Орост том дарга нар гадаадад эмчлүүлэх бол албан тушаалаасаа татгалзахаар боллоо, манайд ч ингэх цаг боллоо

Twitter Print
2015 оны 01-р сар 07-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн есдүгээр сард нэгэн мэдэгдэл хийхдээ “Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад явж эмчлүүлэх нь гадаадад данстай байгаатай адил хэрэг” гэж мэдэгдсэн юм. Үүгээрээ тэрбээр Дум дахь коммунист намынхны санаачилсан хуулийн төслийг дэмжсэн хэрэг. Коммунист намын зүгээс 2004 оны тавдугаар сарын 25-нд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барихдаа “Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаадад эмчлүүлэх шаардлага гарвал төрийн албанаасаа татгалзана” гэсэн заалт оруулжээ. Үүнийг Төрийн Дум нь эсэргүүцсэн ч Ерөнхийлөгч В.Путин дэмжиж “Хүнийг гадаадад эмчлүүлэхийг хорих нь ёс зүйгүй, хүний эрхэд халдсан байж болох ч ийм цаг үед Орос орондоо итгэх хэрэгтэй” гэж үзсэн билээ. Путин зүгээр ч нэг мэдэгдэл хийгээд зогсоогүй, Ерөнхий сайдын орлогч, мөн Сангийн сайд нараа дуудаж “Манай төрийн албан хаагчдын данс хаана байна, дансан дахь хөрөнгийг нь гадаадад эмчлүүлсэн зардалтай нь харьцуулж болох уу” гэсэн хүсэлт ч юм уу, шахалт ч юм уу зүйлийг тэдэнд тулгасан байдаг.

Орост яагаад энэ асуудал хурцаар тавигдах болов. Учир нь ОХУ-аас гадаадад очиж эмчлүүлдэг төрийн албан хаагчдын зардал тэрбум, тэрбум ам.доллараар яригдах болжээ. Нэгэн сайд эмэгтэйн гэр бүлээрээ гадаадад эмчлүүлсэн зардал 500 сая ам.долларт хүрч шуугиан тарьсан байна. Гэвч тэр эмэгтэй сайд нь Оростоо зуун хувь оношоо тогтоолгож, бүрэн эдгэрэх хэмжээнд эмчлэгдэх боломжтойг Оросын эмч нар баталсан байна. Эмэгтэй АНУ-д эмчлүүлэх болтол виз олгоогүйгээс маргаан үүсгэж энэ бүх асуудал сэдэрч, дуулиан дэгдээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудалд онцгой анхаарч, цогцоор нь, ул суурьтай хандаж байгааг улс төр шинжээчид бичиж байгаа юм. Тэрбээр эхлээд Сангийн сайдаасаа эхлээд хөрөнгө санхүүтэй холбоотой бүх албан тушаалтнуудтай уулзаж, судалгаа тооцоотой нь танилцсаны дараа Эрүүл мэндийн салбарынхаа бүх сайд дарга нар, бодлого боловсруулагчид, нарийн мэргэжлийн хүмүүс, эмч докторууд... бүгдтэй нь уулзжээ. Тэгсний дараа “Оросууд эрүүл мэндийн салбарт бүгдийг чадах юм байна, ганц-хан төрөөс бдоэн дэмжих хэрэгтэй. Үүний эхний алхам нь гадагшаа эмчилгээнд урсч буй их хэмжээний мөнгийг эх орондоо үлдээж, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулъя. Орос орондоо итгэ” хэмээн мэдэгджээ. Тус улсын төрийн өндөр албаны хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхний гадаадад эмчлүүлэхэд гаргасан зардлаар Орост орчин үеийн техник, технологи бүхий хичнээн лаборатори, оношлогооний төв, эмнэлэг барьж байгуулж, хэдэн мянган эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж болох төсөв тооцоог гаргасныг Оросын сайтуудаас та одоо ч олж уншиж болно.

Тэгвэл Монгол Улсад Оростой адил арга хэмжээ авах цаг аль хэдүйн болжээ. Үүнийг наад зах нь ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгаас харж болно. Гүйцэтгэл нь 75 хувьтай байгаа энэ барилгыг гүйцээхэд ердөө 2 тэрбум 642.3 сая төгрөг л хэрэгтэй байгаа юм. Доллар биш монгол мөнгөөр шүү. Гэтэл энэ хөрөнгийг Их хурал шийдэлгүй дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Үүний оронд иргэд нь их хэмжээгээр хот руу шилжиж буй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 5.5 тэрбум төгрөгөөр 500 хүний суудалтай соёлын төв барьж байх жишээтэй. Жилийн 365 хоногийн 20 өдөрт нь алдаг оног арга хэмжээтэй байдаг, 200 хүн ч ордоггүй, гэрэл цахилгаан, урсгал зардалдаа шатаад дуусдаг ийм барилгуудыгхэдэн арваар нь суманд барихад хэдэн тэрбумаар нь зарж байна, тэд. Гэтэл ХСҮТ-ийн барилгын хөрөнгийг дөрвөн жилийн дотор шийдчихсэн бол нэг жилд 3536 хүний амь насыг аварч болох байжээ. Учир нь 2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан гэж оношлогдсоноос 3536 хүн нас барсан байна. Хэрэв 2011 оноос хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн "Хавдрын эмчилгээ оношлогооны цогцолбор төв”-ийн барилгыг тогтоосон хугацаанд нь ашиглалтад оруулсан бол олон мянган айл өрх хайртай дотны хүмүүсээ хавдар хэмээх аймшигт өвчнөөс ангижруулж, халуун ам бүлээрээ жаргалтай байх байлаа. Гэтэл УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд тэгсэнгүй. Өөрсдөө бие нь жаахан л хямарвал гадны улс оронд очоод өндөр үнээр биеэ эмчлүүлчихдэг тэд монголчуудынхаа зовлонг даанч нэг мэдэхгүй байна.

Монголынхоо эмч нарт итгэхгүй байна. Сүүлийн зургаан жилийн тооцоогоор Монгол Улсаас жилд 100-500 сая ам.доллар гадаадад эмчлүүлэх зардалд урсан гарлаа гэсэн тооцоо байгаа юм. Ийм хэмжээний мөнгө энгийн иргэн Бат, Доржоос гарахгүй нь тодорхой шүү дээ. Энэ мөнгөний дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхний халааснаас гарсан. Монголын эмч нарын ур чадвар олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүрснийг Японы эмч нар удаа дараа нотолсон. Япон, Солонгос, Хятадын эмч нарын яриагаар бол хөөрхий дөө, манай улсын эмчилгээний тоног техөөремжүүд бусад орныхоос даруй 50-80 хувь хоцрогдолтой байгаа юм билээ.

Шууд тооцоогоор бол гадаадад эмчилгээнд зарцуулж буй төрийн том дарга нарын мөнгөний урсгал Монголын эрүүл мэндийн салбарын нэг жилийн төсвийн мөнгөтэй тэнцчихээд байна. Нэг жилд 500 сая ам.доллараар гадаадад эмчлүүлдэг гэвэл эмнэлгийн салбарт нэг жил зарцуулах хөрөнгө нь 900 тэрбум төгрөг байгаа юм. Энэ хөрөнгөөр гадаадад эмчлүүлж байхаар эмнэлгүүдэд дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмж нийлүүлчихдэг бол... Хамгийн багаар тооцоход жилд 140 тэрбум төгрөгийг манай иргэд гадаадын эмнэлгүүдэд төлдөг гэвэл энэ нь хоёр том эмнэлэг шинээр байгуулах зардалтай тэнцэнэ. Зүгээр нэг эмнэлэг бус, орчин үеийн оношлогоонд шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй, дунджаар 100 ортой, дэлхийн түвшний эрүүл мэндийн төв хоёрыг байгуулна. Энэ их мөнгөний урсгал гэнэт манай улсаас гараад явчихаагүй. Сүүлийн хорь орчим жилд эрүүл мэндийн салбартаа манай улс хөрөнгө оруулалт хийгээгүй, зөвхөн гадаадын тусламжийн хөтөлбөрөөр аргацааж ирсэн. Монгол улсын төсвийн үзүүлэлт өнгөрсөн гурван жилд гайгүй сайжирсан нь нэг талаас “гай” болж өгдөг байсан олон улсын гол хөтөлбөрүүд зогсчихоод байна. Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр гэдэг энэ боллоо.

Жишээ нь Сөүлийн онгоцонд суухад олны танил хүмүүс заавал тааралддаг. Дийлэнх нь улстөрчид. Хамаатан саднаа дагуулаад VIР хаалгаар гардаг. Эрүүл мэндийн салбарын төсвийг баталдаг, хөрөнгө оруулалтын зардлыг нь хасдаг эрхмүүд ингээд VIР хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээгээ гадаадын орнуудад хэдэн мянган ам.доллараар авчихдаг. Жирийн иргэн бол Сөүл байтугай Сонгдо эмнэлгийн багцын шинжилгээний төлбөрийг дийлэхгүй учир төрийн мэдлийн хэдэн эмнэлэгг үзүүлэн, эрт галавын ээж аавын үед бичиж өгдөг байсан хэдэн эмийг үргэлжлүүлэн цохуулж уусаар өнөөдөртэй золгож байгаа нь эмгэнэл. Нөхцөл байдал ийм гунигтай байдалд хүрч, монголчууд хавдрын тахалд нийтээрээ нэрвэгдэх аюулд хүрсэн ийм цаг үед эрүүл мэндийн салбарын төсөв баталдаг, танадаг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийнхний гадаадын улс оронд явж оношлуулдаг, эмчлүүлдэг байдалд онцгой нөхцөл тулгая. Эхний удаад тэднийг албан тушаалаасаа татгалзаж явахаас өөр аргагүй байдалд хүргэдэг ОХУ-ын туршлагыг нэвтрүүлье. Тийм дэгжурамд оруулъя. Энд хүний эрх ямар ч хамаагүй, цаана нь илүү олон хүний эрүүл явах эрх яригдаж байгаа учраас том эрх ашгаа нэгдүгээрт тавилаа гэсэн үг. Тэгж байж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт орно.

Ямартай ч УИХ-ын гишүүд эх орондоо гайгүй оношлогооны төвд орохын тулд соёлын төв, угтах хаалга, сүм дуганы мөнгөнөөс урьд эмнэлэгт мөнгө төсөвлөдөг болно. Үнэхээр төр түмнээ боддог төрийн түшээ юм бол зургаан насны морь уралдуулаад бай шагналд нь тэрбум төгрөг хувиасаа зарцуулахаасаа урьд тойргийнхоо эмнэлэгт орчин үеийн оношлогооны аппарат авахыг урьтал болгоно. Ингэснээр эрүүл мэндийн салбарын тоног төхөө-рөмж, технологи сайжирч, оношлогооны төвүүд орчин үетэй хөл нийлнэ. Эмч нарынх нь практик дадлага туршлага дэлхийтэй эн зэрэгцэнэ. Ямар ч аюулт өвчнөөс иргэдээ аварч чадах тийм нөхцөл бүрдэнэ. Давтан хэлэхэд эх орноосоо гарч эмчлүүлбэл албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн төрийн өндөр дээд, хариуцлагатай албан тушаалтнууд амьд явахын тулд энэ бүгдийг хийнэ биз дээ. Ингэж л эх орондоо үхвэл үх, сэхвэл сэх, гадагшаа явж эмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй шүү гэсэн тулгалтаар, хууль, дүрэм журмын тулгалтаар Монголын эрүүл мэндийн салбарыг босгож авъя аа. Үүнээс өөр арга алга. Дэлхийн том гүрэн Орос ийм арга хэрэглэхэд хүрч байхад бид яагаад болохгүй гэж.

Өнгөрсөн хавар хоёрын хоёр ч түшээгийн бэргэн, охин хоёр Сөүлд амаржих гэж байгаа гээд Монголоос хөөрөхөд нь нэгнийх нь нөхөртэй онгоцонд суудал зэрэгцсэн юм. Замд юу эсийг хөөрөлдөхөв “Эхнэр чинь хүндрэлтэй төрөх юм уу” гэж асуухад “Үгүй ээ, анхны төрөлт найдвартай нь дээр гэж бодоод л...” хэмээн хариулж билээ. Охиноо хүртэл эх орондоо төрүүлэхэд эргэлзэж байгаа Их хурлын гишүүнд Монгол Улсад нэг эмнэлгийн өргөтгөлд мөнгө тавьсан ч яалаа, байсан ч яалаа, тэгсэнд орвол дахин сонгогдоход нэмэртэй юм тойргийнхоо нэг суманд клуб бариулъя гээд тэрбум төгрөгийн лобби хийж суудаг нь үнэн билээ. Зөрүүлээд нөгөө гишүүн нь бас сумандаа нэг дуган бариулах төсөвт гар өргүүлэх наймаа ярьдаг. Төсөв баталдаг парламентад ийм л өчүүхэн эрх ашиг үйлчилдэг учраас төрийн түшээдэд зовлонг биеэр нь мэдрүүлэх цаг болжээ. Ийм асуудалтай нүүр тулсан Монголын улстөрчид үхэхгүйн тулд улс орныхоо эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж, дэлхийн жишигт хүргэх нь тодорхой юм.

П.ХАШЧУЛУУН

logo

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (80.11.149.104) 2015-11-01 23:49
      • 0
      • 2

      zuun ymaand 60 uhna gej 76 bol mongold ahadsan l too ???deed taln 40 50n ajilaa meddeg ard tumnii diilenhiin sanalaar songogdson humuus baival bolmoor baih ym ??? argaa ydsan namiin jagsaaltaar gesen ichih bulchirhaigui luivarchid bainaa baina???eniig odoo bolimoor yumaa??? ene ch bas l zov l ym hondojdee??? hunee malaa dor bodoh yumdaa ???

      Хариулах

    • mnbv

      (194.118.135.156) 2015-11-01 23:47
      • 0
      • 2

      mash zuv sanal daanch tsaaduul chin tegehgui tedend hunii unerch baihgui

      Хариулах