Шударга үнэний ганцаардал /үргэлжлэл/

2015 оны 12-р сар 24-нд 08:04 цагт
Мэдээний зураг,

Тэрслүү эрхэм маань өнөөдрийн эрх баригч АН-ын өлгийдөн авч, идэр насанд хүргэлцсэн нь маргашгүй үнэн ч төдийгөөс өдий хүртэл аль нэг фракцаас хамааралгүй явж, хэлэх гэсэн үгээ хэнбугайд нь ч тасхийтэл хэлчихдэг. Тиймдээ ч “Алтангадас, МоАХ, Шонхор, Нэг ардчилал, МҮДН” гээд АН-ын хүчирхэг фракциудыг төдийлөн сонирхолгүй, ганцаархнаа тэс хөндлөн алхсаар ирсэн. Ямар сайндаа л 2014 оны хавраас УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцолгүй бойкот зарласан эрхэм оны төгсгөл арваннэгдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газар огцорсны дараахан буюу дараагийн Ерөнхий сайдыг тодруулах хуралдаанд морилон ирж байсан түүх нь хэвлэлийн шарласан хуудсанд дурайгаад үлджээ.

Бүтэн зургаан сарын дараа 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд болсон АН-ын бүлгийн хуралд хүрэлцэн ирэхэд нь өөрийг нь Ерөнхий сайдын суудлаас мулталсанд тун ч их гомдол тээсэн Н.Алтанхуяг “ЗГ-г огцруулахыг дэмжсэн АН-ын гишүүдээс би Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшүүлэхгүй, ялангуяа Р.Амаржаргал” хэмээн нэр цохсон байдаг. Тэгээд ч эрх баригч АН-ынхан хөшигний ард хэрхэн тохиролцоо хийдэг, наймаалцаж чаддагаа нотолж, огцорсон Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байсан нэгнийг хүчлэн зүтгүүлсээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр өргөмжилж дөнгөсөн. Харин болж л өгвөл өөрийн болон өөр бусдын Засгийн газарт ихэд шүүмжлэлтэй ханддаг “Шударга үнэний ганцаардагч” маань шинэ тутам байгуулагдсан Шийдлийн Засгийн газрыг анхнаас нь тэгтэл шүүмжлэхгүй, аясыг нь харж, хийх ажлыг нь чимээгүйхэн ажиглан суусан. Өнгөцхөн дүгнэвэл ганцаардмал, хэтэрхий чигч, шулуухан шаардлагатай энэ улстөрч өнөөдрийн Монголын улстөрд “Шударга л байж чадахгүй бол, 1000 юм бүтээж байгуулсан ч хэн ч байгаад хэрэг алга” хэмээсэн хатуу зарчим баримталдгаараа Шийдлийн Засгийн газарт боломж олгож, цаг хугацааны цензур тавьсан байхыг үгүйсгэхгүй. 

АН-ыг хамтран байгуулж, дуу нэг, хүч нэгтэй явсан журмын нөхөд нь түүний итгэл зориг руу ус цацаж, тун ч муухай урмыг нь хугалсан нь цөөнгүй. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн АН-д ямар их итгэл, сэтгэлээ өгч, УИХ-д ялимгүй олонх болгосон ч анхнаасаа л мордохын хазгай болсныг өнөөдөр тэрбээр харамсан дүгнэж сууна. 2012 оны сонгуулийн дараа өнөөдрийн УИХ байгуулагдсан цагаасаа л Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, УИХ-д хүчтэй сөрөг хүчний хэмжээний суудал авсан МАН-ын гишүүдийг байнгын хороодод хуваарилахгүй, бүлгээ байгуулах боломж олгохгүй байсныг эрх баригч АН-аас тэр л ганцаараа эсэргүүцэж, шударга хатуухан үгээ хэлсээр явсан. Харин бяцхан амжилтандаа бялуурсан журмын нөхөд нь түүний үнэн үгийг даанч нэг ойшоож үзээгүйгээс парламентын хямрал анхнаасаа л нүүрлэж эхэлсэн. Тэр үеэс “Амаржаргал МАН-ынхантай сүжрээд байна” гэх хардлага, сэрдлэгийг санаатай, санамсаргүй аль нь мэдэгдэхгүй тарааж “Хүчлэн ганцаардуулах” компанит ажлыг өрнүүлсэн нь яах аргагүй үнэн билээ. Харин тэрээр журмын нөхдийнхөө тэрхүү хорлонтой компанит ажлыг хүний урманд авч хэлэлцээгүй. 

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараахан өнөөдрийн МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болговол одоо байгаа макро төвшний асуудлуудыг шийдэхэд их үүрэгтэй оролцож чадна. Яагаад гэвэл, тэр хүн эдийн засгийнхаа өвчинг зөв оношилж чадна. Бусад хүмүүс яаж ч хичээгээд оношоо гадарлахгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг удирдаж чаддаг хүндээ эрх мэдэл өгөх хэрэгтэй” гэж байсан. Жил жилийн төсөв батлахад тэрбээр ёстой л хэлэх үггүй мухардаж, улам л ганцаардаж байх мэт санагддаг. Ямар сайндаа “Арай ч дээ. 2015 оны төсөвт гурван удаа тодотгол хийлээ. Засгийн газар, Сангийн яаманд гайгүй шиг эдийн засагч, тоо бодож чаддаг хүн байна уу” гэж суух вэ. 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ үед “Шударга үнэний ганцаардагч” УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргал дахиад л аргаа барж, хэлэх үггүй болчихоод сууж байгаа. Тиймдээ ч “Уг нь хэзээ ч худлаа ярьж, хоосон амалж болохгүй. Харин одоо цагт үнэнийг 100 хувь палхийтэл нь хэлж болохгүй цаг ирж” хэмээв. 

2016 оны хавраас хоёр бондын төлбөрт 3.4 их наяд төгрөг төлнө. Эдийн засагт тэр хэмжээний дарамт ирнэ. Өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бага ч болтугай сааруулах, эдийн засагт ялимгүй ч гэсэн өсөлт авч ирэх ямар арга байна гэвэл Р.Амаржаргал гишүүн “Давын өмнө дотоодын зах зээлээ тэлэх, дэмжих бодлогыг яаравчлан хэрэгжүүлэх ёстой. Дотоодынхоо хэрэглээг нэмэгдүүлж, дэмжиж байж өнөөдрийн хямралыг бууруулах, улмаар даван гарах бололцоотой. Одоо гадаадын хөрөнгө оруулалт гэж хөл алдан гүйгээд байдгаа болих хэрэгтэй. Хүний юм бол хүнийх л байдаг” гэсэн. Тэрбээр эцэст нь “Засгийн газар, эрх мэдэлтэй хүмүүс гагцхүү шударга ажиллаж, дотоодын 50-60 томоохон аж ахуйн нэгжээ маш зоригтой бодлогоор дэмжиж, бүр тодорхой хугацаанд бордох ёстой. Тэгж байж Монголын эдийн засаг хөл дээрээ босч ирнэ” гэв. “Шударга үнэний ганцаардагч” Монголын урдаа барих эдийн засагчдыг нэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гэж ийм л нэгэн эрхэм бидний дунд ажиллаж, амьдарч, санаж, зүтгэж явна. 

Түрүүчийг http://mongolcom.mn/read/29481 линкээс уншина уу. 

Д.Түвшин 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (103.26.193.223) 2016-09-11 15:07
      • 0
      • 0

      Ёстой л хар хэрээнүүдийн дундах ганц цагаан хэрээ дээ

      Хариулах

    • BBt

      (210.218.145.167) 2015-10-29 17:48
      • 0
      • 0

      AMARJARGALIIG DEMJIJ BNA.MERGEJLIIN HUNIIG TUSHIH ESTOI ZASGIIN GAZAR...

      Хариулах