Э.Бат-Үүл: Алдагдсан эрх мэдлээ олж авахаар олигархиуд надтай үзэлцэж байна

2015 оны 10-р сар 15-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

Үргэлжлэл. Түрүүч №250 (5202) дугаарт

Муу мэдээ сайнаасаа хамаагүй хурдан, хол цацагддаг


-Танайхантай холбоотой маш олон сөрөг мэдээлэл цацагдаж байгаа. Энэ бүхэн дээр таниас хариулт авчихья. Тухайлбал, смарт картны компанийн сонгон шалгаруулалтаар багагүй мөнгө цохисон гэж буруутгаж байгаа. Бага үнийн санал хэлсэн дотоодын компанийг биш Солонгосынхыг нь  шалгаруулсан нь ямар учиртай юм бэ?

-Би түрүүнд дурдсан. Зохион байгуулалттай гүжир гүтгэлгийг зорилготойгоор цацаж байгаа гэж. Би одоо хүмүүстээ хэлээд байгаа. Яг ийм зорилготой худал мэдээллийг цацаж байгаа хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй. Шүүхээр үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй байна. Манайхан гүжир гүтгэлгийн эсрэг тайлбар, мэдээлэл өгч байгаа хэдий ч хүмүүс сайнаасаа мууд нь илүү итгэж байна. Угаасаа ч үүнийг социологийн шинжлэх ухаанаар тогтоочихсон байдаг юм. Сайн үгнээс муу үг илүү хурдтай, илүү хол тардаг гэж. Германы Хамбургын хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд алдаатай гүжир гүтгэлгийн мэдээлэл гаргасан бол залруулгаа яг тэр зай талбай дээрээ 12 удаа гарга гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, муу мэдээлэл үнэн үгээс 12 дахин хурдтай тардаг байх нь ээ дээ. Нийслэлээс зарцуулж байгаа төсөв мөнгийг бид ил тод зарлаж, сайтдаа тайлагнаж байхад хэн ч тоож хардаггүй, сонирхдоггүй хэрнээ  үүнийг гуйвуулаад, худлаа мэдээлэл болгон  цацаад ирэхээр үнэмшдэг.  

-Шилэн дансны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө танайхан зарцуулсан төсөв мөнгөө сайт дээр ил тавьдаг байсныг нээрээ санаж байна шүү?

-Харин тийм. Манайх хаана хэдэн төгрөг зарцуулснаа бүгдийг нь ил тавьдаг л байсан. Хэн ч сонирхож байгаагүй, бас хэн ч санахыг хүсэхгүй  байгаа нь нөгөө худлаа мэдээлэл үнэнээсээ хүчтэй байдагт байгаа юм.

-Та сард долоон сая төгрөгөөр утсаар ярьдаг юм уу?

-Өнөөдрийн цагт олон зүйлийг утсаар амжуулдаг гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх аа. Гэхдээ намайг буруутгаад байгаа тэр долоон сая төгрөг бол Иргэд хүлээн авах төвийн зардал юм. Нийслэлийнхээ иргэдийн санал хүсэлтийн дагуу тэдэнтэй холбогддог нэг ёсондоо иргэн, хот хоёрын холбоог ойртуулдаг арга хэрэгслийн нэг л дээ. Гэтэл Э.Бат-Үүл долоон сая төгрөгөөр утсаар ярилаа гээд шуугиад байгаа. Одоо тэр мөнгө Иргэд хүлээн авах төвийн зардал юм байна гэдэг бодит мэдээллийг өгсний дараа хараарай. Хол явахгүй дээ. Угаасаа ийм л байдаг.

Тойрогт ажиллах төсвийг болихоор бол хаа хаанаа л зогсоох  хэрэгтэй

-НИТХ-ын гишүүд тэгж их урамшуулал авдаг юм уу. Та бүхнийг УИХ-ын дарга хүртэл шүүмжилсэн шүү дээ?

-Яг үнэнийг хэлэхэд дэлхийн бусад хотуудад иргэдийн төлөөлөгчид нь урамшуулал авдаг юм. Харин манайд энэ нь  төлөөлөгчдөд өгдөг урамшуулал биш. Зөвхөн тойрогтоо ажиллахад нь зориулагддаг төсөв байдаг.  Гэтэл УИХ-ын дарга “тэр урамшууллаа болиорой” гэсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд зориулсан төсөв нь энэ. Тэгж яривал энэ зүйл анх УИХ-аас л гарч ирсэн гээд мэтгээд байвал бас болох. Иргэдийн төлөөлөгчид зарцуулсан зардлаа бүгдийг нь тайлагнадаг. Хувь хүнийхээ тухайд би энэ төсөвт тийм ч таатай ханддаггүй  л дээ. Гэхдээ үүнийг болихдоо хүрвэл УИХ нь ч, нийслэл ч аль аль нь болих нь зөв юм. Хуулиар алагчилж болохгүй учраас нэгийг нь үлдээгээд нөгөөг нь авч үлдвэл буруу болно.

-Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ “Бид энэ урамшууллыг авахгүй” гэхээр  АН-ынхан олонхиороо хүч түрээд “авна” гэж  шийдээд байдаг” гэж ярих юм билээ. Та нар авахгүй гээд байхад нь өгнө гээд байдаг нь ямар учиртай юм бэ?

-Энэ урамшуулал гэгдээд байгаа тойрогт ажиллах төсөв нь анхнаасаа МАН-ын үед гарч байсан, МАН-ынхан санаачилсан эд шүү дээ. Тэр нь өдийг хүртэл явж ирлээ. Инфляц, ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалаад нэрлэсэн үнэ нь хуучнаасаа өндөр сонсогдож байж магадгүй. Үнэндээ  тэр МАН-ын нөхдүүд чинь энэ мөнгийг хамгийн дуртай авдаг юм шүү дээ. Бразил явах санаа  хүртэл МАН-ынхнаас л гарсан. Даанч өөрсдөө буруутаад ирэхээрээ “бид тэгээгүй”  гэдэг болохоос.

-НИТХ дахь МАН-ын гишүүд таныг огцруулах өргөдлийг өргөн барьчихлаа...?

-МАН-ынхан яагаад ингэтлээ бачимдаад байгааг би дээр хэлсэн дээ. Тэд алдагдсан эрх мэдлээ олж авахын төлөө, нийслэлд тэдний хийгээгүйг манай АН хийж байгаа учраас, иргэдийн өмнө хариулах үггүй болчихоод байгаадаа ингэж байна гэж. Харин манай намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нийслэлийн намаа муулж, нийслэлийн хийж буй ажлыг шүүмжилж ярьсны дараа НИТХ дахь МАН-ын бүлэг огцруулах асуудал тавьж байгаа нь хамгийн хачирхалтай санагдаж байна.

-Хотын татвар бас л шүүмжлэл дагуулж байгаа. Ард иргэдийн амьдрал иймхэн байгаа үед нэмж татвар татаас авах хэрэг байсан юм уу?

-Өмнө хүмүүсээс татвар аваад л байдаг. Тэр мөнгө яг хаашаа  орсон нь мэдэгдэхгүй, юу болсон нь тодорхойгүй  төсвийн орлого руу шингээд  алга болдог байсан. Хүмүүс ч ийм тохиолдолд татвар өгөх дургүй байдаг. Замын татвар гээд л аваад байдаг хаана байна гэж асуудаг байсан даа. Гэтэл хүмүүс “зам ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь би татвараа дуртай өгнө өө” гэдэг болжээ.Ингэж  өөрчлөгдсөн байна. Одоо хотын татварын  мөнгийг яг юунд зарцуулж, ямар ажилд зориулж байгаа нь мэдэгддэг болох юм. Хуучин иргэдээс авсан татвараараа хүнд суртал үйлдвэрлэдэг байсан явдал өөрчлөгдөнө.Тухайлбал, бид зочид буудлын төлөөллүүд оролцуулсан удирдах зөвлөл байгуулаад тэндээс орж ирсэн татвараараа хамтраад юу хийхээ ярьдаг болно гэсэн үг юм. Гэх зэргээр чиглэл чиглэлээрээ хамтарч, удирдах зөвлөл байгуулаад, шийдэлд хүрснээ  ИТХ-аар шийдүүлээд явна.

Нэг нь шилэн, нөгөө нь харанхуй хоёр нам байж байг л дээ

-Түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөг нь АН-ынх, хотын захиргаа нь бас АН-ын мэдэлд ирсэн ийм цаг үед танай нам төр барьж байна. Сүүлийн үед АН-ынхан хоорондоо таарамж муутай байгаа гэж ярилцах боллоо. Та энэ намын лидерийн хувьд үүн дээр юу гэж хэлэх вэ. Байдаг л зүй тогтол уу эсвэл... 

-АН-ыг шилэн нам гэж болно. Ямар ч цаг үед манай намын үйл хэрэг, дотоод байдал ил л байсан. Зарчмын зөрүүтэй санал гарвал манайхан ил үзэлцэнэ. Даргаа шүүмжлэхээс айдаггүй. Сая хүртэл би намынхаа даргын талаар ярьчихаж л байгаа биз дээ. Энэ бол бидэнд байдаг л зүйл. Ингэж байж бид эрүүл байдаг. Үүнийг хортой гэж бодох хэрэггүй. Хүмүүс ч АН-ынхан зөрчилтэй байна гэж шүүмжилдэг мөртлөө үүнд нь дуртай байх шиг байдаг. Үзэгдэл нь ил, үйл хэрэг нь тодорхой байх нь хүмүүст таалагддаг.

-АН-ынхан хэзээнээс ийм гэдгийг мэдэх ч эрх баригчид хоорондоо эв түнжингүй байх нь зөв биш харагдах юм. Нөгөө нам чинь атгасан гар шиг л гэж өөрсдийгөө онцолдог шүү дээ...

-Үгүй. Харин ч эрх баригчид байх тусмаа илүү шилэн болох ёстой юм шүү. Энэ нь илүү зөв, ард түмэнд ашигтай. МАН хэзээнээс дотоодын зөрчлөө нуусаар ирсэн нам ш дээ. Хэзээний л нууцлаг, хэзээний л хаалттай нам. Өөрчлөх гээд ч нэмэргүй. Нэг нь харанхуй нууцлаг, нөгөө нь шилэн  ийм хоёр нам байж байг л дээ. Хүмүүс аль нь дээр гэж үзэж байна тэр итгэл үнэмшлээрээ сонголтоо хийг.
 
Надтай хүний, өөрийнгүй л үзэцгээж байна
 
-Танай намынхан ил шударга гээд нэгийгээ шүүмжлээд байдаг нь бүхэлдээ нэгийнхээ хийсэн ажлыг үгүйсгээд байгаа мэт харагддаг. Саяхан гэхэд л Ж.Батзандан гишүүн танайхныг буруутгаж дөрвөн зүйл заалт бүхий шаардлага хүргүүлсэн байх аа?

-Нэг зүйлийг та бүхэн анзаарч байгаа болов уу. Сүүлийн үед над руу дайрч улс төрийн карьераа өсгөгсөд олширсон. Надаар байлж байгаад улс төрийн нэр хүндээ өсгөх боллоо. МАН-ын Ж.Мөнхбат намынхаа хурлын өмнө миний эсрэг баахан гүжир гүтгэлгийн материал бэлдэж гаргаад шагналд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болж байсан. Түүний тараасан мэдээлэл худлаа гэдэг нь нотлогдож, надаас уучлалт гуйсан ч харамсалтай нь энэ үнэн түүний тараасан гүжир гүтгэлэг, муу мэдээ шиг өргөн далайцтай түгээгүй.   

Мөн МАН-ын Г.Аюурсайхан гээд нөхөр их тодорлоо. Дараа нь Д.Дэмбэрэл гишүүн байна. Уг нь өөр намынхан л  намайг ингэж муулж, гүжирдэж байж улс төрд тодордог байсан бол энэ халдвар нь  манай нам руу шилжиж байх шиг байна. Ж.Батзандан над руу энэ аргаар дайрч, тодрох гэж ядаж байна уу даа.  Гэхдээ Ж.Батзандан гишүүний хэлээд байгаа дутагдал нь юу болох, түүнийг арилгахын тулд юу хийж болох вэ гэдгийг тодорхой болгож ажилла гэсэн үүрэг даалгаврыг Тамгын газартаа өгчихсөн.

-Чин үнэнийг хэлэхэд эрх мэдэлтэй байгаа намын хүндээ асуудал барьж орж ирдэг, тэрийг нь бүтээхгүй бол дайсан болж үлддэг явдал манай төрд хэзээнээс л байж ирсэн. Танд энэ мэт байдлууд хэр асуудал үүсгэж байгаа вэ?

-Илэн далангүй хэлэхэд надтай ганц МАН-ынхан үзээд байгаа юм биш. Ерөөсөө бүгд л үзэж байна. Намбарын Энхбаяр гэхэд л хувийн нам, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд байгаа бүгдээ миний эсрэг турхирч, дайчлан ажиллаж байна. Э.Бат-Үүл үгүй болоосой  гээд л тулалдаж байх шиг байна. Бас нэг бүлэг хүмүүс байна. Энэ бол олигархиуд. Би өмнөх дарга нартай нь адилхан биш учраас тэд надад дургүй байна. Өмнө нь тэд мөнгөө төлчихөөд дарга нараар асуудлаа шийдүүлчихдэг байжээ. Дарга мөнгийг нь авна, тэдэнд үйлчилдэг байж. Харин одоо тийм боломж гарахаа байсан  учраас  хүний өөрийнгүй  намайг унагахын төлөө аян дайнд мордож байна даа.  Тэд алдагдсан засгийн эрх мэдлээ авахын төлөө тулалдаж байна.  

Миний эсрэг тулж байгаа тэр хүмүүс бүгд хөрөнгө мөнгө арвинтай улсууд. Одоо тэр болгоноо нийлүүлж байгаад үзэж байх шиг байна. Бүхий л хэвлэл мэдээлэл миний эсрэг боллоо доо, үндсэндээ. Би ухуулах хуудас нааж, Дотоод явдлын яаманд баригдаж, цаазаар авахуулах ял уншуулахдаа хүрээд явж байсан тэр цагаас хойш үхэхээс бусдыг үзлээ. Тийм учраас намайг нугалж дийлж чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна. Би тэдний эсрэг тэмцэж, хэрэгтэй бол жагсч босоход ч бэлэн байгаа. Даргад үйлчилсэн ийм төр, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгөөр хувийн бизнес хийдэг энэ байдлыг таслан зогсоох цаг ирээд байна.

Олигархиуд шургаадаа гаргуун
 
-Таныг шударга шулуухан хүн гэдгийг хүмүүс нэгэнт мэднэ. Та өөрөө олигархиудын хүслээр ажиллахгүй гээд үзээд байж болно. Тантай хамт ажиллаж байгаа баг тань, таны удирдлагад ажиллаж байгаа хүмүүс яг тийм байж чадаж байгаа болов уу. Та үүнд хэр итгэлтэй байгаа вэ?

-Миний бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө манай баг үнэхээр нойр хоолгүй зүтгэж байгаа. Янз бүрийн хов живийн яриа явж байгааг үгүйсгэхгүй. Хуучин цагт үүнийг шургаа гэдэг байсан юм даа. Хэн нэгний талаар  шургаж, буруу зөрүү ойлголт үүсгэх гэж үздэг. Үүндээ олигархиуд гаргуун. Ийм шургаа зөндөө явдаг. Гэхдээ би багийнхныхаа ажлыг  үр дүнгээр нь дүгнэнэ. Би тэдэнд хууль бус үйлдэлд нэр холбогдож, ашиг сонирхлын зөрчилтэй гэгдвэл ханддаг газар нь хандаж, нэрээ цэвэрлэж аваарай. Хэрэв хандахгүй бол та нарын нэр холбогдоод байгаа хэрэг үнэн гэж үзнэ шүү гэж анхааруулдаг. Энэ бол миний баримталдаг зарчим. МАН-ын залуус намайг АТГ-т өгч байх шиг байна. Би ажилтнуудаасаа шаарддагийн адил өөрөө ч шалгуулах хүсэлтээ өгнө.

Ер нь үнэн зөвийг нь тогтоодог газар л үнэнийг тогтооно. Түүнээс биш би харын өвчин туссан юм шиг багийнхандаа итгэхгүй бол ажил урагшлахгүй шүү дээ. Тэр тусмаа олигархиудын шургаа газар авсан энэ үед.

Би өөрт чинь нэг зүйл ярья л даа. Нэг нөхөр олон нийтийн газар, бас ч олон хүний дунд “Би Э.Бат-Үүл даргыг шударга хүн гэж боддог байлаа. Их ч хүндэлдэг байлаа. Сая очоод нэг юм гуйхад “шийдээд өгье. Гэхдээ 30 сая төгрөг өг” гэж нэхлээ. Миний дотор харлаад явчихлаа” гээд их чанга дуугаар ярьсан байгаа юм. Энэ яриаг нь сонссон хүмүүс намайг  яадаг хөгийн амьтан бэ гэж бодож байгаа ш дээ. Шургаа гэж үүнийг хэлж байгаа юм. Ядахад тэр нь ямар хурдтай, ямар бядтай тархана гээч. Гадныхан бол хэзээ ч хэн нэгний талаар хов живийн чанартай яриа гаргадаггүй. Тэр нь нэг мундагтаа, соёлтойдоо ч биш. Нөгөө хүн нь дуулсан бол шүүхэд өгчихдөг, дагаад хариуцлага нь ирдэг учраас тэгж ярьж явдаггүй хэрэг. Хүнийг худлаа гүжирдэнэ гэдэг улаан нүүр рүү нь цохиж зодож байгаа хэрэг шүү дээ. Манайд худал хэлсэндээ хариуцлага хүлээдэг жишиг байхгүй учраас шургаа тахал шиг тархаж, мань мэт нь учир зүй нь ч олдохгүй өртөөд явчих юм даа.
 
Үе үеийн хотын удирдлагуудаас бараг хамгийн бага төсөвтэй нь бид
 
-Саяхан Д.Баттулга дарга та хоёр ил захидалдаа “Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ” гэж онцолсон байна лээ. Яг юун дээрээс болж ингэх болов. Хэнийг тэгж хэлээд байна вэ?

-Сүүлийн үед төсвийн ачааллаа орон нутагт үүрүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсөв санхүүгийн эрхийг хязгаарладаг муу зуршил тогтсныг бид шүүмжилсэн юм.
2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг  нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлсэн. Жилээс жилд өсөн нэмэгддэг нүсэр ажлаа үүрүүлэхэд нь бид харж л байсан. 2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон гээд яривал их зүйл бий. Биднийг нэг их төсөвтэй гэж ойлгоод байгаа ч үнэндээ үе, үеийн хотын удирдлагуудаас хамгийн бага төсвөөр ажиллаж байгаа нь бид юм шүү.

Ханшийн зөрүүнээсээ мөнгөний хэмжээ өссөн мэт харагдаж байгаа ч тэр үед талх хэд байлаа, шатахуун хэд байлаа гээд нарийн тооцоог нь гаргаад ирэхээр өөр дүн харагдаж байгаа юм. Тэгээд харахаар бид М.Энхболдыг хотын дарга байх үеэс 30 хувь, Ц.Батбаяр, Г.Мөнхбаярын үеэс даруй 10 хувийн бага төсөвтэй ажиллаж байгаа. Гэтэл ийм төсөвтэй хэрнээ өнгөрсөн гурван жилийн дотор юу, юуг бид хийж байгаа билээ дээ.  Ийм учраас бид ил захидал бичсэн. Яг нэр цохож хэлээд байгаа юм байхгүй. Бид хүнийг нь гэхээсээ зарчмыг нь хэлж байгаа юм. Ардчиллын нэр барьсан мөртлөө захиргаадалтын арга барилаар ажиллаж байгааг шүүмжилсэн хэрэг. Ардчиллаар овоглосон мөртлөө социалист сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс бидний дунд захаас аваад байна. Тэд ардчиллын тухай ойлгодог ч үгүй юм.

-Та түрүүнд хэрэгтэй бол жагсахад ч бэлэн гэлээ. Та нар залуу цагтаа жагсч, хувьсгал хийж ардчилсан нийгмийг байгуулж байсан. Одоо дахиад хувьсгал хийх хэрэгтэй гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Би өнөөдрийн залуучуудад хандаж, ерээд онд бидний хийж байсан шиг хувьсгалыг та нар эхлүүлэх  цаг болсон гэж хэлмээр байна.  Бүр тэгж уриалмаар байна. Ийм уруу дорой байж болохгүй. Та нар жагс, цугла. Гэхдээ зорилго чинь тодорхой байх ёстой. Төрийн эрх мэдлээр бизнес хийдэг ийм ангийн эсрэг тэмцэх цаг болсон. Үүнийг өөрчлөхөөс аргагүйд хүрчихээд байна. Ардчилсан хувьсгалыг бид хийсэн ч өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд төрийн эрх мэдлийг авч явсан хүмүүсийн дарга шүтдэг тэр уламжлал нь бүр боловсронгуй болоод өнөөдрийн байдалд хүргэлээ. Би энэ талаар бүр УИХ-д байхдаа ч хэлдэг байсан. Тэгээд нэг удаа үүнийг өөрчилье  гээд жагсаал зарлахад арав гаруй хүн цуглаж, амьтны элэг доог болж л явлаа. Даргад үйлчилсэн төрийн тогтолцоо нь эцэстээ Монгол Улсыг  элгээр нь хэвтүүлнэ гэдгийг түрүүлж хэлээд ойлгохгүй  болохоор энэ өөрчлөлтийг хотоосоо  эхэлье гэж шийдээд ирсэн  нь энэ юм шүү дээ.

-Эрх баригч намын гишүүн, тэр дундаа  хотын дарга хүн “болохгүй байна, тэмц бос” гэж байгаа нь надад үнэндээ гайхаш төрүүлж байна. Үнэхээр тийм бол ингэж чадаж байгаагийн төлөө танд талархмаар л байна...

-Би нэг зүйлийг байнга хэлдэг. Даргын албан тушаал бол миний хувьд хөдөлмөрийн багаж хэрэгсэл. Хүмүүс дарга болох гээд үхэлдээд байх юм. Ийм хүмүүс ардчиллыг сульдааж, ардчиллыг гутааж байна. Төр нь иргэндээ хүнд буулга дараа болдог биш үйлчилдэг гэдгийг харуулахын тулд  хотоос эхлэхээр өнгөрсөн жилүүдэд ажиллалаа. Энэ хотыг иргэндээ үйлчилдэг хот болгох гэж хичээж байна. Яг л гар утасны оператор компани шиг, банкны теллер шиг түргэн шуурхай үйлчилдэг болгомоор байна.  Барилгын зөвшөөрлийг түргэн гаргаж өгдөг зэргээс  эхлээд хотод  сайжирсан зүйл байгаа л байх. Гэхдээ даргад түшиглэсэн тогтолцоог өөрчлөх нь өргөс авахтай адил амар биш юм. Гэвч тэгж өөрчилж гэмээнэ ардчилал маань улам төгс болно.

Энэ зорилгыг минь биелүүлэхэд, тэгж өөрчлөхөд туслахгүй юм бол энэ даргын албан тушаал шиг хэрэггүй зүйл надад алга. Төрийг өөрөө өөртөө үйлчлүүлдэг үе үеийн дарга нарын хэрээс хэтэрсэн байдал улам бүр ихэссээр л байвал маргааш бүх зүйл утгагүй болно. Үүнийг би залуучуудад хэлж байгаа юм. Та нар өнөөдөр тогтчихоод байгаа увайгүй үйлдлийг зогсоож чадахгүй юм бол маргааш та нарын эрх энэ хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг болно шүү. Та нарын амьдралын сайхан байдал дарга нарын шуналаар хязгаарлагддаг болно шүү. Өөрийгөө үгүй юм гэхэд үр хүүхдээ бодоорой. Үүний төлөө зүтгэх хэрэгтэй. Дарга нар хэзээ ч ийм нийгмийг байгуулахыг хүсэхгүй.

-Та хэдийг анх  гарч ирсэн цагаасаа төрд олон жилээр зайдагналаа. Залуучууддаа боломж өгөхгүй байна гэж нэр зааж ирээд шүүмжилдэг. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Манай зарим залуус яг ингэж их ярьдаг байсан л даа. Тухайлбал, Х.Тэмүүжин. Одоо та нарын үе дууссаан, бид байх ёстой гэж. Харамсалтай нь өөрсдийнхөө юу хийж чадах тухай биш, эрх мэдэлтэй болох тухай л ярьдаг байсан. Ийм явцуу улс төр хол явдаггүй юм. Эрх мэдэл, бялуу ярьсан улс төрөөр замнасан  хүмүүс бүгдээрээ шившгээ хутгаж дуусдаг.  Г.Уянгыг хар л даа. Гудамжинд байхдаа юу ярьдаг байлаа. Одоо төрийн эрхэнд гарсан хойноо “бүх зүйл хууль ёсных байх ёстой шүү” гэдэг номлогч болон хувирснаас цааш хэтэрсэнгүй.  Ямар байснаа юу болж байна. Эргээд харахад зүгээр эрх мэдэл булаалдсан тэмцэл хийж байсан  нь харагдаж байгаа биз.

Харин одоогийн залуус эрх мэдлийн ээлж дугаарын ярианаас залхсан байх гэж найдаж байна. Нэг даргыг нөгөөгөөр солиод сайжирдаггүйг мэдсэн байх. Тэд амьдралынхаа аюулгүй байдлын төлөө зовниж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Залуус сайн сайхан амьдралынхаа боломжийг дарга нарын гайгаар алдаж байгаа гэдгээ ойлгосон учраас дарга шүтсэн тогтолцоог өөрчлөх зориг бий байх.   

Ерөнхийлөгчийн жижиг албан тушаалыг сонирхохгүй гэж хэлье дээ
 
-УИХ-ын гишүүний суудлаас буухаар өөр мэдрэмж төрдөг үү. Өөр гэдэг нь одоо байгаа гишүүд танд ихэмсэг дээрэнгүй ханддаг тал байна уу гэж асуух гээд байна л даа. Ц.Нямдорж гишүүнтэй иймэрхүү утгатай маргаан хийснийг санаад байна... 

-УИХ-ын зарим гишүүд өөрсдийгөө улсын эзэн болсон шиг санаад байх шиг байдаг юм. Хуучин Улс төрийн товчоо гээд есөн хаантай байсан бол одоо 76 эзэнтэй болсон юм уу даа. Уучлаарай, УИХ-ын гишүүд бол иргэдийг төрд төлөөлөх зарц байх ёстой юм. Дарга биш зарц нар. Ц.Нямдорж “төрөө дээдэл, төрөө шүтдэг ард түмэн бий” гээд байдаг. Цаад утгаараа өөрийгөө л шүт гээд байгаа санаа юм уудаа. Надад тэгж санагддаг.  Гэтэл иргэндээ үйлчилдэггүй, иргэнээ хүндэтгэдэггүй төрийг шүтээд яах юм бэ. Иргэнээ хуурч мэхэлдэг төрөөр золигоо хийх вэ дээ.

-Сүүлийн үед Засгийн газрыг унана, дараагийн Ерөнхий сайд тэр, энэ болно гэсэн таамаглал их явж байна л даа. Энэ хэр ортой бол?

-Засгийн газрыг унагах яриа гарах нь сайн юманд хүргэхгүй ээ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлээд байдаг үнэн л дээ. Ингэж үе, үе Засгийн газрыг унагах тухай яриа гаргаж, Ерөнхий сайд хэн болох вэ гэцгээж байгаа нь нөгөө л эрх мэдэлтэнд үйлчилдэг төрд дараагийн ээлжийн дарга, үйлчилгээг нь авахаар дугаарлагсдын  оролдлого идэвхжсэнийх байх.   Түүнээс биш мундаг Ерөнхий сайд болоод бодлого гаргаж хэрэгжүүлье гэсэн нь  юу л бол. Гэхдээ ийм юм байдаггүй юм, тийм хөтөлбөр ч байхгүй.

-Таны нэр Ерөнхий сайд болох хүмүүсийн дунд яригдаж байна лээ?

-Би Улаанбаатар хотоо зорьж байгаа шигээ хөгжүүлмээр байна. Нийслэлээ Сөүл шиг ч юм уу нэг сайхан хот болгочихмоор байна. Гэр хороололд шинэ сайхан Улаанбаатар хот сүндэрлүүлэхийг  харах гээд завгүй байна, би. Миний хүсэл мөрөөдөл ердөө л энэ.  Сөүлийн Хан мөрнөөс урагш хэсэг нь ерээд оноос өмнө манай  гэр хороолол шиг байсан юм билээ. Тэгээд иргэд нь газраараа хоршиход банкууд нь зээл өгч, шинэ цагийн Сөүлийн өнгө төрх бий болсон байдаг. Нөгөө Ганнам дүүрэг тэгж л гэр хороололд боссон  байдаг. Түүн шиг манай Баянхошуу яагаад тийм Ганнам болж болохгүй гэж. Уулс дундаа, тийм гоё байгальтай. Чингэлтэй яагаад Саппоро шиг болдоггүй юм. Бүрэн боломжтой. Иргэдэд зээлийг нь өгчихөд ганц зуны дотор хотхоноо барьчихна даа. Иргэд өөрсдөө дандаа ухаалаг  шийдвэрээ гаргаж байдаг. Ногоон хөгжил гэж яриад байлтгүй хүмүүс приус машинаа худалдаж аваад унаж байна шүү дээ. Шинэ Улаанбаатараа гэр хороололдоо босгох нь, метрогоо барих нь миний мөрөөдөл болохоос юун Ерөнхий сайд, юун Ерөнхийлөгч.

-Хэдийгээр та 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн ч яригдаад л байдаг сэдэв. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юу?

-Дахиад л хэлье. Би өөр мөрөөдөлтэй. Ерөнхийлөгч гэдэг жижиг албан тушаал дээр очихгүй ээ. Ийм жижиг албан тушаал сонирхдог хүн би биш. Байн байн асуугаад байдаг болохоор ингэж л хариулья даа. Надад илүү том мөрөөдөл байна.

-Метро гэснээс хэдийд баригдах бол?

-Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарчихсан. Японы тал бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн байдаг. Гэтэл Засгийн газрын түвшинд жаахан дэмжлэг тааруухан байна даа.

-Та чинь Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байвал гарч ирээд шүүмжилчихдэг биз дээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай гэрээ хийлээ гээд шүүмжилж байсан. Одоо Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг шүүмжлэх зүйл алга уу?

-Би хувь хүнийхээ хувьд Ч.Сайханбилэгт сайнаар ханддаг юм. Өөрөө хувийн менежмент сайтай, асуудлыг дандаа эв дүйгээр шийдэх гэж оролддог. Түүнээс сайн үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг би байнга ярьж явдаг. Мэдээж, шүүмжлэх зүйл гарвал хэлэлгүй л яахав. Манай нам шилэн нам гэдгийг баахан ярьсан даа. Хэн нэг нь үнэхээр буруу зүйл хийсэн бол хэлээд, шүүмжлээд гараад ирдэг. Шаардлагатай бол тэмцэл ч хийдэг. Энэ мэт ажлын төлөөх маргаан бол хагарал биш. Харин ажлаа улам сайжруулах оролдлого байдаг.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг та хоёр нэг ангийнх байх аа. Та түүнийг тэгж шүүмжилснийхээ дараа  ойлголцсон уу, ер нь ажил хэргийн маргаан гэдгийг хүмүүс хэр ойлгодог бол?

-Н.Алтанхуяг намын эрх мэдэл рүү шууд халдсан учраас  шүүмжилсэн юм. Сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэхээ мэддэг намын дээд эрх мэдлийн өмнүүр орж, Н.Энхбаяртай нийлээд тойрог хуваасанд дургүйцсэн юм. МАХН бол Н.Энхбаяр гэдэг хүний хувийн өмчийн нам байж болно. Харин АН бол тийм биш. Иймээс  хэлэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ манай намынхны онцлог учраас нэг нь шүүмжлээд гараад ирэхэд бүгд ойлгож хүлээж авдаг байх.

-Таны ярианаас ардчиллын нэр хүнд унаж яваад ихэд бухимдаж байгаа нь анзаарагдлаа...

-Өмнө ч хэлсэн. Одоо ч хэлье. Дарга нарыг шүтсэн энэ тогтолцооноосоо салахгүй удаан явбал дарга шүтсэн мафийн төр бий болох аюул байдаг. Одоо л бид үүнийг ойлгож зогсоохгүй бол тэр бүгдийн ард ардчилал маань амь тавих гээд байна. Ардчиллаа аварч үлдэхийн төлөө би бүгдийг хийхэд бэлэн. Н.Энхбаярын нам, тэдний байдлыг харахад даргад үйлчилдэг тогтолцооны тод жишээ  шууд харагдана. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, хэрэв жирийн иргэн ял авч, хэрэгт буруутгагдсан бол ингээд зүгээр явж байх юм уу. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хамаа алга.  Үнэндээ шүүхийн шийдвэр гараагүй байхад Н.Энхбаяр руу дайрч, барьж, хориход нь “Ингэж болохгүй” гэдгийг би хэлж байлаа. Уучлаарай, харин одоо өөр. Шүүхээс шийдвэр нь гарсан. Н.Энхбаяр хоригдох ялтай хүн. Гэтэл Төрийн ордонд Засгийн газрын асуудал шийднэ гээд явж байна шүү дээ. Үнэхээр хуулиас гадуур хүн юм. Даргад үйлчилдэг төр байгаагийн илрэл энэ юм биш үү.  

Э.Энэрэл

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • nvxz

      (112.72.13.24) 2015-10-16 23:38
      • 0
      • 0

      Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах ” 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож, хуурч мэхлэн даажигнаж ирэв. ХТҮГ-ын Саранхүү авгай бүгдэд нь өгчихсөн гээд хэнэггүй залж байх юм. Иргдийг хулхидах, худал залахын уралдааныг төрийн түшээдийнхээ дунд зарласан ЭНЭ ЗАСАГ ийм түшмэдүүдтэйгээ эрт ОГЦРОХ нь өлзийтэй

      Хариулах

    • Баянхонгор

      (202.179.10.94) 2015-10-16 14:45
      • 0
      • 0

      Хайрлаарай

      Хариулах

    • Зочин

      (103.14.36.6) 2015-10-16 08:53
      • 0
      • 0

      Хотын унаган оршин суугч л хотоо сайхан болгож чадна.Амжилт............

      Хариулах