Ц.Мөнхтөр: Төр өмчдөө эзэн нь байх болно

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын хуралдаан болдог. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон бөгөөд өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлч нарт мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Төрийн өмчийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдөр манай улсад төрийн өмч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэгт нийт 400 гаруй бие даасан өмчид хуваагдаж, өмчлөгч бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан бөгөөд төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг Засгийн газар өмчилж, УИХ-аас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэлийн төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх нь зүйд нийцэх болно.

Үүний тулд аймаг, нийслэл, сум, дүүрэг тусдаа өөрийн өмчтэй байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөн, төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компанийг байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаанд дахь төрийн оролцоог дэлхийн бусад оронд хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулдаг болох шаардлагатай. Ийм үндэслэл шаардлагыг зохицуулах төрийн өмчийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. 

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хувьчлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдах бөгөөд УИХ-ын зөвшөөрснөөр Засгийн газар, Засгийн газрын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрчлөн байгуулах, хувьчлах эрхтэй байхаар төсөлд тусгасан.  

-Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад хандаж хичнээн гомдол ирсэн бэ?

-2015 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ оны эхний хагас жилд төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтанд нийт 231 мянган иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 218000 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгсөн байна.

Энэ хугацаанд тэтгэврийн зээл авсан иргэд зээлээс чөлөөлөх, орон сууцны 8 хувийн зээл авах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн урьдчилгаа хувийг бууруулах зэрэг хүсэлт илүүтэй ирсэн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлээс чөлөөлөх асуудлаар л гэхэд 10 мянга орчим өндөр настан өргөдлөө бичгээр гаргаж ирүүлсэн байна.

-Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Аюуш бурхныг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан уу?

-“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтад шинэ дахь заалт нэмлээ.

Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгсөн.

БСШУ-ны сайдын тушаалаар  байгуулагдсан бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах нь зүйтэй гэж үзлээ.

-Бороогийн голын сав дагуух түүх, соёлын газрын тухайд?

-Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 55 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Гацууртын алтны ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж гаргасан санал дүгнэлтийн талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр танилцуулга хийсэн.

Ноён уул орчмын болон Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төв болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Бороогийн суурин нь эртний барилга байгууламжийн туурь бүхий суурингийн үлдэгдэл юм. Энэ сууринг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулсан байна.  

Мөн Бороогийн суурин нь Гацууртын ордоос 40 км, уг ордоос Бороогийн баяжуулах үйлдвэр хүртэл тавьсан автозамаас 2 орчим км зайтай оршиж байгаа тул замын тоосыг эс тооцвол Гацууртын ордын уул уурхайн ашиглалтын болон хүдэр тээвэрлэх үйл ажиллагааны улмаас уг дурсгалд сөрөг нөлөө ажиглагдахгүй байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.