Зуун дамжаад ч үл мартагдам зун шиг шаргал аялгуу

Twitter Print
2014 оны 01-р сар 15-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Н.Норовбанзад гэх нэрийг сонсохтой зэрэгцэн ер бусын цээл, хүчирхэг хоолойгоор урлан урлан дуулсан “Уяхан замбативийн наран” дуу эрхгүй санаанд буудаг. Арга ч үгүй биз.

…Уяхан Замбативийн наран 

Илхэн бүхий дэлхий дээ­гүүрхэмээн уянга яруу, тансаг хийцтэйгээр дуулан амилуулсан эл дууг сонсоод омогшоогүй, огшоогүй, баяр, бахдалаа цээжиндээ багтааж ядсан гайхамшигт мэдрэмжийг амсаагүй, эдлээгүй монгол хүн ховор.

Энэ дууг зөвхөн Н.Норовбанзад гэх агуу дуучинд зориулан ард түмэн төрүүлсэн мэт. Эсвэл Н.Норовбанзад гэх агуу дуучин зөвхөн “Уяхан замбативийн наран” дууг дуулахаар эхээс төрсөн мэт ээнэгшүү бодол өөрийн эрхгүй төрдөг.

Сэтгэлд дулаахан, ёстой л наран шаргал аялгуу гэж нэрлээд намрын өнгө, нарны өнгө хоёртой жишин бахадмаар дуу, дуучин хоёр.

Хүний сэтгэл зүрхнээс урган гарсан, уянга эгшгийн охь гэмээр энэ л аялгууг гадныхан сонсоод гайхан биширч байсан домог түүх шиг яригддаг яриа бий. Өөрийн орны соёл түүхийг өтгөн манан шиг л сэтгэлдээ нэвт шингээсэн нэгэн Япон хүн “Уяхан замбативийн наран” дууг сонсоод, дууны үг юуны тухай өгүүлдэгийг асууж “Нар сарны тухай” гэдгийг нь мэдсэнийхээ дараа “Тийм байх аа, орчлон ертөнцөөс тасраад явчих шиг болсон” хэмээн дуу алдсан гэдэг.

Талын салхи, таанын үнэр, уургын морь, уртын дуу ямархан тансаг, самсаа шархирам сайхан мэдрэмж төрүүлдэг вэ гэдгийг мэддэг монгол хүн бүү хэл энэ талаар төсөөлөл үгүй харийн хүнийг үгээр сөхрүүлсэн агуу дуучныг түүх мартах ёсгүй. Тиймдээ ч энэ сарын 10-ны өдөр нэрт дуучны охин Б.Дэлгэрмаагийн үүсгэн байгуулсан “Норовбанзад” сангийн 10 жилийн ой тохиож, агуу дууч Н.Норовбанзад агсан болон түүний гэр бүлийн эрхэм хүн, зохиолч Н.Банзрагч  агсны гэр музейн нээлтийн ёслолоор эхлүүлсэн юм.

Мөн уртын дууны гайхамшигийг мэдрүүлсэн их дуучны алдрыг мөнхжүүлэх бас нэгэн содон үйл явдал тохиосон нь Соёл Урлагийн Их Сургуулийн уртын дууны тэнхимийг Н.Норовбанзад агсны нэрэмжит болгосон баярт мөч байлаа.

Уртын дууны гайхамшиг нь урт богинодоо биш ур чадвартаа шингэсэн байдаг гэдэг учраас Монголын ард түмний гайхамшигт соёлын нэг болсон уртын дууг дуулах арга барилыг шавь нартаа өвлүүлэн үлдээх их үйлст хүчин зүтгэсэн нь түүний бахархалын нэг. СУИС-ийн уртын дууны ангийг Н.Норовбанзад агсан үүсгэн байгуулж, тэр цагаас хойш тус тэнхимд 140 гаруй залуус суралцан уртын дуучин мэргэжлээр бэлтгэгдэн төгссөн байдаг. Тиймдээ ч урлагийн их өргөөнд уртын дуучид гэх халуун ам бүлийг нэмсэн Н.Норовбанзад агсны дурсгалыг хүндэтгэн СУИС-ийн уртын дууны ангид сурч байгаа оюутнууд үндэснийхээ дээлтэй хүрэлцэн ирж “Уяхан Замбативийн наран” дууг нь нэгэн зэрэг дуулсан нь тус арга хэмжээний нэгэн бэлэг байлаа.

Уран тансаг, утга агуулгын туйл болсон уртын дууны “Загалмайлсан эх” Н.Норовбанзад агсны дурсгалыг хүндэтгэсэн хүмүүсийн цуваа ч үл тасарна. СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав, жүжигчин, дуучин, яруу уншигч, хөтлөгч гээд авъяас билгийн далай болсон Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам,  уртын дуу судлаач, доктор, профессор Д.Оюунцэцэг, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гээд л урлагийн гэр бүлийн сор болсон эрхэмүүд цугларсан нь Н.Норовбанзад агсны дуулах эрдэм, дуурсагдах алдар ямархан цар хүрээтэй байсныг илтгэнэ.

Тэр зуун дамжаад ч үл мартагдам зун шиг шаргал аялгууг хүн төрөлхтөнд үлдээж чадсан гайхамшигт авъяас билигтэн, агуу дууч байсан гэдэгтэй маргах хүн ховор. Тиймдээ ч Н.Норовбанзад агсны үргэлжлэл болсон хатагтай Б.Дэлгэрмаа ээжийнхээ нэрээр нэрлэсэн “Норовбанзад” сангийнхаа ойн баяртай зэрэгцүүлэн суут ижийнхээ алдрыг суваргалан босгосоор байна.

Ж.Нарангарав

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Mogi

      (82.241.240.28) 2016-03-04 23:29
      • 0
      • 0

      Ene duug sonssondoo urgelj bayarlaj yavdag! "Uyahan zambuu tiviin naran"

      Хариулах

    • Mb

      (103.26.194.116) 2013-10-15 21:32
      • 0
      • 0

      Gaihamshigtai duuchin. Tuunii gangar shaazan shig chamin tansag hooloig odoo hurtel dahin sonsoogui baina. Heden zuundaa gantshan toroh aguu duuchin gej l tuuniig heldeg baih daa. Uneheer baharhaad barshgui saihan hun.

      Хариулах