Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд ба насны онцлог

Twitter Print
2017 оны 06-р сар 10-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомны 80% нь хэрэгцээнд нийцэхгүй байгаа, 10% нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгон сэтгэхүйд нь “юм хийхээр” тоглоомууд байгаа аж. 

Москва хотын тоглоом сэтгэл зүй, хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийг шинжлэн судлах төвийн тэргүүн, сэтгэл зүйн ухааны доктор, профессор Елена Смирнова дараах зөвлөгөөг хүргэжээ.

Хүмүүс бодохдоо, унших бичих гэх мэтэд сургадаг тоглоомуудыг хамгийн сайн нь гэж боддог. Энэ нь буруу юм, яагаад гэвэл, хүүхэд бэлэн мэдлэгийг хүлээж авах болон сурсан юмаа сайжруулан дадлагажих явцдаа хөгждөг юм биш, харин аливаа асуудалтай тулгарч түүнийгээ өөрөө шийдэх явцдаа хамгийн ихээр хөгждөг юм. Тиймээс, хамгийн сайн тоглоомууд бол хүүхдийн сэтгэн бодох идэвхийг болон бусадтай харьцах, хайрлан догдлох сэтгэлийг өдөөх чиглэлийн тоглоомууд байдаг. Мэдээж, тоглоом хүүхдийн насанд тохирсон байх нь чухал.

Балчир насныханы тоглоом

Сайхан тоглоомын гол чанар нь энгийн бөгөөд универсал байх. Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвх болон сониуч занд маш их түлхэц өгдөг.

0–12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд

Шажигнуур тоглоом. Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо хүлээн авах чадварыг нь хөгжүүлдэг.

Эргэлддэг тоглоом. Ийм тоглоом харааг нь идэвхжүүлж өгч тод юман дээр хараагаа тогтооход сургадаг. Тойргоор эргэдэг тоглоом нь тойргоор эргэж байгаа юмыг хараанаасаа алдалгүй дагуулан харах дасгал болдог.

Дондогмаа хүүхэлдэй. Бүлтийсэн том нүд бүхий хөгжилтэй царайтай энэ хүүхэлдэй үе үеийн хүүхдийг “өсгөсөн”, одоо ч үнэ цэнээ алдах болоогүй. Яаж ч хөдөлгөсөн дон дон хэмээн дуугарч босч ирэх нь хүүхдийг маш их баясган хөөрүүлдэг бөгөөд нэг хэсэгтээ хүний “орлогч” болдог.

Заавал өнхрүүш биш, янз бүрийн хэлбэртэй байж болно. Тоглоомнуудаа өөр өөрөөр дуугарч байгааг нь анзаарч жиших, ижил дуугарч байгааг нь хослуулан ялгах, хамгийн чанга дуугарч байгаагаас нь эхлээд дараалуулж тавих гэх зэргээр олон зүйл сэдэх боломжтой бөгөөд энэ бүхэн нь хүүхдийн сэтгэхүйг их сайн хөгжүүлдэг.

Анхны алхмууд – анхны чадварууд

1-3 ойтой хүүхдийн хувьд тоглоом бол өөрийгөө болон эргэн тойрноо судлан нээж эхэлдэг үе юм. Урьдын танил юмтайгаа ч шинээр харьцаж болох шинэ аргуудыг нээнэ. Ингэснээр, өөртөө итгэлтэй болох, бие даасан, юунаас ч хараат бус хүн гэдгээ мэдэрч эхэлдэг.

1– 3 настай хүүхдийн үндсэн тоглоомууд:

Пирамид – Уламжлалт, сонгодог тоглоом. Хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлж өгөхөөс гадна хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэх, юмыг өнгө, хэлбэр дүрс болон хэмжээгээр нь ялгаж сургадаг. Дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: “Хөгжилтэй пирамид” тоглоом нь хуучны зөвхөн цагирагнуудыг бодвол хавьгүй хэцүү тоглоом. Деталиуд нь өөр өөр хэлбэртэй болсноор тоглох боломж нэлээд нэмэгдсэн. Хүүхдийн хийх хөдөлгөөн ч маш олон янз болон нэмэгдэнэ гэсэн үг.

Шоонууд. Хүүхэд шоотой анх танилцахдаа түүнийг шидэх, өнхрүүлэх гэж үзэх, гартаа барьж эргүүлж тойруулан сайтар харах зэрэг “судалгаа шинжилгээний ажлаас” эхэлдэг. Дараа нь, шоонуудыг дээр дээрээс нь тавьж өрж болохыг мэднэ, цаашдаа барилга байшин барьж тоглох гол тоглоом нь болдог.

Машин /хөвгүүд/-Хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхээс гадна дүрслэн бодох чадварыг нь өдөөн идэвхжүүлдэг. Цаашид ч зохиомжит тоглоомнуудынх нь гол хэрэгсэл  болдог. /тоглоомныхоо баатруудыг зөөх, өөрөө жолоочийн дүрд тоглох гэх мэт/

Хүүхэлдэй /охидууд/-Хүнийг төлөөлдөг тоглоом учраас охидуудын зохиомжит тоглоомонд байнга оролцдог. Хүүхэлдэйгээ хайрлах, ярилцах гээд охидуудад тоглох хязгаар хүүхэлдэйн хувьд байхгүй гэж болно.

Сургуулийн өмнөх нас

Сургуулийн өмнөх, 4–7 нас гэдэг бол хүүхдийн цаашдын хөгжлийг тодорхойлдог чухал үе. Хүүхэд өөрийнхөө бие даах чадварыг аль хэдийн мэдэрсэн, үүнийгээ хэрэгжүүлэх гэж ихээхэн зүтгэдэг нас.

4–7 насанд голлох тоглоомууд

Эвлүүлдэг тоглоом. Төрөл бүрийн байгууламж барих нь сургуулийн өмнөх насны хүүхдэд маш чухал үйл ажиллагаа байдаг. Ийм тоглоомны тусламжтайгаар хүүхдийн ургуулан бодох чадвар дээд зэргээр хөгжих боломжтойгоос гадна маш олон зүйлийг судлах, турших, ойлгож авах ач холбогдолтой.

Дүрт тоглоомууд. Үүнд хүн ба амьтны дүртэй бүхий л тоглоом орно. Хүүхэд ийм тоглоомтойгоо, яг л амьд амьтантай харьцаж байгаа мэт ярьдаг. Өөрийнхөө амьдралд олж авсан туршлага болон харсан мэдсэн зүйлээ тоглоомон дээрээ хэрэгжүүлэн бэхжүүлдэг.

Эвлүүлдэг  тоглоом /пазл/. Орон зайн сэтгэхүйг хөгжүүлнэ. Өмнөө тавигдсан зорилгыг үечлэн хувааж хэрэгжүүлэх сургалт болохоос гадна, анхаарал төвлөрөлт, нэг юмыг удаан хугацаагаар нухан, тогтон суух зэрэгт сургана.

Хүүхэд ба өсвөр нас

Тоглоомын төвийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Мария Соколова хэлэхдээ сургуулийн бага нас, өөрөөр хэлбэл 7–10 насанд хүүхдүүд бусдаас ичиж зоволгүйгээр өөрийнхөөрөө сэтгэн тоглодог эцсийн хугацаа. Энэ насныхны гол тоглоом нь хүүхдийн ургуулан бодох сэтгэлгээг хөгжүүлэхэд туслахуйц тоглоомууд байх ёстой.

Эвлүүлдэг тоглоом. Маш олон архитектурын болон ландшафтны элементтэй, хүн амьтантай, амьдралд байдаг олон явдлыг үзүүлэх бололцоотой том том иж бүрдлүүд.

Зохиомжит тоглоомны иж бүрдэл. Бага насныхан тоглоомны дүрүүдэд өөрсдийгөө орлуулан бодож тоглодог бол энэ насны зохиомжит тоглоом нь хүүхэд өөрөө найруулагчийн байрнаас удирдах юм. Ингэснээр, бие даах, өөртөө хариуцлага үүрэх зэрэг харьцаанд суралцана.

Хамтын тоглоом. Шатар, даам, далайн тулаан гэх мэтийн хамтаар тоглодог тоглоомнууд нь үйл явдлыг таамаглах, өөрийн үйлдлийг хамтран тоглогчийн үйлдлээс хамааруулан төлөвлөх, өөрчлөх, дүгнэх, хожих стратеги боловсруулах гээд маш их зүйлд сургадаг.

Орчуулсан: Ё.Одончимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.