Д.Энх-Оюун: 72 цагийн эмийг жилд хоёроос илүү хэрэглэж болохгүй

Twitter Print
2016 оны 05-р сар 02-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Жирэмслэлтээс хамгаалах Дэлхийн өдөр есдүгээр сарын 26-нд тохионо. Хүний амь нас яригдах үнэ цэнэтэй асуудал учир энэ өдрийг 2007 оноос эхлэн 70 гаруй оронд тэмдэглэх болжээ. Манай улсын хувьд ч мөн энэ өдрийг ач холбогдолтойгоор тэмдэглэдэг. Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглээгүйгээс хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх зэрэг орон сөрөг нөлөө илэрдэг. 

Тиймээс жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн Дэлхийн өдрөөр залуучуудын жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаархи мэдлэг, мэдээллүүдийг нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар зөв шийдвэр гаргах, хүсээгүй жирэмслэлт гэр бүл болон бие хүнд ямар хор уршигтайг ойлгуулах гэх зэргээр хувь нэмэр оруулахыг гол зорилгоо болгодог байна. Үүнтэй холбогдуулан жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн талаар “Marie Stopes International” олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн захирал Д.Энх-Оюунтай ярилцлаа.

-72 цагийн эмийг жилд хоёроос дээшгүй хэрэглэх ёстой гэдэг. Энэ үнэн үү? 

-Үнэн. Яаралтай ууж жирэмснээс хамгаалах эм буюу 72 цагийн эм нь маш өндөр дозтой прогестрон агуулсан байдаг учраас жилд 2-оос олон удаа хэрэглэж болохгүй. Эс тэгвээс, өндгөвчний үйл ажиллааны алдагдалд хүргэдэг. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон, бэлгэвч гэмтсэн, жирэмснээс хамгаалах эмээ уухаа мартсан, гэр бүл төлөвлөлтөнд хүүхэд төлөвлөөгүй байх үед хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон гэх мэт аргагүй тохиолдолд л энэ эмийг хэрэглээрэй.

-Жирэмснээс хамгаалах хэчнээн төрлийн эм, хэрэгсэл Монголд нэвтэрсэн байна вэ?

-Жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн хувьд Монголд харьцангуй сонголт ихтэй болсон. Жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийг урт болон богино хугацааны, байнгын гэж дотор нь ангилдаг. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлтээс хамгаалахдаа ерөндөгийг ихэвчлэн сонгодог. Ерөндөгийн хэрэглээ 54 хувьтай байдаг. Харин богино хугацааны арга гэхээр тариа, эмийн аргууд бий.

-Ер нь эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах аргын талаархи мэдлэг, мэдээлэл хэр байдаг вэ. Тодорхой судалгаа байдаг уу?

-Өнгөрсөн онд эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн мэдлэг хэр байгаагаар түүвэр судалгаа явуулсан. Энэ судалгаагаар эмэгтэйчүүдийн мэдлэг 94.5 хувьтай гарсан. Харин хэрэглээний хувьд 54 хувьтай гэх судалгаа гарсан. Энэ нь бүсгүйчүүд жирэмснээс хамгаалах ямар аргууд байдгийг мэддэг боловч хэрэглээний тухайд учир дутагдалтай байдаг гэдгийг харуулсан хэрэг.

-Өмнө нь хүний бүрт жирэмснээс хамгаалах эмүүд өөр өөрөөр нөлөөлдөг гэсэн шүү дээ. Тэгвэл өөртөө тохирсон жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг хэрхэн олох вэ? 

-Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Манай эмнэлэг нөхөн үржихүйн зөвлөгөөг үнэгүй өгдөг. Тухайн эмчтэйгээ зөвлөөд ууж болох заалт, ууж болохгүй эсрэг заалтыг уншсаны дараа л эмээ сонгоно. Эмчдээ ямар нэгэн архаг хууч, өвддөг эрхтэн, зовиур байвал бүгдийг нь хэлэх хэрэгтэй. Тамхи татдаг, даралт өндөртэй, өндгөвч өвддөг гэх мэт эрүүл мэнд, биеийнхээ шалтгаанаас болж бүсгүйчүүд бүгд өөр өөр эмийг сонгоно. Тийм учраас аптекаар жоргүй олгогддог байлаа гээд дураараа ууж болно гэсэн үг биш.

-Тэгвэл жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай, шалгарсан арга юу вэ?

-Жирэмснээс хамгаалах эм, хэрэгсэлд шалгарсан арга гэж ярих нь учир дутагдалтай. Тухайн хүнд ямар арга бие, физиологит нь тохирч байна вэ гэдгийг мэдэх нь чухал. Нэг хүнд ерөндөг таардаг, нөгөөд нь тохирдоггүй. Иймээс бүсгүйчүүд үзлэгт орж, өөрт тохирсон аргыг мэдэж авах нь хамгийн шалгарсан арга гэж болно.

-Сүүлийн үед жирэмслэлтээс хамгаалах “72 цаг” гэх эмийг охид, бүсгүйчүүд хэрэглэх боллоо. Энэ эмийг уух нь зөв үү. Сөрөг нөлөө бий юу?

-Аливаа бүх эм, тарианд давуу болон сул тал гэж байдаг. 72 цаг эм бол гэр бүл төлөвлөлтийн арга биш. Жишээ нь эмэгтэйчүүд сар бүр ууж хэрэглэдэг “Феминил” эм бол жирэмснээс сэргийлэх эм. Бүсгүйчүүдийн хувьд гэр бүлээ төлөвлөсөн учраас сар бүр тогтмол энэ эмийг хэрэглэж жирэмснээс сэргийлдэг. Харин 72 цагийн эм бол гэр бүл төлөвлөлтийн арга биш. Тохиолдлын бэлгийн харилцаанд орсон, жирэмснээс хамгаалах эмээ уухаа мартах, бэлгэвч урагдсан тохиолдолд л хэрэглэдэг.

Гол нь энэ эмийг сар бүр хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь ямар ч аргыг зөв зохистой хэрэглэвэл гаж нөлөө багасч, үр дүн нэмэгддэг. Түүнтэй адилхан энэ эмийг аргагүй тохиолдолд жилдээ нэг л хэрэглэж болно. Түүнээс биш сар бүр хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.

-Жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр есдүгээр сарын 26-нд болох гэж байна. Энэ өдрийг ямар байдлаар тэмдэглэх вэ?

-Жирэмснээс хамгаалах дэлхий нийтийн өдрийг 2007 оноос тэмдэглэж ирсэн. Өнгөрсөн оноос “Мари Стопс” олон улсын байгууллагаас санаачлаад энэ өдрийг Монгол Улсад тэмдэглэх болсон. Энэ удаад Эрүүл мэндийн яам, олон улсын байгууллага, төр засгийн байгууллага энэ өдөрт ач холбогдол өгч, дэмжин ажиллах болсонд баяртай байна.  Энэ жилийн хувьд хотын захын эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах гэж байна. Ялангуяа Сонгино-Хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд иргэдэд зөвлөгөө өгч, сургалт, сурталчилгаа зохион байгуулж, Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийг үнэ төлбөргүй түгээнэ. Мөн гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол, цуврал нэвтрүүлэг болон www.phi.gov.mn сайтаар цуврал зөвлөмж мэдээлэл явуулахаар бэлтгэсэн.

-Спиралийн төрөл гэж бий юу. Элдэв гаж нөлөөгүй, таргалуулахгүй спиралыг хэрхэн сонгох вэ? 

-Спирал буюу ерөндөг нь жирэмснээс урт хугацаагаар хамгаалах аргад ордог бөгөөд дотроо маш олон төрөлтэй. Монголд гармонтой, Т ерөндөг буюу цэстэй гэсэн хоёр төрлийн ерөндөг албан ёсоор борлуулагдаж байгаа. Мөн охидын ерөндөг гэж бий. Т ерөндөг нь хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой. Охидын ерөндөгийг залуу охид бүсгүйчүүд, төрөөгүй болон кисерво хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан. Ганификс буюу булчинд суулгадаг ерөндөгийг сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг болон ерөндөг нь унаад байдаг бүсгүйчүүдэд тавьдаг.

Умайн хүзүүний улайлттай, үтрээний үрэвсэлтэй эмэгтэйчүүд эмчилгээ хийлгэсний дараа ерөндөг тавиулах хэрэгтэй. Ер нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргууд төрөл бүрээр маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонгохочихвол сайн. Сонголтоо хийхдээ давуу болон сул талын талаар ойлголттой болохын тулд эмчээсээ сайтар лавлаж асуу. Эмч бол туслах, чиглүүлэх үүрэгтэй болохоос биш тэр аргыг л хэрэглэ. Энэ аргыг л сонго гэж хэлэх эрхгүй.

-Спиралаа авахуулснаас хойш хэдий хугацааны дараа хүүхэдтэй болж болох вэ? 

-1 сар орчмын дараа жирэмсэлбэл илүү тохиромжтой. Спирал умайд байгаа гадны биет учраас умайн орчныг эрүүлжүүлэх бага зэргийн эмчилгээ хийлгэчих хэрэгтэй. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.115.44) 2018-11-06 11:57
      • 0
      • 0

      хоёр ширхэгтэй эмний нэгийг нь уусан одоо нэгийн ууж болхуу уугаад гураваас дөрвөн долоо хонож бна

      Хариулах

    • Нармандах

      (112.72.11.102) 2018-08-04 09:41
      • 0
      • 0

      72 цагийн энэ эмийг би жилд 5 удаа уусан ямар сөрөг талтайг н сн мэдэхгүй бн зөвөлгөө өгөөч

      Хариулах