Л.Пүрэвсүрэн: ACEM-д зориулж үнэтэй машин авсан гэдэг мэдээлэл худлаа

Twitter Print
2015 оны 10-р сар 21-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Гадаад хэргийн яам мэдээллийн цагаараа өнгөрсөн сард болсон зарим үйл явдлын талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн хугацаанд болсон онцлог үйл явдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Герман улсад төрийн айчлал хийсний хариу айчлал болох ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук манай улсад төрийн айлчлал хийсэн явдал байлаа. Герман улс манай улсын гол түнш гэдэг утгаараа энэхүү айчлалыг чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцоллоо.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хар хорин суманд очиж үзэх ёстой байсан. Гэсэн хэдий ч цаг агаарын байдлаас болоод харамсалтай үзэж чадсангүй. Гэхдээ Хар хорины малтлагаа цааш нь үргэлжлүүлж явуулах талаар холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэхүү айчлалын нэг онцлог нь анх удаа манай улс эдийн засгийн салбарт томоохон төслийг Герман улсын талтай хамтран хөдөлгөсөн. Тодруулбал, “Цагаан суварга” компанийн цэсийн төсөлд Герман улсын талаас оролцох хэлэлцээнд гарын үсэг зурсан. Уг төсөлд 700 сая еврогийн зээлийг Герман улсын талаас урьдчилгаа болгож олгож байгаа” гэлээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс зарим асуултад хариу авлаа.

-Зарим хэвлэлүүдээр АСЕМ-д зориулж үнэтэй машин худалдаж авсан талаарх мэдээ гараад байгаа. Ер нь гадны төрийн тэргүүнүүдэд зориулсан хуягласан машин авах уу?

-Энэ бол үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ер нь төрийн шугамаар цөөхөн тооны машин захиална.  ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч олон улсад айчлал хийхдээ өөрийнхөө машиныг аваад явдаг. Бусад улсын Ерөнхийлөгчид машинаа авч явдаггүй. Харин айчлал хийхдээ тухайн улсыг аюулгүй байдлын шаардлага нийцсэн буюу хуягласан машиныг шаарддаг. Тиймээс ч бид өнгөрсөн жилээс хойш яриад цаашдаа ч төрийн үйлчилгээнд ашиглах машины захиалга хийхээр ярьж байгаа. Харамсалтай нь энэ жил төсвийн байдлаас шалтгаалаад одоог хүртэл мөнгийг нь төлж чадаагүй л байна. Монгол Улс олон улсын хэмжээний ийм том арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол төр ямар ч байсан нөхцөлийг нь хангаж аюулгүй байдлын шаардлага хангасан машинуудыг захиалах шаардлагатай. Түүнээс бусад машинуудыг төр захиалахгүй. Энэ ажилд хувийн хэвшлийг оролцуулж аль болох бага зардлаар хийх арга замыг хайж байгаа. Тухайлбал, хувийн компаниуд өөрсдийнхөө шугамаар машинууд оруулж ирнэ. Харин төрөөс гаалийн татвараас чөлөөлөөд хурал болох 3-4 хоногт тухайн машинуудыг төрд хэрэглүүлэх зэрэг яриа хэлцэл явагдаж байгаа ч эцэслэн шийдсэн зүйл алга.

-АСЕМ-ыг зохион байгуулахад хэдэн тэрбум төгрөг төлөвлөсөн бэ?

-АСЕМ нь Чингис, Өгөөдэй хааны үеэс хойш Монгол Улсын түүхэнд олон улсыг хамарсан хамгийн том арга хэмжээ. Тиймээс Монгол Улсын дэлхийн лидерүүдэд таниулах, зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Манай улс ОХУ, БНХАУ-ын дунд газар зүйн хувьд ийм улс байдаг юм гэдгийг таниулах том боломж нээгдэж байгаа. Тиймээс хуралд маш ул суурьтайгаар бэлтгэх шаардлага байна. Өнгөрсөн онд АСЕМ-ыг зохион байгуулах эрхийн авсанаас хойш Засгийн газрын зүгээс нэлээд олон ажил хийлээ. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо байгуулсан. Хороо сар бүр хуралдаж байгаа. Энэхүү хорооны дор зургаан ажлын дэд хэсэг ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгүүд зочид буудлаас эхлээл бүх ажлыг хариуцан хийж байгаа.

АСЕМ-ыг бэлтгэлийн хийхэд гол баримталж байгаа гол зарчим нь эдийн засаг хүнд байгаа энэ үед аль болох бага зардлаар оновчтой зохион байгуулах гэсэн зорилт тавьж байгаа. Хурлын бэлтгэл ажилд гадны улсуудаас тусламж үзүүлж байгаа. Мэдээж гадны улсууд бэлэн мөнгө өгнө гэж байхгүй. Харин материаллаг байдал, үйлчилгээгээр дэмжлэг үзүүлж байна.Тухайлбал, БНХАУ-ын зүгээс нэлээд хэмжээний материаллаг тусламж үзүүлж байна. Түүнчлэн Герман, Япон, европын холбооны зүгээс мэргэжилтэн ажиллуулах, зөвлөгөө өгөх зэргээр дэмжиж байгаа.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.