ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг ажилд нь буцаан томилохыг Засгийн газар эсэргүүцлээ

Twitter Print
2015 оны 09-р сар 30-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа Засгийн газраа шүүхэд өгч, ажилд эргүүлэн томилуулах хүсэлт гаргасан байна. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны 255 дугаар тогтоолоор дээрх албан тушаалаас чөлөөлсөн аж.

Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байх үед Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний тогтоолыг биелүүлээгүй гэх зэрэг шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулж, улмаар ажлаас нь чөлөөлсөн гэж тэрбээр шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байна. Тодруулбал, "Улсын чанартай замын засвар, арчлалтын ажилд зориулан улсын төсөвт суусан хөрөнгийг орон нутгийн төсөвт шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байсан. Тухайн үед Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайдад албан тоот явуулсны дагуу Зам тээврийн сайдын багцад батлагдсан хөрөнгийг аймаг, нийслэлд шилжүүлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Ийм байсаар атал үндэслэлгүйгээр чөлөөлсөн" хэмээжээ. Ингээд Шүүх түүний гомдлыг хүлээн авч хэлэлцээд Засгийн газрыг буруутгаж, түүнийг ажилд нь буцаан томилох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Гэвч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан байна. 

Хяналтын шатны шүүх хурал өчигдөр болох байсан ч Засгийн газрын төлөөлөгч нь хэрэгтэй гүйцэд танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.  

Б.Батзаяагийн хувьд ажлын хариуцлага алдаж нэг бус удаа анхааруулга авч байжээ. Мөн гурван сар цалингийнхаа 20 хувиар торгуулж, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас “Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээх хатуухан шүүмжлэл хүртэж байсан нэгэн. Тэрбээр Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байснаас гадна “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга байсан юм. Мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүд худалдан авсан нь одоо хүртэл ашиглагдахгүй жил дамнасан билээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.