Ай даа, намар цаг

Twitter Print
2018 оны 09-р сар 27-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Нар, хур, тэнгэрийн хишиг цогцлон бүрдэж Монгол даяараа цэцгэнд хучигдсан өнөө жилийн зун шувтарч цонхны маань цаана аргагүй л намар цаг хөвөрнө. Өглөө ажилдаа очихоор Офицерүүдийн ордны буудлаас автобусанд суунгаа цонхоор элдвийг ажиглан харж явах дуртай хүн л дээ, би.

Цонхны цаагуур сүлжилдэн өнгөрөх моддын навчис тоос шороонд дарагдан зэгэл сааралдуу харагдах хэдий ч ихэнх нь аргагүй л буцаж яваа цагийн жамаар унаж ойчсоор дуусах нь ээ янз нь. Орцны маань ойролцоохон өглөө бүр л хүрч ирээд “Сүүгээ аваарай, сүү таргаа аваарай” хэмээн хашгирч суудаг сүүний худалдаачин эгч хоёр өнжөөд ирдэг болж, өглөө их эрт зургаан цагт дуудан сэрээдэг цаг нь ч долоо болчихсон байх юм. Зургаа долоон сард нэг литр сүүгээр нь хоёр өдөр цай сүлээд уучихдаг байж билээ. Харин одоо бол нэг литр сүү нь манайд гурав хонодог болчихож. Сүү нь өтгөрөөд цагаан будаг шиг л юм болчихсон болохоор арга ч үгүй л дээ. Намрын дунд сар хэлбийсэн энэхэн үеийг нэгэн жилийн хамгийн сайхан эгшин гэж би боддог.

Намар хэдийгээр зэллэн ниссэн аянчин олон шувуудын сэтгэл сэмрүүлсэн уянгатайхан ганганаан дунд өнө холын дурдатгалууд сэргээсэн хөнгөн гуниг сэтгэлд эргэлддэг ч хамгийн уяралтай, хамгийн энхрийхэн улирал байдаг аа. Яг л энэ цаг дор эрдмийн их аянд мордож хүний газар, холын их гүрэнд гэгээн залуу насныхаа баяр хөөртэй ч дурсамж дүүрэн алтанхан өдрүүдээ өнгөрүүлж л яваа Монголжин гоо охин үрээ хачин их санадаг би. Оргилуун залуу насны минь сувд шигтгээ нь болсон охин үр минь “Ааваа та намар болохоор л яагаад гэгэлзээд байдаг юм бэ” гэж хэзээ ч билээ асууж билээ. Тийм ээ. Яг л өдийд хөндий талаар жихүүн цайвар бороо зүсэрч, хөдөс борогхон толгод цэцэгсийн шүүдэрт жиндэж л байгаа даа гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзээд цангинатал сайхан дуулмаар ч юм шиг аль эсвэл хөвөрч одсон он жилүүдийг эргүүлэн баринтаглаж, дурдатгалын гэгээхэн цагаан манан дотор завилж суухыг хүсдэг ээ би.

Сүүлийн хэд хоногт буцаж яваа элч муутайхан наран “Налгархан өдрүүд минь тоотой шүү, найрлаж цэнгээд авцгаа.Тостойхон шаргал өдрүүд минь тоотой шүү, тариа будаагаа амжуулаад хураацгаа” гэх шиг л ээж байна санж уг нь. Яг л өдийд намрын дунд сарын шинийн хурим намаржаа дамжин шуранхайлж л байгаа. Хүрэн толгойн сүүдрийг хүнгэнүүлэн түрж суугаа халхагар өвгөдийн нүдэнд уярлын оч харваастай байгаа.

Үүд нь дэлгээстэй их таван ханатын хойморт айлын шинэхэн бэр аньсага сормуусандаа нулимастай, бишүүрхэж гэрэвшсэн харцаар найрын даамалыг царайчлан харж л суугаа хөөрхий. Гүүн зэлэн дээр тэнхэрч бяд суусан унаганууд оройн сэрүүнийг хүлээнгээ хаа нэг цангинатал янцгаахад хээрийн бэлчээрт яваа байдсан гүү гэрийн зүг толгой хаялна. Найрын гэрийн баруун хаяанд хоёр өнжмөл дөмөн шарын зоолсон ширэн хөхүүр нэвчүүлсэн намрын айраг ханхийж, тагнайд наалдсан эергүү амт нь ходоод халуу оргиулна. Хөхүүртээ эсэх намрын айрагнаас хөндий талын үнэр сэнхийж шар тос амтагдана. Боржигон найр ид хавтгайрах үед “Нарийн сайхан хээр” шуранхай хадааж, зүүн талын жижиг гэрт үе тэнгийн залуус дэмбээ хөгжөөж суугаа. Өдийд алтан говь нутагт минь хармагийн бут улаарч, уяатай ботгондоо яарсан харимал ингэний сүү борвио даган асгарч л байгаа. Жонжинхон тэшүүлж яваа ингэн тэмээний бөхөн завсраар зулзган загийн орой ногоорч жин үдийн аниргүйн дунд ижий говь дугхийж л байгаа.

Хармагийн бутны ёроолд хар толгойт хонин гүрвэл аахилан хэвтэхэд их санаат цүдгэр голио түүнийг үргээхгүй гэсэн шиг гэтэн анин хоёр нэг гишгэлнэ. Гэрийн сүүдэрт тавьсан ингэний ааруул дэлгэц дүүрэн тос нэвчүүлж, орны хөлөөс аргамжаатай энхрий хүүхэд тооноор тусах нар даган мөлхөж ход ход инээж л байгаа. Хоног хоногоор ингэний сүү татрах авч хачин их өтгөрч цанхаатай тормыг гулгиулах шахна. Өнө холын дурдатгал амилж хүрэн дээлтэй өвөө минь хөтөлгөө морьтойгоо сум руу шогшуулж яваа нь үзэгдэнэ. Яг л өдийд нутагтаа очсон хүмүүн эргэж харимааргүй бодогдоно.

Намрын дунд сарын найраг эгшиг гадаа гэртгүй лимбэдэж л байгаа. Борог өвсний толгой бөхийсөн ч явган саарал тогорууны дэгдээхэйг хорон нүднээс далдалж дөнгөнө. Толгодын энгэр үдшийн бүрийд цагаан хяруугаар мөнгөрөвч цохионы эхэнд тусах үүрийн туяатай уралдан уур манан савсуулсаар замхарна. Хээр холхон хоносон үнээнүүд яраглан хивсээр жим даган дуртай дургүйхэн цуврахад хотны нохой чимээ аван хав, хов дуугарна. Жижиг гэрийн яндангаар суунаг цэнхэр утаа бургилаж эхний саамандаа гарсан эхнэр хүүхдүүдийн цовоо дуун саахалтын хот айлд дуурсана.

Том таван ханатаас шөнөжин найрласан буурьтай өвгөд гадаалахад уяан дээр хоносон засмал дэлтэй сайхан хээр морь хангинатал үүрснэ. Адуундаа мордохоор боссон залуу дан дээлээ явуут бүслэнгээ жижиг гэрийн хөхүүртэй айрагнаас хам хум залгилахад тагнайд нэвчсэн амт нь хамрынх нь нүхээр сад тавина. Цээж тэнийтэл гуд гуд залгилачихаад гэр түшүүлэн тавьсан нарийн хусан уургаа шүүрч суналзуулсаар давхин одно. Тэртээд танан цагаан гэрүүд бөмбийж тэдний яндангаар суунаглах аргалын утаа энтээ голын эхэнд хатируулж яваа нэгэнд өглөөний тунгалаг агаартай холилдон тод сонихон үнэртэнэ. Голын ширгэн дээр хоносон арьс нь язрах шахсан дөмөн шарууд цанхаалан халуу оргитол хивж, хөеө хярмагаа цуглуулсан зурам, бозлог сандруухан ийш тийш гүйлдэхэд тоглоомч түрэмгий шаазгай тэдний нуруун дээр зайдална. Намар цаг гэдэг ийм л байдаг даа.

Өгсөж уруудсан морин харгуй замаар өвөлжөө бууцаа зүглэсэн нүүдлийн цуваа хөврөх арай л болоогүй. “Хэнийхэн өнөөдөр ачынхаа сэвлэгийг үргээнэ”, “Доод хот айл шинэ гэрийн найр хийнэ”, “Суман дээр тэднийхний хурим болж байгаа” намрын дунд сарын найр хуримын зар татрах хараахан болоогүй ээ. Дуу хуур цангинаж, айраг идээ өтгөрдөг цаг ид дундаа. Хар Азаргын нуруу шиг гүн үрчлээ суусан нүүрэндээ Халхын хөх өвгөд сэтгэл цэлмэтэл баясал тодруулж суудаг ай даа намар цагаа гэж. Намрын мөнгөн өглөө их таван ханатаас нөмгөн дээлтэй шинэхэн бэр туялзсаар гарч өргөө гэрийнхээ өрхний оосрыг даялан даялсаар татахад тэртээ уулын энгэрт анхны цас хялмаалсан үзэгдэнэ. Энэ бүхнийг эргэцүүлэн суухуй дор эгшиг аялгуу зохист намрын дурдатгал хөвөрнө. Байз хө радиогоор Б.Зангад гуайн “Алтан намар” дуурьсаж байна. Энэ чинь л намар шүү дээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.