Хөдөөнийхнөө гайхах хөдөөнийхөн

2017 оны 03-р сар 20-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Эхлэл. Хөдөөнийхний “түрэмгийлэл”

Улаанбаатарчууд хөдөөнийхэндээ дургүй. Арай гэж иргэншин суурьших аядан, хотын соёл нэвтрүүлэн ядаж байхад нь саад хийж байна гэдэг утгаар дургүйцнэ. Ялангуяа намар оюутнууд ирэх үеэр нийслэлийнхэн их унтууцна. Тэдэнд үлгэрийн киноны болхи бүдүүлэг баатрын нэрийг өгөн “Орк”-ууд хэмээн хочлох нь нийтийн сүлжээнд түгээмэл. Үнэхээр ч хөдөөний оюутан цугларахын цагт хотын эмх замбараа хөндөгдөж, нийтийн ариун цэврийн байдал дордчих шиг болдог. Дордчих шиг гэх  юу байх вэ, дорддог юм. Хэдэн сарын дараа харьцангуй дээрдээд явчих шиг болдог нь нэг талаасаа хөдөөнийхөндээ дасдаг, нөгөө талаас хөдөөнийхэн нь харцангуй хотшоод ирдэгийн аль алин нь байх.

Хөдөөнийхөөр нь дуудах шоолох үзэгдэл нэн шинэ хотынхон буюу суурьшлын соёлд хөл тавиад удаагүй байгаа үеийнхэнд илүү ажиглагддаг. Дөнгөж өчигдөрхөн яаж хөглөж байсныг нь илүү их сануулдаг, өөрөөсөө ичих сэтгэлийн дутуу анисан шархыг сэдрээдэг болоод тэгдэг байх. Ухаандаа тамхиа дөнгөж хаяж, архиа арайхийн орхиж байх үед тамхи татсан хүн харахаар уур хүрч, согтуу нэгнээ үзэн ядах сэтгэл оволздог гэдэгтэй төстэй зүйл.

Шинэ үзэгдэл, танихгүй орчинд амархан дасдаг нь нүүдэлчдийн онцгой чанар. Чухам энэ чанар л  бидний хурдан хотшиж хөгжих түлхүүр болж байна. Нийслэлийн хүн ам жилд 30-аад мянган хүнээр нэмэгдэж байгаа гэсэн тоо баримт байдаг.  Орон нутгийн шавилхан тойргоос сонгогддог гурван УИХ-ын гишүүн бүх сонгогчтойгоо шилжээд ирсэнтэй адил тоо. Ингээд бодохоор хөдөөнийхэн нь илүү хурдан хотшиж байгаагийн хүчинд л өдий зэрэгтэй яваа хэрэг байх.

Нөгөө талаасаа манай Улаанбаатарт байтугаа, манай улсад угаасаа хотшсон, ерөөсөө иргэншчихсэн үеийн хүмүүс гэж байхгүй. Монгол хотын түүхийг Их гүрний үеийн Хархорин хотоос ч юмуу, 1911 онд тусгаар тогтнож өрнөдийн жишгээр  аж төрөх бодлого барьснаас ч юм уу, эсвэл 1924 онд бүгд найрамдах засаглал тогтоосноос гэхчлэн тоолж болно. Гэхдээ жинхэнэ хотшил 1959 онд эхэлсэн юм. Монгол хүний цор ганц, бүхий л өмч болох малыг хураан нийгэмчилснээс хойш алдах юмгүй болсон монголчууд хот суурин, улсын нийслэл рүүгээ цутган ирж шинэ маягийн аж төрлийн замыг сонгосон бөлгөө. Ийм учраас бид “уржигдар ирсэн, өчигдөр ирсэн, өнөөдөр буусан”-аараа ялгагдахаас биш бүгдээрээ л хөдөөнөөс ирэгсэд, иргэншлийн сургуулийн янз бүрийн ангийн сурагчид бөлгөө.

Найдваргүй диваажин

ХХ зууны эхний хагасыг хүртэл, мянга мянган жил уул уулын мухарт ганцаардан уйтгарлахын бэрхшээл гансрал дунд аж төрсөн монголчуудын хувьд хот, ялангуяа нийслэл Улаанбаатар нь зүүдэнд л орж болох диваажин цогцолсон мэт байжээ. Ажил төрөл нь цас бороо, ган зудаас үл хамаарах төдийгүй, ажлын цаг дуусмагц бүхнийг орхин санаа амарч болно. Суурь машин, ажил алба салхинд туугдаж, чононд идүүлэхгүй аж. Гэртээ бааж шээдэг гэж сонсоход жаахан тиймэрхүү боловч хананаасаа ус авдаг, гал түлэхгүй дулаацдаг, тэнгэрийн цахилгааныг хэрэглэн цай хоолоо хийдэг орон сууц нь үлгэрт гардагаас ч илүү. Хамгийн гол нь малчин хүний мөнхийн ганцаардлаас ангижирч, цаг үргэлж олон түмэнтэй хамт бужигнаж амьдрана гэдэг юутай цэнгэлтэй вэ?

Гэвч социалист хөдөө аж ахуй буюу хувийн өмчгүй малчдаас бүрдэх тогтолцооны гайхамшгийг харуулах нигууртай МАХН-ын хоршоолох бодлого нуран унах аюулд орсон тул хөдөөнөөс хотруу чиглэсэн миграцийг хүчээр зогсоож, орон нутгаас бүр байтугаа түр шилжих хөдөлгөөнийг хатуу чандаар журамласан байдаг. Ингээд зогсохгүй, амжиж хотод ирээд түр суурьшсан иргэд, айл өрхийг эргүүлэн нүүлгэж эхэлсэн.

Хотын хүн болох хэдхэн зам байсны эхэнд “урьд насандаа хийсэн буяны үрээр хойт насандаа диваажинд очив” гэдэг шиг Улаанбаатарт  хүний биеийг олж төрөх явдал орно. За тэгээд хотын хүнтэй суух, сургууль төгсгөөд хотод хуваарилагдах, ажил албандаа гялалзсан амжилт гарган ялангуяа намын шугамаар төв рүү татагдах, ингэсгээд “сайн заяанд очих” боломжууд дуусна.

Арай гэж “хотын заяанд” очсон хэдийн хувь заяа ч найдвартай бус. Ажил албандаа алдаа эндэл гаргах, сургууль төгсгөөд хөдөө хуваарилагдах гээд диваажингаас хөөгдөх эрсдэл дүүрэн. Ц.Лоохууз нарыг намаас буруушаан хөдөө явуулсан нь  аминдаа диваажингаасаа хөөж байгаа л хэрэг байв. Тэр үед диваажинд амьдрах эрхийн бичиг үнэхээр байсан бөгөөд түүнийг “хотын паспорт”  гэх.

Хотын хүн амыг хязгаарласан энэ журам дүрэм нь арай гэж соёлжуулж буй хотоо хялбархан хөдөөжихөөс хамгаалж, соёлын довтолгооны ургацыг улам сайжруулахад дэм болжээ. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар хүн ард оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй болмогч тал нутгийн диваажингийн даац хэтэрч эхэлжээ. Нөгөө талаас хотруу чиглэсэн нүүдлийг он удаанаар хэтэрхий хааснаас үүдэлтэй “цангаа” бас энд нөлөөлөв.  

Найрсгаа “харахгүй” Улаанбаатар

Манай нийслэлд “Найрсаг Улаанбаатар” гэж хөтөлбөр бий. Олон хүн гадаад дотоодын жуулчидтай найрсаг байх явдлыг “найрсаг Улаанбаатар” гэж харж байгаа. Хүний хүнд найрсан хандахын тулд өөрсөндөө, өөртөө эхлээд найрсаг болох учиртай. Хачин нь, бид өөрсдийн амьдрал дээр бий болсон олон найрсаг үзэгдлийг харахгүй буюу харсан ч сөрөг өнцгөөс нь дүгнээд байдаг юм.

Хотын иргэд долоо хоногийн нэг өдөр машинаа унадаггүй. Үүнийгээ дугаарын хязгаарлалт гэж нэрлээд “миний машиныг нэг өдөр унуулахгүй байгаа” өнцгөөс нь хардаг. Гэтэл  чиний явах замыг арай чөлөөтэй байлгахын тулд бусад хүмүүс дөрвөн өдөр машинаа унахгүй байгаа талаас нь харвал өөр. Машинтай хүмүүс чамд хичнээн найрсаг хандаж байгааг ухаарч сэтгэл хөнгөрнө.

Улаанбаатарынхан өөрсөндөө ч найрсаг байгаа юм биш. Цагаан сар, шинэ жил, оюутан цугларах цагаар автомашины дугаарыг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Баяр наадмын наймаа хийх,  цаг үедээ борлуулалттай бараа татахаар ирсэн хөдөөнийхэндөө боломж олгон хотын хоёр жолооч тутмын нэг нь “явган ” явж байгаа нь найрсаг араншин бус уу?

Хөдөөнийхэндээ найрсаг хандаад зогсохгүй, нийслэлийн худалдаа наймаа эрхэлдэг хэсэгтээ илүү их бараа гүйлгээ хийх, эгзэгтэй үед нь орлогоо нэмэх сайхан боломж олгож байгаа явдал нь бие биедээ найрсаг хандсны илрэл мөн биздээ?

Иргэншил суурьшил хүмүүст эрх ашгийн нийтлэг бий болгож, түүнийхээ төлөө хувийн сонирхлоо барих чадвар олгодгийн жишээ юм даа.

Одоо, намар намарт шинээр хотод сургууль соёлын мөр хөөн ирсэн “шинэ Улаанбаатарчууд”-аа нийслэлийн соёлд сургах, дагуулж дэлгүүр хэсэхээс эхлээд үзвэр үйлчилгээний дүрэм горимтой танилцуулах аяныг манай залуус хийгээд эхлэх байлгүй. Монгол хүн л юм болсон хойно нэгнийгээ “Чи муу хөдөөнийх, манай хотыг гутааж байна” гэж зэмлэвэл яаралтай хүмүүжихээсээ илүү гөжүүд зан нь хөдлөнө. Харин “Улаанбаатарт тавтай морил” хэмээн халуунаар угтаж, “нүүдэлчин төрхөөсөө салаагүй байгаа нь чиний буруу биш, бид нар ч гэсэн өчигдөрхөн чам шиг л байсан. Харин биднийг дагаад хурдан хотших хэрэгтэй” гэвэл урамтай дагалдах нь лав.

Төгсгөл. Хотын нүүдэлчин

Өнгөн талаасаа хотших амархан, зангиа зүүж, хогоо саванд орхиж, шүлсээ хаяхаа болих тийм хэцүү биш. Харин оюун сэтгэлгээнийхээ “хөдөө”-нөөс салах амаргүй.
Нийгэм улс төрийн үзэгдэл дээр үүнийг харах гэж оролдоод үзье. Манайхан асуудлыг орхиж нүүх, зугтаах аргаар л шийддэг нүүдэлчний сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Намын даргатайгаа муудалцаад нь жигүүр фракци байгуулна, шинэ бүлэглэл үүсгэнэ. Айлынхаа хүнтэй муудалцахаараа асуудлыг ярьж шийдэн, аль алиндаа ашигтай хувилбараар шийдэхийн орон тэмээгээ тууж ирээд ачаалж байгаа нүүдэлчний л араншин шүү дээ.

Шинэ сайд дарга томилогдож ирээд түрүүний  томилсон улсыг халж зайлуулж байж санаа амарна. Татаар иргэдийг дайлаад тэрэгний дугуйтай чацуулан хяддаг жишээг илүү боловсронгуй шинэ орчинд арай соёлтойгоор давтаж байгаа хэрэг биш гэж үү?

Жижигхэн юман дээр ч харагдана. Монгол хүн цувж яваа бол уралдана, уралдаагүй бол зэрэгцэнэ. Эгнээ барих, сөрөг урсгалд орох  гэхчлэнгийн иргэншлийн замд таарах зовлон бэрхшээлээс хээр тал ангид. Эзгүй талыг туулах олон морьтон нэг бол зэрэгцэн хуучилж явна. Ярих юм олдохоо боливол ташуур өгөн ухасхийж уралдах бөлгөө.

Мянга мянган жилийн уламжлалтай аялах зорчих энэ хэв маяг өнөөгийн бидний далд ухамсарт уяастай. Замын уулзварт гэрэл дохио хүлээн зогсох жолооч нарын нүд нь гарааны зурхай дээрх унаач хүүхдийнх шиг гялалзан бусдаас түрүүлж хөдлөх, цаашлаад эгнээнээсээ тасран гарах эрмэлзлээр асна. Гүйцэгдэх, хоцрохын түгшүүр айдас бас тодорно.

Явган зорчигчид нь зэрэгцэн алхаж замын урсгалыг хаана. Хамт яваа хүнтэйгээ зэрэгцэн алхаж байвал тэгш эрхийн мэдрэмж төрөх ба ард нь орчихвол хоцрох, гүйцэгдэхийн хор шар буцална.

Яг үүн шигээ, өчигдөрхөн өмчгүй нийгэмд амьдралын боломжоор тэгширч явсан хүмүүс өнөөгийн бизнесийн орчинд гарсан зааг ялгааг хүлээн зөвшөөрөхөд хүнд байгаа юм. Улс үндэстнээрээ хотших явц үргэлжилсээр...

Төрийн шагналт, зохиолч Б.Цэнддоо
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.