Хөлбөмбөг яагаад дэлхийн тэргүүлэх спорт гэж…

2015 оны 11-р сар 03-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавьсан бүхэн сайн муу бүх талаараа алдартай болдог. Бразил тоглогчид, Англи, Туркийн хөгжөөн дэмжигч, Итали, Голланд дасгалжуулагч, Итали, Англи, Эквадор шүүгчид олны анхаарлыг зүй ёсоор татдаг. 2002 онд Ази тивд анх удаа “World cup” болоход зохион байгуулагч БНСУ хагас шигшээд шалгарсан.

Тэд шөвгийн 16-д К.Вьери, П.Малдьни, Ф.Тотти, Ж.Буффон, А.Дель Пьеро тэргүүтэй Италийг нэмэлт цагт 2:1-ээр буулган авч сенсаац дэгдээсэн. Тоглолтыг “булхайтай” шүүсэн Эквадор шүүгч Моренад Ромчууд ихэд дургүйцэж түүний зурагтай ариун цэврийн цаас худалдаанд гаргахад хамгийн их гүйлгээтэй бараанд тооцогдож байв. Мөн Голланд мэргэжилтэн Г.Хиддинк үнэхээр бурхан шиг хүндлэгдэж чадсан нэгэн билээ.

2002 онд БНСУ-ыг дасгалжуулж Азийн багийг анх удаа дэлхийн аваргын хагас шигшээд үлдээсэн түүнд бүх насаараа БНСУ-ын авиа компаниар үнэ төлбөргүй үйлчүүлэх, бүх насаараа тус улсын зочид буудлуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх зэрэг том шагнал урамшуулал, хөнгөлөлт амлаж байснаас гадна түүнд нэг жижиг арлыг өгөх хүртэл яригдаж байлаа. Г.Хиддинк хэдийгээр дэлхийн аварга цол хүртээгүй ч дараа нь ОХУ-ыг 2008 оны Еврогоос хүрэл медаль авахад, Австралийг 2006 оны дэлхийн аваргын бага шөвөгт үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн

Энэ бүгдээс харахад хөлбөмбөг гэдэг ямар агуу спорт болж чадсан нь харагдаж байна. Талбай дээр тоглож байгаа тамирчид ч үргэлж хөгжөөн дэмжигчдын анхааралд байдаг учир тэдний хаана тоглох, ямар цалин авч байгаа, хаанаас хаашаа шилжихийг нь цаг мөчид ажиглаж байдаг.

Дэлхийн хамгийн үнэтэй наймааны жагсаалтанд Уэльс, Португал, Уругвай, Колумб, Швед, Бразил, Испанийн хөлбөмбөгчид эхний аравт бичигдэж байна. Францын З.Зидан 2001 онд Италийн “Ювентус” багаас Испанийн “Реал”-д 46 сая евро буюу ойролцоогоор 65 сая ам.доллараар ирсэн нь тухайн үед хамгийн үнэтэй наймаа байлаа.

Харин Уэльс хөлбөмбөгч Г.Бэйл 86 сая фунтээр Английн “Тоттенхэм” клубээс Испанийн “Реал Мадрид” баг ирсэн нь одоогийн байдлаар манай гарагийн хамгийн үнэ наймаа хэвээр байгаа аж. 2013 оны зун энэ сүр дуулиантай наймаа хийгдэхэд бүгд л Эзэн хааны багийн ухаангүй, үрэлгэн занг гайхаж байсан. Гэтэл ердөө ганцхан улиралд Г.Бэйл өөрийгөө хэн гэдгээ харуулж “Аваргуудын лиг”, Испанийн цомын аваргаар тодорсон. Хэзээ нэгэн цагт Бэйл “Реал”-аас явна. Тэр цагт Уэльс хөлбөмбөгч бүх шагналыг ганзгандаа хийгээд “баяртай” Мадрид хот минь гэж хэлэх нь гарцаагүй юм.

Өнгөрсөн зуны дэлхийн аваргад томоохон багууд золиос болсон. Тэдгээрийн нэг нь Португал юм. “G” хэсэгт багтсан тэднийг Германд хожигдож Гана, АНУ-ыг гол гаргаж хоёрдугаар байраар шөвгийн 16-д үлдэнэ гэж бүгд л итгэж байсан. К.Роналду ч үүнд эргэлзээгүй. Гэтэл дэлхийн аваргын тоглолт эхлэхэд бүх зүйл “Европын Бразилчууд”-ын эсрэг байж Германд 4:0-ээр бут ниргүүлсэн.

Үүний дараа АНУ-тай 2:2-оор тэнцэн, Африкийн багийг 2:1-ээр хожиж АНУ-тай бөмбөг тоолж тэмцээнээс хасагдсан. Уг нь К.Роналду Бразилд өөрийгөө хэн гэдгийг харуулахаар дөрвөн жил бэлтгэсэн ч хүсэл нь талаар болсон. Гэхдээ К.Роналду Английн “Манчестер Юнайтед”-аас Эзэн хааны багт 80 сая фунтээр ирсэн нь 2009-2013 оны хооронд дэлхийн хамгийн үнэтэй наймаа байлаа.

“Хүн хаздаг” Уругвай тоглогч Л.Суарез дэлхийн аваргын үеэр ч сурсан зангаа барьж чадсангүй. Италитай хэсгийн гурав тоглолтоо хийхэд эсрэг багийн Кьеллиниг хазаж шуугиан дэгдээсэн. Харин “Бразил 2014”-ын дараа “Нохой Суарез” Испанийн “Барселона”-д очсон нь олон хүнийг гайхшруулсан. Үргэлж ямар нэгэн асуудал гаргаж байдаг түүнийг “Барса” яагаад авсан нь тодорхойгүй байсан юм. Каталоны багийн эзэд түүнтэй маш хатуу гэрээ байгуулж 75 сая еврогоор худалдаж авсан гэж мэдэгдэж. Мэдээж хэрэг түүнийг дахиж хүн хазах юм бол гурван сая еврогоор торгоно гэдгийг санауулжээ.

Харин Л.Суарез Каталоны багийн итгэлийг алдсангүй. Аргентины Л.Месси, Бразилийн Ж.Неймартай гахайлтай хослон 2014-2015 оны улиралд “Аваргуудын лиг”, Испанийн “Ла лиг”, Испанийн “Супер цом”, Европын Супер цомд түрүүлж, давхар цохилт хийсэн.

Дэлхийн хамгийн үнэтэй наймаань эхний зургаад Испанийн хоёр “Гранд” бичигдсэн. Өнгөрсөн жил Колумбын Ж.Родригес гэдэг жаал жинхэнэ утгаараа од болсон. Зургаан гоол оруулж ХХ дахь удаагийн мунидалийн мэргэн бууч болсон түүний дараагийн зогсоол нь шууд “Реал Мадрид” байсан. Оддын зэрэглэлд багтсан түүнийг Эзэн хааны баг 63 сая фунтээр худалдан авсан. 2020 он хүртэл Испанид тоглох Жеймс хамгийн шилдэг хөлбөмбөгчин болоход зургаан жилийн хугацаа байгаа аж.

Х.Родригес Эзэн хааны багт ирсэн зунаа л Клубуудын дэлхийн аварга, Европын Супер цомд түрүүлсэн нь Испанийн “Реал Мадрид”, “Барселона” багууд ямар зөв наймаа хийж чаддагийг харуулж байна.

Энэ бүгдээс харахад хөлбөмбөгийн спорттой холбогдсон бүхэн дэлхийд танил болж байна. Бас нэг зүйл нь хөлбөмбөгт хэн хожихыг таахад хамгийн хэцүү нь юм. Сагсан бөмбөгийн хувьд АНУ-ын "Мөрөөдлийн шигшээ баг" хэсэг хугацаанд азгүйтснийг эс тооцвол Олимп, дэлхийн аваргад тэднийг түрүүлнэ гэж хөгжөөн дэмжигчдын бараг 99 хувь нь бооцоо тавина. Учир нь хэн ч мөнгөө алдахыг хүсэхгүй шүү дээ.

Гэтэл хөлбөмбөг тааварлашгүй спорт гэдгийг Герман, Грекийн шигшээ батлан харуулсан. 2004 оны Европын аваргад Грекийн шигшээ хэсгийн шатанд Поругалыг хожиж, Испанитай тэнцсэн. Дараа нь ОХУ-д хожигдсон ч шөвгийн наймд үлдсэн. Харин дунд шөвөгт аваргаа хамгаалан тоглож буй Францыг, хагас шигшээд Чехийг хожсон. Шигшээ тулаанд зохион байгуулагч Португал улсыг хожиж, анх удаа Европын аварга болж байлаа. "Ариун Иллиад" орны тамирчдыг "Евро 2004"-т түрүүлнэ гэж хэлсэн хүнийг мэдрэл муутай гэх байлаа. Гэвч Грекчүүд боломжгүй зүйл гэж байдаггүй нотолсон.

Мөн 2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсад болсон. Зохион байгуулагч орныг бүгд түрүүнэ гэж бодож байсан ч хагас шигшээд Герман Бразилийн 250 сая хүнийг нулимастай нь хутгасан. Шөвгийн дөрөвт Бразилийн шигшээ өөрийн цэнгэлдэх хүрээлэнд "Герман машин"-д 7:1-ээр бут ниргүүлсэн. Хоёрхон жишээ дурдахад ийм л байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.