Э.Бат-Үүл: Миний хүү МУ-ын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг

Twitter Print
2015 оны 10-р сар 16-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтууд хийж байгаа учир шүүхэд хандах болсноо мэдэгдлээ. Тэрбээр “НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулах асуудлыг НИТХ-д тавьсан. Энэ үйл ажиллагаатай зэрэгцээд намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх ажил өрнөж байна. Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан байдаг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн, гүжирдэж байна. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан Улс төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа “410 тэрбум төгрөгөөр Засаг дарга гараа угаасан” гэж хэлсэн байна. Энэ нь асар их хэмжээний мөнгийг шамшигдуулсан гэсэн үг. Вэб сайтуудад өгсөн ярилцлагадаа “Бат-Үүл шиг их хэмжээний мөнгөөр гараа угааж байгаа хүн цөөхөн шүү” гэж тодотгож гүжирдсэн. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл намайг асар их хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байгаа юм. 

Тиймээс би Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргана” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн “Энэ гүжир, гүтгэлгийг маш их хэмжээгээр цацаж, надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ. Миний зөвлөх, хуульчдын баг мөнгөн дүнг гаргахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт хэдээр үнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна. Түүнчлэн Хотын дарга хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим ертөнцөд байдаг жиргээчид, фэйсбүүкчдээс аливаа мэдээллийг олон нийтэд түгээхдээ тэнцвэртэй хандаж, явуулж байхыг" уриаллаа. 

Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хүүгийнхээ компанийг оруулж, мөнгө завшсан гэсэн асуудлыг МАН-аас удаа дараа мэдэгдэж байгаа” талаар тайлбар авахыг хүссэн. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Манай хүү МУ-ын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг. Тухайн үед  улс төрийн мушгин гуйвуулах үйл ажиллагаанд өртөөд байсан учраас би тухайн хорооны иргэд дээр өөрийн биеэр очоод өөр компани сонгооч ээ гэж уулзаж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэнд байсан. Харин иргэд хүлээж аваагүй. Бид сонгосон танд хамаагүй ээ гэж хэлж байсан. Мөн энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар би өөрөө АТГ-т хандсан. АТГ-аас тухайн үед хүсэлтийн дагуу шалгалт явуулахад зөрчилгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг” гэв.

Тухайн асуудалтай холбоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хариуцдаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг НИТХ-аар баталсан жумаар хэрэгжүүлдэг бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Төслийн Удирдах Хороо удирдлагаар ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга уг асуудалд оролцох боломжгүй, журмын дагуу төсөл хэрэгжүүлэх сонирхолтой бүх аж ахуйн нэгж иргэдийг олонхийн саналыг авч шат шатны шалгаруулалтад оролцдог байна. Хотын дарга АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас уг асуудалтай холбогдуулан Гэр хорооллын хөгжлийн газраас шаардлагатай материал авсан. Үүнд иргэдийн санал хураалт, сонгон шалгаруулалт зэрэг бүх ажиллагааг дүрсжүүлсэн баримтыг өгч шалгуулсан гэдгийг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлсэн юм.

Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа "Зөвхөн дахин төлөвлөлтийн төсөл гэлтгүй нийслэлд хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг тухай бүрд нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын цахим хуудсанд байршуулж байгаа. Ямар ч хүн мэдээлэл авахад нээлттэй, ил тод байдаг" гэдгийг тодотгон хэллээ.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Намайг огцруулахаар өргөн барьсан МАН-ын бичиг тэр чигтэй гүжирдэл, гүтгэлэг байсан. Тэнд бичигдсэн мөнгөн дүнтэй тоо бүгд худал гэдгийг албан ёсоор хэлье. Нийслэл Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсад манлайлан хэрэгжүүлж байгаа. Бүх юм нээлттэй илт тод болсон энэ үед ийм гүтгэлэг хийж байгаа нь санаатай үйлдэл гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.