Эр хүн

Twitter Print
2015 оны 10-р сар 12-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Намрын шар нар миний амьдардаг орчлонгоос ханын нүд дамжин алсарч байна. Яахав ээ, буцсан нар ирэх хавраар түмэн цацраг дотроо шувууд зэллүүлээд асгаж ирнэ дээ гэж бодохоор сэтгэл өег. Энэ хэрээр хүний мөн чанар чанадын чанад одож байгааг өдрөөс өдөрт улам бүр мэдрэх болов. Харин энэ мөн чанар хэзээ эргэж ирэх вэ гэдэг асуулт ямар ч хариултгүйгээр үлдэж байна. 

Улаанбаатарын гэр хорооллыг хямд өртгөөр дулаан өвөлжүүлснийхээ төлөө ял авсан Л.Гансүхийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр очиж, түүнийг цээжээр хамгаалахыг хараад эр хүн гэж бодлоо. Хамгаалж чадаагүй ч очиж байгаа сэтгэл нь сайхан хэрэг. Өнөөх алга болсон мөн чанарын хэлтэрхий зогсож байгаа мэт санагдах шиг. Ирэх хаврын нартай хамт ирэх юм биш байгаа гэсэн гэгээ татуулж өөрийгөө хуурсан юм. Гэтэл өнөөх эр чинь шүүх хурлын гадна сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ч олон нийтийн сүлжээнд хэнээс ч айхгүй үгээ хэлчихсэн зэргээс харвал овоо эр юм, болж хуна. Сэтгэлийн хойморт алга дарамхан унасан өнөөх итгэлийн гэгээ гөрөөсний хэвтэр шиг томорч байгаад өөрийн эрхгүй сэтгэл баяслаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муучлах зоригтой аавын хүү энэхэн улстөрийн орон зайд алга. Харин Н.Алтанхуяг хэвлэлээр энэ бүгдийн захиалгач нь гэдгийг бараг л хэлчихлээ. 

“Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс нэгнээ түлхэх” болсон улстөрийн ороо бусгаа цагт ийм чанар гаргасан нөхрийг эр хүн гэхээс яахав. Тиймээс энд нэгэн зүйлийг нэхэн санахад хүргэв. Оюутан ахуй цагаасаа нөхөрлөж, УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, нэгэн намд хамт ажиллаж, хамт сонгуульдаж явсан нөхөд нэгнээ шоронд ороход нь “одоо наадхиа тэгээд чимээгүй хая аа” гээд сууж байсныг би сайн санах. Бас ийн хэлсэн нөхрийг сайнаас сайн таних. Сайнаас сайн гэснээс “одоо хая аа” гэх үгийг хэлнэ чинээ бодоогүй суусныг санахад сайн таних гэдэг худлаа болж таарна. Улстөрийн талбарт тэр нөхрийг Н.Алтанхуягтай жишбэл ёстой хөл тэнцэж байгаа ишиг юм. 

Энэ бүгдийг эргэцүүлэн бодож суухад болж өгвөл утгын чанад руу, ядахад л он цагийн хэдэн даваа өнгийхөөс өөр аргагүй сэтгэгдэл төрснийг нуух юун. Ингэхэд Норовын Алтанхуяг гэгч хэн бэ. Улстөрийн хувьд бол ууган хүчин МАН-аас АН-ыг хол байлгаж, нам дотроо “Алтангадас” фракцийг хүчирхэг байлгаж, өөрөө өндөрт байх гэсэн хүн. Эр хүний боддог л бодол, яадгийм. Амьдралын хувьд бол анхны эхнэр хүүхдүүдээсээ салж, залуу эхнэр авсан. Бас л хоёр гэр бүл зохицуулах гэж өөрийнхөө хэмжээнд зовлон цуглуулж яваа эр хүн. Яадгийм, энэ бол чаддаг эр хүний амьдрал. Орон зайн хувьд тэр нам дотроо ч, эсрэг тэсрэг хүчин дунд ч тэр суудал доогуур борви нуглахгүй хэмжээнд өөрийгөө бэлдсэн эр хүн. Зангаргийн хувьд ч давуу тал бусдаас хол тусна. Улсдаа тэргүүлэх МУИС-д багшаар олон жил ажилласан залуу ерэн оны хувьсгалаар Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга болон их улстөрд хөл тавьсан цагаас хойш тасралтгүй өсч өндийсөөр Ерөнхий сайд болсон гэдгийг надаар хэлүүлэх юун. УИХ дахь байнгын хороон дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд гээд дамжиж өссөн зангараг нь түүнийг улстөрийн талбарт баганаас урьд борви нуглуулахгүй нь дамжиггүй. 

Улстөрийн ийм л жинтэй намтартай нөхөр яллагдаж буй нөхрийнхөө шүүх хурал дээр “Яллах гээд байвал намайг ялла” гээд зогсох, улстөрд дөнгөж хөл тэнцэж байгаа нялх ишиг “одоо наадхиа хая аа” гэх хоёрын дунд ёстой л тэнгэр газрын зай байна даа. За энэ ч яахав. Эр хүний тухай бичиж байгаа учраас гомдлыг ингээд мартая. 2011, 2012 оны заагт тэрээр С.Баярын байгуулсан стандарт бус Засгийн газраас намаасаа томилогдсон сайдуудаа аваад гарчихав. АН-ын даргын хувьд сонгууль угтсан ажиллагаагаа ийнхүү эхлүүлэв. 2012 оны сонгуульд АН илүүрхэсэн нь Н.Алтанхуягийн зангараг гэж харахаас өөр арга алга. АН-ын дарга байгаад ялалт авчирсан учраас тэрээр Засгийн газар байгуулж, тэргүүн болох эрхэм үүрэг хүлээсэн. Засгаа байгуулах болоход тэр мөнхийн өрсөлдөгч МАН-ыг засагт урьсангүй. Гомдогсод гологдогсодын бүлэг “Шударга ёс”-ыг уриад засгийн хатавч бараадууллаа. Шазуур зууж байна, эр хүн. 

2008 оноос 2011 оны эцэс хүртэл хажуу бөөрөндөө тээж, татварын мөнгөөр тэжээсэн МАН-ын ачийг ор тас мартав. МАН-ынхан ч далдхан гоморхол тээж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг өдөр шөнөгүй муулсаар суудлаас нь буухаар мартчихсан. Эрх баригч хүчний тэргүүн маань МАН-ыг засгаас хол байлгахын зэрэгцээ нам доторхи фракцуудыг номхон байлгахын төлөө үзэж тарав. “Женко” Х.Баттулга, З.Энхболд, Ц.Элбэгдорж нараас ирэх галыг цээжээрээ хааж, “алтангадас”-ыг ч тэр, “шонхор”-ыг ч, МоАХ-г ч тэр адилхан дэвжээнд хамт зогсоож чадсан. Олон фракц бүлэглэлээс бүрдэх олон ургальч үзэл бүхий АН хэмээх их айлыг авч явна гэдэг амаргүй асуудал. Олон бүлэглэлийг хооронд нь нүдэлдүүлэхгүйгээр, мөн хажуу хавирганаас нударчих гэсэн МАН-аас зайгаа барьж явна гэдэг үнэндээ л хүнд. Бас болоогүй, МАН-ын угшил нэгт МАХН-тай хэл амаа ололцох, АН-ын угшил нэгт МҮАН-ын жорыг нь тааруулах энэ бүгд бол эцэс төгсгөлгүй их тулаан юм. “Алтангадас”-ыг АН-ын хоймроос авч хаях гэсэн эцэс төгсгөлгүй тулааны зэрэгцээ хямралын сүүдэрт жиндсэн Засгийн газрыг тэргүүлэх гэдэг хүсэх ч ажил биш. Ёстой л эр хүний л хийх ажил. Эдийн засгийн ороо бусгаа цагт бонд босгоод Монгол Улсад мөнгө оруулаад ирэв. “Фортуна”-гаа Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилоод дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгож Монгол Улсын мөнгөний авдарт хийгээд авсан. Түлэх түлшгүй болсон айл мөнгө зээлж байж л түлээгээ базаана биз дээ. Ямар хөлдөж үхэлтэй биш. Идэх гурилгүй болсон айл мөнгө зээлж байж л хоногийн хоол залгана биз дээ. Өлсөж үхэлтэй биш. Гагцхүү хэзээ ямар эх үүсвэрээс зээлсэн мөнгөө өгөх эсэх нь л сонин байх. Нөгөө талаар Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан нь том мөнгөнийхөө эх үүсвэрийг МАХН-д өгсөн Сангийн яамнаас хол байлгаж чадав. Нохой ч гэсэн эр хүний л ажил. 

Хэд хэдэн аймгийг хатуу хучилттай замаар холбочихлоо. Магадгүй, айсуй 2016 оны сонгуулиар Н.Алтанхуягийн зориглож барьсан хэдэн зам АН-ын рейтэнгд нөлөөлж аминд нь орж таарна. Эдийн засаг хүнд үед хамаг мөнгөө зам руу хийсэн хэмээн мулгуугаараа дуудуулж л байна. Үнэн хэрэгтээ энэ зам нь АН-ын аминд орно, харж байгаарай. Эр хүнээс л гарах зориг бол энэ. Мөнгөний хомсдол дундуур “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Үүнийг тойрсон хардлага нийгмийг нилдээ бүрхэж, сөрөг хүчнээс хэсэг хэрэг илрүүлэгчид Н.Алтанхуягийн садан төрөл, фракцийнхан нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдаж их мөнгө халаасласан тухай ч хэвлэлээр цацав. Тийм ч биз. Үгүй ч биз.

Тавантолгойн ТУЗ-ын даргаар хүргэн Г.Дэнзэнгээ тавьж, Засгийн газрын дэд тэргүүн болгож шуугиан дэгдээв. Эгчийнхээ охины “Говь повер” компанид 17 тэрбумын тендерийг аваад өгчихлөө. Хулгай хийсэн биш яахав дээ. Н.Алтанхуягийн оронд хэн нэгэн байсан бол 17 тэрбум биш 107 тэрбумыг өгөх байсан биз. Өөрийнхөө охиныг Стандартчилал хэмжил зүйн газар данслуулаад жирэмсний амралтыг нь авхуулчихсан. Яадгийм. Хүүхдийнхээ амьдралд анхаарч, ажлыг нь зохицуулж байгаа л эцэг хүн биз дээ. “Хаан жимс” амралтын газар нь бохироо Туулд юүлсэнийг дэлгэсэн сайтыг хэдэн сараар хаалгачихлаа. Төрийн толгойд байгаа улстөрчийн хийдэг буюу чадах зүйл нь энэ биз дээ. МАН-аас зайгаа барьсан Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулаад авсан. Нам хэмээх бүлэглэл, Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаа хадгалж үлдэхийн тулд нэгэн цагийн дарангуйлагчтай нэгэн хөнжилд орж чадаж байна. Өөр яах ч билээ. Н.Алтанхуяг хийхгүй бол өөр нэгэн бас л ийм замыг сонгох учраас яадгийм.

Ерөөсөө энэ цагийн улстөрийн талбарт хамгийн явж болох боломжит хувилбар үүнээс өөр бараг харагдаагүй. Байгаа ч үгүй болов уу. Н.Энхбаяраас Ц.Элбэгдорж айж байгаа бололтой. Тиймийн тулд засгаас МАХН-ыг гаргаж хүчгүйдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр зэхсэн нь хараахан хэрэгжээгүй. Тэгэхээр сөрөг хүчин МАН-ыг засагт оруулж таарна. Энэ бол нэг хүний төлөө хийж байгаа бодлого. Харин нөгөө талаас МАН-ыг засгаас хол байлгаж, МАХН-д тал үзүүлснээр МАН-ын саналыг хувааж АН өөрөө голоор нь гүйх бодлого барьж байна. Энэ бол бүхэл бүтэн намын төлөө хийсэн Н.Алтанхуягийн ажиллагаа. Энэ бүгдээс харвал Н.Алтанхуяг бусад шиг хар амиа бодсонгүй. Н.Энхбаяр нарыг МАХН хэмээх нэрийг авахаар гутлынхаа улыг элээн зүдэрч байхад нэрийг нь бодлогоор өгчихсөн гэдгийг бүгд л ярьдаг. Түүнийхээ хүчээр мөнхийн өрсөлдөгч МАН-ын саналыг хувааж засгийн эрх атгасан хэрэг шүү дээ. Өдгөө хамтран зүтгэсэн нөхдийг нь шалгахыг нь шалгаж, яллахыг нь яллаж байгаа улстөрийн амаргүй бэрх замаар явж байна. Л.Гансүх, Г.Дэнзэн, Я.Батсуурь гээд ээлж дараалан шалгаж, яллаж буй. Энэ бүгдийн дэргэд нэгэн нөхрөө цээжээрээ хамгаалах гээд явж байгааг хараад ийн дурдахын шалтгаан болсныг нуух юун.

Эх сурвалж: Үндэсний мэдээ
С.Ууганбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.