Ромын Папын Куб, АНУ дахь айлчлал өндөрлөлөө

Twitter Print
2015 оны 09-р сар 28-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Католик шашны тэргүүн, Ватиканы хамба лам Франсисын Куб, Америкт хийсэн 10 өдрийн албан ёсны айлчлал өчигдөр дууслаа. Кубын Гавана хотоос эхэлсэн (IX.19) Америк тивийн айлчлалынхаа үеэр Пап Франсис Кубын удирдагч асан Фидел Кастро болон одоогийн ерөнхийлөгч Раул Кастро нартай уулзжээ.

АНУ, Куб улсын 54 жилийн тасарсан харилцааг өнгөрсөн долдугаар сард сэргээхэд Пап лам нөлөө бүхий нэгэн байсан аж. Тэр ч утгаараа түүний энэ удаагийн айлчлалыг хоёр орны ард түмэн маш сайшаалтайгаар хүлээн авсан байна.

Ромын Пап Кубд 4 хоног байх хугацаандаа Сантьяго-де-Куба хотын Базилик сүмд зочилж, Гавана, Холгүин хотуудын дагалдагчиддаа ариун номлолоосоо айлджээ.

Мягмар гарагт (IX.22) Пап Франсис АНУ-ын нийслэл Вашигтон хотыг зорьсон байна. Дээрхийн Гэгээнтнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жой Байден нар гэр бүлийн хамтаар Вашингтон дахь Эндрюс Эйр Форс Бэйс онгоцны буудалд газардахад угтан авчээ. 6 хоног үргэлжилсэн Папын Америк дахь айлчлалын онцлох үйл явдлуудад түүний НҮБ-ын төв оффист зочилсон болон “Дэлхийн гэр бүлийн уулзалт” арга хэмжээнд оролцсон нь багтжээ.

Баасан гарагт (IX.25) Нью Йорк хотноо Мэдисон-Сквер-Гарденд 9-р сарын 11-ны халдлагад өртөгсдийн дурсгалд зориулан залбирал үйлдсэн байна. Мөн хотын нэгэн шоронд зочилж тэндэхийн хоригдлуудад үг, сэтгэлийн дэм хайрласан нь урдаас төлөвлөгдөөгүй байжээ.

Бямба гарагт (IX.26) Пап Филадельфи мужийн Бенжамин Франклин өргөн чөлөөнд ирсэн 860,000 сүсэгтнүүдэд хандан испани хэл дээр номлол айлдсан байна. Тэрээр хэлэхдээ “Энэ агуу улсыг цагаачдад ээлтэй орон болгох тал дээр хүн болгон анхаарч, тэдэнд энэрэнгүй, сэтгэлдээ нигүүлсэнгүй хандах хэрэгтэй. Учир нь тэд Америкийг дахин шинэчлэхэд нөлөөлж, илүү гэгээлэг, нээлттэй ирээдүйд хүргэнэ” гэсэн байна.

Оройхон болсон “Дэлхийн гэр бүлийн уулзалт” арга хэмжээнд дэлхийн өнцөг, булан бүрээс гэр бүлүүд, өөрсдийн амьдралын түүхээсээ Ромын Папд хуваалцсан байна.

Ням гарагт Филадельфийн Чарлз Борромео сүмд ирж шашны холбогдолтой бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд өөрийн харууслаа илэрхийлснээр Папын энэ удаагийн айлчлал өндөрлөсөн аж.

Сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-д айлчилж буй Католик шашны 4 дэх тэргүүн болсон Франсис пап эдүгээ 78 настай бөгөөд Америк тивээс сонгогдсон анхны Ромын хамба юм.

Пап Францис тэргүүтэй төлөөллийн аяллын хөтөлбөр англи эх сурвалжаас:

https://w2.vatican.va/content/francesco/en/travels/2015/outside/documents/papa-francesco-cuba-usa-onu-2015.html

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.