Монголчууд Энэтхэгийн соёлтой танилцав

Twitter Print
2015 оны 11-р сар 09-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Элчин сайдын яамнаас “Энэтхэг фестиваль 2015-2016”-г зохион байгуулж байна. Энэхүү фестивалийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч бямба гарагт Соёлын төв өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.

Соёлын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гхош, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нараас гадна хүндэт зочид, Монголын сүм хийдийг төлөөлөн ирсэн лам нар, Энэтхэгт суралцаж төгсөгчид оролцсон юм. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийг тайзнаа урьж, Энэтхэг уламжлалын дагуу хүндэтгэлийн зулыг асааснаар фестивалийн нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхэллээ.

Монгол Энэтхэг улсын харилцаа холбоо олон мянган жилийн өмнөөс улбаатай бөгөөд хоёр орны харилцааг илтгэх хамгийн эртний олдворууд Хүннү гүрний үед л олдож байжээ. Нэг шашны нийтлэг үнэт зүйлийн дор нэгдсэн хоёр орны хооронд соёл боловсрол болон шинжлэх ухааны хэлхээ холбоо гүнзгийрч, үүнээс улбаалан Монгол улс Энэтхэгийг “Оюун санааны хөрш” хэмээн тодорхойлсон байдаг билээ.

Элчин сайд, эрхэмсэг ноён Сомнат Гхош арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “60 жилийн өмнө социалист гэгдэж байсан орнуудаас гадна Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улс бол Энэтхэг. Манай хоёр улс хэл, шашин соёлоороо эртнээс холбогдож, 2000 гаруй жилийн турш түүхэн харилцаатай байсан гэдгийг дурдахад таатай байна. 2013 онд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдэгдсэн. Манай хоёр улсын харилцаа олон мянган жилийн өмнө буддист лам нар олон мянган бээрийг туулж Энэтхэгт ирснээр эхэлсэн гэж үздэг. 1500 гаруй жилийн өмнө Монгол лам нар Энэтхэгийн Их сургуульд очиж суралцаж байсан түүхэн баримт хүртэл бий. Энэхүү өв уламжлалыг үргэлжүүлээд шашны болон бусад төрлөөр Энэтхэгт суралцахаар очсон монголчуудын тоо эдүгээ 1500-д хүрсэн. Техник эдийн засгийн хүрээнд Их, Дээд сургуульд суралцагчдын тоо хэдэн мянга болжээ. Мөн Монгол дахь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр-Урлалын Политехник коллеж, Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгтэйгээр байгуулсан факультетуудыг 6000 гаруй оюутан төгссөн” гэлээ.

Монгол дахь Энэтхэг фестивальд айлчлан тоглолт хийж буй энэтхэгийн бөмбөрчдийн хамтлагаас гадна монгол авьяастнууд Энэтхэгийн Болливудын киноны бүжиг, иогийн үзүүлбэрийг толилуулсан юм. НҮБ-аас иогийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, жил бүрийн зургадугаар сарын 21-ийг Олон Улсын Иогийн өдөр болгосон байдаг. Үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран дэлхийн 193 орны сая сая хүмүүсийн хамтаар Монгол Улс 2015 оны зургадугаар сарын 21-ний өдрийг хамтран тэмдэглэсэн бөгөөд тус өдөр Чингисийн талбайд 1000 гаруй хүн цугласан билээ.

Соёлын арга хэмжээг нээж тоглосон “Энэтхэг бөмбөр” хамтлаг нь Хойд Энэтхэгээс гаралтай табла, пакаваж, Өмнөд Энэтхэгээс үүсэлтэй мридангам, ченда, маддалам, эдакка, талам, Зүүн Энэтхэгээс эхтэй мардала, тхул, нагада, Зүүн-хойд Энэтхэгийн пунг, тхул зэрэг олон төрлийн бөмбөрөөс бүрджээ. Өөр өөр хэлээр ярилцдаг, өөр мужуудаас хуран цугласан “Drums of India” хамтлагийн 13 гишүүн гагцхүү бөмбөрийн цохилтоороо нэгдэж, сэтгэлд хоногшим гайхам үзүүлбэрийг сонирхуулж, үзэгчдийг суудлаасаа өндөлзтөл сэтгэлийг нь баясгаж, сонорыг нь мялаасан гайхамшигт тоглот сонирхуулсан юм.

Тоглолтын талаар Элчин сайд, эрхэмсэг ноён Сомнат Гхош “Энэтхэг улсад дэлгэрсэн бөмбөрийн хийц хэлбэр, нэр төрөл маш олон тул тэдгээрийг нэгтгэн нэгэн найрал хөгжим тоглуулна гэдэг төсөөлөхөд ч хэцүү. Гэсэн хэдий ч энэ үзүүлбэр олон зууны туршид хуримтлуулсан туршлага дээр үндэслээд аль болох олон төрлийн сонгодог айзам хэмнэлээр зочдын сонорыг мялаахыг зорьсон” гэжээ.

Хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн жарныг ардаа үдсэн үйл явцын наадмын нээлтийн ажиллагаа Энэтхэг улсын зүгээс Монгол улсад зохион байгуулах соёлын арга хэмжээнүүдийн зөвхөн эхлэл нь гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон.

Монгол, Энэтхэг хоёр улсын түүх, соёл, урлагийн хэлхээ холбоог харуулсан фото зургийн үзэсгэлэн мөн олны талархлыг хүлээсэн байна. Өнө эртний харилцаатай “Оюун санааны хөрш” улсын амттай хоол ч тэр үдэш хүрэлцэн ирсэн эрхмүүдийн таашаалд нийцжээ. Монголд алдартай Энэтхэг хоолны “Намастэ” сүлжээ рестороны тогооч нар төмстэй хуушуур буюу Самоса болон уламжлалт Жалэби амттангаар зочдыг дайллаа.

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.