Хүн бүр эрүүл байхын тулд өдөрт 10000 алхам алхаарай

Twitter Print
2019 оны 07-р сар 06-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Өнөөгийн бидний завгүй, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн буй амьдралын хэв маяг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хөдөлгөөний хомсдлоос таргалалтаас эхлээд олон өвчинд өртөх магадлал өндөрсдөг.

Таргалалтын улмаас артерийн даралт ихсэлт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хорт хавдар, үе мөчний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Эдгээр өвчний эмчилгээний зардал өндөр байдаг төдийгүй өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал өндөр байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогддог.

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал нь тухайн орны хөгжил, хэрэглэж буй хоол хүнсний бүтэц, хангамж, экологийн тэнцвэрт байдал, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг боловч хүний өөрийн хөдөлгөөн хамгийн чухал болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.

2016 онд дэлхийн улс орнуудын хүн амын дундаж наслалтаар эхний байранд Монако улс 89,4 жил, удаах байранд Япон улс 85,3 жил, Сингапур 85,2 жил, Чад улс хамгийн бага буюу 49,8 жил байна. Монгол улс 69,6 жилээр 159-д бичигджээ. Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар 2016 онд Монголын хүн амын дундаж наслалт 69,6, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,1, эрэгтэйчүүдийнх 65,6 байна. Мөн 2016 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх-судасны тогтолцооны өвчин (10.000 хүн амд 17,5) орж байгаа бөгөөд үүнийг үүсгэж байгаа шалтгааны 70 гаруй хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлж байна. Чихрийн шижин өвчин бодисын солилцооны өвчлөлийн 48.9 хувийг эзэлж байна.

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөр бүр 10.000 алхсанаар зүрхний цусан хангамж дутагдах өвчнөөс 55% сэргийлнэ. Вашингтоны Их сургуулийн спортын анагаахын эрдэмтдийн тогтоосноор тархинд цус харвах эрсдэл 50%, чихрийн шижингээр өвдөх эрсдэл 58%, уушгины архаг өвчнүүдийн сэдрэлт, уушгины цочмог үрэвсэл 40-50%, цөс, бөөрний чулуу үүсэх өвчин 20-31% тус тус буурдаг болохыг тогтоосон байна.

Алхалт нь гэртээ, ажлын байрандаа, дороо алхах гэх мэт тусгай нөхцөл, тоног төхөөрөмж шаардагдахгүй, тохиромжтой цагаа өөрөө сонгон өөртөө тохируулан хийж болох дасгал юм.

Хүн бүр эрүүл байхын тулд долоо хоногт 5-аас доошгүй өдөр, 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алхах хэрэгтэй аж.

Мөн долоо хоногт гурав ба түүнээс доошгүй өдөр, доод тал нь 30 минут хүртэл нэлээд эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй аж.

10 мянган алхам нь дунджаар 5 км газар алхана гэсэн үг юм. Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг аж. 

Сонирхуулахад 1960 онд Японы судлаач доктор Юүширо Хатано хүн өдөрт дунджаар 10 мянган алхам алхах нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ.

“Амьдралын үнэт эрдэнэ” болсон эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр өдөрт 10.000-аас доошгүй алхаж, өөртөө эрүүл энх, аз жаргалыг бэлэглэцгээе!

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.