Бен Карсон залуу сонгогчдын саналыг авахын тулд реп дуу гаргажээ

Twitter Print
2015 оны 11-р сар 06-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Ирэх жилийн 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил үргэлжилсээр. Бүгд Найрамдах (GOP) нам Ардчилсан намтай харьцуулахад хар арьст америкчуудын саналыг төдийлөн сайн авч чадахгүй байгаа нь нууц биш юм. Харин тус намаас нэр дэвшиж буй хүүхдийн мэдрэл, тархины мэс засалч асан Бен Карсон өөрийн боломжоо ашиглаж сонгуулийн сунгаанд өвөрмөц сурталчилгааг явуулахаар шийдсэн байна.

“ABC News”-ийн мэдээлж байгаагаар Карсон америк залуусын соёлыг ойлгож, тэдний хэлээр өөрийгөө сурталчлахыг зорьжээ. Реппер "Aspiring Mogul"-ийн бүтээл, 60 секундын урттай “Freedom” буюу "Эрх чөлөө" хэмээх хип хоп дууг энэ баасан гарагт радио станцуудаар түгээх юм. Дуунд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Карсоны төлөө саналаа өгөхийг уриалж "Карсоныг цагаан ордонд томилж, Улсаа эргүүлж зөв зам руу нь хөтөлье" хэмээн үглэсэн байна. Түүнээс гадна Карсоны улс төрийн бодлого, төлөвлөгөөнийхөө талаар ярьж буй хэсгийг дуун дундуур оруулжээ. 

Энэхүү сонгуулийн суртачилгааны арга хэлбэр нь хэдийгээр уламжлалт бус хэрэгсэл боловч залуусын сонгуулийн оролцоог идэвхжүүлж, тэдний анхаарлыг нэр дэвшигч рүү татах болно гэж үзсэн байна. Харин "Mashable" сонины мэдээлж байгаагаар нэр дэвшигч маань өөрөө энэ дууг нэг их сайшаагаагүй аж. Тэрээр реп дуугаар сурталчлах шинэлэг санааг дэмжиж байгаа боловч дуунд оруулсан түүний яриа Карсоныг бүрэн дүүрэн танилцуулж чадаагүй гэсэн байна.

"Freedom"-ийг Флорида мужийн Майами, Жоржиагийн Атланта, Техасын Хьюстон, Алабамагийн Бирмингхэм, Миссиссиппигийн Жексон, Теннессигийн Мемфис, Аркансасын Литл Рок болон түүний төрөлх Мичиган мужийн Детройт хотод хоёр долоо хоногийн турш цацах аж. Тус дууг радио станцууд дээр цацахад нийт 150.000 ам.доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: Digitaltrends.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.