И.Сталин, У.Черчилл, Ф.Рузвельт нарын 1945 оны Ялтын уулзалт ба Монголын статус кво

2015 оны 10-р сар 20-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд 1945 оны 10 сарын 20-ны санал хураалтын талаар эрдэм шинжилгээний хурлууд зохиогдож байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайханы Ялтын гурван гүрний уулзалтын тухай бичсэн өгүүллийг хүргэж байна.   

Товчхон

Монголын тусгаар тогтнолын тухай асуудал бид бүхний мэдэх Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн үеэр Ялтад болсон дэлхийн гурван их гүрний тэргүүн нарын уулзалтын анхааралд байсан билээ. Ялтын гурван их гүрний тэргүүн нарын уулзалт дээр юуны учир Сталин Японд дайн зарлахын болзол болгож хэд хэдэн зүйл шаардсаны дотор хамгийн эхэнд Монголын тусгаар тогтнолын асуудлыг оруулсан бэ хэмээх асуудал зүй ёсоор гардаг билээ. Энэхүү асуудлын талаар энд дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Оршил болгох нь

1932 оноос хойш Сталины анхааралд Монголын асуудал байсан учраас тэрбээр Монголын тухайн үеийн төрийн удирдагч нар лугаа ойр ойрхон уулзаж, Монголын талаар, цаашилбал Дорнодахинд чиглэсэн стратегийн бодлогоо хэрэгжүүлэх алхмуудыг хийж байв.  

1944 оны 12 дугаар сарын 14 нд Сталин АНУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд А.Гарримантай уулзахдаа, Алс дорнодод ЗХУ дайнд орох улс төрийн нөхцлүүдийнхээ талаар ярьсан байна. Элчин сайдын Вашингтонд уламжилснаар ”Дорнодахин дахь Оросын байдал нь 1905 оны Орос Японы дайнаас өмнө байснаар бүхэлдээ сэргээгдэх учиртай. Оросууд Дайрен, Порт Артурын боомтуудыг дахин эзэмдэж, Хятадтай байгуулсан гэрээгээр босгосон Манжуур дахь төмөр зам, Дайрентай холбосон Өмнөд далайн төмөр замыг эзэмшихээр орилж байна. ЗСБНХУ Манжуур дахь Хятадын сувернитетийг хөндөхийг хүсэхгүй байна хэмээн Сталин хэлээд дээр нь нэмэж Монголын статус квог тэрбээр хүслээ” хэмээжээ. Сталины энэхүү санал АНУ ын Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд хүрч, энэ асуудал 1945 оны 2 дугаар сард Ялтын гурван их гүрний хэлэлцээрээр яригдах үндэс бүрджээ.

1945 оны 2 дугаар сарын 11-ны өдөр ЗСБНХУ, АНУ, Их Британи –гурван их гүрний удирдагч И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон Черчилль нарын Алс Дорнодахины багц асуудлаар хийсэн хэлэлцээрийн удиртгал хэсэгт ”Европт дайны дуусч, Герман бууж өгсөнөөс 2, 3 сарын дараа ЗХУ холбоотнуудын талд Японы эсрэг дайнд орно. Харин үүний нөхцөл болгож” хэмээн өгүүлээд гурван зүйл тавьсаны нэгдүгээр зүйлд заахдаа; ”Гадаад Монголын (БНМАУ) статус квог хадгалах явдал” хэмээн заасан байна. Энэ асуудлыг И.Сталин оруулсан байна. ЗХУ, АНУ, Их Британи гурван их гүрний тэргүүн нар Монголын статус квог (status quo) «одоогийн байгаагаар» хадгалахаар тохиролцсон нь Манай улсын тусгаар тогтносан байдал олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх үндэс болсон билээ. 

Чингэхдээ Ар Монголд хамаарах хэлэлцээрийн энэ заалт нь генералиссимус Чан Кайши гаас зөвшөөрөл авахыг шаардаж буй бөгөөд Маршал И.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч Рузвельт тэрхүү зөвшөөрөл өгөгдсөн байх бүхий л арга хэмжээг авах болно хэмээн уг протоколд тэмдэглэгдсэн байна. 

Монголчуудын хувьд онц ач холбогдол бүхий ийм шийдвэр гаргахад Америкийн дэд ерөнхийлөгч Хэнри Уэлсын Монголд хийсэн айчлал тодорхой үр дүн өгсөн нь лавтай буй за.

Хэлэлцээрийн заалт ёсоор АНУ-ын ерөнхийлөгч Трумэн энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж, Хятадын удирдагч нартай хийж буй алхамынхаа талаар, 1945 оны 6 сарын 15-нд Маршал Сталинд маш нууц цахилгаан утас илгээн, түүндээ БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрүүлэх тухай «Зөвлөлтийн тавьсан нөхцөлийг Чан Кай шид мэдэгдэж, улмаар түүний зөвшөөрөлийг авахыг элчин сайд Хэрлид үүрэг болголоо. Мөн түүнчлэн АНУ-ын Засгийн газар Ялтын хэлэлцээрийг баримтлах болно гэдгийг генералиссимуст мэдэгдэх заавар Элчин Хэрлид өгсөн» тухай өгүүлжээ.  

Мөн өдөр Сталинаас Ерөнхийлөгч Трумэнд өгсөн хариундаа «Зөвлөлт Хятадын хэлэлцээрийн бэлтгэл болон энэ талаар ноён Хэрлид өгсөн үүргийн талаарх таны илгээлтийг хүлээн авлаа. Таны авсан арга хэмжээнд талархал илэрхийлье» хэмээжээ. 

1945 оны 6 дугаар сарын 19-ны өдөр ЗСБНХУ-аас Бүгд Найрамдах Хятад Улсад суугаа элчин сайд А.А.Петров Хятадын Жанжин Штабын орлогч дарга Бай Чунси лугаа уулзаж, Хятадын улс төрийн нэгдлийн асуудлыг шийдвэрлэхэд ЗХУын үүрэг ролийн талаар нилээд удаан нухацтай ярьсан байна. Уулзалтын үеэр Хятадын коммунист нам ба ЗХУ-ын харилцааны асуудлаар нилээд ярьсан бөгөөд ярианы явцад Бай Чунси Гадаад Монголын талаарх ЗХУ-ын байр суурь ямар байгаа талаар сонирхсон байна, үүнд Элчин сайд хариулахдаа ”БНМАУ-тай манай харилцаа бол маш их нөхөрсөг бөгөөд бид түүнтэй тогтоосон дипломат харилцаагаа хөхүүлэн дэмжиж байгаа”  хэмээн хэлж байжээ. 

Сталин Сун Цзывэн нарын хэлэлцээр

Ялтын хэлэлцээрийн шийдвэрийн дагуу Америкийн ерөнхийлөгчийн авсан дээрх арга хэмжээнээс хоёр долоо хоногийн дараа буюу 1945 оны 6 сарын 30-нд Хятадын Ерөнхий сайд Сун Зывэн тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид Москвад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирж, хэлэлцээр хийсэн билээ. Эл хэлэлцээрийн нэг үндсэн асуудал нь Монголын статус квог хүлээн зөвшөөрүүлэх асуудал байсан билээ.

1945 оны 6 дугаар сарын-30-наас 1945 оны 8 дугаар сарын 14-ныг дуустал хугацаанд дундаа завсарлагатайгаар БНХУлсын Засгийн газрын Ерөнхий сайд Сун Цзывэнь тэргүүтэй төлөөлөгчид И.Сталин тэргүүтэй Зөвлөлт Холбоот Улсын удирдагч нар лугаа Зөвлөлт Хятадын хооронд хэлэлцээр хийхдээ архивын эх сурвалжид мэдэгдэж байгаагаар 9 удаа уулзсан бол Сун Цзы вэнь тэргүүтэй Хятадын төлөөлөгчид (Сталин оролцоогүй) Молотов нар лугаа бас тусдаа 2 удаа лав уулзсан байна. 

Монголын асуудал энэхүү хэлэлцээрийн нэг үндсэн асуудал төдийгүй Хятадуудын тэмдэглэж үлдээснээр хэлэлцээрийн нэг буглаа болж байсан ажээ. 

Хэлэлцээрийн үед Сталин Монголын тухай сайн мэдлэгтэйгээ илэрхийлж байсан бол Сун Цзы вэнь ч мөн Монголын тухай дутахгүй мэдлэгтэй гэдгээ хэлж байжээ. 

1945 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болсон уулзалт дээр Монголын асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд түүнийг үзвээс, Сун хэлэлцээрийн бүхий л асуудлыг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлээд ”Гадаад Монголын тухай асуудал бол одоо цаг үед шийдвэрлэгдэж чадахгүй. Энэ асуудлыг нээлттэй үлдээх хэрэгтэй, ер нь энэ асуудлыг одоо үед авч хэлэлцэх бодолгүй байна”  хэмээжээ.
 
Харин н.Сталин ”Гадаад Монгол бол газар зүйн өвөрмөц байрлалд оршдог бөгөөд энэ байрлалаас япончууд Алс Дорнод дахь ЗХУын байр суурийг эвдэж чадах юм. Япончууд дайны өмнө ч Халхын голын дүүрэгт нэвтрэн орохыг завдаж байсан бөгөөд хэрэв ЗХУ Гадаад Монголын нутаг дэвсгэрийг хамгаалах хууль ёсны эрхгүй байсан бол Алс дорнод тэр чигээрээ ЗХУын хувьд алдагдах аюулд орох байсан, энэ нь Хятадын хувьд ч таагүй байх байсан” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Япон нь үг дуугүй бууж өгсөн ч гэсэн сөнөж алга болохгүй. Япончууд бол хүчтэй үндэстэн гэдгийг түүх харуулж байгаа. Гадаад Монголын нутаг дэвсгэрийг өөрийн цэргээр хамгаалах эрхтэй байх явдал ЗХУд хэрэгтэй, энэ нь Хятадын сонирхолд ч нийцнэ” гэж хэлсэн байна.

Мөн энэ үеэр Сталины хэлсэн нэг сонирхол татаж буй үгс бол ”БНМАУ Хятадын бүрэлдхүүнд орохыг хүсэхгүй байна. Монголчууд бие даан орших, үндэсний тусгаар тогтнолын төлөө чармайж байна. Хятадад Ар Монголыг тасдан хаях нь ашигтай, хэрэв ингэхгүй бол Гадаад Монгол бүх монголчуудыг нэгтгэх хүчин зүйл болно, энэ нь Хятадад ашиггүй байх болно”  хэмээн өөрий бодлыг хэлсэн буй. Энэ бол Сталин монголчуудын өмнөөс Хятадтай нийлэх дургүй гэдгийг илэрхийлсэн хэрэг юм. Энэ санаагаа хэлэлцээрийн явцад хэд хэдэн удаа давтан хэлсэн буй. Чухамдаа Сталин монголчуудын өмнөөс ийм мэдэгдэл хийж байсан нь Монголчуудтай олон удаа уулзаж, Монголын талаар өөрийн ойлголттой болсоны илрэл хэмээн үзүүштэй.

Сталин БНМАУ-ын талаарх өөрийн бодол, байр сууриа Сун Цзывэнд ойлгуулах үүднээс Крымын бага хурлын хэлэлцээрт оролцохдоо Зөвлөлт Засгийн газрын баримталсан байр суурийг тайлбарлажээ. Тэрбээр ярихдаа Зөвлөлт засгийн газар нэгд, Японы эсрэг өөрийн стратегийн байрлалаа хүчтэй болгох хэрэгтэй байна, учир нь ЗХУ Хятадтай холбоо тогтоож, нэгдмэл хүчээр Японыг бут цохихийг бодож байна. Порт Артурын тухай, Хятад Дорнодын төмөр замын тухай, Өмнөд Сахалины тухай, Гадаад Монголын тухай байна уу алийнх нь тухай ч ярьсан бүх тохиолдолд ЗХУ ганцхан зорилго тавьж байгаа, энэ бол Японы эсрэг дайнд Хятадын холбоотон болох ЗХУ-ын стратегийн байрлалыг хүчтэй болгох явдал юм. БНМАУ ч , Порт Артур ч, Дорнод Хятадын төмөр зам ч ямар нэгэн ашиг олохын тухайд ач холбогдол байхгүй. Бүх зүйл Японы эсрэг стратегийн байрлалыг хүчтэй болгохын төлөө хийгдэж байна. Хоёрт, Зөвлөлтийн ард түмэн дөрвөн жил дайтаж байна. Иймээс тэд хэрэв бидэн рүү дайрвал дайтах учиртай гэдгийг тэд ойлгож байна. Одоо бид Японруу дайрах ёстой, бид ингэвэл амрахыг хүсэж байгаа ард түмэн биднээс ”биднийг хөндөөгүй байхад бид дайрч байна” хэмээн хэлэх болно. Бид юугаар дайралтаа тайлбарлах билээ. Одоо бидний ярьж байгаа баримтаар тайлбарлагдах учиртай. Иймээс энэ хоёр гол бодол санааг хэлэлцээрийн цаашдын явцад анхаарах хэрэгтэй болохыг  Сун Цзывэнд Сталин онцлон хэлсэн байна.

Сталины энэхүү өөрийн байр суурийг тайлбарласны дараа Сун Цзы вэн гадаад Монголын тухайд Хятадын байр суурийг Генералиссимус Сталин ойлгохгүй байна хэмээн тэмдэглээд ”Хятад маш хүнд байдалд байгаа бөгөөд Хятадын Засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн нэгэн хэсгийг найр тавин өгч байна хэмээн мэдэгдэж яасан ч болохгүй” хэмээн мэдэгдээд ”Бид Гадаад Монголын асуудлыг одоо босгон авч ярихгүй байна, унтаж байгаа нохойг тайван орхицгоое”  гэж нэмэж хэлжээ. Сун Цзы Вэнь Гадаад Монголыг ”унтаж байгаа нохойтой” зүйрлэж, түүнийг ”бүү сэрээ” хэмээсэн нь тэрбээр ”унтаж байгаа нохой” ноос тодорхой хэмжээнд айж байсан хэрэг бөгөөд, хүн айлгадаг нохой бол хүн урдаг нохой байсан хэрэг буй за хэмээн санана. Түүгээр үл барам энэ лав эзэн нь бус байсан хэрэг бөгөөд нохойгоо таньдаггүй эзэн, эзнээ таньдаггүй нохой гэж байдаггүй билээ. Сун Цзы вэнийн санал бол Монголын асуудлыг энэ удаа ярихгүй байя гэсэн санал бөгөөд энэ нь Дэлхийн гурван их гүрний уулзалтаар нэгэнт тодорхой болсон асуудал тул Зөвлөлт Хятадын хэлэлцээрийн үед яригдах нь ойлгомжтой байжээ. Сталин Сун Цзывэн нарын ярианы дунд хэсэгт Порт Артур болон Дорнод Хятадын төмөр замын тухай асуудлыг хөндөн ярьсан бөгөөд эдгээр асуудлын төгсгөл рүү Сун Монголын тухай асуудлыг дахин хөндөж ярихдаа; ”энэ бол Хятадын хувьд одоохондоо даван туулашгүй асуудал. Яагаад Зөвлөлт Засгийн газар Хятадын хувьд ийм хүнд асуудалд найр тавьж болохгүй байна вэ” хэмээн асуухад Сталин ”монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдхүүнд байхыг хүсэхгүй байна. Би бэрхшээлийг ойлгож байна, гэвч энэ бэрхшээлийг даван туулах ёстой. Бид өөр юм бодож олж чадахгүй. Порт Артурын хувьд Зөвлөлт Засгийн газар буулт хийж байхад хятадууд БНМАУын хувьд буулт хийх учиртай”  хэмээн өмнө хэлсэн санаагаа дахин давтан мэдэгджээ. Үүний хариуд Сун Хятад Гадаад Монголын тухай асуудлыг одоо босгон тавихгүй байна хэмээн онцлон тэмдэглэжээ.

Сталин Гадаад Монголын тухай асуудал бол зайлшгүй гарч буй бөгөөд холбооны тухай гэрээ байгуулахдаа бүхий л асуудлуудыг тооцох учиртай. Дайн биднийг олон юманд сургасан бөгөөд хэрэв Гадаад Монгол бие даасан улс болбол Японы талаас аюул гарсан үед түүний нутаг дэвсгэрт ЗХУ өөрийн цэргээ оруулах эрхтэй байх юм. ”Энэхэн жижиг өвчнийг үлдээх хэрэггүй юм, түүнийг одоо л холдуулах хэрэгтэй”  хэмээн уг асуудлыг хойш тавьж зайлуулах бус энэ цаг мөчид түүнийг шийдвэрлэх учиртайг тайлбарласан юм. 

Харин үүний хариуд Сун энэ жижиг өвчин Хятадад өвдөлт өгөхгүй, Хятад Зөвлөлт цэргээ Монголын нутагт оруулахад нэг ч удаа эсэргүүцээгүй  хэмээн яаж ийгээд Монголын асуудлыг хойш тавихыг бодож байв. 

Харин Сталин өөрийн байр суурийг өөрчлөөгүйгээр үл барам дээр хэлсэн санаагаа дахин давтаж, ”БНМАУ өөрийн нөхцөл байдлыг одоо л эцэслэн тодорхойлохыг хүсэж байна. Хятадын хувьд ч, ЗХУын хувьд ч Гадаад Монгол баялаг биш, зөвхөн өөрийн газар зүйн байрлалаас хамаарч Монгол нь ЗХУын хувьд томоохон рольтой байна” гээд тэрээр ”БНМАУд тусгаар тогтнол олгох талаар одоо тохиролцож, харин энэ тухай Японыг бут цохьсоны дараа зарлах явдал бол боломжтой ганц гарц”  хэмээн энэ өдөр мэдэгдсэн байна. 

Сталин ийнхүү Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан бөгөөд харин түүнд тусгаар тогтнол олгосон тухай дайны дараа зарлах саналыг тэрбээр хятадуудад тавьсан юм. Энэ бол Сталины хувьд хийсэн буулт байв. 

Монголын статус кво

Сталин Сун Цзы Вэнь нарын гурав дахь удаагийн уулзалт 7 дугаар сарын 7-ны өдөр болж, энэ удаа зөвхөн Монголын тухай асуудлыг авч хэлэлцсэн тул энэ удаагийн ярилцлагын агуулга онцгой сонирхолтой билээ. Хэлэлцээр 50 минут (хятад эх сурвалжид 45 минут хэмээн бичигджээ) үргэлжилж, Сталин Хятад улс Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож, харин Сун цзы вэнь Чан Кайшигийн заавраар Ар Монголд дээд хэмжээний өөртөө засах эрхийг олгоод, шаардлагатай үед тэр хэмжээнд Зөвлөлтийн цэрэг суулгахыг эсэргүүцэхгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурьтай байжээ. Гурав дахь удаагийн Сталин Сун хоёрын уулзалтын үеэр Монголын асуудлаар яригдсаны дотор хамгийн чухал асуудал бол Монголын статус кво  хэмээх ойлголтын тухай асуудал байв. Иймээс уг асуудлаар хоёр тал ямар байр суурь баримталж юу гэж ойлгож байсаныг баримт түшиж үзье. 

Сун Хятадын засгийн газар Монголын статус-квог хүлээн зөвшөөрөхийг зөвшөөрч  байна хэмээн мэдэгдээд Ялтын хэлэлцээрт Монголд статус кво хадгалах тухай л зөвхөн заасан хэмээн өөрийн санаагаа тайлбарласан байна. 

Үүний хариуд Сталин Зөвлөлт Засгийн газар статус квог БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх  утгаар ойлгож байгаа хэмээн маш тодорхой тайлбарласан байна. Тэрбээр бүр тодруулан Крымд статус квог тодорхойлохдоо чухамхүү ийм утгаар ойлгосон юм хэмээн нэмэж хэлжээ.

Талууд өөр өөрийн байр сууриа хамгаалан маргалдсаны дотор Сун хэрэв манайх БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрвөл Хятадын засгийн газар унана, бас Монголын араас Түвдийн асуудал босох болно, нийт олны санал үүнийг зөвшөөрөхгүй зэргээр тайлбарласан бол Сталин Финляндаар жишээ авч тайлбарлаж байжээ. 

Сталин ”би болон Молотов энэхүү статус кво хэмээх тодорхойлолтыг гаргаж, санал болгосон бөгөөд бусад түүний дор гарын үсэг зурсан юм. Энэ тодорхойлолт бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудал хэмээсэн утгаар бичигдсэн”  хэмээн хэлэхэд түүний энэ саналыг Молотов хажуугаас нь дэмжиж байжээ. 

Үүний дараа Сун Хятад Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч чадахгүй , энэ бол Чан Кайшигийн чиг шугам ийм байна хэмээн мэдэгдээд тэрбээр Гадаад Монголын талаарх Зөвлөлтийн бодлогыг ”БНМАУ-ын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн цэрэг оруулах ЗХУ-ын байр суурь” хэмээн ойлгож байгаагаа илэрхийлжээ. 

Ингэхэд Сталин ”зөвхөн энэ бодол төдий бус мөн монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдхүүнд үлдэхийг хүсэхгүй байна, тэд мөн ЗХУ-ын бүрэлдхүүнд ч мөн адил орохыг хүсэхгүй байна. Тэд тусгаар тогтносон байхыг хүсэж байна”  хэмээн Монголчуудын байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. 

Сун өөрийн өмнөх байр сууриа баримтлан Хятад Монголд автономийн өндөр дээд түвшин  олгож болох юм гэж хүртэл хэлж үзжээ. Тэрбээр Сунь Ятсены гаргасан Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай онолыг дурсан хэлэхэд хариуд нь Сталин Сун Ятсены үед Монголд Хятадын ямар ч засаглал байгаагүй тэнд Оросын цэргүүд байж, БНМАУ 24 жил бие даасан амьдралаар амьдарч, Хятадын муж байхыг огтхон ч хүсэхгүй байна  хэмээн хэлжээ. 

Сталин урьдын адил өөрийн байр сууриа бат нот нотлон илэрхийлж, Зөвлөлт засгийн газар БНМАУ-ын тухай асуудлаар буулт хийж чадахгүй  гэдгийг хатуу мэдэгдсэн байна. 

Бид маш тодорхой байдал дээр тулгуурлаж Зөвлөлт Хятадын одоогийн болон ирээдүйн харилцааг тогтоохыг хүсэж байна хэмээн хэлээд Сталин бид 20 жилийн гэрээний төсөл хийсэн хэмээн мэдэгдэж, харин эдгээр төслөө Молотовоор дамжуулан Сунд өгчээ. Эдгээр хэлэлцээрийн дөрвөн төслийн дотор Дорнод Хятадын төмөр замын тухай, Өмнөд Хятадын төмөр замын тухай, Порт Артур болон Дальный аралын тухай хэлэлцээрийн төслүүд орж, мөн БНМАУын тусгаар тогтнолын тухай тунхаглалын төсөл (Проект декларации о независимости Монгольской Народной Республики) багтсан байна. 

Хэлэлцээрийн дараах байдлыг үзэх аваас үнэхээр хэлэлцээр мухардалд орсоныг хоёр тал хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ тухай ЗСБНХУ-аас БНХУ-д суугаа элчин сайд А.А.Петров Чан Кайшигийн хүү Цзян Цзинго лугаа БНМАУын тусгаар тогтнолын асуудлаар санал солилцсон ярианаас  мэдрэгдэж байна. Энэхүү уулзалт 1945 оны 7 сарын 8 нд буюу Сталин Сун хоёрын гурав дахь уулзалтаас нэг өдрийн дараа болсон байна. Энэ уулзалтын үеэр Петров БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх Зөвлөлт Засгийн газрын урьдын байр суурийг ягштал баримталж, хэрэв үүнийг эс зөвшөөрвөөс хэлэлцээр мухардлаас гарахгүй хэмээн тэмдэглэж байжээ. 

Энэхүү гурван удаагийн уулзалтын үеэр Сталины Монголын асуудлаар буулт хийхгүй, ягштал баримталсан бодлого Хятадын төлөөлөгчдийг тодорхой хэмжээнд буулт хийхэд хүргэж эхэлсэн байна. 

1945 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Чан Кайшигаас Сунцзывенд цахилгаан ирүүлж, түүндээ ”Гадаад Монголын асуудал Хятад, ЗХУ-ын харилцаанд онцгой саад болж байгааг харгалзан үзэж, хоёр орны нийтлэг эрх ашиг, урд удаан хугацааны энхийн төлөө санаа тавьж, Хятадын Засгийн газар Японыг ялсаны дараа гэхдээ Манжуур, Шинжияны асуудал болон ЗСБНХУ нь аль хэлбэрээр Хятадад тусламж үзүүлэхдээ зөвхөн Төв Засгийн газарт өгөх гурван зүйлийн саналыг хүлээн авсаны дараа Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг авч үзэж болох юм. Гэхдээ энэ асуудлыг Гадаад Монголын ард түмний санал асуулгаар шийдвэрлэх, хэрэв гадаад Монголын ард түмний санал хураалт Гадаад Монголын тусгаар тогтнолыг дэмжвэл Хятадын Засгийн газар түүний тусгаар тогтнолыг эсэргүүцэхгүй байх болно. Гадаад Монголын нутаг дэвсгэр нь Хятадын газрын зургийн дагуу эхний хилээр тодорхойлогдох болно”  гэсэн цахилгааныг ирүүлжээ.

Сталин Сун хоёрын дөрөв дэх удаагийн уулзалт 1945 оны 7 дугаар сарын 9-ны өдөр Москвад болсон байна. Уулзалтын эхэнд Сун Чан Кайшид хэлэлцээр мухардалд орсон талаар мэдэгдэж, улмаар түүнээс хариу авсанаа мэдээлжээ. Сун Монголын асуудал Зөвлөлт Хятадын хэлэлцээрт ийм их саад болно хэмээн бодоогүй гэдгээ ярьж, улмаар Чан Кайшигаас ирүүлсэн цахилгааныг уншиж танилцуулсан байна. Үүний дараа Сталин дахин өөрийн байр сууриа нотлож, БНМАУ-ын статус кво гэдэг бол 1921 оноос тусгаар тогтносон улсын нэгэн адил оршиж ирсэн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх  гэсэн утгаар энэ статус квог одоо хүлээн зөвшөөрсэн байхыг хүсэж байна хэмээн хэлэхэд Сун маргалдах үүднээс бус Хятадын талын байр сууринаас бол Гадаад Монголын статус кво хэмээх нь Хятадын энэ хэсэг дээрх Хятадын суверенитетийг хүлээх зөвшөөрөх гэж ойлгож байна гэжээ. 
Харин энэхүү Хятадын суверенитет бодит байдал дээр 24 жилийн турш эс оршсоор буйг Сталин тэмдэглэсэн буй.

Хоёр тал бусад асуудлыг нилээд ярилцсаны дараа Сталин дахин Хятадын саналтай холбогдуулан Гадаад Монголын асуудлыг сөхөн ярьж, Монголын тусгаар тогтнолыг одоо бус Японыг ялагдсаны дараа хүлээн зөвшөөрөх юм уу хэмээн асуужээ. Чингэхдээ тэрбээр, өнгөрсөн удаа БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо хүлээн зөвшөөрч, харин энэ тухай Японыг ялагдсаны дараа тунхаглан зарлахыг санал  болгосон болохоо сануулжээ.

Харин Сун Японыг ялагдсаны дараа ард түмний санал хураалт явуулж, дараа нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг зарлан тунхаглах болно. Асуудал шийдэгдсэн бөгөөд Хятадын засгийн газар Монголын асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийх ямар нэгэн санаа байхгүй  хэмээн мэдэгджээ. Сталин энэ бол үнэнч байх асуудал бус бүх зүйл маш тодорхой байх учиртай болохыг сануулсан байна.

Сталин Сун нарын тавь дахь уулзалт  1945 оны 07 дугаар сарын 11-нд болж, хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Монголын асуудал орж байв. Хэлэлцээрийн эхэнд Монголын талаар гаргах хоёр талын нот бичгийн агуулгын талаар харилцан бие биеэс асуужээ. 

Сталин уг асуудалтай холбогдуулан ярихдаа ”Хятад БНМАУ-ыг хүлээн зөвшөөрдөггүй байсан, шинэ нөхцөл байдалтай уялдуулан энэ алхамыг одоо хийх зайлшгүй шаардлагатай гэдийг зөвшөөрөх хэрэгтэй” хэмээхэд Сун ”БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятад улс хүлээн зөвшөөрөхөд бэлэн”  хэмээн хариулсан байна.

Сталин Монголын хилийн тухай асуудлыг хөндөж ярихад Молотов Гадаад Монголын одоогийн хил хязгаарыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн тэмдэглэж, Сун Гадаад Монголын хилийн асуудал маргаантай асуудал хэмээн хэлж байжээ. 

Энэ бүхний дараа Сталин Хятадын нот дахь томьёололыг ”Японыг ялагдсаны дараа, санал хураалтын дараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хил хязгаарт нь Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрч байна”  хэмээн тодорхойлбол бүр илүү болно гэж хэлжээ. 

Молотов нотын төслийн эхний хэсэгт ”Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө удаа дараа саналаа илэрхийлж байсан” гэсэн санааг тусгах, мөн ”одоогийн хил хязгаарт”  гэдгийг оруулах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ. Сун ийм тохиолдолд Чан Кайши лугаа дахин зөвлөлдөх ёстойгоо учирлажээ. Сталин хилийн тухай ерөөсөө дурьдахгүй байхыг санал болгосон буй.

1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сталин Сун нарын найм дахь удаагийн уулзалт болсон байна. Оросын эх сурвалжид энэ уулзалтыг долоо дахь хэмээн бичжээ. 

Уулзалтын эхэнд Сталин хэлэлцээрийг дуусгаж, гарын үсэг зурах хэрэгтэй гэдгийг тэмдэглэжээ. БНМАУ-ын тухай асуудлаар тухайлбал Хятадын газрын зурагт үзүүлсэн хилээр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хил бол үндэслэлгүй байна, Монголын хил хязгаарыг одоогийн байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй  хэмээн хэлсэн байна.

Хэлэлцээрийн явцад Сун Хятадын төлөөлөгчид БНМАУ-ын тухай асуудал, Порт Артурын тухай зэрэг олон асуудлаар буулт хийж найр тавьсан тухай ярьмагц, Сталин БНМАУ-ын тухай ингэж ярих хэрэггүй, учир нь Монгол бол Хятадын хувьд аль хэдийн алдагдсан  хэмээн шуудхан хариулсан байна. 

Уулзалтын үеэр Сун Монголыг Хятадын газар нутгийн долооны нэг хэмээн хэлж байсан бол Сталин Монгол бол говь цөл шүү дээ хэмээжээ. 

Хятадын төлөөлөгчдийн гишүүн Ван Монголын хилийн тухай асуудлыг хөндөж ярихад Сталин БНМАУ-ын 20 жил оршиж, газрын зурагт орсон, хилийн амьд шугамыг бүрдүүлж буй одоогийн хилийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ”БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай асуудал бүр тохиролцчихсон асуудал, Вангийн санал бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөсөө татгалзах гэсэн санаатай адилхан байна”, Хэрэв Хятадын засгийн газар үүнээс татгалзах гэж байгаа бол энэ тухай шууд ил хэлэх хэрэгтэй хэмээж байжээ. 

Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Сун Монголын хилийг Зөвлөлтийн газрын зургийн хүмүүс элчин сайд Петровын хамт Чунцин очоод Хятадын газрын зургийнхантай хамтаар тогтоох санал хүртэл тавьж байжээ. Энэ үеэр Молотов Монголын хилийг монголчуудын өөрсдийн оролцоогүйгээр шийдвэрлэж болохгүй гэсэн байр суурьтай байжээ.

Сталин Сунгийн санал бол тохирохгүй, учир нь монголчууд тэдний улсын хилийг өөрчлөхийн эсрэг шийдвэртэйгээр эсэргүүцэх болно, ер нь энэ асуудлыг босгох хэрэггүй юм хэмээн тэмдэглээд цааш нь ярихдаа ”Монголын ард түмэн нэгдэхийг эрмэлзэж байгаа, бид энд Монгол улсын оршин буй хилийг тайрахыг хүсэж байна. Бидэнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчуудын өөртөө Өвөр Монголыг нэгтгэх эрмэлзэлийн тухайд бол тэднийг оршиж буй хилээс гарахгүй байхаар урьдчилан сануулах хэрэгтэй. БНМАУ-ын хилийн тухай асуудлыг эргэн авч үзэх тухай асуудлыг дахин босгохгүй байхыг”  Хятадын талд бас дахин зөвлөжээ.” Үүгээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн байна.

1945 оны 8 дугаар сарын 13-ны өдөр И.Сталин Сун нарын 9 дэх удаагийн уулзалт болж, энэ уулзалтаар БНМАУ-ын тухай асуудал болон бусад асуудлыг хэлэлцжээ.

Уулзалтын эхэнд Сун сүүлчийн уулзалтын тухай Чан Кайшид мэдээлж хариу авсанаа илэрхийлээд ”БНМАУ-ын тусгаар тогтнолыг оршин буй хил хязгаарын хүрээнд хүлээн зөвшөөрөхийг Чан Кайши зөвшөөрч байна”  хэмээн мэдэгджээ.

Сталин Суны саналыг зөвшөөрч, хэдхэн өдрийн дараа батлагдах Найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээг соёрхон баталсаны дараа БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай мэдэгдэл нь хүчин төгөлдөр болох учиртай  хэмээжээ.

Энэ уулзалтын төгсгөлд Сун гэрээ болон бүх хэлэлцээрийг 8 дугаар сарын 14-ны орой гарын үсэг зурах санал тавьж, Сталин Зөвлөлтийн талаас В.Молотов гарын үсэг зурах болно хэмээн мэдэгджээ.

Ийнхүү бүтэн хагас сар үргэлжилсэн Зөвлөлт Хятадын хэлэлцээр дуусч, гэрээ хэлэлцээрүүдэд 1945 оны 8 дугаар сарын 14 ны өдөр гарын үсэг зурсаны  дотор Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай хэлэлцээр орсон юм. Уг хэлэлцээрийг дор сийрүүлэн үзүүлэх аваас, 

Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовт БНХУ-ын Засгийн газрын нот   1945 оны 8 дугаар сарын 14 

Хятад хэлнээс орчуулсан

Ноён Ардын комиссар,

Гадаад Монголын ард түмнээс тусгаар тогтнолынхоо төлөө нэг бус удаа илэрхийлсэн эрмэлзлэлийг харгалзан үзэж, Японыг ялагдсаны дараа хэрэв Гадаад Монголын ард түмний санал хураалт энэ эрмэлзлэлийг нотлох аваас Гадаад Монголын тусгаар тогтнолыг оршин буй хил хязгаарт нь Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрч байна хэмээн Хятадын Засгийн газар мэдэгдэж байна. 

Дээрх мэдэгдэл нь БНХУ болон ЗСБНХУ 1945 оны 8 дугаар сарын 14-нд гарын үсэг зурсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болно.

Ноён Ардын комиссар, миний өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу.

Ван Шицзэ

ЗСБНХУын Гадаад хэргийн ардын комиссар Ноён Молотовт, Москва 

1945 оны 8 дугаар сарын 14 Гадаад Монгол (БНМАУ)-ын тусгаар тогтнолыг Бүгд Найрамдах Хятад улс хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Хятад улсын Засгийн газарт ЗСБНХУын Засгийн газраас өгсөн нот  

Ноён сайд,

”Гадаад Монголын ард түмнээс тусгаар тогтнолынхоо төлөө нэг бус удаа илэрхийлсэн эрмэлзлэлийг харгалзан үзэж, Японыг ялагдсаны дараа хэрэв Гадаад Монголын ард түмний санал хураалт энэ эрмэлзлэлийг нотлох аваас Гадаад Монголын тусгаар тогтнолыг оршин буй хил хязгаарт нь Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрч байна хэмээн Хятадын Засгийн газар мэдэгдэж байна. 

Дээрх мэдэгдэл нь БНХУ болон ЗСБНХУ 1945 оны 8 дугаар сарын 14-нд гарын үсэг зурсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болно” хэмээсэн танай нотыг хүлээн авсанаа үүгээр илэрхийлж байна. 

Бүгд Найрамдах Хятад улсын Засгийн газрын дээрх нотыг сэтгэл хангалуун хүлээн авч, өөрийн талаас Зөвлөлт Засгийн газар цаашдаа ч БНМАУ-ын (гадаад Монгол) улс төрийн тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болно гэдгээ мэдэгдэж байна.

Ноён сайд та, миний өндөр хүндэтгэлийг хүлээн авна уу.

В.Молотов 

Бүгд Найрамдах Хятад Улсын Гадаад хэргийн сайд ноён Ван Шицзэд

Москва  хэмээжээ.

Ийнхүү удтал үргэлжилсэн Зөвлөлт Хятадын хэлэлцээр дууссан нь ЗХУ Японд дайн зарласантай давхцаж таарсан билээ. Үүнээс тун удалгүй Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар дайн дууссан билээ.

Дүгнэлт болгох нь:

Сталины дээр нэгэнтээ хэлсэнчлэн 1921 онд тусгаар тогтносон Гадаад Монголын одоогийн хил хязгаар гэдэг юу вэ хэмээн үзвээс: 

Түүхэн үнэн байдлыг үзэх аваас 1911 оноос өмнө Дай Чин улс оршин тогтнож ирсэн бөгөөд энэ бол Манжийн төр улс байсан юм, үүнийг шинээр сэргээн байгуулагдсан Хятад улс өвлөн авч буй хэмээн тайлбарлаж, Монголыг нэг хэсэг хэмээн тайлбарлахыг оролдож ирсэн билээ. Харин Монголчууд 1911 онд Чин улсаас тусгаар тогтнон, төр улсаа төвхнүүлэн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахдаа ч тэр, түүний дараа ч тэр бид түүхэндээ Хятадын эрхшээлд байгаагүй хэмээн нотолж, Хятад, Монгол хоёр улс хил залгаа хөршийн хувиар оршиж ирснийг илтгэдэг билээ. Хиагтын гурван улсын гэрээний үеэр Монголын төрийн тухайн үеийн түшмэлүүд Монголчуудын өмнө явж ирсэн түүхэн байдлыг сайтар нотлож, хятадуудыг гарах гарцгүй болгож байсаны улмаас уг хэлэлцээр 1914 - 1915 он дамжин 9 сар үргэлжилж байсан нь тодорхой баримт билээ. 

Харин Монгол улсын статус кво, хилийг одоогийн байгаагаар хүлээн зөвшөөрөх хэмээн Ялтын гурван улсын хэлэлцээрээр тохиролцож, түүнчлэн дээр дурдсанчлан Сталин Сун нарын хэлэлцээрээр бас давхар тохиролцсоны уг үндэс нь 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэpээний 11 дүгээp зүйлд: “Өөpтөө эзэpхсэн Гадаад Монголын газаp нь болбоос ....урьдах Хүpээний сайд, Улиастайн жанжин, Ховдын сайдын захиpгаанд байсан газpууд бөгөөд Думдад улстай нийлсэн хил болбоос Зүүн зүгт Хөлөн буйpын хязгааp, Өмнө зүгт Дотоод Монгол, Баpуун өмнө зүгт Шинжиян мужийн хавь, Баpуун зүгт Алтайн хязгааp лугаа зах нийлсэн Халхын 4 аймаг ба Ховдын хязгааpын олон хошуудын хилээp баймой”  хэмээсэн заалт болсон буй за хэмээн санана. Учир нь түүнээс хойш 1945 он хүртэл Монголын хилийн тухай асуудлыг нарийвчлан авч хэлэлцсэн удаагүй билээ.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, 1915 оны гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол улс зөвхөн Халх дөрөв, Ховдын хязгаарын нутгаар хязгаарлуулж, 1921 онд мөн энэ хэмжээнд тусгаар тогтнолоо дахин сэргээж, өөрийн бие даасан байдлаар оршиж байсан нь түүхэн бодит байдал билээ.  

1945 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сталин Чан Кайшигийн хувийн төлөөлөгч, Цзян Цзинго лугаа уулзсан бөгөөд энэ уулзалт 1 цаг 40 минут үргэлжилжээ. Тус уулзалтын төгсгөлд Молотов Чан Кайшигийн хүүгээс  ”Гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрөх тухай асуудал шийдвэрлэгдсэн үү”  хэмээн асуухад тэрбээр ”Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Хятадын Засгийн газрын шийдвэр Хятадын засгийн газар Нанжинд нүүж ирсний дараа нэгдүгээр сарын эхээр нийтлэгдэх болно”  хэмээн хариулжээ.

Сталин Чан Кайшигийн хувийн төлөөлөгч Цзян Цзинго нарын хоёр дахь уулзалт 1946 оны 1 дүгээр сарын 3 ны өдөр болж, 1 цаг 30 минут үргэлжилжээ. Энэ уулзалтын үеэр Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал хөндөгдөж яригдаагүй байна. Харин хожим Сталин лугаа хийсэн хэлэлцээрт оролцсон Хятадын төлөөлөгчдийн нэгэн болох Цзян Цзинго ”Миний эцэг” хэмээх номондоо ”Монголын тусгаар тогтнолын асуудлыг та яагаад ингэж уйгагүй тавиад байгаа юм бэ хэмээсэн асуултад Сталин ”Үнэнийг хэлэхэд Монгол дахь бидний сонирхол бол цэргийн стратегт хамаатай юм, иймээс бидэнд энэ газар нутаг хэрэгтэй байна” хэмээн хариулсан гэж бичжээ. 

Сталин Хятадын төлөөлөгч Сун Цзывэн лугаа хийсэн уулзалтын протокол хятад хэл дээр Тайваньд хэвлэгдсэн байгаа бөгөөд түүнээс хэсэгчлэн монгол хэл дээр хөрвүүлж нийтэлжээ. Сталин Сун нарын уулзалтын орос хэл дээрх болон хятад хэл дээр протоколууд үндсэндээ тохирч байгаа хэдий ч зарим зүйлээр бага зэрэг ялгаа байгааг харж болно. Тухайлбал, Тайваньд хэвлэгдсэн эх дотор ”Сталин: өнөөдөр би чамайг надад туслаад өгөөч гэж байгаа юм биш, чи надаар туслуулах гэж байгаа шүү дээ” хэмээн хүчтэн гүрний тэргүүний хувьд шахалт үзүүлж «Чамд би даруухан шиг хэлэх юм бол би Ар Монголыг яагаад авах гээд байна гэвэл цэрэг стратегийн байр сууринаас энэ хэсэг газрыг хэрэгтэй гэж үзээд байгаа юм шүү дээ» гэж Сун Цзы вэнд хандан хэлж байсан тухай бичигдсэн байгаа юм.  

Хожмын түүхчид энэ агуу удирдагчдын уулзалтын бүхий л зүйлсийг тодруулан судлах нь хувь хүмүүсийн хийгээд улс орны удирдагчдын онцлогийг харуулахад тус нэмэр болох боловуу хэмээн санана.

Ийнхүү Зөвлөлт Хятадын хооронд дээд хэмжээнд болсон хэлэлцээрийн үеэр Сталин удаа дараа Монголын тусгаар тогтнолын асуудлаар хатуу байр суурь баримталж, хэлбэрэлтгүй байсаны улмаас магадгүй уг асуудлаар Чан Кайшигаас илүү хатуу байр суурьтай байсан Сун Цзывэнийг буулган авч, (америкийн элчин сайд Херли түүний тухай ингэж дүгнэсэн буй) Монголын тусгаар тогтнолыг Хятадын Засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 

Тэрбээр эдгээр уулзалтын үеэр нэг бус удаа Монголын нэрийн өмнөөс, монголчуудын өмнөөс ”монголчууд Хятадын бүрэлдхүүнд байхыг хүсэхгүй байна” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Түүгээр ч үл барам монголчууд Хятад ч тай тэр, ЗХУ тай тэр нэгдэхийг хүсэхгүй, харин тэд монголчуудаа нэгтгэх бодолтой хэмээн монголчуудын бодлыг сайтар мэддэгээ харуулж, удаа дараа мэдэгдэл хийсэн юм. Эдгээр үгсийг Сталин хэлэхэд мэдээж Монголтой, түүний удирдагч нар лугаа ойр дотно харьцаатай байсан явдал нөлөөлсөн нь лавтай буй за, түүнээс гадна Алс Дорнодахин дахь Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийн асуудал байсаныг ч хэлэх нь зүй хэмээн санана. 

Энэ бол Монголчуудын хувьд том завшаан, алхам болсон хэмээхийг хүлээн зөвшөөpөх хэpэгтэй хэмээн үзэж байна. 1945 онд Японы эсpэг БНМАУ дайн заpлахдаа Өвөp Монголыг нэгтгэх тухай уpиалга гаpгаж, Х.Чойбалсан 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ: «Бид баатар улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт Японы фашистуудыг бүр мөсөн устгаж, Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохьсоны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно» хэмээн хэлж, өвөp монголчуудын сэтгэлийг хоёpдуулсан нь үнэндээ Сталины дээp хэлсэнчлэн Хятадуудад “хаpав уу Монголчууд ингэж чадах улс хэмээхийг” үзүүлсэн хэpэг юм. Түүнээс бус Чойбалсан санаачлан Өвөp Монголыг нэгтгэх санал гаpгасан хэpэг хаpаахан бус буй за. Өөpөөp хэлбэл Гадаад Монголын статус квог хадгалахын тулд Хятадуудад ойлгуулах олон аpга хэpэглэсний нэгэн нь энэ болой.  

Энэ бүхний үp дүнд 1945 оны 10 саpын 20-нд Монгол оpон даяаp санал асуулга явуулж, Mонголын аpд түмэн тусгааp тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгсөн юм. Санал асуулгын дүнг хүлээн аваад 1946 оны 1 саpын 6-нд Чан Кайшигийн Засгийн газаp БНМАУ-ыг хүлээн зөвшөөpч, улмааp Мөн оны 2 саpын 10-нд Хятад Монголын хооpонд дипломат хаpилцаа тогтоох болон дипломат төлөөлөгч хаpилцан суулгах тухай ноот бичгийг солилцжээ. 

О.Батсайхан, Түүхийн шинжлэх ухааны доктор

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Өвгөдийн сүнс

      (202.9.40.91) 2017-03-28 22:38
      • 0
      • 0

      Эх орныхоо тусгаар тогтнолыг ийм дээсэн дөрөөн дээр явж байж шийдвэрлэгдсэнийг уншаад сэтгэл хөдлөв.эзэн Богд миньхурмастаас харж л бгаа бхдаа.Туулын мөсийг долоох шахам явж цуглуулж нэгтгэсэн Монгол нь ингэж хэдэн хэсэг болон сарниж,үлдсэн хэсэг нь Үмхий Хятадын мэдэлд орох шахан дэнслэгдэж, дэнжигнэж байсныг харсан бол юү гэх бсан болоо. Ээ төрийн минь сүлд өршөө.

      Хариулах

    • dipl-t

      (122.201.21.37) 2015-10-20 19:59
      • 0
      • 0

      Hedhen zuiliig nemj helehed: Hyataduud orosuudad Manjuur bolon Shinjianyg buren butneer ni Hyatadyn tald uldeeh, Dornod Turkestany salan tusgaarlagchdyg bolon Hyatadyn kommunist namyg demjihgui baih bolzlyg tavisan baidag yum...Iimees 1940-d ony eheer oros, mglchuud Ospand zer zevseg ugch demjij bsn bol dainaas hoish bolij hasag deeremchidtei tulaldah blsn bilee...

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.2) 2015-10-19 15:25
      • 0
      • 3

      Бид нар тусгаар улс болоход буриад өвөрмонгол гээд олон монгол угсаатан газар нутаг золиослогдсныг мартаж болохгүй. Сталин бага үндэстэн байсан учраас арай сайн ойлгож байсан Орос хятад 2 уулаа хожсон болохоос алдаагүй байх аа.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.195) 2015-10-19 00:13
      • 0
      • 7

      Энэ Ялтын гэрээний талаар их дулимаг мэдлэгтэй байсан байнаа. Нэлээн цэгцтэй ойлгож авлаа. Түүхэн ач холбогдол бүхий үйл явдлыг он цагийн дарааллаар сайхан ойлгомжтой бичжээ. Баярлалаа. Энэ зураг ч бас аргагүй л лунзгар зураг байна шүү. Ганц ийм зураг л байдаг байх.

      Хариулах