Ханиад, ядаргаанд гойд сайн цагаан гаатай цай

Twitter Print
2018 оны 02-р сар 19-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Аль ч улиралд ханиаднаас салах хамгийн энгийн арга бол нимбэгтэй эсвэл зөгийн балтай цагаан гааны цай юм. Энэ аргыг олон зуун жилийн турш ханиад томууны өвчнөөс сэргийлж хэрэглэхээс гадна далайн өвчнийг эмчлэх, мөн хоол боловсруулах замын асуудалтай хүмүүс хэрэглэсээр ирсэн байна.

Цагаан гаа нь амтлагч бөгөөд эмийн ургамлын төрөлд ордог. Цагаан гааны үндсээр бэлтгэсэн шүүсийг хэрэглэх нь хоол боловсруулах шүүрэл ялгаралтыг дэмжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулах замын шимэгдэлтийг ихэсгэдэг гэж эрдэмтэд үздэг. Харин нимбэг нь С амин дэмийн эх үүсвэр тул дархлааны системийг сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Зөгийн бал нь үр дүнтэй дархлаа дэмжигч бөгөөд байгалийн гаралтай фруктозын эх булаг төдийгүй В бүлгийн амин дэм, бичил элементүүд болон амин хүчлүүдээр баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Уг цай нь антиоксидант шинж чанартайгаас гадна ямар ч хооллолтын үед хэрэглэж болох бөгөөд илүүдэл жингээ хаяхыг хүссэн хэн бүхэнд тусалж, бие организмын бодисын солилцоог хэвийн хэмжээнд байлгаж булчингийн эдэд сайн нөлөөтэй.

Цагаан гаа, нимбэг, зөгийн балтай цай

Орц: 1 аяга цай бэлтгэхэд дундаж хэмжээтэй цагаан гааны үндэс хэсгээс тал годгор, 2-3 зүсэм нимбэг, эсвэл тал нимбэгний шүүс, аяга буцалсан ус, 1-2 цайны халбага зөгийн бал орно.

Бэлтгэх арга: Цагаан гааны хальсыг цэвэрлэж нимгэн хавтгай хэрчиж аягандаа хийгээд буцалсан ус, нимбэг, зөгийн балаа хийнэ. Ханиадтай үедээ өдөрт 2-3 удаа, харин урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр ууж хэрэглэнэ.

Энэхүү цайг ханиадны анхны шинж тэмдэг илрэхэд болон хоолой аргах, хамар битүүрэх, бие ядрах, сульдах үед хэрэглэхэд сайн. Халуун саванд хийж халуунаар нь хэрэглэсэн ч болно.

Хориотой заалт

Уг цайг бэлтгэхэд нэг зүйлийг сайтар анхаарах шаардлагатай. Өдөрт шинэхэн 10 гр цагаан гаанаас илүүг хэрэглэх ёсгүй. /хатаасан бол 2-4 гр/ Их тунгаар хэрэглэх нь ходоодыг хямрааж, зүрх дэлсэх, цус өтгөрүүлэх сөрөг нөлөөтэй. Мөн цитрусын төрлийн жимс болон зөгийн баланд харшилтай хүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.cf.ua

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.