Б.Тулга: О.Баасанхүү гишүүний зөвлөх нь “Та нар О.Баасанхүүг сайд болгочихгүй яасан юм бэ” гэсэн

Twitter Print
2015 оны 09-р сар 27-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

БСШУ-ны дэд сайд, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Б.Тулгатай ярилцлаа. Энэ удаа түүнтэй ярихдаа хашиж буй албан тушаалынх нь талаар биш, залуу улстөрчийнх нь хувьд, мөн харьяалагддаг намынх нь тухай сонирхсон юм.

-“МАН, АН-ынхан МАХН руу нүүж байна” гэж ярьж эхэллээ. Энэ үнэхээр бодит явдал уу, танай нам карьераа өсгөх гээд хөөсрүүлээд байгаа мэдээлэл үү. Хэчнээн гишүүн, хэн ирж байна гэдэг нь гишүүд дэмжигчдэд чинь ч сонин байх?

-Одоогоор шууд статистик хэлэх, нэрсийг нь зарлахад эрт байна. МАН, АН, алинаас нь ч гишүүд ирсээр байгаа. Тэд ярихдаа “Бодож төлөвлөж байсан улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд хамтран ажиллаж болох нам гэж үзлээ” гэдэг. Нийтлэг нэг зүйл ажиглагдаж байгаа нь МАН, АН-ын дотоод бүтэц, зохион байгуулалт, фракц, бүлэглэлүүдийн нөхцөл байдал одоогоор дотор нь шинэ хүн чадавхаа шавхан ажиллахад, итгэл үнэмшилтэй байж үр дүнд хүрэхэд, хамгийн гол нь зөв улс төр хийхэд зовлонтой байна гэдгийг манай намд элсэхээр санал тавьж байгаа хүмүүс ярьж байна.

-Танай намд тэдний хүсээд байгаа зүйл байгаа гэж үү. Ирэх сонгуульд нэр дэвших орон зай гэж хараад байгаа юм биш үү?

-Тэгж харсан байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад болохгүй гэж. Гэхдээ зөвхөн нэр дэвших зорилгоор ирж байна гэж харвал өрөөсгөл болно. Сонгуулийн нэрийн жагсаалт гарахаас сарын өмнө, түүнээс өмнө ирж байгааг бол бид эрүүл үзэгдэл гэж харж байна. Харин сонгуулийн нэрийн жагсаалтад багтаахгүй байснаас болж манай намд ирвэл “Уучлаарай” л гэнэ. Өнөөдөр буюу есөн сарын өмнөөс манайд ирж бидэнтэй үзэл бодлоо ярилцаад хамт явах хүнийг бол дэмжинэ. Яг одоо ч гэнэт ирээд байгаа юм биш, сонгууль дөхсөн, Н.Энхбаяр дарга ирсэн, орон нутгаар идэвхтэй явсан зэрэгтэй холбогдуулан үүнийг илүү тодотгож хараад байгаа бололтой. Манай намынхны бардам хэлэх зүйл гэвэл 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн зорилт, мөрийн хөтөлбөрөө тууштай биелүүлж байгаа, хамгийн гол нь “Лидертэй” нам.Орон нутагт ажиллаж байхад ч манай намын энэ огцом тэлэлт эхэлсэн нь анзаарагдаж байна. Өнөөдөр хүмүүс улс төрийн сонголтоо хийхдээ “МАНАН”-д биш өөр улс төрийн хүчин хэрэгтэй, гэхдээ тэр шинэ улс төрийн хүчин нь огт туршлагагүй, эсвэл алдаагаа ойлгоогүй засч залруулах замаа мэдэхгүй яваа нам биш, лидертэй, туршлагатай, алдсан бол алдаагаа ойлгосон нам хол явах юм байна гэдгийг ойлгосон байна.

-Хамгийн сүүлд мэдээлснээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар танай намд элсэх болсноо цахим хуудаснаа илэрхийлсэн. Танай намын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн үү?

-Хариуцлага хүлээдэг, хариуцлага даадаг нам гэж үзэж байна гэдгээ шинээр элсэж байгаа бүх насны хүмүүс гол үндэслэл болгонхэлж байна. Ж.Сүхбаатар гишүүний хувьд хэд хэдэн бүсийн уулзалтад оролцож цаашид МАХН-тай хамт явах болно гэдгээ илэрхийлсэн.

-Зөвхөн танай нам руу биш, МАН, АН-д үл итгэгчид “ХҮН” намыг сонирхож байна. Улс төрийн гуравдагч хүчний өрсөлдөөнд “ХҮН” нам ямар байр суурь эзлэх вэ гэдгийг өөрийн намтайгаа жишиж тодорхойлбол хэрхэн харагддаг вэ. Магадгүй МАН, АН төдийгүй МАХН, тэр тусмаа Н.Энхбаяр таалагддаггүй хүмүүст “ХҮН” нам боломжийн сонголт юм биш үү?

-Дээр хэлсэнчлэн лидер, туршлага хоёр зайлшгүй чухал үзүүлэлт. Ерээд оны эхээр залуус улс төрд оройлон оролцож байсан. Тэд алдаж онож явсаар өнөөдөр улс төрийн хүчтэй тоглогчид болжээ. Үүний адил өнөөдөр улс төрд тэгээс эхэлж байгаа залуус тэр хууччуултай хамтарч, эсвэл давж гарч санаачилгыг гартаа авч ажиллахад амаргүй байна гэцгээж байна. Харин МАХН бол энэ бүхнээ маш амархан тэнцвэржүүлсэн. Туршлагатай ахмадууд ч, зорилгодоо хүрэхээр зүтгэсэн залуус ч аль аль нь МАХН-д, Н.Энхбаяр даргад бий. Тэднийг хамтарч ажиллуулж, нэгдүүлж чадаж байна. Өөрөөр хэлбэл зөв тогтолцоо бий болчихсон намд нэгдэж ажиллах процесс асуудал биш байдгийг харуулж буй. “ХҮН” намыг хөндлөнгөөс шүүмжилмээргүй байна. Харьцуулахын тухайд ялгааг нь хэллээ. Лидертэй байх, төрд ажилласан туршлагатай байх гэдэг хамгийн чухал. Сэтгэлийн хөөрлөөр хол явж чадахгүй болов уу. “ХҮН” намын гарч ирсэн шалтгааныг ойлгож байна. Харин энэ шалтгаанд нь дөрөөлж, ард нь хэн нэгэн улстөрч, ямар нэгэн эрх ашгийг бүлэглэл, этгээд удирдаж байх вий гэдэгт санаа зовинож байна. Гуравдагч хүчний эрэлтийг мэдэрч сонгогчдыг бүү хуураасай гэмээр байна. Одоо удирдаж байга залуус өөрсдөө эзэн нь байгаасай.

-Та өнөөдөр Засгийн газрын гишүүн. Сөрөг хүчний зүгээс ямар нэг реакц мэдэрч байна уу. Сөрөг хүчингүй мэт санагддаг уу?

-Өнөөдрийн байдлаар МАН сөрөг хүчин байх ёстой. Яаж ажиллахыг одоо л харъя. Ардчилсан тогтолцоотой орнуудад улс төрийн гол хүчин нь хоёроос дээш тоонд байх ёстой. Гэтэл манайд МАН, АН гээд хоёрхон байсан. Ялангуяа энэ хоёр нийлж МАНАН эсвэл АН МАН үүсгэж байсан учир  ямар ч хяналтгүйгээр, ил тод бус, цэвэр хуйвалдааны зарчмаар ажиллаад байгаа нь ажиглагдсан. Энэ нь Монгол Улсын эрх ашигт хохиролтой байсан. Оюутолгой, Тавантолгойн гэрээ үүний тод жишээ.

-Танай намын дарга Н.Энхбаяр саяхан хэлсэн үгэндээ “2016 онд манай намыг сонговол...” гэсэн нь сонгууль эхэлсэн мэт санагдсан. Таны хувьд сонгууль эхэлсэн үү?

-Бидний дуурайх, үлгэр авах дуртай АНУ зэрэг оронд сонгууль хоёр жил үргэлжилдэг. Тэгж байж хэн нь юу ярьдаг билээ, түүнийгээ яаж хийнэ гэдэг билээ гэдгийг сонгогч ойлгож сонголтоо хийдэг. Түүнээс биш 2012 оны сонгуулиар хэрэгжүүлсэн шиг 14 хоногийн дотор өөрийгөө танилцуулаад санал авна гэдэг хэнд ашигтай байх вэ. Ер нь ардчилсан шударга сонгууль явуулдаг оронд өмнөх сонгууль нь дуусангуут дараагийн сонгуулийн кампанит ажил эхлэдэг шүү дээ.

-МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас явуулчихлаа. Орны нь сайд нарыг томилох гэтэл МАХН, МҮАН квотын хуваарилалтыг чухалчлах юм. Эвслийн гэрээнд энэ талаар нарийн тусгасан болохоор заавал ингэх ёстой байдаг юм уу?

-Мэдээж гэрээнд энэ талаар бий. Гэхдээ ИЗНН-ын гишүүн танайх албан тушаалын хуваарилалт дээр өгөөмөр хандах юм. Уг нь УИХ дахь гишүүний тоогоороо бол танайх илүү шүү дээ. Ирэх сонгуулиар хамтрахад энэ чанар чинь таатай санагдахаар байна шүү гэж хошигнож байсан. Манай намынхны хувьд тухайн хүн сайд болоод ажлаа сайн хийх,  ёс зүйтэй, сонгуулиар дэвшүүлсэн амлалтаа биелүүлэхийн төлөө байх зарчмын шаардлагыг л тавьдаг. Түүнээс биш эвсэл дотроо талцаад буруу харж суух, суудлаа тоолоод Засгийн газрын бүтцийн тоотой дүйцүүлэх гэж улайрдаггүй. Тэгж нарийн тооцоолдог бол МҮАН өнөөдөр хоёр кноптой л сууж байгаа шүү дээ. Гэхдээ бидэнд тэгж харьцуулах сонирхол алга. Биднийг МҮАН-тай нэг эвсэл болгосон гагнаас тийм ч хэврэг биш. Түр зуур зөрчилдсөн ч ажил төрлийн яриан дээр нэгдэж зорилгодоо хүрч чадна гэж боддог.

-Өршөөл үзүүлэх тухай хууль дээр ч гэсэн энэ зарчим мөрдөгдөх үү?

-Өршөөлийн хууль дээр ч мөн адил. Яагаад гэвэл бид эвслийн зүгээс 2012 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно” гэсэн байдаг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно гэдэг нь ямартай ч эхний ээлжинд Өршөөл үзүүлэх тухай хууль батлах явдал байсан.  Төр засаг тогтворгүйгээс болоод олон иргэд хөлд нь чирэгдэж байдаг. Бизнесийн орчинд гэвэл нэг залуу  иргэн бизнес эрхлээд явж байтал салбарын удирдлага солигдсоноос, эсвэл тухайн хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөнөөс болоод тэр аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрдэг . Улс төрийн орчинд гэхэд эрх мэдэл нэг хүн, нэг хүчиний, нэг бүлэглэлийн гарт төвлөрүүлснээс сонгуулиас урьтаж дайсагнасан хүнээ ямар нэг арга замаар гэмт хэрэгтэн болгож замаасаа зайлуулахын тулд хэлмэгдүүлж байна. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан яагаад нас барав. Яагаад нас барсан хүний шүүх хурал болоод, яллаад байгаа юм бэ. Энэ бүхэн хэлмэгдүүлэлт мөн. Үүнийг зогсоохын тулд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаад явах ёстой байсан юм. Улс төрийн тавцанд байгаа энэ бүх үйл явц ил болж шинэчлэгдэх ёстой байлаа. Авлигатай холбоотой хэргүүдийг хэрхэх вэ гэдгээс болж энэ хууль гацлаа. Гэтэл авлигатай тэмцэх ажлаараа дэлхийд жишиг болж байдаг Хонконг анх АТГ байгуулаад таван жилийн дараа яг ингэж гацсан байдаг. Шинэ нөхцөл байдал үүссэнээс болж бүх бизнесээ гацааж, төр, захиргааны ажил хүртэл зогсож, цаашид хэрхэх вэ, авлигатай тэмцэх тогтолцоо зөв үү гэдгээ эргэн харахад хүрсэн. Манайд ч мөн ийм үйл явц үргэлжилж бизнесмэнүүд “Амьд явахаа бодъё, шинээр ажил хийх боломж алга, одоо явж байгаа ажлаа яаж зогсоохгүй, устгуулахгүй авч үлдэх вэ гэдгээ л бодож байна” гэж ярьж байна. Тиймээс бидний “Хэлмэгдүүлэлтийг зогсооё” гэдэг маань энэ улс орны цаашид хөгжихөд саад болох чөдөр тушааг авч хаяъя гэдэг санаа юм. Ер нь хэлмэгдүүлэлт нэг хүнээс эхэлж цаашид тасралтгүй хөвөрдөг болохоос тодорхой нэг хүн дээр буюу нэг цэгт очоод зогсоно гэж байдаггүй юм байна. Ингэж цааш хөврүүлэхгүйн тулд эхний хэлмэгдсэн хүмүүс бууж өгөхгүй, эр зоригтой байж улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой.

Бидний зөв байсныг сая болж өнгөрсөн Л.Гансүхийн шүүх хурал харуулсан. Хууль шүүхийн байгууллага яаж хэлмэгдүүлж байгааг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй харж байна.

-Танай намын гишүүн Ц.Оюунбаатарын санаачилсан энэ хуулийг одоо хүртэл Н.Энхбаяр даргатай  чинь холбож үзсээр байна. Уг нь гишүүд намын захиалгаар хууль санаачилдаг, баталдаг байж болохгүй, тийм үү?

-УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. УИХ-д бүлэгтэй нам бодлогоо хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ёстой. Бид улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох зорилго дэвшүүлсэн нам. Ийм бодлого баримталсан хэвээр байгаа. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэнийг бүгд мэдэж байгаа.

-Энэ сарын 18-ны өдөр таныг Өршөөлийн хуулийг баталж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг  боосон гэж ярьж, бичиж байна. Үнэхээр тийм үйл явдал болсон юм уу?

-Ор үндэсгүй мэдээлэл.

-Тэр өдөр та түүнтэй уулзсан уу?

-Уулзсан. Маргасан. Ярьсан. Маргаснаа боосон гэж үзэж байгаа бол уулзаж байгаа бичлэгээ олон нийтэд гаргаж тавья.

-Тэгсэн нь дээр байх. Та юунаас болж О.Баасанхүү гишүүнтэй маргасан юм бэ?

-Би “МАХН-аас сонгогдсон гишүүн юм бол үүргийнхээ дагуу УИХ, Байнгын хорооны хуралдаа суу” гэсэн. Тэр өдөр УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээж аваад тус хуульд оруулах шинэчилсэн найруулгыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд чуулганаар оруулах ёстой байсан. О.Баасанхүү гишүүн бид хоёр нэг намын хоёр залуу болохоор Ц.Оюунбаатар гишүүн “Баасанхүү гишүүн олдохгүй байна, дуудаад ирээч, утсаа авахгүй юм” гэсэн. Хууль зүйн Байнгын хороо 19 гишүүнтэй. Есөн гишүүн л тэр үед цугларсан, нэг гишүүн ирчихвэл ирц нь бүрдээд хуралдах боломжтой байсан. Ингээд л Өршөөлийн хуулийг эцэслэж болох байсан. Тиймээс би О.Баасанхүү гишүүнийг олж дуудах болсон юм. Үүнээс гурав, дөрөв хоногийн өмнө бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, хориг хэлэлцсэний дараа нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ гэхчлэн байр сууриа нэгтгэж ярилцсан. Гэтэл яг байнгын хороо хэлэлцэх болоход О.Баасанхүү гишүүн байдаггүй, утсаа ч авдаггүй.

-Та тэгэхэд ордонд ямар ажлаар явж байсан бэ?

-Намын гишүүд, эвслийн бүлгийнхэнтэй уулзаж явсан.

-Тэгээд О.Баасанхүү гишүүнтэй уулзсан уу?

-Уулзсан. Гэтэл “Би гадны хүнтэй уулзаж байна” гэсэн. Би түүнтэй уулзаад “Та УИХ-ын гишүүн юм бол хуралдаа суу, байнгын хорооны хурал эхлэх гээд ирц бүрдэхгүй байна. Та хуралдаа оролцооч ээ” гэдгийг л нэг намын гишүүний хувиар шаардсан. Яаж саналаа өгөхийг нь би хэлээгүй. МАХН сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооно” гэсэн. Гэтэл тэр асуудалтай холбоотой Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэх гэж байхад тэр хуралдаандаа оролцоод өгөөч гэж л би шаардсан. Манай намын хэн ч байсан би ингэж шаардах л байсан. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлах нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох эхний алхам.

-Та үүнийгээ Төрийн ордон дотор хэлсэн үү, гадаа хэлсэн үү?

-Ордонд ч, гадаа ч хэлсэн.

-Б.Хуяг ахынхаа талаар та юу гэж хэлсэн бэ?

-Ахын талаар юу ч хэлээгүй.

-Тэгвэл яагаад ийм мэдээлэл гарах болов. Яг тэр өдөр О.Баасанхүү гишүүн хэн нэгэн өөрийг нь  дарамталж байгаа талаар цахим хуудсаар мэдэгдсэн шүү дээ?

-Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр тэгсэн юм болов уу даа. Өчнөөн гишүүн хүлээлгэчихээд хуралдаа суухгүй, гадны хүнтэй уулзаж байна гэхээр л эмзэглэсэн. Би ч гэсэн гадныхантай уулздаг. Уучлаарай, чухал хуралтай болчихлоо, хойшлуулъя гэхэд монгол төрийн ажлыг хүндэтгэхгүй зочин гэж байдаггүй, ойлгодог. Гэтэл эс үйлдлээрээ хуралдааныг тасалдуулчихаад “Юу болсон бэ, уначихсан юм уу” гэж байгаа юм. Тэгсэн хэрнээ гурав, дөрөв хоногийн өмнө бидэнтэй ярьж байснаасаа тэс өөр байр суурьтай болчихсон нь анзаарагддаг. Цаанаасаа захиалгатай байсан бол тэр л биз. Ийм жижигхэн заль одоо явахгүй шүү дээ, О.Баасанхүү гишүүн ээ.

-Их л дарамтлуулж байна, хамгаалалт авъя гэсэн шүү дээ. Танаас өөр хүн дарамталсан ч байж болох талтай?

-Манай гишүүд бүгдээрээ утас руу нь залгаж, хуралдаа ор гэж хэлсэн. Сүүлдээ үеийн залуусын хувьд намайг явуулж очиж уулзаад хуралдаа суу гэж хэл гэсэн. УИХ-ын гишүүнийг хуралдаа оролц гэх юу нь дарамт байх вэ дээ. Харин хуралдаа битгий ор гэвэл жинхэнэ дарамт гэж тооцож болох юм даа.

-Улс төрд 25 жил хамт явсан найз нь дарамталсан мэтээр ярьсан болохоор хамгийн түрүүнд таныг “хардлаа”.

-О.Баасанхүү гишүүн бид хоёр насны хувьд аваад үзсэн ч улс төрд 25 жил явна гэж юу байхав дээ.

-МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилоход О.Баасанхүү гишүүнийг сайдаар томилох тухай таамаг явж байсан. Хэрэв сайдад нэр дэвшсэн бол нам дотроо та түүнийг дэмжих байсан уу?

-Тийм боломжийг АН олгоогүй. Ардчилсан нам зөвхөн УИХ-ын гишүүн, өмнө нь сайдын албан тушаал хашиж байгаагүй, УИХ-д ямарваа нэгэн албан тушаал одоо хашаагүй хүмүүсээс сайд болгон гэдэг нөхцөл тавьсан.  Энэ нөхцөлд таарах хүн манай нам дотор Ц.Оюунбаатар гишүүн, З.Баянсэлэнгэ гишүүн нар л байсан. Тэрнээс биш манай намд сайдаар ажиллах чадвартай хүн зөндөө бий. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан дээр хэлж байсан.

-Таны ах Б.Хуягийн асуудал Өршөөлийн тухай хуульд хамаатай учраас та О.Баасанхүү гишүүнийг хуралдаа суухыг шаардсан юм биш үү?

-УИХ-ын гишүүн ямар ч асуудал хэлэлцэж байсан хуралдаа оролцох ёстой. Тиймээс би намын нөхдийн хүссэний дагуу О.Баасанхүү гишүүнийг хуралдаа оролцохыг шаардсан.

-Одоо та Б.Хуяг ахтайгаа холбоо барьдаг уу. Ирээд хэргээ шийдүүлээд эндээ амьдарч болдоггүй юм болов уу?

-Ахтайгаа холбоотой байлгүй яахав. Ах өөрөө ч гэсэн нутагтаа ирэхсэн гэдэг. Харин аав, ээж минь өнөөгийн хууль шүүхийн байгууллага асуудлыг шударга шийднэ гэдэгт эргэлздэг учир Монголдоо ирээд хэрэггүй гэдэг. Тэд Л.Гансүхийн хэргийг шүүсэн шүүх хурлыг хараад “Бидний хэлсэн зөв байгаа биз дээ” гэж байна лээ. Миний ах ямар ч буруу хэрэг хийгээгүй гэдэгт бид бүрэн итгэлтэй байдаг.

-Дээрх үйл явдлаас хойш буюу тухайлбал 18-ны өдрөөс хойш та О.Баасанхүү гишүүнтэй уулзсан уу, утсаар ярьсан уу?

-Уулзаагүй, яриагүй. Надтай тааралдахгүй байгаа. Тэгээд зөвлөхтэй нь уулзаж “Яагаад уулзахгүй байгаа, юуны учир гурав дөрөвхөн хоногийн өмнө Өршөөл үзүүлэхтухай хуулийн талаар байр сууриа нэгтгэж байсан гишүүн маань юу болчихсон юм бэ” гэхэд зөвлөх нь “Та нар тэгээд О.Баасанхүүг сайд болгочихгүй яасан юм бэ” гэж асуултаар хариулсан.

-Таныг уучлалт гуй гэвэл яах вэ?

-Би уучлалт гуйх зүйл хийгээгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: У.Оргилмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Өлөн чоно шиг нүдтэй энэ Тулга гэгч ахаараа хулгай хийлгээд гадаад гарчихаад бас УИХ-ын гишүүнийг ална гэж заналхийлж байдаг. Одоо бүр хүн алахаас буцахгүй болжээ.

      Хариулах

    • zochin

      (112.72.13.242) 2015-09-27 14:04
      • 0
      • 2

      za za daraagiin eelj gd bnshuudee. yund ni yaraad bgaa ym songuuli hurtel amjinshdee.

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.61) 2015-09-27 13:12
      • 0
      • 2

      Онигоонууд

      Хариулах