Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-1/

2017 оны 10-р сар 05-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Монгол хүн байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуй эрхлэх явцдаа малынхаа унах ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Тиймдээ ч Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгслэлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Хүний сүр жавхлан цог залийг “хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулж байжээ. Тухайлбал, алт мөнгөн хазаар, эмээл, худрага, хөмөлдрөгө зэрэг урлагийн гайхамшигт уран нарийн хийц нь өнөөг хүртэл дэлхий дахинд үнэлэгдсэн Монгол соёлын нандин өвийн илэрхийлэл мөнөөс мөн. 

Манай сайт уншигчидаа соён гэгээрүүлэх, тэдний оюуны боловсролд дусал ч болов хувь нэмрээ оруулах үүднээс танин мэдэхүйн чиглэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цувралаар хүргэдэг.

Энэ удаад судлаач, цуглуулагч Цэндийн Батсайхан, Чойжилжавын Баатарсүрэн нарын өөрсдийн цуглуулгаараа суурь болгон "Морин соёлын тоног хэрэгсэл" хэмээх сонирхолтой номноос түүвэрлэн хүргэж байна. Морь унааг гаршуулан эдэлсэн хэдэн мянган жилийн тэртээх монголчуудын соёлын салшгүй өв - морин соёлын талаар цуврал нийтлэл танд түүхийг ухааран танихад алс хэтийн ач холбогдолтой. 

Хүрэл зэвсгийн болон төмөр зэвсгийн түрүү үеэс НТ-ын XVII зууныг хүртэлх үеийн морины хэрэгслийн тухай 

Нийтийн тооллын өмнөх хоёр мянган жилийн дунд үе гэхэд Монгол нутагт адууг гэршүүлсэн гэж үздэг. Хүрлийн үеийн гайхамшигт урлал болох амьтаны дүрст хүрлийн зүйлд морины дүрстэй урлал нилээд өргөн тохиолддог.

Монгол нутгаас түүврээр олдсон хүрэл дурсгал дотор морины дүрстэй бүсний толь, бүсний болон хувцасны чимэглэл мөн байлдаж буй хоёр морьтоны зурагтай толь Дундговь аймгийн Хулд сумын нутгаас олдсон нь хүрлийн үеийн металл дээр зурсан ховор дурсгал байв.

Зураг. Хүрэл толь. Тулалдаж буй морьт цэргийг зурж  дүрсэлсэн. 

8.5 см голчтой, 2.0x3.5 см хавтгай иштэй, зузаан. Дундговь, Хулд, НТӨ 10-8-р зуун. Доктор Д.Эрдэнэбаатар энэ толийг Монгол төдийгүй Евроазийн хүрэл-төмрийн үеийн хосгүй гайхамшигт цорын ганц дурсгал гэж тодорхойлсон байна. 

Өвөрмонголын Ордос нутгаас хүрэл ба төмөр зэвсгийн үеийн бүтэн хүрэл хазаар, хазаарын хүрэл товруу, худрага, хөмөлдрөгний чимэглэл олдсоны гадна монгол орны янз бүрийн нутгаас морины хүрэл амгай, зуузай элбэг олддог.


Зураг. Хүрэл зуузай. 

10.8см. Голоороо бага зэрэг тахир хэлбэртэй, нэг талын үзүүртээ тольттой. Өвөрхангай, Богд. Түүвэр олдвор. НТӨ 7-5-р зуун.

Монгол болон хөрш зэргэлдээ орны нутгаас олдсон хүрэл амгай, зуузайны хамгийн эртнийх нь хүрэл зэвсгийн сүүл үе буюу НТӨ 13-8-р зууны үед хамаардаг гэж эрдэмтэд үздэг байна.

1929 онд Оросын эрдэмтэн М.М.Грязнов Алтайн бүгд найрамдах улсын «Ян улаан» гэдэг голын дагуу орших дэлхийд алдаршсан Пазырикийн нэгдүгээр булшнаас \НТӨ 5 -4-р зуун\ эмээлтэй морь олсон байна. Тэрхүү морины эмээлд бүүрэг, дөрөө байхгүй зөвхөн тохомыг модон атавчаар даруулсан байжээ.


Зураг. Бүсний алтан чимэглэл. Алт. 

Өндөр 12.5 см, урт 15.2 см. НТӨ 5-4-р зуун. ОХУ. Санкт Петрбург. Эрмитаж. 

Зураг. Бундан хэлбэртэй хөмөлдрөгний алтан шармал хүрэл чимэг. 

Өндөр 6.2см, өргөн 5.0см. Түүвэр олдвор. 

Зураг. Алтан шаргал бүсний арал. 

НТӨ I зуун. Цонжин болдог. Хүрэл зэвсэг, Хүннү гүрний үеийн музей.  

Манай орны Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвш уул, Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан усны хавцалд хадан дээр зурсан морь хөлөлсөн тэрэгнүүдийг эрдэмтэд хүрэл төмрийн үед хамааруулж он цагийг тогтоосон байна. 

 

Зураг. Гурвалсан морин тэрэгтэй хүний зураг бүхий хадны сүг зураг. 

37x26см хэмжээтэй. Ховд, Үенч, Ямаан усан хавцал. НТӨ 1 мянган жил. 

Хүннү гүрний үеийн морины тоног хэрэгсэл. НТӨ III-НТ-ын III зуун

Хүннү гүрний мал аж ахуйд адуу тэргүүлэх үүрэгтэй байсныг олон эрдэмтэдийн судалгаа харуулдаг. Хүннүгийн язгууртнууд хүлэг морио алт, мөнгөөр чимэглэсэн хазаар, худрага, хөмөлдрөгөөр чимэглэдэг байсан нь тэдэнд морь эрхэм чухал байсныг илтгэдэг.

Монголд одоогоор олдоод байгаа хамгийн эртний эмээл нь Хүннүгийн үеийн булш болох Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уулын булшнаас гарсан эмээл юм. Энэхүү олдворын эмээл мөн эсэх нь одоогоор эрдэмтэдийн дунд маргаантай байгаа юм.

 

Зураг. Монгол нутгаас олдсон хамгийн эртний эмээлийн бүүрэг

Төв, Батсүмбэр, Ноён уул. НТӨ 2-р зуун.

Өвөрмонголын Ордос нутгаас Хүннү гүрний үеийн модон морины дүрс олдсон нь тэр үед эмээл байгаагүй тохош хэрэглэж байсныг тодорхой харуулахаас гадна, морины худрага тэр үед үүссэнийг харуулдаг.


Зураг. Модон морь.

61х60х12.5см. НТӨ 206-НТ 220 он. Өвөрмонгол, Ордос.

Хүннүгийн үеийн хазаарын амгай төмөр голдуу байдаг боловч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Бурхан толгойн хүннү булшнаас ясан амгай, эвэр зуузай гарсан байна.

Зураг. Ясан амгай.

Урт нь16.8см. Булган, Хутаг-Өндөр, Бурхан толгой. НТӨ 3 - НТ 3-р зуун.

Зураг. Ясан зуузайтай төмөр амгай.

Урт 17,7см. Архангай, Эрдэнэмандал, Наймаа толгой. НТӨ 3 - НТ 3-р зуун.

Морины хазаарын төмөр амгай, зуузай Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Бурхан толгой, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг нарсны хүннү булшнаас олон тоотой олдсон байна.

Зураг. Төмөр амгай зуузай.

Амгайн урт 26.5см, зуузай 15.5см урт. Төв, Батсүмбэр, Ноён уул.   НТӨ 2 - НТ 2-р зуун.

Зураг. Морь дүрсэлсэн Хүннүгийн нэхмэлийн хэсгээс.

Төв, Батсүмбэр, Ноён уул. НТӨ 2-р зуун. 

Хүннү нарын хазаарын зуузай нь ихэвчлэн чагтан, нуман, дугуй хэлбэртэй голдуу түүнийг төмрөөр хийдэг байсан байна. Цөөн тохиолдолд ясан амгай, эвэр зуузай хэрэглэж байжээ. Археологийн олдвороос үзэхэд НТӨ 6-р зууны үеэс төмөр амгайг хэрэглэж ирсэн гэж эрдэмтэд үздэг байна.

Хүннү гүрний язгууртнуудын булшнаас морины хөмөлдрөг, худраганы мөнгөн чимэглэл нилээд олддог байна. Ийм чимэглэл Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод-2, Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уулын хүннү булшнуудаас гарснаас Бэлэгт гөрөөс, сарлаг, буга, луу зэргийг дүрсэлсэн заримыг нь алтаар шармалдсан байдаг.

Зураг. Бэлэгт гөрөөсний дүрст хөмөлдрөгний алт, мөнгөн чимэг.

Архангай, Хайрхан, Гол мод-2. Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхим. НТӨ 2 - НТ 2-р зуун.

Зураг. Бэлэгт гөрөөсний дүрстэй худраганы мөнгөн чимэг.

Архангай, Хайрхан, Гол мод-2. Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхим. НТӨ 2 - НТ 2-р зуун.

Зураг. Сарлагийн дүрст хөмөлдрөгний мөнгөн чимэг. 

Төв, Батсүмбэр, Ноён уул. НТӨ 2-НТ 2-р зуун. Монголын үндэсний музей. 

Зураг. Бугын дүрст худраганы мөнгөн чимэг.

Төв, Батсүмбэр, Ноён уул. НТӨ 2-НТ 2-р зуун. Монголын үндэсний музей. 

Зураг. Сарлагийн дүрст худраганы мөнгөн чимэг.

Төв, Батсүмбэр, Ноён уул. НТӨ 2-НТ 2-р зуун. Монголын үндэсний музей. 

Хүннү булшнаас хүрэл хонх нилээд олддогийг эрдэмтэд морины хүзүүнээс зүүж байжээ гэж үздэг.

Зураг. Хүрэл хонх.

Өндөр 6 см, өргөн 4.1 см. Түүвэр олдвор.

Манай орны Хүннүгийн үеийн язгууртнуудын булшнаас морин тэрэг болон түүний хэсэг бусаг эд зүйл нилээд гардаг. Тэр үеийн тэрэг нь голдуу шүхэрт болон мухлагт тэрэг байжээ гэж эрдэмтэд үзсэн байна.

Зураг. Хүннүгийн үеийн морин тэргийг сэргээн зурсан байдал. 

Зураг. Хүннүгийн морин тэрэгний дугуй олдож буй нь.

Архангай, Хайрхан, Гол мод-2. 

Хүннүгийн үеийн булшнаас эмээлийн дөрөө олдоогүй бөгөөд дөрөөг НТ-ын Ш-1У зуунд нүүдэлчид бүтээсэн гэж үздэг байна.

Зураг. Ваараи (керамик) морь.

Өндөр 32см, урт 30.5см. Сүй улс. 581-618 он. Бельги. Брусселийн урлагийн галерей.

Дараагийн цувралаар. Түрэгийн үеийн морины хэрэглэл. VI-VIII зуун 

Жич: "Морин соёлын тоног хэрэгсэл" номын хэсгээс зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна. Сайтад байршсан мэдээллийг хуулбарлах, олшруулах, хэсэгчлэн авахыг хатуу хориглоно. 

Холбоотой мэдээлэл: 

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /Цуврал 2/ - http://mongolcom.mn/read/30570

Морин соёл - Морины тоног, хэрэгсэл /цуврал-3/ - http://mongolcom.mn/read/30997

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сурагч

      (64.201.197.70) 2015-11-20 05:09
      • 0
      • 1

      10 жилд түүхийн хичээлийг эхлээд монголын түүхийг маш сайн заах хэрэгтэй. мөн монгол уламжлал ёс заншилийн сайн заамаар юм. тэгэхгүй бол одоо хүмүүс эмээл хазаарыг тайлбарлахлаар аан яасан сайхан хэрэгтэй мэдээлэл вэ гэх юм. одооны хүүхэдүүд

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.74) 2015-11-19 20:02
      • 0
      • 2

      Mash shine medeelel baina. Yasan hovor nandin zurguud ve. Mundagvhumuus yumaa.

      Хариулах

    • d

      (150.129.142.26) 2015-11-19 14:44
      • 0
      • 3

      sxan blaa

      Хариулах

    • bolor

      (112.72.9.22) 2015-11-19 12:22
      • 0
      • 4

      Танай сайт боловсролын чиглэлийн маш гоё мэдээлэл бэлтгэх юмаа. Шимтэн унших дуртай шүү. Өшөө илүү мэдээлэл бэлтгээрэй. Баярлалаа

      Хариулах