Та хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсож чаддаг уу?

Twitter Print
2017 оны 10-р сар 11-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Бидний амьдралын утга учир бол яахын аргагүй гэр бүл, үр хүүхдүүд минь билээ. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай, ямар нэгэн таагүй зүйлд бүү ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Эцэг эхчүүдийн ихэнх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг ч хүүхдүүд нь эсрэгээрээ тэднийг сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр хоёр үеийнхний дунд харилцан ойлголцолд хүрэхгүй байгаа энэ үзэгдэл маш их тархацтай байгааг Сэтгэл судлалын үндэсний төвөөс хүүхдүүдийн дунд явуулсан судалгаа батлан харуулав. 

Шалтгаан нь юу вэ?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсдоггүй. Харилцааны явцад хүүхдийнхээ хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд сонсолгүй, өөрт төрсөн бодол сэтгэгдлийг тулган хэлж, зааж зааварчилдаг. Эцэст нь эцэг эх өөрсдөө л маш их ярьсанаас болж "би хүүхэдтэйгээ ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.

Эцэг эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг. Томчууд бид өдөр тутамдаа дараах хүүхдийнхээ даарах, халууцах, өлсөх, цангах, айх, баярлах зэрэг мэдрэмжүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулснаар би хүүхдээ маш сайн ойлгож, сонсдог гэсэн ташаа ойлголтыг өөрсөддөө авч байдаг. 

Эцэг эхчүүд өөрсдөө худал ярихыг багаас нь үлгэрлэдэгээ анзаардаггүй. Жишээ нь, даргыгаа залгах үед хүүхэддээ "утас аваад аавыгаа байхгүй гэж хэлчих”, "өнөөдөр гадуур ажилтай болчихлоо ажилдаа өвчтэй гээд хэлчихээс дээ" гэж өөр хоорондоо ярих гэх мэтээр худлаа ярьж сурахыг зааж өгдөг.

Яаж хүүхдээ сонсдог болох вэ?

-Анхааралтай сайн сонсож яриаг нь дуусгаж байх хэрэгтэй. Ингэсэнээр таны эргэлзээ тайлагдаж та түүнийг илүү сайн сонсож ойлгох болно.

-Хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж сур. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол "магадгүй би 13 настай байсан бол яах байсан вэ?” гэж тухайн зүйлд ханддаг, боддог байх хэрэгтэй.

-Үргэлж сайн дэмжигч гэдэг итгэлийг төрүүлж, мөн итгэлийг нь даа. "Аавд битгий хэлээрэй” гээд ээждээ хэлснийг аавд  нь дамжуулсныг мэдсэн хүүхэд тань танд итгэж өөр зүйлийн талаар ярих уу. Хүүхдийнхээ итгэлийг олж авсны дараа хүүхэд танд сэтгэгдлээ нээлттэй хуваалцдаг болно.

-Зөв бурууг нь хослуулан тайлбарла. Эцэг эхчүүд бурууг нь олж хараад зөвийг нь орхигдуулдаг. Хийсэн зүйлийн юу нь буруу, юу нь зөв болох талаар, мөн гарах үр дагаврыг нь маш сайн ойлгуулах ёстой. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хувь хүн учраас түүнд бас таалагддаг, таалагддаггүй зүйл гэж байгаа гэдгийг сана.

-Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гарга. Өдөрт хүүхэддээ багахан ч гэсэн цаг гаргаж юу хийсэн, ямар байсан, маргааш юу хийх гэж буй талаар ярилцаж сонсож хэвшсэнээр дараагийн удаа хүүхэд тань таныг асуугаагүй байхад танд тайлагнадаг болно. 

Танд амжилт хүсье.

Сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.