“Siri, Google Now”-г ашиглан таны гар утас руу халдах боломжтой

Twitter Print
2015 оны 10-р сар 20-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Ухаалаг утас хэрэглэгчдийн дунд түгээмэл болсон Siri, Google Now, Cortana зэрэг дуу хоолойгоор утсаа удирдах функцууд бий. (iOS 9 дээр “Hey Siri!” гэж хэлэхэд утас тань команд биелүүлэх горимд орно. Андроид системд “Google Now” функцийг “OK Google!” гэж хэлэн идэвхжүүлдэг) Гэвч харамсалтай нь эдгээр “туслах”-ууд 100 хувь аюулгүй хэрэгсэл биш болох нь нотлогджээ.

Францын засгийн газрын “ANSSI” агентлагийн хоёр мэргэжилтэн радио долгион ашиглан “Siri” болон “Google Now”-аар гар утсанд халдах боломжтойг олж нээсэн байна. Гэхдээ зөвхөн дээрх функцуудыг суурилуулсан гар утас руу л зайнаас халдах боломжтой юм. Мөн дуу хоолойгоор удирдуулах тохиргоог нь идэвхжүүлж, чихэвч, микрофон залгасан байх ёстой гэнэ.

Францын мэргэжилтнүүд GNU, USRP программ хангамжтай радиог суурилуулсан зөөврийн компьютер, өсгөгч болон антенн ашиглаж соронзон долгион үүсгэсэн байна. Цахилгаан соронзон долгионыг халдлага хийгдэж буй гар утас руу илгээхэд түүний чихэвч антенны үүрэг гүйцэтгэн, командыг хүлээн авч микрофонд дамжуулан, улмаар үйлдлийн системд хүргэж өгсөн аж.

Ийм нөхцөлд гар утасны тань бүх яриаг хянаж, дуудлага хийн, мессеж илгээж, цаашлан цахим сүлжээний аккаунт болон бусад веб сайтууд руу нэвтрэх үйлдлүүдийг хийж болно.

Тэгэхлээр дуунд захирагдаж команд үйлдэх горим идэвхжин, чихэвч холбож орхисон үед таны оролцоогүйгээр дээрх үйлдлүүдийг 4 метрийн зайнаас хийх боломжтой гэж ойлгох нь. Энэ зай радио долгионы чадал, антенны уртаас хамааран холдож ч болдог.

Эдгээрээс сэргийлэх нэг арга бол "Google Now"-ийг зөвхөн утасны хэрэглэгчийн хоолойг таньж, түүнд захирагддаг байхаар тохируулах явдал юм. iOS 9 үйлдлийн систем болон шинээр гарч буй iPhone 6S утсанд зөвхөн хэрэглэгчийнхээ хоолойг таних тохиргоог суулгасан байдаг. Apple болон бусад ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд илүү зузаан хамгаалалтаар чихэвчний гадаргууг бүрэх талаар бодоцгоож байгаа гэнэ.

Эх сурвалж: Digitaltrends.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.