Б.Лхагважав: Ирэх оноос хүн бүр НӨАТ-ын хоёр хувиа буцаан авна

Twitter Print
2015 оны 09-р сар 27-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 

-УИХ Нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Эдийн засаг хүнд байгаа үед энэ нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадах болов уу?

-НӨАТ-ын тухай хууль 1997 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Уг нь 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, хувь хүний татварт суурилсан татварын системийг сонгосон юм. Үүнээс өмнө татварын ачааллыг голчлон байгууллагууд үүрч, худалдааны татвар төлдөг байлаа. Гэхдээ аливаа татварын бодлого гэнэт өөрчлөгддөггүй, өмнөх нийгмээсээ улбаалж орж ирдэг. Энэ утгаараа худалдааны татварын нэр, хаягийг өөрчлөөд л НӨАТ болгочихсон. НӨАТ гэдэг татвар цуглуулж төсөвт төвлөрүүлэхээс илүү нийт ажил үйлчилгээ, түүнийг бүртгэх бүртгэлийн систем юм Өөрөөр хэлбэл, хар зах зээл буюу бүртгэлгүй, татварт хамрагддаггүй хэсгийг илрүүлдэг хамгийн том механизм гэсэн үг. Гэхдээ НӨАТ-ын тухай хуулийн 1997 онд батлахдаа яг энэ механизмаар хийж чадаагүй. Ерөнхийдөө худалдааны татвар маягаар хийсэн. Аливаа татварыг шинээр хэрэглэхдээ өөрийнх нь философи, онол, арга, аргачилалтай нь бүтнээр нь оруулж ирэхгүй бол сэглэгдэж, эдийн засгийг хэрхэн самардгийг НӨАТ-аас харж болно. Шалтгаан нь юу гэвэл, НӨАТ-ын өөрийнх нь мөн чанарыг ашиглаагүйд байгаа. Ядаж байхад 10 сая төгрөгийн босго тавьчихсан. Үүнээс болоод НӨАТ төлдөг, төлдөггүй гэсэн маш том ялгаа үүсч, эрчимтэй хөгжиж байсан компаниудаа жижиглэж хуваасан. 

-НӨАТ төлөхгүйн тулд уу? 

-Тийм. Бүгд 10 сая төгрөгөөс доогуур орлоготой болох гээд томорч байсан компаниа задалж, жижиглэсэн. Компаниудыг тамирдуулж, өнөөдрийг хүртэл томорч чадаагүйн балгийг НӨАТ-ын энэ заалт авчирсан. Зарлага нь ямар байгааг тооцдоггүй хэрнээ, орлогоос нь шууд 10 хувь тооцоод авчихдаг гэх мэтчилэн онолын талаас нь харж, өөрчлөх зүйл олон байсан. Харин одоо өмнөх буруу бодлогоосоо ангижирч байна. Ер нь НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч төлдөг, шууд татвар. Эцсийн хэрэглэгч гэдэгт хувь хүн, аж ахуйн нэгж, төр өөрөө ч орж байгаа. Сая оруулсан нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ төлөгч төлсөн татварынхаа хоёр хувийг буюу тухайн татварын 20 хувийг буцааж авдаг байхаар болсон. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. НӨАТ-ын буцаан олголтыг өгснөөрөө татвар төлдөггүй л бол НӨАТ-ын хяналтад орж зах зээлээс арчигдана шүү гэдэг дохиог нийгэмд өгч эхэлнэ. 


-Энэ нь юу гэсэн үг вэ? 

-Маш хатуу шалгуур явна гэсэн үг. НӨАТ- ын хоёр хувийг иргэн буцааж авна. Хэрвээ картаар гүйлгээ хийсэн бол тэр дороо дансанд нь орно. Эсвэл жилийн турш талоноо цуглуулаад дараа жил нь буцаан авна. Татварт бүгдийг хамруулах механизм ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. Үүнийг л манайх анхнаас нь зөв хэрэглээгүй. Би 2005 оноос энэ тухай ярьж 10 саяын босго болохгүй байна гэж анх удаа Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан. 2008 онд УИХ-д нэр дэвшихдээ НӨАТ-ын 30 хувийг буцаан олгодог байхаар мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. 2008 онд ярьж явсан санаа минь бодит амьдралд өнөөдөр тусгалаа олж байна. Буцаан олголтын хэмжээ 30 хувьд хүрээгүй ч ямартай ч бүртгэлийн систем хар зах руу орж байгаа нь ач холбогдолтой. Гэхдээ анхаарах нэг чухал асуудал бий. Ирэх оны нэгдүгээр сараас НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн хуулийг батлах шаардлагатай. Энэ хоёр хуулийг гаргахгүйгээр, шууд ийм хүнд механизмыг хэрэглээд эхэлбэл нэг хэсэгтээ шоокийн байдал бий болгоно. 

-Яагаад? 

-Компаниуд нэг гараанаас эхлэх хэрэгтэй. Цаашдаа хэн татвар төлж байна, тэр оршин тогтоно. Татвар төлдөггүй бол том, жижиг гэлтгүй зах зээлээс шахагдана. 2016 оноос энэ систем рүү хүссэн хүсээгүй орно. Гэхдээ Өршөөлийн болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, нэг удаа боломж олгоод бүх компанийг санхүүгийн ижил төвшнөөс гаргах хэрэгтэй. 

-Одоо НӨАТ төлөгч хэдэн компани байдаг вэ. НӨАТ-ын босгыг 50 сая болгон нэмснээр хэчнээн компани энэ татвараас чөлөөлөгдөх вэ? 

-Босго бол анхаарал татах зүйл биш. 50, 100 сая төгрөг байна уу эсвэл өнөөдрийнхөөрөө арван хувь байх нь асуудлын гол нь биш. Энэ тоонууд зүгээр улс төр. Хамгийн гол нь төлсөн татвараас нь тодорхой хувийг буцааж олгох заалт орчихлоо. НӨАТ-ын буцаан олголт хийгээд эхлэхээр босго ямар ч хэрэггүй болно. Тухайн хүн НӨАТ буцаан өгдөг дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэхийг хүснэ. Карт уншдаггүй, таны НӨАТ-ыг буцааж олгодоггүй газраар үйлчлүүлэх хүнгүй болно. Тэгэхээр 50 саяын босго ямар ч асуудал үүсгэхгүй. НӨАТ-ыг ойлгодоггүй улстөрчид НӨАТ-д хамрагдахгүй болголоо гэж нийгэмд гавьяа байгуулсан юм шиг улс төрийн коко авах гэсэн оролдлого хийж байна. Тэртэй тэргүй иргэн Дорж НӨАТ-аа буцаан авахын тулд НӨАТ төлдөг газраар үйлчлүүлнэ. Өнөөдөр Монгол Улсад 95 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 20 мянга орчим нь 10 саяас дээш орлоготой. Таван жилийн өмнө бол энэ тоо 5000-6000 байсан. Татварын байгууллага хэдэн том компаниас татвар цуглуулчих нь өөрсдөд нь амар байдаг. Хэдэн томуудаасаа аваад жижиг компанийг хүрээний гадна хаячихдаг. Энэ нь манай татварын буруу бодлого явж байсны илрэл. Хэдхэн том аж ахуйн нэгжээ цөлмөдөг, бусдыг хамруулдаггүй. Ямар нэгэн идэвх гаргадаггүй, шинээр татвар төлөгч оруулж ирдэггүй. 

-Татварын хоёр хувиа буцааж авахын тулд жилийн турш талон цуглуулах хүн байх болов уу? 

-Татварын ерөнхий газар, Сангийн яам НӨАТ-ын буцаан олголттой холбоотой 100-гаад компанийг сонгож, хоёр жилийн өмнөөс туршиж эхэлсэн. Монголчууд ойролцоогоор 4.3 сая карт хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Мөн 2.4 сая гар утас барьж байгаагаас 1.7 нь смарт утастай. Тэгэхээр технологийн дэд бүтэц нь бүрдчихсэн. Тиймээс картаар төлбөр тооцоогоо хиймэгц хоёр хувь нь шууд таны данс руу орох программ хийж байгаа. Зах дээр гэдэг юм уу карт уншдаггүй газраас худалдан авалт хийх бол талоноо нэхэж авах хэрэгтэй. Талон нь тусгай дугаартай, тэр талоноор улс даяар лотто явуулах юм. Иргэдийг талоноо авдаг болгож дадлагажуулахын тулд байр, машины хонжвортой лотто явуулаад эхлэхээр үсчинд орсон ч талон нэхэж авах ёстой. Үүнээс болоод үйлчилгээ үзүүлж байгаа бүх газар кассын системд шилжиж, карт уншдаг болно. Намайг 2008 онд энэ санааг гаргаж байх үед технологийн талаас хүнд байсан. Одоо технологи хөгжсөн үед ямар ч асуудал үүсэхгүй. Банкууд 4.3 сая картаар гүйлгээг хянаж байгаа. Банкны системд ямар ч алдаа гардаггүй шүү дээ. Яг үүнтэй ижил бүх гүйлгээ татварын албанд хянагдана гэсэн үг. 

-Тэгвэл хүмүүс жижиг дэлгүүрийг биш том супермаркетаар үйлчлүүлэх хүсэлтэй болж эхлэх үү? 

-Энэ нь тухайн хүний сонголт. Жижиг гэлтгүй дэлгүүрүүд кассын машинтай. Түүнийгээ интернэтэд холбох асуудал л байгаа. Тэгээд ч захын жижиг дэлгүүр карт уншдаг машинтай болсон. Үүнийг Монголын банкны холбоо, банкууд их дэмжиж байгаа. Яагаад гэхээр бэлэн мөнгөний гүйлгээ эрс багасна. 

-НӨАТ-ын тухай хууль зөвхөн 50 саяас дээш орлоготой компанид биш, хүн бүрт хамаатай байжээ. 

-Тийм ээ. Дахин хэлэхэд НӨАТ төлөгч гэдэг эцсийн хэрэглэгч та. Иргэн, аж ахуйн нэг төр өөрөө ч орно. Компани бол зөвхөн дамжуулж байгаа этгээд. Таны төлсөн НӨАТ-ыг 100 хувь улсад өгч байна уу, голоос нь өөртөө үлдээгээд байна уу гэдэг асуудал байгаа. Өнгөрсөн 10 гаруй жил голд нь ашигладаг этгээдэд маш их мөнгөний хуримтлал бий болгож өгсөн. Одоо бол нийгмээрээ татвар төлдөг, хяналт ч нийтийнх байх ёстой. Нэг хэсэг нь зувчуулдаг байж болохгүй. Татварын ийм зөв системд орсноор компаниудад ч томрох боломж, зам нь нээгдэж байгаа гэсэн үг. 

-Энэ хууль танд таалагдаж байгаа юм байна. Харин компаниудын эрх ашигт нийцэж байгаа болов уу? 

-Миний 2008 онд дэвшүүлж байсан санаа, хууль болж гарсанд би баяртай байгаа. Гэхдээ Өршөөлийн болон Эдийн засгийн хуулийг баталж нэг шатнаас гаргах хэрэгтэй. Догол байдлаар гарвал хүнд байдалд орно. Татвар төлдөг хэд нь улам нарийн хяналтад орно. Төлдөггүй нь гадуур хэвээр үлдэнэ. Тэгэхээр хуулийг яаж хэрэгжүүлэхээс үр дүн нь ихээхэн шалтгаална. Алаг цоог бол сөрөг үр дүн гарч болно. Санхүүгээ жигдлэх нэг боломжийг олгох хэрэгтэй. Жишээ нь бид барилгын салбараас татвар авч чадахгүй байна. Жилд дөрвөн их наяд төгрөгийн барилга борлуулж байна. Тэгвэл барилгын салбарын татварын буцаан олголтыг таван хувь болгож болно. Манайх хоёр хувь дээр хатуу тогтоосон нь бас буруу, уг нь уян хатан байх хэрэгтэй байсан. Барилгын салбараа аваръя гэвэл бүр 10 хувийг тэр чигт буцаагаад өг. Тэгвэл барилгын салбарын цаана байгаа идээ бээр гараад ирнэ. Уул уурхайн салбарт ч ижил. Хаана татвар авч чадахгүй байна, тэнд тоглолт хийдэг. Тэр эрх нь Засгийн газарт байх ёстой. Тогтмол хоёр гэхээр бас учир дутагдалтай байгаа юм. Гэхдээ үр дүн нь хоёр жилийн дараа гараад эхэлнэ. Хувь хүн 2016 оны татварын буцаан олголтоо 2017 онд авна. Хууль хэрэгжиж эхлээд иргэн бүр шаардлага тавиад эхлэхээр компаниуд их цочирдоно. Зарим нь бүр салгалж чичирч мэднэ. Тухайлбал, хотын төвд өндөр үнэтэй үнэртэй ус зардаг мөртлөө НӨАТ-ын падаан өгдөггүй газар байна. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс 500 мянган төгрөгийн бүтээгдэхүүн авахад “Манайх НӨАТ төлөгч биш” гээд зогсч байна. Ийм газрууд зах зээлийн жамаар арчигдах ёстой. Манай танхим ч хэн татвар төлнө тэр оршин тогтоно гэдэг зарчим барина.

М.Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.3.238) 2017-07-27 14:30
      • 0
      • 0

      Жижиг дэлгүүрүүд ,картын машинтай боловч баримтаа огт өгөхгүй байгаа нь дэлгүүрийн эзэд өөрсдөө баримтыг бүртгүүлж 2хувийг нь авдаг юм байна гэж л ойлгогддог эсвэл энд татвараас зугтах ч гэх юм уу өөр шалгаан байгаа юм болов уу

      Хариулах

    • Зочин

      (182.160.3.238) 2017-07-27 14:22
      • 0
      • 0

      Худалдан авалт хйихдээ хувь хүнээс НӨАТыг нэмж аваад буцаагаад хэдэн хувийг нь өгдөг гэсэн үг биз дээ Дэлгүүрүүд ялангуяа хүнсний жижиг дэлгүүрүүд НӨАТ баримт олгодог кассын машинтай мөртлөө баримт өгөхөө больсон байна Энэ нь нийтлэг зүйл болсон байна Томоохон сүлжээ дэлгүүрүүд л иргэдэд баримт өгч байна

      Хариулах

    • иргэн

      (103.9.90.231) 2015-09-28 13:48
      • 0
      • 0

      НӨАТ-ыг Эцсийн хэрэглэгч төлдөг. Эцсийн хэрэглэгч нь хувь хүн өөрөө шүү дээ.

      Хариулах

    • shaa

      (112.72.13.208) 2015-09-27 17:33
      • 0
      • 0

      huvi hund NOAT gejbdagguil bhgui yu alban baiguullaga yaahiin

      Хариулах

    • Зочин

      (103.9.91.169) 2015-09-29 12:30
      • 0
      • 0

      Албан байгууллага бараагаа борлуулахдаа НӨАТ-аа нэмдэг. Тэгэхээр хувь хүмүүс тэрийг нь төлж байна гэсэн үг шүү дээ.

      Хариулах

    • shaa

      (112.72.13.208) 2015-09-27 17:33
      • 0
      • 0

      huvi hund NOAT gejbdagguil bhgui yu alban baiguullaga yaahiin

      Хариулах