Сангийн сайд Б.Болор: Бид эдийн засгаа бодох хэрэгтэй

2015 оны 09-р сар 25-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Б.Болор томилогдсон. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед Сангийн яамыг удирдах болсон тэрээр эхний ээлжинд төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувь хүртэл танаснаар хоёр тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзэж байгаа аж. Түүний “Ийгл ньюс” телевизэд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Өнөөгийн эдийн засгийн байдал зардлаа танахаас өөр аргагүй хүнд нөхцөлд орчихсон байна уу? 

-Одоогоос долоон жилийн өмнө түүхий эдийн зах зээл дээр манай гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ маш өндөр байсан. Жишээ нь ээс 10 мянга хүрч байлаа. Харин өнөөдөр 4000 орчим ам.доллар хүртэл буурсан. Ийм их өсөлттэй байсан үед төсвөө маш их хэмжээгээр тэлсэн. Гэтэл үүний дараа эдийн засгийн хямрал үүссэн. Зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унасан. Дэлхийн эдийн засгийн байдал ч бас нэлээд хүндэрчихсэн. Ийм үед бид төсвөө танахаас өөр аргагүй.

Орлого маань нэг их наяд гэж ярьж байгаа боловч бидний тооцоолж байгаагаар 900 гаруй тэрбум төгрөгөөр тасалдахаар байна. Энэ тасалдлыг бид төсвийн тодотгол дээрээ хийж өгөхөөс өөр аргагүй. Төсвийн тодотголоор бид нэг их наяд орчим төгрөгийн зардлыг хасах зайлшгүй шаардлага гарч байгаа. Үүнийг бид 2016 оны төсөв батлагдахаас өмнө хийх шаардлагатай. Тэгэхээр энэ таналт гэдгийг Их хурлын гишүүд маань зөв ойлгоосой. Зайлшгүй хийх ёстой. Ийм алхам хийхгүй бол манай эдийн засаг хямралыг давж чадахгүй хүрнэ.

-Ирэх оны төсвийн талаар?

-Нэг зүйл л тодорхой байгаа. Үнийн их өсөлттэй байсан үед бид төсвөө маш их хэмжээгээр тэлж, зардлаа нэмэгдүүлсэн. Ийм үед зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурчихсан байгаа ийм үед зардлаа ч бас танах шаардлагатай байгаа. Тэгэхээр 2016 оны төсөв ч бас нэлээд бүсээ чангалсан төсөв болно. Бүсээ чангална гэхээр манайхан их буруугаар ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл, бүсээ чангална гэхээр хувийн хэвшлийнхэн бүсээ чангал гэсэн үг огт биш. Төр л бүсээ чангална.

Тэгэхээр үүнийг буруугаар тайлбарлаад, “Ард түмнээ бүсээ чангал гэж байна” гэх зэргээр улстөржөөд байх хэрэггүй. Бид төрийн их зардал, нүсэр бүтэц, аппарат дээрээ л бүсээ чангалъя гэж байгаа шүү дээ. Томилолтын зардал, урсгал зардлуудыг багасгах ч юм уу. Бүсээ чангалахдаа бас цалин бууруулахгүй. Нийгмийн халамжийн бодлогыг зогсоох, эсвэл багасгахгүй. Харин маш их тэлчихсэн байгаа төсөв, үрэлгэн зардлаа үлэмж хэмжээгээр багасгая гэж ярьж байгаа юм. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.

-Яг үүнтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах асуудал яригдаж байгаа. Ингэж бууруулснаар хэдий хэмжээний хэмнэлт бий болгох вэ?

-Дэлхий нийтээрээ эдийн засаг хүнд байгаа гэдгийг би хэлсэн. Хүндрэлтэй байгаа үед улс орнууд хэрхэн арга хэмжээ авдгийг бид судалж үзлээ. Жишээлбэл, англид төсвийн ажилчдынхаа цалинг сүүлийн хоёр сар царцааж байсан түүх байна. Саяхан Финландын Ерөнхий сайд амралтын мөнгөнөөсөө татгалзаж, 13 дахь сарын цалингаасаа татгалзахыг уриалсан байгаа. Энэ байдлыг бид харгалзан үзсэн.

Гэхдээ төрийн албан хаагчдынхаа цалин руу халдахгүй. Эхний ээлжинд төрийн өндөр албан хаагчид болон улс төрийн албан хаагчдын цалинг бууруулъя гэдэг асуудлыг тавьсан. Улс төрийн албан тушаалтнууд гэхээр УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, аймаг, дүүргийн Засаг дарга нар орно. Энэ хүмүүс улс төрийн сонголтоор уг ажлыг хийж байгаа учраас гурван сарын хугацаанд цалингийнхаа 30 хувийг тануулаад явахад боломжтой гэж үзэж байгаа. Улс орон маань хүнд байгаа гэдгийг ч энэ хүмүүс ойлгох ёстой. Ингэснээр хоёр орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарна.

-Энэ оны төгсгөл дээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байсан ч боломжгүй болж байх шиг байна?

-Яг өнөөгийнх шиг эдийн засгийн хүндрэлтэй үед хэрвээ цалин нэмэх нь эдийн засагт маш хор нөлөөтэй байдаг. Яагаад гэвэл зөвхөн төрийн албан хаагчдын цалин нэмэгддэг. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгэхээр хувийн хувийн хэвшлийнхэн, малчдад энэ нь хүндээр тусдаг. Төрийн албан хаагчиддаа ч бас нэг их сайнаар нөлөөлөхгүй. Яагаад гэвэл нэмсэн хэмжээгээр нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Тийм учраас цалин нэмнэ гэж улс төр хийдэг зүйл аливаа чөлөөт зах зээлийн эдийн засгаар хөгждөг улсад байж болохгүй. Цалинг тодорхой боломж нь нээгдэхээр инфляцийнхаа төвшинд тохируулж нэмдэг. Тэгэхээр бид цалинг ямар ч байсан бууруулахгүй. Ирэх оны хувьд хэлэлцээрийн ширээний ард сууна. Улс орон маань ийм байдалд байна шүү гэдэг асуудлыг л тавьж байгаа юм. Түүнээс биш бид ард түмнийхээ халаас руу орохгүй.

-Төсвийн орлогыг дайчлах зорилгоор нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж байсан. Ингэснээр шатахууны үнэ өсөх вий гэх болгоомжлол байна. Мөн дэлхийн зах зээл дээр нэгэнт газрын тосны үнэ буурчихсан байгаа. Ийм үед татвар нэмэгдүүлэхгүйгээр шатахууныхаа үнийг бууруулж болохгүй юу гэх шүүмжлэл өрнөж байна. Энэ талаар ямар тайлбар байна вэ?  

-Шатахууны үнийг одоо байгаа төвшинд нь сүүлийн хэдэн жил барилаа. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр байх үед татвар авдаггүй байсан. Харин одоо үнэ нэлээд буурчихсан байгаа учраас улс татвар авч байгаа. Гэхдээ дахин хэлэхэд, төсөв бараг нэг их наяд төгрөгөөр тасарчихсан байна. Ийм үед татвар авахаа болиод, бензиний үнийг буурууллаа гэхэд төсөвт орж ирэх орлого маань дахиад л багасна. Энэ хэмжээгээр цалин, тэтгэвэр нэмэх асуудал хүндрэлтэй болно. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй үед ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр хамгийн түрүүнд ард иргэд ажилтай байх нь зөв. Цалин өндөр байх албагүй.

Жишээлбэл, нэг сая төгрөгийг нэг хүн аваад байж байхаар хоёр хүн аваад, хоёулаа ажилтай байг л гэсэн санаа. Энэ бол эдийн засгийн хүндрэлийн үед авагддаг л арга хэмжээнүүдийн нэг. Шатахууны үнийг сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд барьчисан байгаа учраас яг өнөөгийн нөхцөлд буулгах шаардлага төдийлөн ажиглагдахгүй байна. Яагаад гэвэл бид эдийн засгаа бодох хэрэгтэй байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (27.123.214.113) 2015-09-26 15:22
      • 0
      • 0

      ойлгомжтой ярьжээ. ажил хэрэг болгон хэрэгжуулэх нь хэрэгтэй байна

      Хариулах