Н.Алтанхуяг: Доромжлол, шүүмжлэлийн шуурган дунд нүдэнд харагдаж гарт баригдах ажил хийсэн

Twitter Print
2015 оны 11-р сар 05-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Яг нэг жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч байжээ.

Тэрбээр Ерөнхий сайдаар 2 жил гаруйн хугацаанд ажиллахдаа 7 аймгийн төвийг нийслэлтэй холбох дэд бүтцийн ажил,  Гудамж төсөл, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг урагшлуулж Буянт-Ухаа 1,2 хорооллыг бариуах, Чингис бондын санхүүжилтээр Үйлдвэржилтийг дэмжих 888 төсөлд хөрөнгө оруулсан, ТҮЦ машиныг нэвтрүүлж замын цагдаагийн бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн гээд шинэчлэлийн олон ажил хийж амжуулжээ.

Тэрбээр 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас огцрохдоо “Аавых нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон мэтээр байнга зарладаг, Найзых нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг, эрх мэдлийн төлөөх шунал Ардчилсан улсад байж болохгүй дээ, бид төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн шүү, ёс зүй, хэм хэмжээ гэдэг бол Монгол төрийн дархлаа юм. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Бидний Монгол үүрд мандан бадраг” хэмээн хэлж байжээ. 

Ингээд түүний хэлсэн үгнээс онцолбол:

Дөрвөн булчингаараа хийж бүтээсэн өсөлт 6.3 хувь

Бид цаасан дээр ажиллаж, цэцэрхэж хийрэх нь цаг алдалгүйгээр хийж бүтээхэд бүхий л цаг хугацаа, ажил үйлс, хүсэл зорилгоо дайчлан зориулсан нь өнөөдөр та бүхний өмнө нүүр бүтэн зоригтой зогсох боломж олгож байгааг шуудхан хэлмээр байна. 

Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 хувь боллоо. Энэ тоо бодитойгоор ингэж гарсан нь үнээн. Өнөөдөр бол бид нар бодитой хөрсөн дээрээ буусан, гаднын хөрөнгө оруулалт, гаднын дэмжлэг туслалцаагүй болсон энэ цаг үед өөрийнхөө дөрвөн булчингаараа хийж бүтээснээрээ энэ эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа.

Хоосон тоогоор хөөцөлдөж хэрэггүй ээ. 

Оюу толгойн эхний шатны хөрөнгө оруулалт 2010, 2012 онд хийгдэж байхад 1 тэрбумаас 4.9 тэрбум ам.доллар болтлоо өсөж, гадаадын хөрөнгө оруулалт өсөж, энийг дагалдсан бизнесийн хөдөлгөөн бол Монголд нэлээн голлох нөлөө үзүүлж байсан. Нэгдүгээр үе шат дууссанаар хөрөнгө оруулалтын хэмжээ бол үндсэндээ зогссон. 

2010 оноос эхлэн 2012 оны 5 сар хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн актуудыг Улсын Их Хурал баталж, улс төржүүлэх, хөрөнгө оруулагчдыг шахах хандлага бол давамгайлсан. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалт багассан. 

Шинэчлэлийн Засгийн газар 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлсөн

Нэгдүгээрт бол бүгдээрээ мэдэж байгаа маргах юм байхгүй. Өмнө нь Засгийн газрын...тэр Оюу толгойгоос 250 сая долларын урьдчилгаа төлбөр нэртэй хүүтэй мөнгө авсан. Яахав уг нь урьдчилгаа төлбөр нэртэй. Тэгэхдээ энэ бол хүүтэй мөнгө л дөө. Энэнээс бид нар 166 сая долларыг нь төлчихөөд байна. Одоо цаана нь нэг 90 гаруй сая доллар бол төлөгдөөгүй байна. Хоёр янзын хэлбэрээр төлж байгаа юм. Нэгийг нь бол бэлнээр төлж байгаа. Сая 10 сард бид нар 115 сая долларыг бэлнээр төлсөн.

Нөгөө нэг хэлбэр нь бол Оюу толгой Монгол Улсын төсөвт төлөх татвараас нь суутгаж байгаа. Үнэн хэрэгтээ бид нар бол Монгол Улсын төсөвт мөнгө авахгүй байгаа. Харин орж ирсэн хэдэн төгрөг нүүрсний үнэ хямдхан ч гэсэн орж ирсэн хэдэн төгрөгөө өр төлөхөд зарцуулж байгаа. Энэ дээр та бүхэн маргахгүй байх аа гэж бодож байна. Оюу толгойн 250 сая доллар. 

Энэ мөнгийг бид нар юунд зарцуулсан юм. Энэ бол үндсэндээ 450, 60 тэрбум төгрөг. Энийг бид нар ард иргэддээ амласан өмнөх засгийн үед амласан 21 мянган төгрөг, 1 сая төгрөгийг тарааж өгөхөд бол зарцуулсан байгаа. 

Хоёрдугаарт, Эрдэнэс МГЛ гэдэг компани хэчнээн төгрөгийн өртэй өчигдөр билүү та нар Байнгын хороон дээр татан буулгана гээд юм ярьсан байна лээ. Энэ хэчнээн тэрбум төгрөгийн өртэй ирсэн гэхээр 416 тэрбум төгрөгийн өртэй ирсэн. Бүгдээрээ мэдэж байгаа бас. Чалкотой гэрээ хийгээд, бусад газраас гэрээ хийгээд, нүүрсээ бид нар та нарт өгнөө гэж хэлээд мөнгийг нь авчраад тараачихсан юм. Өнөөдөр бид нар энэ өрийг хараахан төлж дуусаагүй байна. 2014 оны 9 сарын 30-ны байдлаар 97 орчим тэрбум төгрөгийг төлөөд байж байна аа. 

Гуравдугаар зүйл нь Монголбанкны зээлийн өр. Энэ бол нэг 361 тэрбум төгрөг. Энийг бол бид бас тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийг өмнөх Засгийн газрын үед бол бүрэн өгч чадахгүйгээр орхисон байсан юм. Энийг бид нар ямар өмнөх Засгийн газар амлаад хаячихсан юмаа гэж хэлээд төлөхгүй байлтай биш ард иргэд хараад сууж байгаа учраас бид нар дотоодод фонд босгож, төлсөн. Хэд вэ 122 тэрбум төгрөг төлсөн.

Ингээд нийт байдлаар хэлье та бүхэнд. Энэ Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойших 2 жилийн хугацаанд 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өр төлөөд байна. 

500 тэрбум төгрөгийн өр үлдсэн

Тэгэхдээ өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдсөн үү гэвэл төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдэж байна. Юу юу үлдэж байгаа гэдгээ хэлье. Чалкогийн өрийг бид бол бүрэн төлж чадаагүй байгаа, одоо Чалкод 200 орчим тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгана. Нүүрсээ гаргаж байгаа. Хуучин бол 1 тонн нүүрс гаргадаг байсан бол одоо 3 тонн нүүрс гаргаж байж тэр хэмжээний мөнгийг олж байгаа учраас энэ процесс удааширч байгаа.

Тэгэхээр Чалкод 200 тэрбумыг төлнө, Эрдэнэс Таван толгой бол маш их өр зээл тавьсан байсан. Тэр нь 100 тэрбумыг төлнө. Бондын үлдэгдэл 190 ингээд нэг 500 орчим тэрбум төгрөгийн өрийг бид нар төлнөө төлнө. Энэ бол ирээдүй цаг дээр.  2 ихнаяд 600 тэрбум төгрөгийг бол бид нар төлөөд дуусгалаа. 2 жилд 2 их наяд 600 тэрбум төгрөг гэдэг бол бараг үндсэндээ бид нарын бондын мөнгө шүү. Чингис бонд чинь өөрөө 1.5 тэрбум доллар юм байгаа юм. Энэ чинь өөрөө 2 их наяд 600 орчим тэрбум төгрөг юм байгаа юм. 

Тэгэхээр одоо хэдүүлээ энэ танхим дотор би бол 2 жилийн хугацаанд та бүхэнд зөндөө хэлсэн. Үгүй нэг тоогоо нэг болгоод, нэг юм ярья л даа. Дандаа л юмыг еэ, еэ, бөеө болохгүй байна гэж хэлдгээ боль л доо. Хамтраад бид нар ард түмэндээ амлачихсан, хэлчихсэн, өгчихсөн, өгч чадаагүй өчнөөн өр зээл байна аа. Энийг чинь бас нэг чардайгаад мардайгаад бид нар нэг юм төлөөд яваад байна аа. Ийм ийм юмаа яагаад ойлгохоо больчихсон юм бэ. Яагаад ингэж их улс төржүүлээд байдаг юм бэ гэж би сайн хэлдэг юмаа.

Чингис, Самурай бондын эргэн төлөлтийн талаар

За ингээд өмнөх өр ширийг орхичихъё. Одоо Чингис бондтой холбоотой би бас хэдүүлээ нэг ойлголттой болъё. За яагаад гэхээр энэ бондыг хэзээ яаж төлөх юм. 

За нэгдүгээрт нэг ийм юмыг ойлголцох ёстой. За би тоог нь эхлээд хэлье. Чингис бондоос бол 2 их наяд 500, 2.5 их наяд хэмжээний төгрөг бий болсон. Өөрөөр хэлбэл түрүүчийн миний хэлдэг 1.5 тэрбум ам.доллар гэдэг бол одоо монгол төгрөгөөр дундажлаад шилжүүлэхээр 2.5 их наяд төгрөг байгаа юм. Ийм хэмжээний зээлийг авсан.

Энэнээс гадна та бүхэн бас мэдэж байгаа. 580 сая ам.долларын евро бонд, Самурай бонд 30 тэрбум иений Самурай бонд гээд ингээд нэлээн олон зээл авсан. Энэний мөнгөн хэмжээ нь бол дахиад явсаар байгаад 2 их наяд гаруй төгрөг болж байгаа юм. 

Тэгэхээр ийм бараг 4 гаруй их наяд төгрөгийг яаж төлөх юм бэ. Хэзээ төлөх юм бэ гэдэг дээр бас асуудал гарч байгаа. Энийг бид яаж төлөх вэ гэхээр хуваарийг нь гаргуулж үзсэн. Хоёр эх үүсвэрээс төлнө. Энэ гаднаас авчирч байгаа бондын мөнгийг нэг хэсгийг нь бол төсвөөс заавал төлөх ёстой хөрөнгө оруулалт уруу хийж байгаа. Аймгуудын зам, станц энэ бол дандаа төсвөөс төлөгдөх мөнгө болж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа.

Нөгөө хэсэг нь цементийн үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр ийм хэмжээний дандаа ноосны үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэх шинжтэй төслийг дэмжсэн арга хэмжээнд энэ зээлүүд явж байгаа. Тийм хоёр эх үүсвэрээс энэ мөнгийг төлнөө. За би төсөв дээр ямар ачаалал ирэхийг та бүхэнд өнөөдөр хэлье.

Зээлийг бол хоёр удаа төлнө, 2017 онд нэг хэсэг мөнгө төлнө, 2022 онд нэг хэсэг мөнгө төлнө. 2017 онд төсөв дээр ирэх, төсвөөс гарах мөнгө бол 660 тэрбум төгрөг, төсвөөс гарах мөнгө. Үлдэгдэл мөнгө нь бол нөгөө арилжааны банкаар дамжуулаад компаниудад өгчихсөн зээлээс төлөгдөнө.

Хоёр дахь нь бол 2022 онд төлнө. 2022 онд нэлээн их мөнгө төлнө. Хэд вэ гэхээр 1 тэрбум бишээ 1.6 их наяд төгрөгийг төлнө. Тэрнээс Чингис бондын мөнгө буюу төсвөөс бол 1.5-ыг төлнө. За та нар бас ингээд асуух байх. Яаж 1.5-ыг 2022 онд төлдөг юм гэж. 2022 онд манай улсын эдийн засаг хөгжиж, төсвийн нийт хөрөнгө оруулалт өөрөө 4.5 их наяд болохоор байна  болохоор байна. Тэгэхээр 4.5 их наядын хөрөнгө оруулалтаасаа бид нар 1.5-ыг нь бол Чингис бондын төлөлтөнд бол өгнөө. 

Нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл боллоо

Би Ерөнхий сайд, намын даргын хувьд биш, ер нь би хувь хүн гэдэг үүднээсээ та бүхэнд бас эмзэглэж явдаг нэг зүйлээ хэлье гэж бодсон юм. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс гэж өөрсдөө ярьж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайдаж муудаж, эвлэж нэгдэж, бас хамтдаа засаг хүртэл байгуулж, зүтгэсээр өнөөдөртөө золголоо. Гэвч яг өөрсдийнхөө бодож, хүсэж, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу, үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг бас ирж байгаа юм байна.

Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлдсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд бас хэрээс хэтэрлээ. 

Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нартаа, өрсөлдөгч нарыгаа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо.

Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон мэтээр байнга зарладаг. Найзынх нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг эрх мэдлийн төлөөх шунал ардчилсан улсад байж болохгүй дээ. 

Бид монголын улс төрийг хийж бүтээнэ, хөгжиж дэвшинэ, нэгдэж хүчирхэгжихийн зорилго дээр суурилдаг болгох учиртай. Бид монголын улс төрийг хувь хүний тавилан, амь насаар дэнчин тавьж, шунал хүслээ гүйцэлдүүлдэг бохир тоглоомын оромж болгох ёсгүй юмаа. 

Шүүмжлэл доромжлолын ширүүн шуурган дунд үр дүнтэй ажилласан

Өнөөдөр 2014 оны 11 сарын 5-ны өдөр. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд үр дүнгүй улс төрийн хэрүүл тэмцэл хийсээр бүрэн эрхийнхээ хугацааны талыг өнгөрөөсөн гашуун үнэн харамсалтайгаар үргэлжилж байна. 

Харин Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ.

Би Ерөнхий сайдын хувьд Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн 3 зүйлийг хөгжүүлэх үндсэн зорилго тавин ажилласан билээ. 

Төгсгөл

Төгсгөлд нь эвсэл болоод АН-ын гишүүддээ хандахад МАН-ын одоо санаачилсан энэ 4 үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна аа. Бидэнд цаашаа хийх ажил зөндөө их байна. Дотроо хэл амаа ололцоод явах өргөн дүүрэн боломж байна аа. Тэрийгээ нам дотроо, эвсэл дотроо яриад шийдэж чаднаа гэдэгт би итгэлтэй байна аа.

Ард түмний язгуур эрх ашиг, би төгсгөлд нь энэ үгийг хэлье гэж бодсон юм. Ард түмний язгуур эрх ашиг гэж юу юм бэ. Эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөн дээр суурилсан нийтлэг үнэт зүйл ирээдүйд итгэх итгэл юмаа. Энэ итгэл дээр бидний хойч үе хөгжин дэвжиж, эдийн засаг өсөн дээшилж, нийгмийн хөгжил цэцэглэх болноо. 

Энэ бол монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юмаа. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаалнаа. 

Бидний Монгол үүрд мандан бадраг ээ.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.