А.Энхбат: Хямралаас ойрын дөрвөн жилдээ гарахгүй

Twitter Print
2015 оны 10-р сар 06-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын намрын чуулганаар улсын төсвийн төсвийг танах шийдвэр гаргасан. Энэ нь эдийн засагт ямар үр дагавар авчирч болох талаар МУИС-ийн багш доктор профессор А.Энхбаттай ярилцлаа.


-Эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна гэж хүн болгон ярьж байна. Харин улстөрчид эдийн засаг эрүүлжиж байна гэж тайлбарлах боллоо. Эдийн засагч хүний хувьд асуухад эдийн засагт ямар нэгэн “өвдөлт” байхгүй гэсэн үг үү?

-2015 эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт гурван хувьтай байна. 2014 оны эхний хагас жилийн үзүүлэлттэй харьцуулахад таван хувиар буурсан. Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурсан, валютын хадгаламж өссөн, чанаргүй зээлийн хэмжээ өссөн, шинэ ажлын байр гарахгүй байна. Үүнээс үзэхэд нийт эдийн засаг агшсан байна. Өөрөөр хэлбэл, 2004 оноос хойш уул уурхайн салбараас хамааралтай явсан эдийн засаг өнөөдөр бодит нөхцөл байдал руугаа орж ирж байна. Гэхдээ энэ бууралт эдийн засгийн хямралаа давхар агуулсан байдалтай байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харуулдаг хоёр гол шалгуур үзүүлэлт байдаг. Үүний нэг нь төсвийн алдагдлын хэмжээ юм. 2015 оны найман сарын байдлаар улсын төвсийн алдагдлын хэмжээ 679 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Харин өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 153 тэрбум байсан. Тэгэхлээр энэ онд долоо дахин их хэмжээний алдагдал хүлээгээд байна гэсэн үг юм. Эдийн засгийн нөхцөл байдлыг харуулдаг нөгөө нэг үзүүлэлт бол төлбөрийн тэнцлийн асуудал юм. Үүний дотор урсгал тэнцэл гол нөлөө үзүүлдэг. Манай улс энэ жилийн хувьд 334 сая ам долларын алдагдалтай байна. Ингээд харахаар хоёр том үзүүлэлт алдагдалтай байгаа учраас эдийн засаг гүн хямрал руу явж байна гэж хэлж болно.

-Эдийн засгийн хямралаас гарах ямар боломж байна. Ойрын хугацаанд хямралаас гарна гэсэн итгэл эдийн засагт байна уу?

-Монгол Улс уул уурхайн салбараас хамааралтай байсаар ирсэн. Тэгэхээр цаашид ашигт малтмал дэлхийн зах зээлд ямар үнэ ханштай байна гэдгээс үл хамаарсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд мөнгө олж болох бүх л салбаруудыг, тухайлбал аялал жуучлал, хөдөө аж ахуй, хөрөнгийн зах зээл зэргээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах нь чухал юм. Ингэснээр бие даасан нөхцөл бүрдэж аливаа улсаас хараат бус болж чадах давуу талтай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн “өвдөлт” бол уул уурхайн уналт, засаглалын хямралаас ихтэй. Хэрэв “өвдөлт”-ийг бага амсая гэвэл Засгийн газар, Монголбанк бодлогын түвшинд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай.

-Сангийн сайд ирэх оны төсөвт хатуу бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа. Төсвийн хатуу бодлого эдийн засагт яаж тусах вэ?

-Өмнөх онуудад төсвийн хэт их тэлэлттэй бодлого явуулж байсан. Энэ нь тухайн үед маш их хэмжээний гадаад валют орж ирж байсантай холбоотой. Валютын урсгалаар дамжуулж татварын орлого их хэмжээгээр нэмэгдсэн. Орлогоо дагасан зарлагын өсөлт бий болсон. Тэгэхээр өнгөрсөн тав, зургаан жил Монгол Улсын эдийн засаг хэт тэлэлттэй байсан гэсэн үг. Харин одоо улсын төсвийн татварын орлого багасаад ирэхээр эргээд зарлагаа багасгаж чадахгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, маш их хэмжээгээр өссөн төрийн албан хаагчдын тоо, цалин тэтгэвэр тэтгэмж гэдэг ч юм уу, өөр бусад салбарт хөрөнгө оруулалтын хэмжээг нэмсэнтэй холбогдуулаад төсвийн алдагдлын хэмжээ өсчихөөд байна. Цаашид үр ашигтай ажиллах төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шинж чанарыг агуулсан төсөв хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсвийн хатуу бодлогыг улстөрчид дэмжээд өгөх хэрэгтэй юм.

-Ирэх онд дэд сайдуудыг татан буулгаж, агентлагуудыг нийлүүлэхээр болсон. Энэ төсөвт бодит хэмнэлт авчирч чадах уу?

-Үр ашиг нь мэдэгдэхгүй, ямар төрийн үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхойгүй ийм албан тушаалыг байхгүй болгох шаардлагатай. Харин цэрэг, цагдаа, аюулаас хамгаалах ажилтан, эрүүл мэнд, боловсролын салбарт хүргэж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулж, ямар ч тохиолдолд таналт хийж болохгүй. Зөвхөн төрийн захиргааны байгууллагууд дээр цомхотгол хийх хэрэгтэй. Ерөнхий сайдын шийдвэрлэсэн төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар буруулах ажил өнөөгийн эдийн засагт шууд нөлөөлөөд төсвийн байдал сайжирна гэвэл худлаа. Энэ нь хоёроос гурван тэрбумын таналт бий болж байгаа. Үүн дээр нэмээд царцсан барилгуудаа зарах шаардлагатай гэж үзэж байна.

-Инфляци 6.6 буюу нам төвшиндөө хүрчихээд байхад Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсээр байгаа. Энэ нь эдийн засгаа хумиж байна гэсэн шүүмжлэл гарч байна?

-Төв банкны явуулж байгаа мөнгөний хатуу бодлого зорилгодоо хүрч чадсан. Ер нь улсын төсвийн бодлого төв банкны мөнгөний бодлого хоорондоо нийцэж байх шаардлагатай юм. Өнгөрсөн жилүүдийн тухайд бол Монгол Улс төсвийг хэт тэлэх бодлого явуулсан. Үүний эсрэг төв банк зогссон хэрэг. Төсвийн зөөлөн бодлогод эдийн засгаа татан унагаахгүйн тулд төв банк түүний эсрэг хатуу мөнгөний бодлого явуулж байсан. Засгийн газар, Монголбанкны хамтарч хийсэн нэг том ажил бол гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах ажил байсан. 2013 оноос хойш их хэмжээний зээлийг аж ахуй нэгжид олгосон. Одоогоор 760 гаруй тэрбумын зээлийн өрийн үлдэгдэл байна. Үүнийг Засгийн газарт шилжүүлэх хэрэгтэй. Засгийн газар төв банктай хамтарч явуулсан энэ хөтөлбөр үр ашигтай байсан эсэх асуудал нь өнөөдөр харагдахаас илүү маргаашийн эдийн засагт мэдрэгдэх юм.

-Төв банкнаас авч байгаа мөнгөний хатуу бодлого үргэлжилбэл эдийн засаг царцах аюултай биш үү?

-Цаашид төв банк хатуу мөнгөний бодлого үргэлжлүүлхээс өөр арга байхгүй. Засгийн газар улсын төсвөөр дамжуулаад төсөвөө хумих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хоёр бодлого нь эргээд бодит байдал дээр хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх нөхцөл бололцоог хангах нь чухал юм.

-Тэгвэл төсвийн хатуу бодлого эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Импортын хэмжээ багасна, тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага харагдах байх. 2008, 2009 онд үүссэн нөхцөл байдлаас илүү хүнд нөхцөл байдал бий болно. Үйлчилгээний салбар илүү хүнд бэрхшээлтэй тулгарна гэсэн үг. Тодруулбал, бар, ресторан, зочид буудал зэрэг газруудаар үйлчлүүлэгчид цөөрч, орлого багасна. Тэр хэрээр татварын орлого буурна. Мөн эрэлт буурч, нийлүүлэлт багасна. Тиймээс эдийн засаг хямралтай, төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газраас зарласан энэ үед хүн болгон байгаа нөөцөө зөв зүйтэй ашиглах хэрэгтэй.

-Монголын эдийн засаг хэдий хугацаанд сэргэх бол?

-Оюутолгой, Тавантолгойгоос орж ирнэ гэж төлөвлөөд байгаа дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтууд орж ирээд төлбөрийн тэнцэл тал дээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх боловч эргээд эдийн засагт үр ашгаа өгөх хугацаа шаардлагатай. Гэтэл 2017 оноос төлж эхлэх өр төлбөрүүд хүлээгдэж байна. Энэ нөхцөл байдлаас аваад үзэхэд эдийн засгийн хүнд нөхцөл байдал дөрвөөс таван жил үргэлжилнэ гэж харж байна.

Т.ДАВААНЯМ

Эх сурвалж: news.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.