Б.Бямбасайхан: Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээг хийх гэж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 28-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох КАРЕК-ийн чуулган болж, өндөрлөлөө. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч, олон улс болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид оролцсон юм.

Энэ үеэр КАРЕК-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулсан юм. Чуулганыг зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу КАРЕК-ийн хурлаас ямар тодорхой үр дүн гарав. Ер нь манай улс яагаад КАРЕК-ийн хөтөлбөрт орсон бэ?

-15 жилийн өмнө АХБ-ны туслалцаатайгаар КАРЕК-ийг байгуулсан түүхтэй. Бид далайд гарцгүй тул дэд бүтцийн төслүүд их чухал. КАРЕК дэд бүтцийн төслүүдийг чухалчилдаг. Бид хөршүүд болон Төв Азийн бусад улстайгаа хил дамнасан, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой тул өнөөдрийн чуулганд ач холбогдол өгч байна. Хамтарч ямар төслүүд хэрэгжүүлэх, санхүүжилтийг хэрхэн босгох талаар хэлэлцэнэ. Уул уурхайн салбарт өрсөлдөхөд манай компаниудад дэд бүтцийн сул хөгжил ихээхэн чөдөр тушаа болдог.

Тээвэр, ложистикийн зардал өндөр байна. Иймд бид хил дамнасан дэд бүтцээ сайжруулан, авто зам тавьснаар зардлаа 50 хүртэл хувиар бууруулна. Энэ нь бидэнд олгох давуу тал. Гадаад зах зээл муу байна гээд бид зүгээр суух нь буруу. Удаан хугацаанд хэрэгждэг дэд бүтцийн төслүүдээ энэ хугацаанд эхлүүлэх, ядаж л боловсруулах ёстой. Яагаад гэвэл зах зээл эргээд сэргэнэ. Тэр үед нь Монгол компаниуд дэд бүтийн асуудлаа шийдсэн байх учиртай. Манай бизнесийн өрсөлдөх чадварыг хамгийн их доош нь татдаг хүчин зүйлс дэд бүтэц, эрчим хүчний сул хөгжил байдаг. Үүнийг өрсөлдөх чадварын тайлангаас харж болно.

-Зөвхөн дэд бүтцээр хязгаарлагдах уу?

-Үгүй. Уул уурхай, хөдөө аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэхийн сацуу компаниуд хэрхэн хамтарч ажиллах, худалдаа хийх талаар ч хөндөнө. Бид олон улсын стандартыг даган, олон улсын дүрмээр тоглож чадвал дэлхийд өрсөлдөх чадвартай, үндэсний компани бүтээж чадна. Төв Азийн бүс нутагт байгаа эдийн засгийг хэмжиж үзэх юм бол 1.7 их наяд ам.доллар байна. Мөн 1,6 тэрбум хүн амтай том зах зээл юм. Одоогийн байдлаар бүс нутгийн эрчим хүч, зам харилцааны том төслүүд хэрэгжээд явж байгаа. Харин энэ уулзалт манайх шиг далайд гарцгүй орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Энэ удаагийн уулзалтаар дэд бүтцийн шинэ, том төслүүдийнхээ талаар ярилцаж байна.

Мөн уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт ямар боломж байх вэ гэдэг тухайд тогтон ярилцаж байна. Гол нь бүс нутгийн хамтын ажиллагаа гэдэг бол манай улсын өрсөлдөх чадвартай нягт холбоотой. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд 28 тэрбум ам.дол­ ларын дэд бүтцүүд хэрэгжсэн байна. Цаашид энэ тоог өсгөх сонирхол хаана хаанаа байгаа. Харин манай “Эрдэнэс Монгол” компанийн хувьд хэлэхэд стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол зорилготой байгаа юм. Ингэхийн тулд уул уурхайн бизнесээ тээвэр, ложестикийн салбартайгаа хамтад нь хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаад явж байна.

-“Эрдэнэс Монгол” компанийн хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Манай “Эрдэнэс монгол” компани дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болохын тулд бизнесийн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуул­ даг байх хэрэгтэй. Тухайлбал засаглалын, менежментийн, санхүүгийн зэрэг олон стандарт бий. Одоогийн байдлаар олон улсын аудитыг “Эрдэнэс монгол” болон бусад охин компанидаа хийгээд явж байгаа. Ингэснээр бид олон улсын зах зээлд хэн бэ гэдэг нь тодорхой болно. Бас олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах боломжийг нээж өгнө. Тэгж байж өрсөлдөх чадвартай монголын үндэсний хөрөнгө оруулалтын компани болно гэдэг зорилготой байгаа.

-Энэ удаагийн чуулга уулзалтаар Засгийн газартай гэрээ хийх дотоод гадаадын хувийн хэвшлүүд хэр олон байгаа вэ?

-“Оюутолгой” төслийн гүний уурхайн үйл ажиллагаа эхлээд явж байна. Энэ нь эдийн засагт бодит нөлөө бий болгож байгаа. Тухайлбал ажлын байр нэмэгдүүлсэн, шинэ санхүүжилт татаж байна. Тун удахгүй төслийн санхүүжилтийг олон улсын банкуудтай хэлэлцэж, зээлийнхээ гэрээ хийх шатандаа явж байгаа, мөн Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцэлээ хийж байна.

-Ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Манай санхүүгийн салбар хурдтай хөгжиж байна. Энэ салбарт нэвтрүүлсэн шинэ арга барил, технологийг бусдад харуулах боломжийг энэ уулзалт нээж өгч байна. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн өртөг чухал. Харин санхүүжилтийн өртгийг ямар аргаар багасгаж болох вэ гэхээр энэ чуулганд оролцож буй Хөгжлийн банкууд болон Дэлхийн банк, арилжааны банкуудтай хамтраад эх үүсвэрээ татах юм бол боломж бий. Дэд бүтэцийн том төслүүд урт хугацаанд өгөөжөө өгдгийг бид мэднэ. Тийм учраас хөгжлийн банкуудын тусламжтайгаар урт хугацааны санхүүжилт босгох боломжийг энэ удаагийн уулзалт нээж өглөө гэж дүгнэж байгаа. Мөн энэ чуулганы үеэр манай улс шиг далайд гарцгүй оронд шинэ дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг хэрхэн оновчтой болгох талаар хэлэлцэж байгаа.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс манайд ямар хүсэлт тавьж байна вэ?

-Тогтвортой байдал.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Булган, "Монголын үнэн" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.