Н.Энхбаярын хилээр гарах эрхийг нь хааж, АТГ дахин шалгаж эхэлсэн нь үнэн гэлээ

Twitter Print
2015 оны 10-р сар 05-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин шалгаж эхэлжээ. Тиймээс түүний хилээр гарах эрхийг нь хаасан байна. Эл асуудлыг МАХН-ын гишүүд улс төрийн нөхцөл байдалтай холбож тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдтэй уулзалт хийн, зарим улс төрчдийн булхайг илчлээд байгаа учраас дарамталж байна гэж үзэж байгаа аж. 

Гэхдээ МАХН-ын цагаан байртай холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан зүйл ангиар буруутган шалгаж байсан юм. Уг хэргийг нь сэргээн шалгаж эхэлсэн талаар бид эрд нь мэдээлсэн. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас мөрдөн байцаалт явуулж буй хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна. Н.Энхбаярыг 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэрээгээр халхавчлан Алан Жинсбургийг залилан мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Сүүлийн үед Н.Энхбаяр улстөрийг самраад байна, тэр ирэхээрээ засаг төрийг бүрэн эргүүлж чадах юм гэж олон нийт үзэж байгаа. Түүнчлэн түүний нөлөө улстөрд хүчтэй тусч буйг хэвлэлүүд онцлох болсон. Тухайлбал УИХ-ын дарга З.Энхболдыг "барьцаалан" Өршөөлийн хуулийг өөрийн талд ашигтай байхаар батлуулахаар зүтгэж байгааг онцолж байна. Магадгүй энэ байдал нь түүнийг ийнхүү дахин АТГ-ын үүдийг сахихад хүргэсэн бололтой. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.