Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Дональд Трамп, Бэн Карсон нар тэргүүлж байна

Twitter Print
2015 оны 09-р сар 26-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан мэтгэлцээн болж, АНУ-ын CNN сувгаар шууд дамжуулсан билээ. Мэтгэлцээнээс хойш Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Дональд Трамп сонгуулийн сунгааг тэргүүлсээр байна. Консерватив намын “Hot Air”, “Townhall Media Group” хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулганд тэрээр 2000-аад сонгогчийн саналыг өөрийн намаас авч чаджээ. Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын сонгуулийн ерөнхий дүнгээс ялгаагүй, 23 хувиар бусад нэр дэвшигч нараа тэргүүлж байгаа үзүүлэлт юм.

Үргэлж дуулиан, шуугиан тарьж явдаг тэрээр хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол цалин авахгүй, учир нь цалин авахын тулд нэрээ дэвшүүлээгүй гэсэн байна. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй Трамп хэлэхдээ “Ерөнхийлөгч 400 мянган ам.долларын цалин авдаг. Би хэдий бизнесмэн боловч улсаа удирдахын тулд заавал цалин авах шаардлага байхгүй” гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийнхөө өмнө “The Apprentice” нэртэй реалити шоунаас олж авсан алдар нэр нь Трампад маш том дэмжлэг болж байгаа юм. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Скотт Уолкерийг саяхан өрсөлдөөнөөс буухаар болсныг ажиглагчид мөн л Трампын өсөж буй нэр хүнд, “цуу алдар”-тай нь холбон тайлбарлаж байна.

Дональд Трампын дараа хүүхдийн мэдрэлийн мэс засалч Бэн Карсон болон Hewlett-Packard-ын (HP нэрээрээ дэлхийд танигдсан мэдээлэл, технологийн компани) захирал асан Карли Фиорина нар орж байна. Тэдний сонгогч нар мэтгэлцээний дараа тус тус 15 хувиар өсч, нийтдээ 626 сонгогч нар бүгд найрамдах намаас саналаа өгчээ.

Сонирхолтой нь “Survey Monkey”-ийн мэдээлснээр Бүгд найрамдах намын нийт сонгогчдын тавны нэг хувь нь одоо хүртэл ерөнхийлөгчийн сонгуульд хэний төлөө саналаа өгөхөө шийдээгүй байгаа гэнэ.

Ардчилсан намаас нэр дэвшигч нарын хувьд өрсөлдөөн тогтвортой, иргэдийн дунд явуулж буй санал асуулгад идэвхтэй оролцогчдын тоо урдынхаасаа төдийлөн өөрчлөгдөөгүй харин ч улам бэхжиж байна. Сөрөг намд Вермонт мужийн сенат асан Берни Сандерс сүүлийн сонгуулийн дүнгээр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоний араас орж ирсэн байна. Ардчилсан үзэлтэй, нам бус сонгогчдын ихэнх нь Сандерсийн төлөө саналаа өгчээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 гаруй улс төрч өрсөлдөж байгаа дотор Флорида мужийн амбан захирагч асан Жеб Буш мөн нэрээ дэвшүүлсэн юм. Гэвч түүний төлөө санал өгөхөд бэлэн байгаа өөрийн намын сонгогчид нь ердөө 5 хувьтай байсан байна. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн төрсөн дүү юм.

Эх сурвалж: The Wall Street Journal

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.