"Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүрэн эрхт тусгаар тогтнолын төлөө”

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Тусгаар тогтнолын тухай асуудлаар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнох эрмэлзэлээ баталж байна уу?” гэсэн асуултын дагуу бүх ард түмний санал гаргуулах ажил улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж өглөөний 06:00 цагаас үдшийн 24:00 цаг хүртэл явагджээ.

Санал өгөхдөө УБХТэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд заасан “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасан томъёололын дагуу санал хураах ажил явагдсан байна.

Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгджээ. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй  зэрэг шалтгаантай  байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн, Улаанбаатар хотын 9 хороо, 18 аймгийн сумд болон бусад хилийн цэрэг, хорих лагерь зэрэг газрын санал хураах комиссын илтгэл, тогтоол, нэгдсэн дүн, саналаа өгсөн иргэн бүрийн гарын үсэг, баталгаа зэрэг баримтууд нь Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна. Дээрх баримтаас сонирхолтой хэсгийг түүвэрлэн авч үзэхэд:

“Ард нийтийн санал гаргуулсан аравдугаар сарын 20-ны энэ өдөр бол Бүгд найрамдах Монгол Ард Улсад бүх ард түмэн сэтгэл нэгтэйгээн илэрхийлсэн гайхамшигт баярын өдөр болж өнгөрөв. Монголын уудам их нутгийн зүг бүрд багаас сумд, сумаас аймгийн төвд буухиа элч нар довтлон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө ард олны гаргасан саналын баримтыг агуулсан нийт бичигтэй дугтуйг хүргэцгээн эрх чөлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн санаа хүчээ нэгтгэж ардынхаа засаг төрийн удирдагч Чойбалсанг батад хүрээлсэнээ үзүүлэв. Улсын төв Улаанбаатар хотод нийслэлийн хөдөлмөрчин ардууд өглөөний 6 цагаас Сүхбаатар, Чойбалсангийн дүр Монголын ард түмний дотны нөхөр их Сталины зураг, уриа, лоозон, улсын далбаагаа жавхлантай сайхнаар мандуулан гудамжаар жагсаж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө олны саналыг гаргах газруудад их л зохион байгуулалттайгаар очицгоов.

Ардын эрхт засаг төрийг байгуулахад хүчээ өгсөн партизан, үйлдвэрийн ажилчин, албан хаагчид, оюутан, сурагчид, цэрэг, нийслэлийн эмэгтэйчүүд, санваартан лам нар цөм эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сэтгэл зориг нэгтэйгээ үзүүлэв. Энэ өдөр радиогоор улсын олон сайчуудын үгийг нэвтрүүлэхэд тэргүүний малчин, ажилчин, шинжлэх ухаан, урлагийн ажилтан хүмүүс цөм эх орондоо хүчээ өгсүгэй гэж ариун зорилтоо илэрхийлэв.

Алс баруун Ховд хязгаарынхан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гарын үсгийг зурж батлахын тул 19-ний шөнө бараг унтсан үгүй. Их хөгжил хөдөлгөөнтэй байв. Гарын үсэг зурах газарт түрүүчийн хүмүүс шөнийн 3 цаг хагаст ирсэн байв.

Архангай аймгийн Шанх сумын малчин ард Сүрэн энэ  өглөө наран битүү үүрийн бүрийд багийнхаа чимэглэн барьсан гэрт цугларсан малчин ардад үг хэлэхдээ “Миний бие өтөлсөн хойноо сая эрхтэй төрийн ард болж 25 жил ардын хувьсгалын ачаар сэтгэл дүүрэн жаргалтай эрх чөлөөт хүний тэгш эрхийг эдэлж байна” гэжээ. Баянхонгор аймгийн төвд энэ өдөр саналаа өгөх гэж цугласан ардууд засмал чулуун таван хошуу суурьтай 10 метр өндөр “Тусгаар тогтнолын багана”-ыг босгоод он сар өдөр болон эх орныхоо төлөө саналаа өгөх гэж цугласан ардын тоог бичиж үдийн 12 цагт тэр өндөр баганын орой дээр Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсын далбааг мандуулав.

Дундговь аймгийн төвд тэр өдөр нутгийн ардууд хөлгийн сайныг унаж дээлийн шинийг өмсөж ирээд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа бахдан өгөв. Эмгэн Балжир урт насалж, удаан жаргахын бэлэг дэмбэрэл болгож гурван хадаг авчираад Улсын маршал Чойбалсан, Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Бумцэнд, Ардын Хувьсгалт Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал нарт дэвшүүлмүй” гэжээ.

Ховд аймагт гадаадын харьяат 347 хүн саналаа өгсөн байдаг. Өвөр монгол, цөөн тооны хятад, орос хүмүүс санал хураалтад оролцсоноос 29 хүн монгол бичгээр, хоёр хүн хятадаар гарын үсгээ зурж, гурван хүн хятад бичигтэй гарын тэмдэг буюу хувийн тамгаа даржээ. Бичиг үсэг мэдэхгүй 313 хүн санал өгөх томъёололын дагуу баруун гарын эрхий хурууныхаа хээг үлдээсэн байна.

Булган аймгийн нутаг дахь “Булганы баруун хойд засан хүмүүжүүлэх газар”-т ял эдлэж байсан 52 хоригдол саналаа өгчээ. Эдгээрээс 2 нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад хүмүүжигчид нь монгол бичгээр болон тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зуржээ.

Саналаа өгөөд хүн бүр үг хэлж “Манай эх орон мандтугай”, “Би эх орныхоо тусгаар тогтнолыг батлая” хэмээгээд уриа хашгирахад олон түмэн нижигнэтэл алга ташиж байв. Нутаг бүрт төр улсынхаа тусгаар тогтнолыг баталсан өлзийт энэ өдөр эртний сайхан заншилаар эрийн гурван наадмыг хийв.

1945 оны аравдугаар сарын 20-ний өдөр үдээс хойш БНМАУ-ын УБХ-ын  Тэргүүлэгчдийн дарга, Монгол Ард Улсын тусгаар тогтнолын тухай санал гаргуулах ажлыг эрхэлсэн Төв Комиссын дарга, нөхөр Бумцэнд радиогоор үг хэлжээ.

Хэлсэн үгийг сийрүүлвээс:

“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат эрэгтэй, эмэгтэй малчин ард, ажилчин ба албан хаагчид, Монгол ардын хувьсгалт армийн бүх байлдагч офицер, генералууд аа

Өнөөдөр 1945 оны аравдугаар сарын 20-ний өдөр манай Бүгд Найрамдах Монгол Ард улсын бүх ард түмэн эрх чөлөөт тусгаар тогтносон засаг төрдөө хязгааргүй их хайртай бөгөөд бат нэгдэлтэйгээ дэлхий дахины өмнө батлан илэрхийлж байна.

Манай Монголын ард түмний түүх бол эх орныхоо эрх чөлөөт тусгаар тогтносон байдлынн төлөө тэмцсэн түүх юм. Манай ард түмний түүхийн турш олон зуун жил тэмцэж ирсэн энэ тэмцэл бол нөхөр Сүхбаатар, Чойбалсангийн удирдлагаар гагцхүү 1921 онд болсон ардын хувьсгалын ялалтын ойгоор бүтэж Монголын ард түмэн эрх чөлөөгөө байлдан олж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан билээ. ...

Өнөөдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрчид өнгөрсөн замаа дүгнэж эргэж харж байхдаа бүх Монголын ард түмний хүнд тэмцэл шаргуу  хөдөлмөрөөр олж авсан их ололтдоо бахдаж байна.

Нөхөд өө,

Зөвлөлт Холбоот, Думдад иргэн хоёр улсын Засгийн газрын 1945 оны наймдугаар сарын 14-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтносон асуудлын талаар солилцсон нот бичигт тохируулж өнөөдөр манай уудам эх орны өнцөг булан бүрт аймаг, хот, сум, баг, фабрик, завод түүнчлэн манай нийслэл Улаанбаатар хотод Монголын малчин ард, ажилчин, албан хаагчид бүгдээр үндэс угсаа, эрэгтэй, эмэгтэй, лам хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүн бүхэн  Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээрээ саналаа өгч шувтарч байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний саналыг хураах явдал бол тус улсын үндсэн хуульд заасан ёсоор сонгуулийн эрхтэй бүх ард түмнийг хамарч тэдний сайн дурын үндсэн дээр хийгдэв. Эрх чөлөөт Монголын ард түмэн улсынхаа сайхан хөгжилт бадралтыг өөрсдийн хүч чадал, хөдөлмөрөөр бүтээж, засаг төрийнхөө жолоог өөрсдөө эзэмшин барьж байна. Биеэ даасан тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийн олон улс үндэстний өмнө дахин давтан батлаж байна...” хэмээжээ.

Үд өнгөрсөнөөс хойш хурдан хөлт хүлэг морины туурайн тоос, олон өртөөдөөр бужигнаж буухиа элч нарыг довтолгон цахилгаан мэдээний бичээч нар зүг бүрээс улсынхаа нийслэлийн зүг их баярын яаралтай мэдээг нэвтрүүлэв.

Архивын Ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Т.Сайнжаргал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.