Э.Бат-Үүл: Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна

Twitter Print
2015 оны 10-р сар 14-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

Дахин төлөвлөлтийн зөвшөөрлийг би биш иргэд гаргадаг 

-Хотын даргатай уулзаж байгаагийнх ярилцлага маань нийслэл хоттой холбоотой сэдвээр эхлэх ёстой байх. Гэхдээ тантай илүү өргөн хүрээнд ярилцах хүсэлтэй байна. Өнгөрсөн сонгуулиар гэр хорооллын барилгажилт танай багийн гол барьж гарч ирсэн туг нь байсан. Энэ ажил хэр явж байна даа. Одоо сонгууль ч дөхлөө. Үүнийг бид бүтээлээ гээд харуулах зүйл хэр байгаа вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыгхариуцсан хороог Д.Баттулга даргалж байгаа. Гүйцэтгэх удирдлагыг нь миний орлогч дарга С.Очирбат хариуцаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хүмүүсийнхээ хийсэн ажилд дүн тавь гэвэл би онц дүн тавина. Үнэндээ гэр хорооллын дахин төлөвлөлт бол хэн хүний хэрээс хэтэрсэн ажил юм шүү. Энэ бол яах ийхийн зуургүй амархан бүтээд, нүдэн дээр босоод байдаггүй. Японд гэхэд 6.7 га газар дээр дахин төлөвлөлт хийх гэж 16 жилийг зарцуулсан байдаг. Газрынхаа эзэдтэй хөрөнгө оруулагч тал нь тохироход 12 жилийг зарцуулж, үлдсэн дөрвөн жилд нь барилгажилтаа хийсэн байх жишээтэй.Сөүлд гэхэд ийм ажилд таваас доошгүй жил зарцуулдаг гэдэг. Үүнтэй манай хоёр даргын хийсэн ажлыг харьцуулаад үзэхээрүнэхээр хурдтай, дээрээс нь сайн байгаа юм. Улаанбаатарын гэр хорооллыг дахин төлөвлөх энэ ажлындундуур МАН-ын Д.Сумьяабазар орж ирээд, гутаах гэж хичнээн оролдов доо. Ажил урагшилж байхад голоор нь их муухай хор гүйлгэсэн.Уг нь газрын эзэн, бизнесийн байгууллага хоорондын тохиролцоо явж байхад хэн ч дундуур нь орох ёсгүй юм. Нарантуул зах дээр хоёр хүн наймаа хийж байхад хажуугаас нь Д.Сумьяабазар ч юм уу, МАН ч юм уу гүйж ороод байвал утгагүй шүү дээ. Нэг нь газраа үнэтэй өгөх гээд, нөгөөх нь хямд авчих гээд аль аль тал нь сэтгэл хангалуун үлдэхэд амаргүй ийм наймааг хөндлөнгөөс хэн нэгэн үймүүлэх эрхгүй юм. Наймаа тохирч байгаа хүмүүс өөрсдөө л шийдэх асуудал. 

-Тэр олон хүнтэй тохиролцож, газрыг нь аваад байшин барина гэдэг ихээхэн эрсдэл дагуулсан, хөдөлмөр зарцуулсан ажил байх шүү?

-Та бүхэн санаж байгаа бол анхны санаа маань иргэд хамархашаагаараа хоршиж, газраа барьцаалж зээл аваад газар дээрээ байшин барих тухай байлаа. Гэхдээ тэр үед газрын үнэ үнэхээр бага. Баянхошуунд гэхэд 5-8 сая төгрөг, Дамбадаржаад 2-5 сая гэх жишээтэй л байсан. Газар өөрөө барьцаалбар болох чадваргүй байлаа. Тэгэхээр нь компаниудыг өнөөдөр хэрэгжиж байгаа хэлбэрийн дахин төлөвлөлтийнажил руу уриалаад оруулсан. Үнэндээ ч компаниуд маш их эрсдэл хүлээж үүн рүү орсон. Тооцоогүй уруу татагдаад орсон гэнэн компаниуд ч бий. Нэгжийн талбар дээр тэдний газар ч байхгүй, нэг газрын эзэн өөр юм хэлээд суухад л ихээхэн эрсдэл хүлээхээр ийм ажил руу тэр компаниуд орчихсон. Харин тэдний харанхуй эр зоригийн үр дүнд нь газрын үнэ эрс өссөн юм. Байршлаасаа шалтгаалаад янз янз байгаа ч зарим газар 250 сая ч гэж байна, зарим нь 80 саяар яригдаж байна. 20-30 саяын ч газар байгаа. Ямар ч байсан барьцаа болох боломжгүй байсан газруудын үнэ дунджаар 10 дахин өссөн юм. Өнөөдөр иргэд тэр бүр газраа зарах бодолгүй хүлээзнэж байгаа нь үнэ цэн нь өссөнийх. Харин одоо анх ярьж байсан ажлаа хэрэгжүүлэх боломжтой болж байна. Чингэлтэй дүүрэгт есөн айл газраа нийлүүлээд тэндээ 56 айлын орон сууц барих гэж байна. Есөн айл нь байрандаа ороод үлдсэнээ зарах нь байна шүү дээ. Ийм боломж бий болж байна. Санаанд нь буухгүй байсан зүйлс эхнээсээ биелж байна.

-Үнэндээ ч анх сонгуулиар ярьж байхад үнэмшилгүй санагдаж байсан л даа?

-Хүмүүс их энгийн асуултыг өөрсдөдөө тавьдаггүй юм. Өөр нэг хувийн компани Яармагт газар аваад барилга барьж болдог, харин бид яагаад газар дээрээ хотхон байгуулаад орж болдоггүй юм бэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьж чаддаггүй. Том компанийн ажил нь өөдрөг байж болдог, харин биднийх ийм уруу дорой байна гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг. Би анх үүнийгээ хүмүүст тайлбарлаж ойлгуулах гэж үсэрч дэвхцэхээснаагуур зүйл болж байлаа шүү дээ. Угаасаа миний ярьж байгааг эхэндээ хүмүүс хүлээж авдаггүй, үнэмшдэггүйд нь сурчихсан юм. Анх монгол хүнийг гадаадад зорчих чөлөөт паспорттой болгоно гэхэд гайхаж, малыг малчдад өгнө гэхэд галзуу солиотой зүйл ярилаа гэдэг байлаа. Гэвч биеллээ олсон, хэнд ч гайхам сонин байхаа больж. Одоо газраа барьцаалж зээл аваад байшингаа барих боломжтой болж байна.

-Тэгэхээр яг хэдийд шийдэгдэнэ гэсэн үг үү. Хэдийгээр явц нь удаан байдаг гэж байгаа ч нэг багцаа хэрэгтэй байна л даа?

-Одоо бид Азийн хөгжлийн банкнаас эхлээд банкуудтай ид ярьж байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулах талаар урьдчилсан байдлаар ярьж байна. Зээл өгч байгаа талд алдах зүйл юу ч байхгүй. Хэрэв зээлээ өгч чадахгүй байвал тэр 56 айлын орон сууцыг нь авна л гэсэн үг ш дээ. Алдах юм огт байхгүй. Гэхдээ иргэд маань үүнийг хүлээгээд суулгүй яаж хоршихоо тохирч, байшингийнхаа эсхизээс эхлээдажлын зураг гаргахтомажлуудаа хийх нь чухал байна. Энэ бүгдийгээ биднийг хүлээлгүй зэрэгцүүлээд хийж байгаарай гэдгийг иргэддээ хэлээд байгаа юм.Сан байгуулахаар л эхэлнэ гээд хойш суувал оройтно шүү.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хотын удирдлагууд мөнгө угааж байна гэдэг шүү дээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд барилгын компаниуд хөрөнгө мөнгө байхгүйгээс ажил зогсчихоод байна. Өнөөдөр угаалгаад байх мөнгө хаана ч байхгүй. Дээрээс нь тэнд шийдвэрийг дарга нар биш иргэд гаргадаг.Би энэ асуудлыг нугалж авч яваа орлогч дарга С.Очирбатдаа байнга хэлдэг юм. Хэрэв энэ мэтяриа хөөрөө гарах юм бол шууд шүүх хяналтын байгууллагад хандаж учрыг нь олуул аа. Энэ бол чиний ч асуудал биш гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг том бодлогыг гутааж байгаа хэрэг юм шүү гэж. Та нар анзаарч байгаа байх. Өмнө нь МАН хэзээ ч ингэж аль нэг хүний, хүчний эсрэг улайрч тэмцэж байгаагүй. Гэтэл одоо шатаж байна шүү дээ. Үнэхээр атаархаж хорсч байна. Учир нь тэднээс нийслэлчүүд “Та нар урьд нь асуудлуудыг яагаад ингэж шийдэж байгаагүй юм бэ” гэдэг асуулт тавибал юу гэхээ мэдэхгүй улалзах учраас өнөөдөр бидний хийж байгааг юу ч байсан хамаагүйгутаан доромжилж байна. Тэр асуулт Ардын намынхны хувьд хамгийн хүнд тусах, сэтгэл өвтгөсөн тулгалт юм.

МАН-ынхны шээс нь гоожих дөхсөн учраас сөрөг зүйлс явуулж байна

-Танай нам засаглаж байгаа сүүлийн гурван жил гаруйн хугацааг эс тооцвол нийслэлийг дандаа МАН-ынхан удирдаж байсан юм байна шүү?

-МАН-ынхан ерэн жилийн турш нийслэлийг удирдаж байлаа шүү дээ. Бид засаглаж байх хугацаандаа зам барих дээд амжилтыг тогтоолоо. Хүй долоон худгийн 8.2 км замыг 22 хоногийн дотор тавьсан. Социализмын үед ч ингэж хийж байгаагүй. Замынхандаа хандаж “Та нар рекорд тогтоолоо доо” гэхэд “Эвдэнэ ээ” л гэцгээж байсан. Одоо зуслангийн дөрвөн урсгалтай том хэмжээний замыг хоёр сар гаруйн хугацаанд тавьж байна. Үнэхээр тэд өнгөрсөн хугацаанд замын салбарт гарсан амжилтыг эвдэж байгаа нь энэ.Хүмүүс энэ бүгдийг нүдээрээ харж байна, бас хийж болдог л байсан юм байна гэж өөр хоорондоо ярилцаж байна. Нийтийн тээвэр хуучин ямар байсан билээ дээ. Одоо хүмүүс хэн нэгэнд загнуулж, чимхүүлэлгүй. Урд хаалгаараа ороод хойд хаалгаараа буудаг соёлтой үйлчилгээг авч байна. Смарт картыг хэрэглээнээс нь авч хаях боломжгүйгээр бид соёлтой үйлчилгээнд дасал болж байна. Сүлжээ төлөвлөлтөө өөрчилснөөр захын хороолол руу автобус хүрдэггүй байсан. Одоо очдог боллоо. Ингэжхүн ачдаг байсан нийтийн тээврийг хүнд үйлчилдэг нийтийн тээвэр болгон шинэчилж байна. Тийм учраас л энэ бүгдийг өмнө нь яагаад хийж болоогүй юм бэ гэдгийг МАН-ынхнаас асуухааршээс нь гоожихоо алдахдаа сөрөг мэдээлэл, элдэв гүжир гүтгэлэг цацаад амь тэмцэж байна.Сая цас ордог өдөр автобусныхан урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэтажил хаяхад МАН-ын төлөөлөгч нөхөр дунд нь хутгаад л гүйж байсан.Тэр нөхөр бусдад ямар хохирол учрах вэ гэдгийг боддог байгаа даа. Тэр хүн өөрөө өмнө нь нийтийн тээвэрт байсан.Тэр үедээ нийтийн тээврийг сайжруулахгүй яасан юм, хэн гарыг нь барьж хориод байсан юм бэ. Гэтэл одоо иргэдээбодохгүй, өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө бусдыг хохироож байна.Ийм хүмүүс байгаа нь харамсалтай.

-Шинэчлэл хийж байгаа нь сайн ч автобусанд дамжин суух хүмүүст үзүүлэх хөнгөлөлтийн асуудлыг түргэн шийдэхгүй байгаагаас чирэгдэл учруулж байна. Эсвэл шинээр оруулж ирсэн урт автобус нь салаад уналаагэх мэтийн жижиг зүйлүүдээс болоод том ажлууд чинь унаад байгаа юм биш үү?

-Энэ бол жижиг зүйлээс болж унаад байгаа юм биш л дээ. Зүгээр зохион байгуулалттай гүжир гүтгэлгийн улмаас тэгж ойлгогдоход хүрээд байгаа юм. Нөгөө оруулж ирсэн урт автобус нь салаад, хуваагдаад унаж гэнэ гэдэг цуурхал сошиалаар дүүрэн явсан. Энэ бол огт үндэслэлгүй гүтгэлэг. Өөр улс оронд байсан бол бүтээгдэхүүний нэр хүндэд халдсан хэргээр Беларуссийн талдбид төлбөр төлөхөөр болчихсон байгаа.Хорлоод ч байгаа юм шиг, тоглоод, шоглоод ч байгаа юм шиг үнэндээ байж суух газраа олохгүй л байх шиг, Ардын намынхан.Бид анхнаасаа хагас цагийн дотор дараагийн автобусанд шилжиж суухад үнэгүй зорчих нөхцөлийг судална гэдгээ хэлсэн шүү дээ. Эхлээд шинэ сүлжээндээ шилжих хэрэгтэй, тэгээд нэгээс нөгөө рүү шилжин сууж байгаа хүмүүсийн тоо хэмжээг гаргаж, хэр хэмжээний төсөв хэрэгтэй байгаа судалгааг гаргах ёстой болно. Ийм нэг хүлээх үе байна шүү гэдгийг анхнаас нь хэлж байсан. Одоо тооцоогоо нягтлаад бид ажиллаад байж байна. Хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах юм бол түгжрэл байхгүй болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Дэлхийд түгжрэлийн эсрэг цорын ганц арга хэмжээ бол нийтийн тээврийн үйлчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр аль болох бага төлбөртэй байх нь чухал.

Манай нийгэмд дарга нарт л асуудал байна

-Хоттой холбоотой танд тавих асуултууд байна аа. Гэхдээ одоо би таниас өөр асуулт асуумаар байна.Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон хүний тань хувьд, ардчиллын төлөө тэмцэж ирсэн тэмцэгчийн тань хувьд, энэ нэрийг тэгтэл хамгаалж хайрладаг хүний тань хувьд ардчилал маань юу болчихоод байна вэ. Ардчиллын нэр хүнд, мөн чанар хааччихаа вэ гэж асуумаар байна? 

-Ардчилал маань өнөөдөр юу болчихоод байна вэ, бид цаашид ардчиллыг авч явж чадах уу гэдэг нь бидний ярих сэдэв мөн. Эртний их сэтгэгч Платон гэхэд ардчиллын өөрийнх нь мөн чанарын талаар тэртээ олон зуун жилийн өмнө хэлж байжээ. Тэрбээр ардчиллын нэг гажиг бол сонгогчид хэнийг сонгоно түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Сонгогчид хулгайч, луйварчныг сонгосон бол түүнийхээр л явахаас аргагүй гэдгийг хэлж байжээ. Өнөөдрийн хувьд манай ардчилалд яг тэр гажиг нь илэрчихээд байна. Хуучин бид төр нэрийн дор дарга нарын эрх ашигт үйлчилдэг тэр нийгмийг буруутгаж тэмцэж байсан. Тэгээд ардчилсан хувьсгал хийж тэр болгоныг өөрчилж байлаа. Гэтэл өнөөдөр эргээд л дарга нарын төлөө үйлчилдэг тийм төртэй болчихлоо. Одоо хэн бүхэн дарга болно л гэдэг болсон. Нэг үгээр хэлбэл дарга болох дуртай синдром бий болчихсон. Гэхдээ тэр үеийн дарга нараас илүү муухай жигшүүртэй нь юу гээч. Тэр үеийн дарга нар одоогийнх шиг бизнестэй байгаагүй, төрийн нэрээр хувийнхаа бизнесийг явуулдаггүй байсан юм. Энэ байдлаас болж ардчилал үзэшгүй, ой гутам төрхтэй болж байна.

Барилгын компаниудад дарга нар газрыг нь өгөөд тэд байшин бариад орлого олж болоод байдаг. Энгийн иргэд нь болохоор болдоггүй. Ийм алагчлал гэж байж болох уу. Ингэж ардчиллыг зэрэмдэглэж болох уу. Компанид өгдөг эрхийг нь тэр иргэнд өг л дөө. Үнэндээ манай нийгэмд дарга нарт асуудал нь байна. Ийм дарга нар ардчиллыг гутаагаад хаячихлаа. Элий балай болгочихлоо. Одоо хүмүүс ардчиллыг үзэн ядаж, ардчиллын эсрэг асар том хөдөлгөөн бий болох гээд байна шүү дээ.

-Төрд орж эрх мэдэлтэй болж, өөрийнхөө бизнесийг явуулдаг олон хүнбайна. Тэднийг хараад ингэдэг юм байна гэсэн залуус ч цүнхийг нь бариад өөрсдийгөө бэлдээд явж байна шүү дээ...

-Нийтийн алба гэдэг нэрийг нь бодоод нэг үзээрэй. Нийтийн төлөө үйлчилнэ гэсэн үг. Гэтэл төрийн алба, өөрийгөө төр гээд бодсон хүмүүс олон байна. Дарга болоод бизнес хийгээд байх хэрэггүй. Бизнесээ хиймээр байвал албаа өгөөд хувиараа ажиллаж болно. Улс төр хүнийг их эвддэг болсон. Жинхэнэ муу хүмүүсийг үйлдвэрлэдэг газар боллоо. Хуучны цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатан үйлдвэрлэдэг болжээ. Найз нөхөд байсан хүмүүс тэнд орохоороо нэгэнтэйгээ тулалдаж эхэлнэ. Дотуур байранд боорцог булаалдаж байгаа хүүхдүүд шиг л байх юм даа. Том зорилгогүй улс төр хийж, өөрийгөө бодож байгаа хүмүүс ийм л байдаг. Юундаа ингэнэ вэ. Зөндөө л боломж өмнө чинь байна шүү дээ. Муу улстөрч, нүгэлтэй лам хоёр яг адилхан. Сахил санваар хүртчихээд нүгэл үйлдээд явдаг лам нар байдаг даа. Үүний нөгөө талд гэгээрсэн лам нийтийнхээ төлөө явах хүсэлтэй улстөрчид бас адилхан юм.

-Манайд ч нүгэлтнүүдийн тоо гэгээнтнээсээ хэдийнэ давчихсан л даа...

-Юун гэгээнтэн. Гэгээнтэн гэж байхгүй байна шүү дээ. Бүгд ардчиллыг гутаагаад амьтны элэг доог болгоод явж байна. Гэхдээ энэ байдлаас сонгогчдын хариуцлагыг салгаж ойлгохын аргагүй. Тэд л өнөөдрийн энэ хүмүүсийг сонгосон. Нутгийн минь хүү гээд л хулгайч луйварчдыг сонгочихдог энэ байдлыг Платон аль эрт хэлчихсэн юм.

Аав нь хотын дарга байхад хүү нь бизнес хийж болохгүйг ойлгосон

-Дарга нар эрх мэдлээ ашиглаж болохгүй, бизнес хийж болохгүй талаар та хэлсэн. Таны хүү Б.Чулуудайг аавынхаа нэр хүндийг ашиглаж барилгын бизнес хийж байна гэсэн шүүмжлэл ер тасрахгүй байгаа. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

-Б.Чулуудайн “Гранд лайн” компаний жишээ миний хувьд тун амаргүй жишээ юм. Хүү маань надад “Ааваа би ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн. Бусдын адил бизнес хийх эрхтэй, бас аавынхаа эхлүүлж байгаа ажилд тусалмаар байна” гээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил руу гадна дотны хөрөнгө оруулагч хүмүүстэй ярьж байгаад орсон юм. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүү маань аавынхаа ажил албаас болоод бизнес хийх эрхгүй болболхэцүү байна гэхэд нь “Тийм ч юм уу” гэж бодсон нь миний алдаа байжээ.

Үүнийг эхлээд биш явцын дунд ойлгосон нь миний буруу. Аав нь хотын дарга байдаг, хүү нь барилга барина гэдэг ямар ч зөвтгөл байхгүй юм байна, нийгэм үүнийг ойлгохгүй юм байна гэдгийг ойлгосон. Дахин төлөвлөлтийн шалгаруулалт дээр таван компани өрсөлдөөд “Гранд лайн” шалгарсан. Уг нь энэ шалгаруулалтыг би биш газрын нэгж эзэд буюу иргэд өөрсдөө шалгаруулдаг юм ш дээ. Тэд энэ компаниар хийлгэмээр байна гээд шийдвэрээ гаргасны дараа би тэдэн дээр очоод “Шийдвэрээ өөрчилж өгөөч ээ, дахин төлөвлөлтийн ажлыг маань гутаах гээд байна” гэж хүртэл хэлэхэд тэд Грандлайнаар “хийлгэнэ л” гэсэн. Иргэд нь энэ компанийг сонгосон. Тиймээс би бүх үйл ажиллагаагаа ил тод байлгахыг тэднээс шаардаж, тэд ч ил тодоор ажлаа явуулсан. Үнэндээ тэр ил тод байгааг нь хэн ч сонирхдоггүй юм билээ. Харин сөрөг хүчнийхэн маань үүнийг зуудаг нохой шиг л хав зуугаад авсан. Буруу талаас нь тайлбарлаад эхлэхээр үүн шиг сонирхол татсан асуудал байхгүй болж хувирсан. Эцэстээ ашиг сонирхлын зөрчил гэдгээр ойлгогдох болсон доо.

-Эцэг хүний хамгийн их итгэх нь хүү, хүргэн хоёр гэж манай өвгөцүүл ярьдаг. Тэр утгаараа хүү тань энэ ажил руу орсныг буруутгах аргагүй мэт. Хамгийн сайн хийнэ гэж өөрөө ч бодсон байх, та ч итгэсэн байх. Гэвч болсонгүй. Хүү тань алдаа гаргав уу?

-Би алдаа гаргасан гэж хэлэхгүй. Төслийг нь харж байхад хамгийн сайн төлөвлөлт хийжээ гэдэг нь харагдаж байсан. Аавынхаа ажилд ч тусална, бизнесээ ч хийнэ гэж тэр бодож байсан байх. Гэхдээ нэг зүйл яагаад ч байж болохгүй нь аав нь хотын дарга байхад хүү нь бизнес хийж болохгүй юм байна. Төсөл нь хичнээн сайн, алдаагүй, гүйцэтгэл нь мундаг байсан ч нийгмийг бурууд уруу татсан, зохисгүй зүйл юм байна гэж үзээд би хүүгээ энэ төслөөсгарахыг шаардсан.Дээр хэлж байсанчлан буруу тогтолцоог зөвтгөсөн мэт харагдуулж байсан учраас би ажиллаж болохгүй гэдгийг хүүдээ хэлсэн. Үнэнийг хэлэхэд аав, хүү хоёрын хооронд бяцхан тэмцэл өрнөсөн.

-Гэхдээ таныг хотын дарга болохоос өмнө танай хүү барилга барьдаг байсан байх аа. Таныг төслөөс нь гаргасанд гомдож байгаа болов уу?

-Уг нь ч тийм. Эрдэнийн төгөл гээд хотхон барихад нь би газар дээрээ эзэд нь нийлж барилга барьж болох юм байна гэдгийг ойлгоод үүнийгээ сонгуульд ярьж явж байлаа. Уг нь би даргын хувьд газар өгөөгүй, хүүгийнхээ компаниар ажил хийлгэх зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв тэгсэн бол адгийн ёс зүйгүй хэрэг болох байв. Иргэд нь шийдэж, иргэд нь газар дээрээ бариулна гэсэн. Хүү ч би таниас зөвшөөрөл аваагүй, газар аваагүй гэж л байлаа.
Гомдохын тухайд бизнес хийх урмыг нь хугалсан явдал болсон байх даа.

-Туркуудын гаргаад байгаа яриа ямар учиртай юм бол доо?

-Энэ бол цэвэр Чулуудай эсвэл туркуудаас нь асуух асуулт. Хоёр талын маргаан дундаас нь би ороод ярих юм бол жинхэнэ ёс зүйгүй хэрэг болно. Дарга гээд юу дуртайдаа дундаас нь ороод өөрийнхөө зүгээс тайлбар өгөөд байх нь утгагүй. Хувьдаа улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Үргэлжлэл бий.

Э.Энэрэл


 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сонгогч

      (203.194.114.25) 2016-02-20 10:35
      • 0
      • 1

      "МАН-ынхны шээс нь гоожих дөхсөн учраас сөрөг зүйлс явуулж байна" гэхийн оронд МАН-ынхан морь харах гэж байна, сур харвах гэж байна гэвэл зүгээр биш үү? Моринд дуртай МАН-йнхан сурчид болох нь дамжиггүй.

      Хариулах

    • zochin

      (202.21.100.202) 2015-10-15 11:21
      • 0
      • 1

      Харин ч юм хийгээд байгаа юм биш үү. Өмнө байсан удирдлагууд юу хийсэн юм. Ганц жишээ гэхэд л Зуслангийн замыг сайхан болгосон байгаа биз дээ.

      Хариулах

    • bold

      (202.21.118.98) 2015-10-15 09:02
      • 1
      • 0

      Chi hiij baigaa ajliin 70% ni ard tumend taalagdahgui bna

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.137) 2015-10-14 17:20
      • 2
      • 0

      Хуцаад бай иргэд бид нар зөвшөөрлийг нь гаргадаг байсан бол яагаад манай байрныхан бүгдээрээ барилга бариулахгүй гээд гарын үсгээ цуглуулаад зураад өгч байхад одоо нар хаагаад барилга барьчихсан байгаан Бат-Үүл ялагдагчаа

      Хариулах