Бага олимпоос их олимпийн оргил руу

Twitter Print
2015 оны 10-р сар 09-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Орхон аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Өсөхбаярын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Эрдэнэт бага олимп-2015” наадам өчигдөр (10.08) Баян-Өндөр суманд нээлтээ хийлээ. Энэ удаагийн бага олимпт 22 багийн тамирчин жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, хөлбөмбөг болон марафон, шатрын тэмцээн гэсэн есөн төрөлд 211 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

“Бага олимпоос их олимпийн оргил руу” уриатай энэхүү болж буй уг тэмцээн өчигдөр “Эрдэнэт” амралтын хүрээлэнд боллоо.

Наадмын бамбарыг олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, “Атланта-1996” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар асаалаа. Мөн наадмын тугийг чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтуяа, “Рио-2016” олимпийн наадмын оролцох эрхээ аваад байгаа Дэлхийн цом, Универсиад, Азийн наадмын аваргын алт, мөнгө, хүрэл медальт буудлагын ОУХМ Ц.Мөнхзул, Монгол Улсын харцага, чөлөөт бөхийн спортын мастер Н.Саранцогт, волейболын ОУХМ Д.Цагаан-Эрдэнэ нар мандуулсан юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, Орхон аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Өсөхбаяр хэлэхдээ: “Орхон аймгийн ард иргэдийн дунд спортын арга хэмжээ бага болдог. Тиймээс бид олимпийн цикл айсуй энэ үед бага олимпийн наадмыг зохион байгуулахаар болсон юм. Энэхүү наадмыг зохион байгуулснаар хамт олноороо спортын ямар ч төрөлд өрсөлдөх боломжтойг харах, ирээдүйн ази, дэлхий, олимпийн аваргуудыг төрүүлэх эхлэлийг тавьж байна. Энэ удаагийн наадамд 22 багийн 1600 гаруй тамирчин спортын есөн төрөлд 211 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Энэхүү наадмыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн маш олон байгууллага, хамт болон бий. Та бүхэнд баярлалаа. Орхон аймгийн ард түмэн цэнгэлдэх хүрээлэнд бага олимпийн наадмын туг залж, бамбар асааж. шударга өрсөлдөөн, чинхүү хөдөлмөрийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан “Юуны өмнө та бүхэнд МҮОХ, Монголын олимпийн их гэр бүлийн нэрийн өмнөөс халуун байр хүргэе. Монгол оронд олимпийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж буйн тод илрэл бол эх орны маань хөдөө орон нутагт бага олимп ээлж дараалан цуурайтаж, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгийн буухиаг залган өнөөдөр Баян-Өндөр суманд бадамлан асаж байгаад баяртай байна. Аваргыг аймгаас нь төрүүлэх, бага олимпоос их олимп руу тэмүүлэх хүсэл зориг бүхий бага олимпод оролцогчид болон энэхүү наадмыг санаачлан зохион байгуулагчид, орон нутгийн удирдлага, спорт, олимпимийн дархан түнш “Эрдэнэт” ХХК, бусад дэмжигчдэд баярласнаа илэрхийлье. “Рио-2016” олимпийн наадмын салхи сэвэлзсэн чухал мөчид тив, дэлхий, олимпийн алдартнуудыг төрүүлсэн Эрдэнэчүүд та бүхний бага олимп амжилт дүүрэн болох нь дамжиггүй. Та бүхний шинэ санаа хурднаас хурдан, нижгэр, амжилт өндрөөс өндөрт шигшмэл тамирчид хүчтэнээс хүчтэй байх болтугай” гэв.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.