П.Лувсанцэрэн - Наран шингээгүй /өгүүллэг/

Twitter Print
2015 оны 10-р сар 15-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Би санхүүгийн техникум төгсөөд нэг аймгийн гэгээрлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаа. Очсоноосоо хойш төдий удсангүй хань нөхөртэй болж манай хуучуудын ярьдгаар айлын өрхний оосор татах болов. Эхлээд бид хэдэн сар хадмуудтайгаа байгаад дараа нь өөрийн байртай болж тусгаарлалаа. Үр хүүхэдтэй ч болж анхныхаа хүүг төрүүлэв. Хүү минь одоо хоёр ойноосоо долоон сар өнгөрч явна. Гэр бүлтэй болж тогтворжоод ирэхээр өнөөх залуу насанд байдаг гэдэгнэж годогносон зан ч бүр алга болчих юм. Би сургуульд бүжиг үдэшлэг гэж  гүйгээд л, томоогүйтэж багш нартаа аашлуулаад л, сүрхий гоёж гоодсон нэлээд сээтэгнүүр зантай байдаг байсан л даа. Тэр үеэ бодохоор өглөөний нарыг манан дундуур харж байгаа юм шиг нэг тод нэг бүдэг, нэг сайхан ч юм шиг, нэг хачин ч юм шиг санагддаг боллоо.

Өдөр нь албан ажлаа хийж ирээд оройд  нь гэр орны ажил хийх, хүүтэйгээ ноцолдож байгаад нэг мэдэхэд унтах болчихсон байна. Маргааш нь босоод ажилдаа явна. Өдөр шөнө ер өөрчлөгдөхгүй юмгүй нэгэн хэмээр ээлжлэн солигдсоор хэдэн сар улиран өнгөрчихнө.

Манайхаар орж гарах хүн ч цөөн болохоор яривал гэртээ гурвуулаа л ярина. Гараад явбал гурвуулаа л гарна.  Явдаг газар хэмжээтэй очдог айлч тоотой. Хоёр хүний цалин амьдралдаа бүрэн хүрэлцнэ. Суудаг байр уурын халаалттай , халуун устай хот газрын тохилог орон сууцтай зүйрлэхээргүй ч хөдөө орон нутагтаа л гэж ярихад хүйтэнд дулаан цахилгаан гэрэлтэй, цэвэр тохьтой, ер муу хэлэхээр юм байхгүй. Бид иймэрхүү амьдардаг байлаа. Сургуульд байхдаа миний хувьд өөрчлөгдсөн зүйл гэвэл орон гэрийн ажилд ямар ч хүнд гологдхооргүй боллоо. Манай нөхөр аж ахуйч, ажилсаг болохоор би дэргэд нь үргэлж заалгаж зааварлуулсаар байгаад нэг түр сургууль төгсөхийн хэртээ ажлын эрдэм сурсан гэж боддог. Манай нөхрийн муу тал гэвэл хар ихтэй, наргиа шуугианы зүйлд дургүй, өөрийн нийтийн бүжиг ч хийж чаддаггүй билээ. Хааяа гуйлгаж байж л кинонд явдаг. Нийтийн бүжиг үдэшлэг зугаалганд явмаар санагдах өдөр анхандаа олон л байдаг байлаа. Тэгсэн ч нөхөр маань намайг орой үдэш юманд явуулах нэг л дургүй бололтой байдаг болохоор нь сүүлдээ төдий л их бодогдохгүй болов.

Би нэг орой кино үзээд, арван цагийн үед л байхдаа, нэг танил залуугаараа хүргүүлээд ирсэн чинь, хаанахын юм? хэн гэдэг юм? чи яаж танилцсан юм  гэж манай нөхөр асуун шалгааж

-Бузгай залуу байна шүү! гэж ёжтой хүйтэн инээгээд байхаар нь миний уур хүрч хоёулаа нэг хэрэлдсэн юмдаг.

Тэрнээс хойш за, нэгэнт л болно бүтнэ гээд нэг оронд толгой холбосноос хойш яльгүй юмаар бие биеийнхзэ уур уцаарыг хөдөлгөж зовоогоод яахав дза, бодоод л яваагаас хойш, одоо үр хүүхэдтэй ч боллоо гэж бодчихоод нөхрийнхөө зөнгөөр л байдаг болов. Манай нөхөр ч надад асрамж халамж сайтай, юм бүхэн дээр санаа тавьж, шөнө оройн хурал цуглаан, нийтийн ажлаас хүртэл аргалаад чөлөөлж өгдөг байлаа. Хүүгээ л сайн асарч, олон гэрээ өөд татаж бай гэхээс өөр юм надаас шаардаггүй байв. Хүн ийм байхад би яаж муу байя гэж бодохов дээ. Чадахынхаа хэрээр л сайн байя гэж боддог байлаа. Гэтэл сүүлдээ гэдэс цатгалан ч сэтгэл өлөн хоол байлаа ч идэх дургүй, ямар нэгэн зүйлийг хий мөрөөдөн, хоосон шаналж битүүхэн гуниг төрдөг боллоо. Хүн амраг ханьтай болох сайхан. Амраг ханьтай болсны дараа үр хүүхэдтэй болох бас сайхан. Үр хүүхэдтэй болоод дараа нь яах ёстой вэ гэхээр л мухардаж нар шингэчих шиг санагдана. Би нөхрөөсөө уйдаж шинэ амраг мөрөөдөөгүй. Гэсэн ч нэг л юм  дутагдаад байх шиг санагдаж ер нь яахав гэдэг шиг иш мухаргүй юм өөрөөсөө асуудаг боллоо. Гэтэл энэ намар санаадгүй хадланд дайчлагдаж явлаа. Аймгийн төвөөс хорь гаруй хүн явав. Бид холын аянд явах гэж байгаа юм шиг ор дэвсгэр, сольж өмсөх хувцас хүртэл бэлтгэж аваад баяртай маяртай болсоор нэг хоёр машинтай гарч өгөв. Хадлан дээр очмогц гурван майхан босгож, эмэгтэйчүүд хээ угалзтай нэг сайхан цэнхэр майханд тавуулаа орлоо.

Яахав дээ, ажил хийх гэж ирсэн улс чинь очсоныхоо маргааш л ажилд гарлаа. Манайхны хэсэг улс нийлээд нэг бригад болж бухал хийх ажил оногдов. Эмэгтэйчүүд нь бухал чирэх боллоо. Хадлангийн ажилд туслалцахаар нийслэлээс нэг хэсэг хүмүүс ирсэн байснаас зургаан хүн манай бригадад ажиллах боллоо.

Анхны өдөр би цүдийсэн том гэдэстэй хашин хээр морь уначихаад бухал чирч гарлаа. Тэнгэр ч сайхан байв. Би богино ханцуйтай цамц өмсөж, толгойдоо эрээн алчуур зангидаад уруулаа будчихсан явлаа. Урьд нь хадлангийн ажил гэдгий чинь үзээгүй байсан болохоор анхандаа бухлаа ч оосорлож чаддаггүй байснаа сүүлдээ бүр овоо боллоо.

Би багадаа Далангийн хөндийгөөр хонь хариулдаг байв. Гэтэл нэг намар миний ганц хайртай эмэг эх маань нас барчихсан билээ. Би тэр хөгшний гар дээр өссөн болохоор төрүүлсэн эхээ ч тоодоггүй байсан юм. Тэр жил би: Асгаруулан ч уйлаад яахав дээ хө амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ гэж  дуулан эмэг эхээ үгүйлэн дуулж явдаг байв. Бухал чирж явтал гэнэт тэр үе минь сэтгэлд бодогдож учир зүггүй уйлчихмаар санагдав. Гэвч нөхдөөсөө зовлоо. Ер нь усны шувуу буцах, салхи сэвэлзэж гэрийн дээвэр байх, модны навч унах зэрэг намрын юм бүхэнд миний сэтгэл хачин болчихдог юм. Нуруу хийж байсан хэсэг залуучууд надад Ак тамак гэж нэр өгчихөөд намайг бухал чирээд ирж явахын бараанаар, Даамай гоё чам шиг хүүхэн байна уудаа Ак Тамак гэж дуулан хашгиралдаж, энд аваад ир! Хүүе, энд аваад ир гэж нурууны хоёр талаас намайг дууддаг байлаа. Би чирч ирсэн бухлаа нэг ирэхдээ нурууны баруун талд, дахиад ирэхдээ нурууны зүүн талд  нь буулгаад байсан чинь сүүлдээ "Одоо манай ээлж, одоо манай ээлж" гэж хашгиралддаг боллоо. Анхны өдөр иймэрхүү өнгөрч хүн бүр ажилдаа овоо зүгшиж, юу юу хийхээ дор бүрдээ мэдэж авлаа.

Хоёр дохь өдрөөс эхлээд бухал чирдэг улс дотроо хуваарь хийлээ. Үүнд нэг хэсэг нь нурууныхаа дандаа баруун талд, нөгөө нь дандаа зүүн талд нь бухлаа зөөх боллоо. Надтай хамт Дагдаа гэдэг залуу бухал чирлээ. Тэр залуу нуруугаар нам, чадал хүчээр муу, давжаа жижиг биетэй болохоор нь ажил хуваарилсан залуучууд түүнийг даажигнан, Дагдааг хүүхнүүдийн дансанд шилжүүллээ. Тэнд дарга болж бухал чирээрэй гэсэн юм. Дагдаа тайранхай сүүлтэй бор морь унаж бухал чирэв. Эр чадалтай эрэгтэйчүүдтэй эн тэнцэхээр биегүй ч болсон эмэгтэйчүүдийн адагт орчихгүй юм шүү гэж тэр их чармайж яваа бололтой. Бухал чирээд хажуугаар нь гарч явсан чинь хуруугаа дараад бухлаа тоолж яваа нь надад тодхон дуулдлаа. Мань эр чирсэн бухлааа тоолж явдаг байна шүү гэж дотроо бодчихоод би бас чирсэн бухлаа тоолж эхэллээ. Хорондоо түруүлж Дагдааг эрэгтэйчүүдэд дооглуулах юм шүү гэж бодчихоод би бүр яарч гарлаа. Түрүүчийн авчирсан бухлыг нуруулдаж гүйцээгүй байхад дараагийн бухлыг авчраад  бушуулцгаагаач хэмээн нуруу хийж байгаа нөхдийгөө сандаргах боллоо. Миний авчирсан бухлыг хотоос ирсэн Найдан гэдэг залуу голдуу тосож авдаг байв.

Тэр биеэр чийрэг, дуу шуу цөөнтэй, дөлгөөхөн залуу байлаа. Гурван салаа модон ацаар бухал руу хатгаж аваад өргөхөд нэвсийтэл өргөсөн их өвснийхөө дор бие нь ч жижигхэн болчихсон юм шиг харагдаа, түүндээ ер үүртэлгүй ажиллаж байгаагий нь харахад бахдалтай санагдана. Өргөсөн өвсөө нуруун дээр гаргаад тавих нь хүртэл эв намбайтай, эсгий зулж байгаа юм шиг аятайхан тавина. Түүний тавьсан өвс хүртэл бусдынхаас аа илүү дуулгавартай байх шиг харагдаад байв. Найдантай цуг Даш гэгч нэг үйлсгүй залуу ажиллаж байв. Төмөр сэрээгээр хатгаж аваад бараг малгайн чинээхэн өвс өргөнө. Тэгээд тэр өнгөрсөн жаахан өвсөө нуруун дээр гаргаад эвтэйхэн ч тавьчихаж чадахгүй заримдаа буцааж нураачихаад доороос нь хоёр гараараа тулчихсан "хүүе Найдан, болохоо байлаа шүү" гэж хашгирдаг байв. Заримдаа сэрээгээ өвстэйгээ цуг шидчихнэ. Ажилд муугийн хажуугаар бас их алиа. Яарах ядрах хоёрын хажуугаар би түүнийг харж инээж цаг үрээд байдаг байлаа. Та нар ер нь яасан улс вэ? түргэлээч гэж намайг хэлэхэд "Бид нар ч уг нь Ак Тамакийнхаа урмыг хугалах улс биш шүү, харж бай" гэж Даш сэрээгээ шүүрч аваад бухал руу дайрч, нухаж нухаж өчүүхэн жаахан өвс өргөчихөөд нэг их мундаг юм өргөж яваа юм шиг өвдөг нь чичирдэг байлаа. Дашийг би хар бор ажил сураагүй эрх танхи өссөн айлын ганц хүү болов уу гэж тааварлаж байв.

Дагдаа бид хоёр чирсэн бухлаа тоолж байгаагаа хэн хэнээсээ нууж чармайн зүтгэсээр явтал үдийн хоолны цаг хариугүй боллоо. Би үдийн хоолноос өмнө амжиж заавал дөрвөн бухал авчрахгүй бол Дагдаагаас нэг л хоцормоор санагдаад байлаа. Нэг томоохон бухал чирээд ирж явтал Найдан нэг аягатай юм барьсаар угтаад ирлээ. Энэнийг залгичих гэнэ. Үзсэн чинь айраг байна. Ам ангасныг хэлэх үү, морин дээрээ зогсож байгаад залгилж орхив. Намайг айраг ууж байх зуур Найдан өрөөсөн гараараа ташаагаа тулж зогсоод над руу сүрхий харж байгаа бололтой, угийн онигор нүдтэй, тэрэн дээрээ наран сөрөг над руу харах гэж хоёр нүдээ бараг аниад байдгаараа ярвайна. Толгой дээр нь өвс үс хоёг бараг тэнцүүхэн холилдож эгээ л зараа шиг болчихсон хир нь тэрнийгээ өөрөө ч мэдсэн янз алга. Хамрынх нь үзүүр рүү хөлс бөнжийнө. Би айргий нь уугаад аягы нь эргүүлэн өгөх зуураа:

"За  Найдан минь, их баярлалаа" гэсэн чинь дурамжхан нэг муу инээчихээд буцаад явчихлаа. Би хойноос нь жаахан харж байгаад буцлаа. Дагдаагаа харсан чинь өвснөөсөө өөр өөр юм бодож яваа янз алга. Морь нь их хөлөрсөн харагдана. Би Дагдаагаас сүүлдэж үлдээд ядаж ганц ч болов бухал илүү чирээд хоолондоо явах санаатай байлаа. Гэтэл Дагдаа бас л надтай адилхан бодсон бололтой. Манайхан хоолоо идэх болж майхан руугаа явцгаалаа. Дагдаад харсан чинь бухлаа л чирээд яваа харагдана. Одоо ч энэнийгээ буулгаад гарцаагүй чи нэг явах бий гэж бодож явсан чинь тэр, чирч ирсэн бухлаа буулгаж мориныхоо олмыг тухтайхан чангалж аваад мордлоо. Гэдэс өлсөж хоолондоо яарч явсандаа уур хүрээд би Дагдааг аман дотроо Ээ тагжийсан моньд чамайг гэж хараав. Манайхан майхныхаа гадаа оччихоод хүүе, хоол хөрчихлөө. Нөхөр Дагдаа чи наад хүүхнээ явуулж хоолыг нь идүүлээч гзх зэргээр элдвээр л хашгиралдаж байгаа дуулдана. Дагдаа бид хоёр нэг бухал чирээд ирж явтал Найдан Даш хоёр биднийг угтан гүйж ирлээ. Яах гэж явааг  нь мэдээгүй байтал, Найдан миний морины жолооноос Даш Дагдаагийн морины жолооноос барьж аваад хөтөллөө. 

... Би Дагдаагаас хоцрохгүй гэж хичээсээр яваад цаг өнгөрөхийг ажигласангүй нэг мэдэхнээ нар шингэж ажлаас буух цаг болсон байв. Манай нөхөд ч нэлээд ядарсан бололтой нурууныхаа ёроолд сууцгааж зарим нь дуу дуулж зарим нь яриа дэлгэж эхэллээ. Би ч нөхөд дээрээ ирэв. Найдан захдуухан суучихсан амандаа өвс зуугаад суучихсан амандаа өвс зуугаад дуу аялж явна. Би иргэд нь очиж суугаад: За Найдан минь нэг сайхан дуу дуулаад аль гэтэл би хайрын дуунд их дуртай , тэрнийгээ дуулах уу гэлээ. За тэг Би чамайг урьтаад шагнаж орхие гэж халаасандаа явсан   ганц  чихрийг гаргаж  өглөө. Найдан баярлалаа гэж түүнийг энгэрийнхээ халаасанд хийчихээд "Урсаж байгаа байгаа голын шуугиан" гэж намуухан аялж эхэллээ. Их бодлогоширсон байдалтай дуулах юм. "Угтан авцгаа хайрын минь дууг" гэж нөхөд  маань түрж дууллаа.

Дуугаа дуулсаар бүгдээрээ майхан руугаа явцгаалаа. Орой нь манайхан тоглосон боловч би ядраад хэвтлээ. Манай майханд хотоос ирсэн хүний бага эмч нэг сайхан хүүхэн байв. Тэр бас тоглосонгүй. Хоёулаа өдрийнхөө ажлын тухай ярилцаж хэвттэл Дагдаа гүйсээр орж ирлээ.

Та хоёр гарч тоглохгүй яагаа вэ гэснээ "чи энэнийг хараач, тохойгоор нэг хачин хатгаж өвдөөд байна" гэж өнөөх бага эмч хүүхний өөдөөс гараа гаргаж үзүүллээ.

....Ажлын гурав дахь өдөр үдээс өмнө хэсэгхэн бороо орж ажил  бага зэрэг саатлаа. Хадлан дээр ирээд байсан аймгийн эвлэлийн хорооны дарга гэж нэг залуу энэ завыг ашиглаж хадлан дээр ажиллаж байсан бүх хүнийг цуглуулж уулзаад яриа хийлээ.

Тэр газар газрын хадлангийн ажлын явц байдлаас яриад манай хадланчдын ажилтай танилцсанаа ярив. Манай хадлангийнхнаас сайн ажилласан хэсэг залуучуудыг нэр зааж баяр хүргэлээ. Тэрэнд миний нэр орчихсон байв. Би ийм яльгүй юманд тэгж их баярлах байснаа мэдсэнгүй. Энэ явдал өдөржин надад бодогдов. Би нэг өөр болчих шиг санагдаад явсан билээ. Үнэхээр өөр болчихооргүй юмаа ч нэсэн би өөрийгөө үнэхээр залуу хүн шүү гэж бодогдоод явах боллоо. Цагаасаа өмнө сэтгэлээр өтөлж бие хөсөр хаяад амьдралынхаа дээд зорилгод хүрчихсэн юм шиг санаж явна гэдэг угаасаа тусгүй байдаг юм байна даа.

Үдээс хойш тэнгэр сайхан цэлмэж нар гарлаа. Нэгэнт өдөр хагасалж ажилдаа гарсан болохоор бид урьд өдрийнх шигээ их ажил хийж чадаагүй боловч хагас өдрийнхөө хирээр чамлалтгүй ажил хийлээ.

Ажлын дөрөв дэх өдөр болов. Энэ өдрөөс эхлээд Найдан миний сэтгэлд нэг л хачин бодогдоод байх болов. Цэрэн чинь одоо л болохоо байх нь дээ гэж өөрийнхөө тухай бодоод зэвүүн санагдавч сэтгэлзэ зоргоор нь тавьж бодсоор л байлаа.

Орой нь ажлаасаа буугаад тоглоцгоодог байснаа шинэ дуу заалгаж эхэллээ. Хүмүүс хэсэг хэсгээрээ суучихсан тэнд эндгүй дуу аялан зарим нь дуулж байгаа дуундаа үнэхээр уярчихсан суугаа харагдна. Би сургуульд байхдаа мөн л ийм байсан юм. Сургууль төгсөөд хань ижилтэй болсноо хойшхи энэ гурван жилд би сайн муу их юм сурчээ. Ингэж савсагнаж явах муухай тэгж ч орилж хашгирч явах эвгүй гэсэн сургаал номлол цаг тутам сонссоор биеэ ягштал барьж сурчээ. Залуучууд дуулж орилж чадахгүй дуулсан дуугий нь сэтгэл дотроо даган аялж амаа жимийж суудаг байлаа. Яриа хөөрөө багатай,  анир чимээ нам , ихэмсэг байхыг хүний нэр төрөө хадгалах арга гэж ойлгож явжээ. Цэрэн минь дуулдаа . Яасан уйтгартай юм бэ? Гэж  Найданг хэлэхээр би хүний нүдэнд ямар харагдаж байгаагаа ухаарч нэг орой баахан дууллаа.Манайхан ч намайг сайхан хоолойтой юм. Эвтэйхэн дуулж байна гэж онгироогоод л тэр орой сэтгэлээ нэг онгойтол дуулсан билээ.

Чи дуулж байлдаа. Сайхан шүү гэж Найдан ятган надад гурав дөрвөн шинэ дуу зааж өглөө. Сүүлдээ би дуу зааж аль гэж хоргоон Найданг гараас нь хөтлөн майхан руугаа чирдэг боллоо. Найдан зарим орой унтах цагаа хүртэл надтай цуг сууж дуу дуулдаг байв.

Иймэрхүү юм бодоод л Найданг харахад хүний сайхан гэж миний боддогоор юуг хэлдэг байна тэр болгон л амилж биелчихээд явж байгаа юм шиг надад санагдаж би дурлахгүй байж чадаагүйгээ улам гүн ухаардаг байлаа. Буцах хугацаа ойртох тутам Найдангийн тухай би дүйртлээ боддог боллоо.

...Түүнийг би өөрийнхөө тухай эргэцүүлэн боддог болсны тэмдэг гэж ойлгоод баярлаж, санаснаа ярьсаар л байна. Гэтэл нэг өдөр яльгүй юмнаас маргаан гарч түүнийг далимдуулаад нөхөр минь учиргүй хилэгнэн намайг загналаа. Чи хадланд яваад зан чинь хувираад ирсэн. Юм л бол дуулах ... сэтгэл чинь тогтохоо байсан. Найдан гэгчтэй сүлбэлдэж миний өө согог бүхнийг дансалж яваад ирсэн. Чиний хийсэн ажил тэр. Олонтой нийцтэй явъя гэж боддог болсон чинь ч зөв. Чи их гэгээрч замаа олж... би энэ ертөнцөд хэрэггүй хүн. Далд ороод өгөмз гэж энгэр заамаа зад татан хөнжил дэрнээс өгсүүлээд гартаа өртсөн бүхнийг бусниулан шидэв.

Би байшингийнхаа нэг жижиг тасалгаанд шөнийн харанхуйд уйлж суугаа боловч боловч миний чихэнд олон хүний дуу шуугиан сонсогдож бидний нуруу хүртэл өтгөн талын дунд дүнхийн харагдаад, нар шингэх яагаа ч үгүй байх шиг сэтгэлд минь санагдана.

Би гэрэл гэгээтэй тэнүүн сайхан амьдрал мөрөөдсөн юм.

1962 он

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • toroo

      (176.153.0.94) 2015-09-24 19:32
      • 0
      • 2

      saihan shyy us shig tsenher ni byr ynztai monhbayr mini terniig olood taviarai

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.83) 2015-09-24 22:48
      • 0
      • 1

      Тэгнээ. Янзтай шүү дээ.

      Хариулах