Төр үү, мафи уу

2015 оны 11-р сар 23-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Санаанд оромгүй  гэнэтийн бас цочирдмоор үйл явдлаар өрнөсөн энэ арваннэгдүгээр сар эргэлзээтэй олон асуудлыг нийгэмд үлдээгээд байна.

Эрдэнэт хүн энэ бие шатааснаас эхлээд эрх мэдэлтнүүдийн ар араасаа өрнөсөн  баривчилгаа, С.Зоригийн гэх хэрэгтнүүдийн сэжүүр, Таван Толгой, төмөр замын асуудлаар ноцтой баримтууд дэлгэж, байр сууриа хүчтэй илэрхийлж асан шилдэг сэтгүүлчийн үхэл гээд олон үйл явдлууд зэрэгцэн өрнөсөн нь Монголын нийгмийг тийм гэхийн аргагүй айдас, болгоомжлол хардлага сэрдлэгээр хучив.

Эх орончдын эмгэнэлт түүхийн сургамжийг сануулан, гүтгэгдэж, хэлмэгдэх гэж буйгаа хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр яаран сандран зарласан улстөрч эрхмийн анхааруулга сануулга энэ бүхэн өнөөдөр Монголын  нийгэм, улс төрд цэвүүн цаг ирснийг сануулах мэт. 1998 онд, 17 жилийн өмнө ардчилын алтан хараацай С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн тэр үед л ийм нэг айдас болгоомжлол, хардлага сэрдлэг бий болж байсансан.

Тэр үед мөн л өнөөдрийнх шиг улс төрийн бүлэглэлүүдийн засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод өрнөж, Эгийн голын цахилгаан станцын гэх 300 мянган ам.долларын төлөө эрх баригчид нь тэмцэлдэж, ил далдаар  бие биенээ буруутгаж байлаа. Үүний “үр дүнд” Монголын ард түмэн ардчиллын нэгэн удирдагчаа цаг бусаар алдаж, УИХ-ын эрхэм гишүүд дундаас хэд хэдэн хүн авилга хээл хахууль, ашиг сонирхол, албан тушаалын хэргээр дээлээ нөмрөн аавын хаалга татаж  байсан гашуун түүх бий. Харин одоо юу болоод байна вэ?

Өрнөж буй үйл явдал ялангуяа, төмөр замын төсөл, санхүүжилтээс 42 сая ам.долларыг завшсан байж магадгүй гэх хэрэг яагаад ингэж улстөр, нийгмийг хамарсан талцал, хямрал айдсын үүдийг нээв.

УИХ бол шалгагдаж буй хэн нэгний хэргийг хэлэлцдэг байгууллага биш. 

Энэ хэрэгт нийгмийн анхаарлыг хандуулж, улстөржүүлэх ямар шаардлага байна вэ? Гэм буруутай, эсвэл гэм буруугүйг хууль хяналтынхан шалгаж тогтоогоод үнэн худлыг дэнслэхийн хооронд  хамаг байдгаа хэвлэлээр дэлгэн олон нийтэд эерэг сөрөг мэдээлэл цацаж, хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцэх хүртлээ өндөр авсан энэ хэргийн цаана юу нуугдаж байна вэ? Энэ мэтчилэн олон эргэлзээ хардлага, таамгийг өөрийн эрхгүй төрүүлж буй “Төмөр замын” гэх энэ хэргийн цаана Монголын улстөрд бугласан олон ээдрээ, цаашид үүсэж болох “айдас”-ын учиг нуугдаж байгаа юм биш биз!

Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй хэргийн цаана дарга цэрэг, улстөрч, жирийн иргэн, эх оронч эсвэл амин хувиа  хичээсэн хэн нэгэн байхаас үл хамааран гэм буруутай эсэхээ адил тэгш шалгаж, тогтоолгох эрхтэй бас үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Монголд улстөрчдийн холбогдсон хэргийг хэн нэгний захиалга, өшөө авалттай холбон бүр УИХ дээр улстөрчдийн зөвшилцөл, хуйвалдаан, шантааж, тохиролцоогоор шийддэг жишиг тогтлоо. Үүнийг хэдхэн хоногийн өмнө өрнөсөн үйл явдлаас  ард түмэн харсаар, тэвчсээр байна.

УИХ бол шалгагдаж буй хэн нэгний хэргийг хэлэлцдэг байгууллага биш. Тэд зөвхөн санаачилсан хуулиа хэлэлцэж, хэрэгжилтэд нь хяналт тавих л үндсэн үүрэгтэй. УИХ-ын нэг функц болсон Намын бүлгээр хэлэлцэх нь байтугай цагдаа, мөрдөн байцаах байгууллагаас хэргийн талаар мэдээлэл авах ч эрхгүй. Гэтэл Зам тээврийн сайд асан Б.Батзаяаг төмөр замын хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас барьж, хорьсны маргааш нь шахуу УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж зөвхөн энэ асуудлыг хэлэлцэж байсныг уншигчид санаж байгаа байх.

Тэр хурлын үеэр УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулга өөрийн баруун гар гэгддэг Б.Батзаяаг барьж хорьсных нь төлөө Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар сүрдүүлсэн. Энэ нь Монголын төр АН-ын хэдхэн фракц бүлэглэлийн нөлөөнд бүрэн автаж, Гүйцэтгэх засаглалаа тоглоомын байгууллага болгохыг оролдсон эмгэнэл байлаа. Энэ бүлэглэл фракц хоорондынх нь зодооноос болж өнөөдөр Монголд  уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт гацаа үүсч, улс орны эдийн засагт эргэлдэх ёстой мөнгө хэдхэн хүний хоорондох тохиролцооны хэрэгсэл болоод байна. 

Өдөр тутмын сонингуудад энэ хэрэгтэй холбоотой дугаар алгасалгүй гарч буй баримт, нотолгоо бүгдээрээ хэн нэгний захиалга, эсвэл хэн нэг эх орончийг авлах гэсэн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр биш байх. Хөдлөшгүй баримт, нотолгоотой болсон болоод л нөлөө бүхий улстөрчийн баруун гарыг барьж хорьж, шалгаж буй гэдэгт цагдаагийнханд итгэхээс аргагүй.
Батзаяа нарын хэрэг ганц түүгээр зогсохгүй УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулгаар үргэлжилж, холбогдуулан шалгана гэдэг нь бараг тодорхой болсон. Тэд өөрсдөө ч үүнийгээ мэдэж, хэлж байгаа. Тиймээс одоо хэвлэлээр өөрсдийгөө хамгаалж, олон нийтийг талцуулж, нийгэмд учир битүүлэг айдас, болгомжлол төрүүлэхээ зогсооё оо. Хэдхэн хүнтэй холбоотой асуудлаас болж нийгмээрээ талцаж, эх оронч, хэлмэгдүүлэгчээрээ хуваагдахаа одоо болимоор байна. 

Гэмт хэрэгт холбогдон шалгуулж, гэм буруутай эсэхээ хуулийн дагуу жирийн иргэний ёсоор тогтоолгож байсан улстөрчдийн сайн жишиг нэг биш бий. Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа бүрэн эрхээсээ зоригтойгоор  татгалзан,  шалгуулж  нэр төрөө хадгалж, хамгаалж үлдэж чадсан анхны улстөрч байв. Харин хамгийн сүүлийн жишээ бол Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба. Тэрбээр Б.Батзаяагаас хэдхэн хоногийн дараа авилгын хэргээр баривчлагдаж, АТГ-д шалгуулахдаа нэр төртэйгөөр сайдын албан тушаалаасаа огцорч, хуулийн дагуу шалгуулахаа мэдэгдсэн.

МАХН л асуудлыг улстөржүүлж, намынхаа нэр хүндийг хамгаалахыг оролдож буйгаас биш “Үнэн мөн нь олдоно” гэдэгт итгэж буйгаа хэлснээс өөрөөр тэрбээр асуудлыг хурцатгаж, нийгмийг талцуулаагүй билээ. Гэтэл Батзаяагийн хэрэг УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж, зарим нэг улстөрчийг байж ядтал бачууруулж байгаагийн цаана 42 сая ам.доллараас өөр,  “мега” хэргүүд сөхөгдөнө гэсэн хардлага ч улстөрийнхөн дунд яригдаж байна.

Тиймээс  нэгэнт сэжүүрээс атгасан энэ хэргийг улстөрийн шахалт, зарим нэгний хийрхэл, олон нийтийн талцалд үл автан эцсийг нь хүртэл шалгаж, тогтоох л үлдэж байна. Магадгүй энэ хэргийг хэрхэн шийдэхээс Монголын цагдаа, хууль хүчний байгууллага, шүүх эрх мэдэлд итгэх ард түмний итгэл шууд шалтгаална.

Цаашлаад улс төрийн нам дахь фракц бүлэглэлүүд нь мафийн бүлэглэлүүдээс дутахааргүй зохион байгуулалтад орж төр засгийн бодлого, хууль хүчний байгууллагад  ил далд, улайн цайм шахалт, дарамт үзүүлдэг болсон улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголд төр нь төр шиг үлдэх үү, мафийг мандан  бадраах уу гэдэг сонголтыг тулгаж байж ч мэднэ. 

УИХ мега төслүүдийг тодорхой шийдэлгүйгээр гацаасаар байгаа. 

Монголын төр, засаг  сүүлийн хоёр жилд үнэхээр утга учираа алдаад байгаа. УИХ нь Засгийн газрынхаа ажилд шууд оролцож, Ажлын хэсэг нэрээр ажилд нь хөндлөнгөөс нөлөөлдөг болсон. УИХ-ын 76 гишүүн бүр сайд болж заавар зөвлөгөө, тушаал захирамж өгч ажилд нь шууд оролцдог хэрээс хэтэрлээ.Үүний уршгаар өнөөдөр улс орны нийгэм эдийн засаг дээд цэгтээ тултал хямарч, ажилтай цалинтай, орлоготой өрх гэрийн тоо өдрөөс өдөрт багассаар байна.

“Эрдэнэс Таван Толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ямар сайндаа хамт олноо ажилтай, цалинтай үлдэхийн төлөө өөрийгөө шатааж байх билээ дээ. Төрийн эрхэнд гарч улс орныг удирдаж буй улстөрчид хүлээцтэй, тэвчээртэйард түмнээ ингэтэл нь хямрааж, бухимдуулж, талцуулж хувааж асуудлыг хурцатгах нь хэнд ашигтай юм бэ?. Ийм ардчилал, ийм төр засгийг бид хүсээ ч үгүй, төсөөлөө ч үгүй. 

УИХ мега төслүүдийг тодорхой шийдэлгүйгээр гацаасаар байгаа. Энэ нь бүүр том мега айдсуудыг бий болгосоор байна. Цаашид яах вэ? Үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашиг гэх том бамбайгаар хаалт хамгаалалт хийж том төслүүдийг барьцаалж ашиг сонирхлоо тулгадаг нэр бүхий улстөрчид Монголыг удирдах биш мафижуулаад байна.

Монголыг  хэдхэн улстөрч, хэдхэн бүлэглэлийн мэдэлд оруулах гэж Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг сонгоогүй шүү. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л тайван сайхан амьдрах эрхтэй монголчууд АН дахь фракц бүлэглэлүүдийн эрх мэдэл, мөнгөний төлөөх зодоонд хямарч, туйлдаж гүйцлээ, Ерөнхийлөгч өө. Ард түмэн чинь цаашид хэнд итгэж, юунд найдаж амьдрах вэ? Монголд фракц бүлэглэлийн мафижсан төр биш, төр шиг төрийн зангараг, төрийн хүний ноён нуруу хэрэгтэй байна.

Эх сурвалж: Д.Оюун-Эрдэнэ, "Өнөөдөр сонин"

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.