Босоо аварга К.Тэйлор

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Ингэж хэлэхэд уншигчид эрэгтэй тамирчны талаар дурдаж байна гэж бодож магадгүй. Гэхдээ К.Тэйлор бол боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн юм. Мөн “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь их наадмын эмэгтэйчүүдийн боксын төрөлд алтан медаль хүртэж, Олимпийн түүхэнд анхны аварга болсон. Учир нь боксын спортын эмэгтэйчүүдийн төрөлд 2012 оны Олимпийн наадмын хөтөлбөрт анх багтсан.

Ирландын алдарт боксчин К.Тэйлор 1986 оны долоодугаар сарын 2-нд төрсөн. Тэрээр олон улсын чанартай тэмцээнээс 18 медаль хүртжээ. Гэхдээ дээрх бүх медаль зөвхөн алт юм. К.Тэйлор 2012 онд Лондонгийн рингэнд 60 кг-д тулалдахдаа шөвгийн 16-д гоц мөргөж, шөвгийн наймд эзэн орны Н.Жонсыг 26:15, хагас шигшээд Тажикстаны Ч.Мавзунаг 17:9, аваргын төлөө ОХУ-ын О.Софияаг 10:8-аар хожиж байлаа.

Мөн хамгийн сүүлд буюу 2014 онд БНСУ-ын Чежү аралд болсон дэлхийн аваргад К.Тэйлор эхний тойрогт Доминиканы В.Спчерыг 3:0, хоёрдугаар тойрогт Финландын П.Мираг 3:0, шөвгийн наймд ОХУ-ын О.Софияаг цэвэр буюу цаг дуусахаас өмнө хүнд цохилтоор, хагас шигшээд мөн БНХАУ-ын Ю.Жунхаг техникийн нокаутаар, шигшээ тоглолтонд Азербайжаны Я.Алексееваг 3:0-ээр хожсон. Тэрээр тав дахь удаагаа дэлхийн аварга болохдоо өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдалгүй алтан медаль хүртсэн.

К.Тэйлор жиндээ босоо аварга нь байж 2012 оны Лондонгийн зуны Олимпийн наадмын аварга, дэлхийн аваргаас 2006, 2008, 2010, 2012, 2014 онд алт, Европын анхдугаар наадмын аварга, Европын аварга шалгаруулах тэмцээнээс 2005, 2006, 2007, 2009, 2011, 2014 онд алт, Европын залчуучуудын аваргаас 2008, 2009, 2010, 2011, 2013 онд алтан медаль авсан түүхтэй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.