Ч.Сайханбилэг: Ирэх оны төсвийг бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах бодлогын хүрээнд зарим томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна

Twitter Print
2015 оны 10-р сар 09-нд 19:55 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхэлж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл

төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох тусгай шаардлагыг баримтлан, уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг төлөвлөхдөө төсвийн орлогод ихээхэн нөлөө үзүүлдэг гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг олон жилийн дундаж үнэ болох тэнцвэржүүлсэн үнээр тооцож, тэнцвэржүүлсэн үнээс давсан хэсгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх болон төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд санхүүжүүлэх тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримталсан. Хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны төсвийн жилд Засгийн газраас чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр бий болж, 2016 оны Засгийн газрын мэдэлд мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хуваарилж, зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцлов. Мөн Монгол Улсын төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд төсөв, татварын орлогыг тогтвортой байлгах, төсвийн санхүүжилтийг найдвартай эх үүсвэрээр хангахын тулд 2016 оны төсвийн төсөлд улсын төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг бий болгох, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэлээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн орлогыг бодитойгоор тооцох; “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ гэж тооцох; “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцох; УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдсэнээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Харин төсвийн зарлагын тухайд бүх шатны төсөвт хэмнэлтийн горимыг мөрдөж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, нийт зардлын өсөлтийг хязгаарлах; Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, 2016 оны 8 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх; төрийн байгууллагуудын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүй зохион байгуулах, зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх; төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, нийгэм, хүн ам зүйн статистик өөрчлөлт, эрчим хүчний үнэ, тарифын өсөлттэй холбоотой нөлөөллийг төсвийн төсөлд тусгах; зөвхөн нийгмийн үйлчилгээний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ашиглалт, УИХ болон Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан зайлшгүй нэмэгдэх шаардлагатай зарим орон тоо, зардлыг төсвийн боломж, нөөцтэй уялдуулан үе шаттай төсөвт тусгах, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн аливаа хөрөнгө оруулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалттай холбоотой гарах урсгал зардлыг орон нутаг бие даан санхүүжүүлэх зарчимд шилжих, ингэснээр орон нутгийн өмчийн ашиглалт, хөрөнгө оруулалтыг оновчтой, үр ашигтай болгох зэрэг зарчим баримталсан гэдгийг дурдлаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагын дагуу нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон. Зэсийн баяжмалын экспортоос төсөвт төвлөрөх орлого нэгдсэн төсвийн орлогын 3 хувиас давах тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу гол нэр төрлийн эрдэс баялаг байх болно. Төсвийн орлогыг бодитой төлөвлөхийн тулд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан 12 жилийн дундаж үнийг бус 20 жилийн дундаж үнийг ашиглахаар хуульд өөрчлөлт оруулсан. Ийнхүү тооцоход 2016 оны төсвийн жилд нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 5,137.7 ам.доллар байхаар байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4.0 хувиас илүүгүй байх ёстой. Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувь болохоор байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2016 онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байх ёстой. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд туссан Засгийн газрын шинээр авах зээл, гаргах үнэт цаас, өрийн баталгаа, тэдгээрийн эргэн төлөлт болон Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг оруулан тооцсоноор 2016 оны эцэст Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 54.4 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Мөн ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх, бүх шатны төсөвт хэмнэлтийн горимыг мөрдөх, нийт зардлын өсөлтийг бууруулах замаар төсвийн урсгалд зардал шинэчлэл хийсний үр дүнд анх удаагаа төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс 0.73 хувиар бага байхаар төсвийн төслийг боловсрууллаа. Ингэснээр Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувь болохоор байна гэдгийг дурдав.

Төсвийн урсгал зардлын өсөлтийг бууруулах чиглэлээр 2014 оноос хойш шат дараалсан арга хэмжээ авч ирсэн нь зохих үр дүнгээ өгч байна. Гэвч төсвийн орлого өндөр өсөлттэй байсан 2010-2013 оны хугацаанд төрийн захиргааны байгууллагуудын шинээр нэмэгдсэн орон тоо, бүтэцтэй холбоотой болон бусад урсгал шинжтэй зардлыг эдийн засгийн хүндрэлтэй үед төсвөөс санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байна. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд нэмэгдсэн орон тоо, бүтэц нь чиг үүргийн давхардлыг бий болгож төсвийг үр ашгийг бууруулж байна. Иймээс 2015-2016 онд хэрэгжүүлж байгаа төсвийг бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах бодлогын хүрээнд зарим томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай болж байгааг Ерөнхий сайд онцлов. Тиймээс төрийн захиргааны байгууллагууд, ялангуяа яам, агентлагийн чиг үүргийн давхардлыг арилгах, эдийн засгийн хүндрэлийн үед цомхон бүтэцтэй ажиллах үүднээс яамдыг шинэ бүтцийн дагуу шинээр зохион байгуулж Засгийн газрын зарим агентлагийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах саналыг төсөвт тусгасны дагуу холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулсан. Тухайлбал, одоо байгаа 15 яамыг 2016 оны 8 дугаар сарын 01-нээс хойш 9 болгож цөөрүүлэх, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн зарим агентлаг, газар, сангуудыг татан буулгах, заримыг нь нэгтгэн зохион байгуулах, яамдын дэд сайдын орон тоог цомхотгох зэрэг өөрчлөлтийг хийхээр тооцож холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг боловсруулсан тухайгаа онцолсон юм.

Төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Батсуурь, Д.Сарангэрэл, С.Дэмбэрэл, С.Оюун, Су.Батболд, Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан нар Сангийн сайд болон салбарын сайд нараас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.

Сангийн сайд Б.Болор гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хэдийгээр ирэх он нь сонгуулийн жил ч гэсэн аль болох эрүүл төсөв оруулж ирэх зарчим баримталсан. Энэ үндсэн дээр 2017 он гэхэд алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэх юм. Ирэх онд тэтгэвэр тэтгэмжийн тухайд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Харин төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудлыг 2016 онд үргэлжлүүлэхээр тусгасан. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан нөхцөлд цалин хөлсийг нэмэх асуудлыг ярих боломжтой. Ажлын давхардлыг арилгах арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлэхийг төсөв захирагч нарт үүрэг болгосон. Төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 15 хувиар бууруулахар төсөлд тусгасан. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарт ямар нэг таналт хийхгүй гэдгийг хэллээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдэх байх гэлээ.

Яамдаас ирүүлсэн санал, зураг төсвийг нь үндэслэн ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийн шиннэ хөрөнгө оруулалт хийхээр тусгасан, эдгээр барилга обьектыг онд нь багтааж дуусгах боломжтой гэж үзэж байгаа. Ирэх оны төсөвт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2030 төгрөг байхаар, эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг тонн тутамд 5137 ам.доллар байхаар тусгасан. Энэ нь бодитой тоо гэж үзэж байгаагаа хэллээ. Харин ирэх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад зориулан өндөр үнэтэй 50 суудлын автомашин худалдаж авсан гэдэг яриа гадуур тархаад байгаа тухайд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах зардалд зориулж 2015 оны улсын төсөвт 5 тэрбум, 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан. Суудлын 50 автомашин авах тухай яриа байхгүй. Харин тусгай зориулалтын 5 автомашин авах асуудлыг Гадаад хэргийн сайдын багцад тусгасан, үүнээс өөр төсөв дарамт учруулах ямар нэг асуудал байхгүй гэсэн хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Сангийн сайдаар ажиллаж байсан гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж улс төрийн ямарваа нэг зорилгогүйгээр улс орны эдийн засгийн бодлоо ярилцан ойрын төлөв байдлыг сайн нягталж бодит хөрсөн дээр буусан мэргэжлийн санал оруулж хэрэгтэй байна гэсэн санал гаргасан юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга З.Энхболд зөвхөн Төсвийн байнгын хороо гэхгүйгээр бүх гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулна гэдгийг хэлсэн юм.

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороод болон нам, эвслийн бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.