У.Мөнх-Эрдэнэ дахиад "жийгдлээ"

Twitter Print
2015 оны 09-р сар 29-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Нэгэн үед Монголын боксын тамирчдаас У.Мөнх-Эрдэнэ ганцаараа торойх амжилт үзүүлж байлаа. Тэрээр “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь наадам, 2009, 2013 оны дэлхийн аваргаас хүрэл, 2006 онд Катарын Доха хотод болсон Азийн наадмын хүрэл, Азийн аваргаас 2011 онд алт, 2013 онд мөнгөн медаль хүртсэн. Өөрөөр хэлбэл олон улсын чанартай бүх тэмцээнээс медаль хүртэж, өөрийн нэрийг тодоор үлдээсэн.

Мөн 2013 онд Казахстаны Алматы хотод сонирхогчдын боксын дэлхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тухайн үед тэмцээний өмнө 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын аль нэгийг авч явах шаардлага тулгарсан. Улмаар сорилго тулаан хийлгэж, У.Мөнх-Эрдэнэ эх орноо төлөөлөн Казахстаныг зорьсон. Гэтэл Монголын боксын шигшээ багийн тамирчид бүгд нэг, хоёрдугаар үед ялагдаж, У.Мөнх-Эрдэнэ ганцаараа хүрэл медаль хүртсэн. Энэ бол боксын тамирчдын сүүлийн хоёр зуны Олимп, дөрвөн дэлхийн аваргаас медаль хүртсэн амжилтыг буухиаг таслалгүй үргэлжлүүлсэн гайхалтай мөч байлаа.

Харин У.Мөнх-Эрдэнэ 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд гэмтлийн умлаас оролцож чадаагүй. Олон улсын боксын холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулж, Азийн аваргад эхний долоод орсон тамирчинд дэлхийн аваргад өрсөлдөх эрх олгоно гэсэн юм. Иймд У.Мөнх-Эрдэнэ Катарын Доха хотод болох дэлхийн аваргын өмнөх Азийн аваргад оролцоогүй учир эрхээ аваагүй.

Манай боксчдоос 60 кг-д, ОУХМ Д.Отгондалай алт, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медаль, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү шагналт байр эзэлсэн учир дэлхийн аваргад оролцохоор болсон. Ийнхүү Монголын дөрвөн төлөөлөл ирэх сарын 5-наас 16-ны өдрүүдэд Катарын Доха хотод болох дэлхийн аваргад оролцох эрхээ авсан бол У.Мөнх-Эрдэнийг оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг Монголын боксын холбоо Олон улсын сонирхогчдын боксын холбоонд гаргаад байсан.

Үүний дараа Олон улсын сонирхогчдын боксын холбоо “Ийм өндөр чансаатай сайн тамирчинг бид дэлхийн аваргад оролцуулахад татгалзах зүйлгүй. Эргэж хариу өнгө” гэж байлаа. Дэлхийн сүүлийн чансаанд У.Мөнх-Эрдэнэ жиндээ хоёрт бичигдсэн. Иймд манай боксчинг дэлхийн аваргад оролцуулах хүсэлт нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэж байлаа.

Гэтэл AIBA (Олон улсын сонирхогчдын боксын холбоо) Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт У.Мөнх-Эрдэнийг “Катар 2015” дэлхийн аваргад оролцуулах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин нэрт боксчин Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудсандаа “У.Мөнх-Эдэнийг дэлхийн боксын холбооноос дэлхийн аваргад оролцуулах боломжгүй гэсэн хариу ирсэн. Уг нь Монголын боксын холбоо У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад оролцуулж өгөөч гэсэн хүсэлт илгээсэн ч ийм хариу ирлээ. Иймд энэ оны дэлхийн аваргад манай улсаас дөрвөн тамирчин оролцохоор болж байна. Тамирчиддаа амжилт хүсье” гэж бичжээ.

Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг тамирчдын нэг У.Мөнх-Эрдэнийг нэг бус удаа хавчиж, олон улсын тэмцээнд оролцход нь саад хийж байсан. Уг нь У.Мөнх-Эрдэнэ аль 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас медаль хүртэх байсан. Гэтэл тухайн үед шөвгийн наймын тоглолтоо яг хийх гэж байхад нь түүнд таагүй мэдээ дуулгаж, сэтгэл санааг нь үймүүлж, улмаар өрсөлдөгч тамирчиндаа хожигдож байсан нь нуух аргагүй үнэн.

Мөн 2013 оны дэлхийн аваргын өмнө бас л асуудал үүсч, У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг хоёрын нэгийг авч явна гэж боксын холбоо жүжиг тавьж байв. Гэхдээ У.Мөнх-Эрдэнэ бүх хавчлагыг давж, дэлхийн аваргын хошой медальтан болж байлаа. Энэ удаа ч гэсэн түүнд хэн нэгэн саад хийгээгүй гэх үндэслэл байхгүй юм. Эх орныхоо төлөө өөрийнхөө чадах бүхнээ хийсэн У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аваргад оролцуулахгүй болсон нь бидэнд харамсалтай мэдээ ч эх орноо төлөөлөн оролцож буй дөрвөн тамирчиндаа медалийн буухиаг үргэлжүүлэх болтугай хэмээн хүсэн ерөөе.

Монголын боксын тамирчид 2007 оноос хойш тогтмол өндөр амжилт гаргаж, эх орондоо Олимпийн наадмын алтан медалийг анх авчирсан гавьяатай билээ. Тухайлбал “Чикаго 2007” дэлхийн аваргаас Э.Бадар-Ууган мөнгө, “Бээжин 2008” зуны Олимпийн наадмаас Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Милан 2009” дэлхийн аваргаас П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Баку 2011” дэлхийн аваргаас П.Сэрдамба хүрэл, “Лондон 2012” зуны Олимпийн наадмаас Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Алматы 2013” дэлхийн аваргаас У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртсэн юм.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Unen ug

      (214.27.75.132) 2015-09-29 16:54
      • 0
      • 0

      Za yahav dee tegeed yavaagui l biz. yun ikh sinsattai yum shig zarladgiin, Mongoliin bokschid ugaasaa l mundag shdee.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.109) 2015-09-29 16:00
      • 0
      • 0

      Монголын боксын ертөнцөд өрнөж байгаа бас нэг асуудал бол энэ удаагийн ДАШТ-д У.Мөнх-Эрдэнийг оролцох эрхтэй хэмээн AIBA урилга илгээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан явдал юм. Харин өчигдөр Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудсаараа дамжуулан У.Мөнх-Эрдэнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “У.Мөнх-Эрдэнийг дэлхийн боксын холбоо буюу АIBA-аас дэлхийн аваргад оруулж өгөх хүсэлт явуулсан боловч боломжгүй гэдэг хариу ирсэн” хэмээн тайлбарлажээ.

      Хариулах

    • Bi

      (37.154.137.29) 2016-03-30 05:40
      • 0
      • 0

      Sport bol temtsel gehdee teneg hunii temtsel bish shuu...

      Хариулах