Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг дэмжив

Twitter Print
2015 оны 10-р сар 22-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

НҮБ-аас “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд” хэмээн тунхаглаж, Ерөнхий ассамблейн хуралдаанаар тогтвортой эрчим хүчний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн гурван тулгуур зарчмын нэг нь эрчим хүчний үр ашиг буюу хэмнэлтийн тухай ойлголт байдаг хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж эхэлсэн. Энэ нь  барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг нөлөө үзүүлж байна. Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх нь улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад хамааралтай асуудал юм. Тиймээс эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн болно” гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун, Утаагүй зуух тавьсан айлуудад шөнө хэрэглэсэн цахилгааных нь үнийг бууруулж байгаа. Зөвхөн цахилгаанаар дулаанаа хангаж буй өрхүүдэд ч урамшлуулал олгох хэрэгтэй гэсэн санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хуулийн төсөлд Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл байгуулахаар тусгасан шалтгааныг тайлбарлахыг хүссэн.

Эрчим хүчний сайд Д.Зоригт, “Хуулийн төслийг боловсруулахдаа эрчим хүчний хэмнэлтээрээ дэлхийд тэргүүлж буй улс орнуудын туршлагыг судалсан. Тэдгээр улс бүгд Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлтэй. Тиймээс Монгол Улсын Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл байгуулах нь зөв гэж үзсэн” гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хууль баталж, хэрэгжүүлснээр улсын төсвөөс зардал гарах уу хэмээн тодруулахад Эрчим хүчний сайд Д.Зоригт, улсын төсвөөс нэмж зардал гарахгүй хэмээн хариулав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар эрчим хүч хэмнэх нь эдийн засаг, байгаль орчинд хэрхэн эергээр нөлөөлөх талаар нийтэд сурталчлан таниулах чиглэлээр тодорхой алхам хийх хэрэгтэй. Энэ нь хууль хэрэгжих гол тулгуур болно” гэсэн санал хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.