Зөвлөлтийн цэргийн гарамгай жанжин К.К.Рокоссовский (3-р хэсэг)

2015 оны 09-р сар 28-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт баяр байдаг. Харин баяр, гуниг хоёул давхацсан, эргэн дурсахгүй байхын аргагүй нэгэн түүх нь дэлхийн дайн. Дэлхийн I, II дайны уршгаар олон сая хүн амиа алдсан ч энэ нь манай гарагийн цаашид энх тайвнаар хөгжих нэг том алхам болсон юм.

Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Харин дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөрөөр бичиж үлдээжээ.

Тухайлбал 1945 оны наймдугаар сарын 14-нд Номхон далайд Японы армид сүйрлийн цохилт өгснөөр Японтой байлдах дайн дууссан, 1945 оны тавдугаар сарын 8-нд Германы тал болзолгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Германтай байлдах дайн зогссон гэж үздэг аж.

Ямартай ч өнөөдрийг хүртэл тавдугаар сарын 9-нд ялалтын баяр тэмдэглэсээр ирсэн. Харин есдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр дайн дууссан өдөр гэж бүгд энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэсэн аж. Өнөөдөр 70 жилийн өмнөх гайхалтай ялалтын баярыг тэмдэглэж, тэрхүү ялалтыг байгуулсан цэргийн удирдагч нарыг дэлхий даяар эргэн дурсаж байгаа билээ.

Үүний зэрэгцээ олон жил үргэлжилсэн дэлхийн II дайнд өөрийн авхаалж самбаа, цэргийг удирдах гайхалтай авьяасаараа домог болон үлдсэн ЗХУ-ын цөөнгүй маршал байдаг. Тэдгээрийн нэг нь ЗХУ-ын хошой баатар, маршал Константин Константинович Рокоссовский юм. Түүний тухай зохиолч Н.А.Светлишин “Аугаа их орны дайны үеийн зөвлөлтийн цэргийн гарамгай жанжнууд” номондоо бичиж үлдээсэн хөрөг тэмдэглэлийг уншигч танд хүргэж байна.

Үргэлжлэл

1944 оны арваннэгдүгээр сараас дайн дуустал маршал К.К.Рокоссовский Беларусийн 2-р Фронтыг командалсан юм. Тус фронтын цэрэг Дорнод Прусс, Дорнод Помераны ба Берлиний гэсэн дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатны шийдвэрлэх операцид оролцсон юм.

Дорнод Пруссийн операцийн явцад Беларусийн 2-р фронтын цэрэг Млав-Эльбингийн операцийг амжилттай хэрэгжүүлж, үүний дүнд Германы фашист 2-р болон 4-р армийн хүчний хагасыг бут цохиж, 230 км урагш ахин Балтийн тэнгисийн эрэг хүрсэн. Үүний үр дүнд Германы Дорнод Пруссийн армийг өрнөд ба баруун урд талаас нь бүсэлж, устгасан байна.

ЗХУ-ын арми тал бүрт ялалт байгуулж, Висла мөрний адагт хүрч, түүний баруун эрэг дээрх түшиц газрыг эзэлжээ. Мөн цааш Дорнод Померан руу довтлох аятай нөхцлийг хангав. 1945 оны хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал Беларусийн 1, 2-р фронт Польшийн умард хэсгийг чөлөөлсөн. Үүнд нь Цопот, Гдыня, Данциг боомтууд багтаж байлаа.

Гэхдээ дайны төгсөглд Германы арми хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр байв. Маршал К.К.Рокоссовскийгийн удирдсан арми Одер мөрнийг гол хүчээрээ гаталж, баруун хойд зүгийг чиглэн давшсан. Тэнд Германы танкийн 3-р арми, явган цэргийн “Висла” арми байрласан байжээ. Иймд ЗХУ-ын цэргийн хүчин дээрх хоёр армийг бүслэлтэнд оруулж, гол хүчнээс нь тасалсан юм. Дараа нь уг фронт хагас хүчээрээ Висла мөрний адгаас Берг-Ди-Вень хүрэт өргөн зурвас газар Балтийн тэнгисийн эргийг хамгаалах даалгавараа амжилттай биелүүлсэн.

Улмаар 1945 оны дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 8 хүртэл Беларусийн 2-р фронтын цэрэг Данцигийн орчмоос Одер мөрний адаг хүртэл 200 гаруй км-ийн зам туулж, дараань уул мөрнийг гатлаад дайсны Штеттиний бүлгийг бут цохиод, урмаас Берлин рүү хийх довтолгоо нь амжилттай болов.

Ийнхүү дээр дурдсан баримтаас үзэхэд өнгөрсөн дайны жилүүдэд олон тулалдаанд ЗХУ-ын хошой баатар, маршал К.К.Рокоссовскийн өөрийн ур чадвар, цэргийг удирдах авьяасаар эх орноо хамгаалж чадсан нь харагдаж байна.

Түүний тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхөд эргэн дурсахдаа армийн генерал П.И.Батов “К.К.Рокоссовскийн шадар туслахууд нь түүнтэй цуг өсөж, цэргийн ур чадвараа нэмэгдүүлж байлаа” гэсэн бол Сталинградын тулалдаанд Доны форнтын нэг армийг удидаж байсан армийн генерал А.С.Жадов фронтын командлагчийнхаа тухай “Генерал К.К.Рокоссовский ямар ч байдалд тайван, сандарч тэвддэггүй, захиргаандаа байгаа хүмүүст дотно, тэндэнд байлдааны зорилтыг тодорхой тавьдаг, биелэлтийг нь хатуу боловч эвтэйхэн шалгадаг хүн байлаа. К.К.Рокоссовский гойд сайхан сэтгэлтэй хүн байлаа. Ямар ч тушаалын хүн байсан түүнд тайвшруулах үг хэлдэг, ухаалаг зөвлөгөө өгч, захиргаандаа байгаа хүмүүсийн санаачилгыг машид үнэлж, тэдний саналыг анхааралтай, тэвчээртэй сонсдог байлаа. Энэ бүх чанар, цэргийн асар их авьяас нь дайны арванзургаа дахь сард нэн чухал нэг форнт удирдах боломжийг К.К.Рокоссовскийд олгосон юм. Харамсалтай нь дараагийн жилүүдэд манай арми К.К.Рокоссовскийн командалсан фронтын бүрэлдэхүүнд орж байлдаагүй боловч миний бие Курскийн цүлхэний тулалдаан, Беларусь, Польшийг чөлөөлөх тулалдаанд, Дорнод Прусс, Помераны операц, Одер дээрх тулалдаан, Берлиний төгсгөлийн операчид тод илэрсэн түүний жанжны авьяас билгийг бахдан харж байсан юм” гэсэн аж.

Дайны дараа К.К.Рокоссовский 1945-1949 оны хооронд Польшийн нутагт байрлах ЗХУ-ын цэргийн Умард бүлгийн ерөнхий командлагч, 1949 оны аравдугаар сараас Польш улсын Засгийн газрын хүсэлтээр, ЗХУ-ын Засгийн газрын зөвшөөрлөөр Польш улсын Үндэсний батлан хамгаалах яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажилласан байна. Үүний дараа 1956 онд ЗХУ-д буцаж ирээд, Батлан хамгаалах яамны орлогч сайдаар томилогджээ. Тэрээр өнгөрсөн дайны туршлага, цэргийн хэрэгт гарсан шинжлэх ухаан-техникийн хувьсгалыг харгалзан дайны дараах үед ЗХУ-ын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлст өөрийн бүхий л бололцоог ашиглан үнэтэй хувь нэмэр оруулсан.

К.К.Рокоссовскийн гавьяа зүтгэлийг Засгийн газраас өндөр үнэлж, ЗХУ-ын маршал, улсын хошой баатар, Лениний долоон удаагийн одон, Октябрийн хувьсгалын одон, Улаан тугийн зургаан удаагийн одон, Суворов, Кутузовын 1-р зэргийн одон, “Ялалт” Зөвлөлтийн дээд одонгоор шагнасан байна. Дайны жилүүдэд тодрон гарсан цэргийн гарамгай жанжин К.К.Рокоссовский 1968 оны наймдугаар сарын 3-нд таалал төгссөн бөгөөд түүний цогцсыг Москва хотод Улаан талбайд Кремлийн хананд оршуулсан юм.

 

Төгсөв

1945 оны зургаадугаар сарын 24-ны өдөр болсон ялалтын баярын жагсаалд армийн командлагч, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуков, ЗХУ-ын хошой баатар, маршал К.К.Рокоссовский нар

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (112.72.13.158) 2015-09-29 13:41
      • 0
      • 0

      Ёо бурхан минь чи өөрийнхөө түүхийг ингэж нүүр дүүрэн бичдэг болоосой.

      Хариулах