гэхдээ бид жинхэнэ сэтгэл зүрхээрээ их спортынхоо төлөө зүтгэж, хөдөлмөрлөдөг байсан. Тамирчин бүр олимп, тив дэлхийн аваргаас медаль авч байж зодог тайлна гэсэн ганцхан зорилготой. Үүнийхээ төлөө амь, амьдралаа зориулна гэсэн чин хүсэлтэй байдаг байж. 

-Нэг үгээр хэлбэл, энэхүү чин хүсэл, мөрөөдөл өнөөгийн залууст дутаж байна гэж хэлэх гээд байнаа даа?

-Яг зөв. Харамсалтай нь, өнөөдөр залууст бидэн шиг тийм гоё сэтгэл, хүсэл мөрөөдөл дутаж байна. Хэчнээн боломж, бололцоо байсан ч сэтгэл нь дутаж байна шүү дээ. Үнэхээр бидний санасан хэмжээнд хүрэхгүй байх юм. 

-Энэ нь яг юутай холбоотой юм бол оо?

-Шуудхан хэлэхэд, энэ бүгдийг салбар яам бодлогоор зохицуулж байх ёстой. Гэтэл тэгэхгүй байна. 

-Өршөөгөөрэй, хүний сэтгэлийн асуудлыг салбар яам яг яаж зохицуулах ёстой гэж вэ?

-Өнөөдөр чөлөөт бөхөд 84 кг-аас дээш жинд бараг л барилдах тамирчин олдохгүй байна. Гэтэл үндэсний бөхөөр барилдаж байгаа залуусын дундаж жин нь 58 кг байна. Ихэнх нь 100-гаас дээш жинтэй. Харамсалтай нь, тэдний нэг нь өнөөдөр чөлөөт бөхөөр барилдахгүй байна. Зөвхөн үндэсний бөх гэх явцуу сэтгэлгээгээр хандаж байна шүү дээ. Энэ бол буруу тогтолцоо. Үүнийг салбарын яамнаас зохицуулж, анхаарах шаардлагатай. Тэр хүмүүсийг их спортод хайртай, элэгсэг болгох хэрэгтэй. 

-Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгож байхаар болсон. Үнэхээр сайхан мэдээ биш гэж үү?

-Тийм ээ, сайхан мэдээ байлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд, тэр сайхан мэдээ чинь олон зуун тамирчин, дасгалжуулагчийг хөдөлгөөнд оруулсан. Төр засаг ч нэг үеэ бодоход гавьяа байгуулсан тамирчинд алдар цолыг нь харамгүй өгдөг болсон байна. Ингэснээр их спорт жаахан ч гэсэн хөгжих үндэс, суурийг тавьсан гэж ойлгож болно.

-Олимпийн медальтнуудад сар бүр тэтгэмж өгснөөр олон залуу тамирчинг хурцалж өгсөн боловч нөгөө талаараа тамирчид залуугаараа зодог тайлж эхэллээ. Тамирчин хүний хувьд та үүнд ямар бодолтой байна вэ?

-Үнэхээр харамсмаар л даа. Гэхдээ спортоор хичээллэсэн хүн нэг насны эрэмдэг болдог нь үнэн. Насны эцэст эрүүл мэндгүй болно. Хэдийгээр харамсмаар ч гэсэн хувь хүний л сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Та бол алтан үеийн тамирчин. Мөнгөн үед дасгалжуулагч хийсэн хүн. Олон ч сайхан шавьтай байх, тийм үү?

-Тийм ээ, үнэн. Тэр үеийн хүмүүсийг үргэлж дурсах учиртай. Олон сайхан шавь нарынхаа дэмжлэг, халуун дулаан энерги дор өдий зэрэгтэй явж байна. Миний шавь нар намайг хүндэлж, хайрладаг. Түүнд нь би талархаж, шавь нараараа бахархаж явдаг даа. 

-Үнэхээр сайхан хариулт байна. Өмнө нь тантай уулзаж, ярилцахад ямарваа нэгэн спортоор хичээллэж эхлээд түүндээ амжилт гаргахын тулд тууштай, бүхий л амьдралаа зориулсан хүнийг тамирчин, спортын хүн гэнэ гэж хариулж байх юм. Энэ бодол тань өөрчдөгдсөн үү?

-Сонин асуулт байна. Яалаа гэж. 

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.