Хугацаа дууссан бүтээгдэхүүн олноор борлуулж байжээ

Twitter Print
2015 оны 11-р сар 11-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүнсчдийн холбоотой хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэл, орц найрлага зэрэгт нарийвчлан шалгалт явуулсан аж. НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат, Хүнсний үйлдвэрлэлийн технологийн хяналтын байцаагч Д.Бадамжав нар нийслэлд явуулсан шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтын явцад 175 нэр төрлийн бүтээгдэхүүнээс хаяг байршил, шошго, сав баглаа боодлын  зөрчил илэрчээ.  Уг зөрчил напелион торт гэх бүтээгдэхүүнээс ихэвчлэн илэрсэн аж. Тухайлбал, “Дэлгэрэх” бейкери, “Өгөөмж” нарийн боовны цех, “Ариун хурын хишиг” ХХК-ийн үйлдвэрлэсэн напелион тортод олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн он сар, өдөр бичээгүй зэрэг зөрчил илэрсэн аж. Шошго дээрх утасны дугаараар залгахад орох ярианы эрх хаагдсан болон “Үйлдвэрийн утас биш” гэсэн хариу өгсөн зэрэг олон зөрчил илэрсэн тухай хүнсний үйлдвэрлэл технологийн хяналтын байцаагч Д.Бадамжав хэлж байлаа.

“Стимо” ХХК-ийн “Цэцгэн” жигнэмэгэнд хадгалах хугацаа, тэжээллэг чанар бичигдээгүй байснаас гадна хугацаа нь дууссан ч буцаалт хийгдээгүй гурван сар болсон байжээ. Аравдугаар сарын 20-ны өдрийн хяналт шалгалтаар явахад арваннэгдүгээр сарын 30-нд үйлдвэрлэсэн гэж сар өдрийг урьдчилан тавьсан зөрчлийг “Оргил үндэс” ХХК-ийн “Pingu” нэрийн цөцгийтэй тарагнаас илрүүлсэн байна.

Иймд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хаяг шошго, хадгалах хугацааг анхаарч хэвшихийг НМХГ-ын улсын байцаагч нар сануулав.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.